Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 115/ШШ2025/0017

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Цэнд даргалж, тухайн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

                Нэхэмжлэгч: “С” ХХК  /РД ....../

            Хариуцагч: ..... аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Худалдан авах ажиллагааны газар,  маргаан бүхий тендерийн Үнэлгээний хороо,

              Гуравдагч этгээд: “Б” ХХК /РД ..../ нарын хооронд, “барилга байгууламж” барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрүүдтэй холбоотой үүссэн захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид болох Б.Амгаланбаатар, Ц.Мөнхчимэг, хариуцагч ... аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.С, тухайн тендер шалгаруулалтын Үнэлгээ хорооны дарга Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж болон мөн өөрчлөн, нэмэгдүүлсэн /1 дүгээр х.х-ийн 50-54, 7 дугаар х.х-ийн 028-029, 071-072, 095 дугаар талуудад/-ээр:

1. Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлтийн “Б” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй  болгуулах,

2 “С” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах,

3. ... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,

4. “С” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ... аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах,

5. ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/2024 дугаартай “...аймгийн А Их сургуулийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаар, хариуцагч ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Худалдан авах ажиллагааны газар, мөн маргаан бүхий тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан маргаж байна.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... аймгийн худалдан авах  ажиллагааны газрын ... дугаартай "А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга, Д.С сум"-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны Сангийн яамнаас өгсөн 2025 оны ...ны өдрийн ... тоот шийдвэрийн дагуу дахин үнэлж ажлын гүйцэтгэгчээр "Б" ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, 2. Сангийн яамнаас өгсөн 2025 оны ...ны өдрийн ... тоот шийдвэрийн дагуу дахин үнэлж ажлын гүйцэтгэгчээр "Б" ХХК-ийг шалгаруулж тус компанитай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болох ... аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2025 оны 1 дүгээр сарын 24-нд www.tender.gov.mn-д нийтэлсэн ... өдрийн огноотой 1 тоот дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, /... өдрийн огноотой 1 тоот мэдэгдлийг ...-нд Сангийн яамнаас хүчингүй болгосон боловч Сангийн яамны ... тоот шийдвэрийн дагуу дахин үнэлээд .....нд ......-ний .....тоот мэдэгдлийг www.tender.gov.mn-д дахин оруулсан тул тус 1 тоот мэдэгдэлд нэхэмжлэл гаргаж байгаа болно./

"С" ХХК-ийн зүгээс ... аймгийн худалдан авах  ажиллагааны газраас зарласан ... дугаартай "А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга, Д.С сум/-ын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцсон. ... аймгийн худалдан авах  ажиллагааны газраас манай компанид ирүүлсэн ... өдрийн 1 дугаар албан бичигтээ "танай компанийн ирүүлсэн үнийн санал нь "Б" ХХК-ийн тендерт дотоодын давуу эрх тооцуулах хүсэлт ирүүлснийг хянаж үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1 дэх заалтыг хангаж байна гэж үзэн тус компанийн үнийн саналыг хийсвэрээр 5 хувь бууруулж тооцоход танай компанийн үнийн санал өдөр байгаа тул энэ удаагийн тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдье. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын дагуу танай ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер биш гэж үзэн татгалзаж байна гэж мэдэгдсэн.

Тус мэдэгдлийг хүлээн аваад Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дахь заалтын дагуу .....-ны өдөр Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд тухайн тендер шалгарсан "Б" ХХК-ийн тендер ирүүлсэн материалтай танилцаад 9 төрлийн алдаа байгаа талаар гомдол гаргасан. Сангийн яам манай гаргасан гомдолтой танилцаад 7 төрлийн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байгааг тогтоон "Захиалагчийн ... өдрийн .... болон ..... тоот шийдвэрийг 59 дугаар зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Хуулийн 59 дугаар зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье. Хуулийн 59 дугаар зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно." гэж хянаад 2025 оны ...ны өдрийн ... тоот албан бичгээр ... аймгийн худалдан авах  ажиллагааны газар болон манай компани руу мэдэгдсэн.

... аймгийн худалдан авах  ажиллагааны газар Сангийн яамны ... тоот хяналтын шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийгээд манай компанид ирүүлсэн ... өдрийн 1 дугаартай өмнөх үнэлгээний албан бичгээ яг хэвээр нь буюу өмнөх шийдвэрийнхээ он сарыг өөрчлөлгүйгээр "танай компанийн ирүүлсэн үнийн санал нь "Б" ХХК-н тендерт дотоодын давуу эрх тооцуулах хүсэлт ирүүлснийг хянаж үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1 дэх заалтыг хангаж байна гэж үзэн тус компанийн үнийн саналыг хийсвэрээр 5 хувь бууруулж тооцоход танай компанийн үнийн санал өндөр байгаа тул энэ удаагийн тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдье. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн үзэн татгалзаж байна." гэж 2025 оны 1 дүгээр сарын 24-нд мэдэгдсэн. 28.1.2 дахь заалтын дагуу танай ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер биш гэж энэхүү тендер шалгаруулалтад хамгийн сайн тендер ирүүлсэн гүйцэтгэгчээр шалгарсан "Б" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ" гэснийг зөрчсөн, "Б" ХХК-ийн ирүүлсэн материал нь тендерийн шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэл тодорхой байхад тендер сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлж шалгаруулж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь 1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д ус хангамж, ариутгах татуургын инженер мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай 1 хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай 1 хун, ТШ 19.1-ийн 7- д "Гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл" гэж ТШЗ 19.2-т "Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. 6) Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана... в) Мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ..." гэж заасан байна.

1.1." БА" ХХК-ийн тендерт ус хангамж, ариутгах татуургын инженер О.Бийг цахим системээр санал болгон, Барилга, хот байгуулалтын яамны .... дугаартай ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хүрээнд мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байх бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй хугацаа ....... дугаар сарын 26-ны өдөр дууссан байх тул хугацааг сунгасан эсэхийг нягтлан, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангах эсэхийг хянан үзэх нь зүйтэй байна.

1.2. "БА" ХХК- ийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд халаалт, агаар сэлгэлтийн инженер Ц.П, механик инженер Н.Б нарыг санал болгон, 2024 оны .... болон ... дугаартай хөлсөөр ажиллах гэрээг хавсарган ирүүлсэн байх боловч Ц.Пгийн гэрээг 2 тал баталгаажуулаагүй байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

1.3. "БА" ХХК- ийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан У, Б.Б нарыг санал болгон, тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны 2023 оны .... болон ...... дугаартай гэрчилгээний хуулбарыг хавсарган ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан тус ажилтан 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагад нийцэх эсэхийг захиалагч хянан үзээгүй байна.

1.4. "БА" ХХК- ийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 7-д заасан шаардлагыг хангасан гаж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШ 3 19.1-д автокран, экскаватор, ковш, ачааны машин, үйлчилгээний машин тус бур 1 ширхэг гаж, ТШЗ 19.2.2-т "а) Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй... б) Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, машин механизмын улсын дугаар, ашиглах хугацаа, түрээсийн төлбөр бусад шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байх шаардлагатай." гэж заасан байна

2.1. "БА" ХХК- ийн тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд болгосон автокран, экскаватор, ковш, ачааны машиныг цахим системээр санал болгон, үйлчилгээний машины мэдээллийг ирүүлээгүй байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

            3. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т "Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойш авсан, шалгах боломжтой QR код бүхий "Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт"-ыг ирүүлнэ. Уг тодорхойлолтод төлөгдөж дуусаагүй зээлийн мэдээлэл "Хэвийн" бус байгаа тохиолдолд татгалзах үндэслэл болно. ("Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт"-ыr www.sainscore.mn, www.burenscore.m хаягаар хандан авна. Харилцагч банкны тодорхойлолтыг тендерийг үнэлэхэд харгалзан үзэхгүй.)" гэж заасан байна.

3.1. "БА" ХХК- ийн тендерт банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар зээлийн мэдээллийн лавлагааг ирүүлээгүй байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

4. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 31.1-д " Давуу эрх тооцуулахад шаардлагатай мэдээлэл, баримт бичиг: 1. Давуу эрх тооцуулах тухай хүсэлт, 2. Давуу эрх тооцуулах нөхцөл хангаж буй талаар нотлох баримт ирүүлнэ" гэж заасан байна.

4.1. "БА" ХХК- ийн тендерт тус компанийн 24/113 болон 24/114 тоот албан бичгээр дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах тухай хүсэлтийг холбогдох материалын хамт ирүүлсэн байна. Үнэлгээний хорооны ... өдрийн 08 дугаар тэмдэглэлээр "Б" ХХК дотоодын давуу эрх тооцуулах хүсэлт ирүүлсний дагуу хянан үзээд, хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчийг шалгаруулсан гэж үнэлсэн байх боловч хэрхэн тооцсон талаар материал ирүүлээгүй тул "С" ХХК- ийн гомдолд дурдсан "Б" ХХК-ийн ирүүлсэн тендерт БТ" ХХК, "МА, ХХК, "МБК" ХХК, "HK" XXК, “Л" ХХК-уудын бэлтгэн гаргадаг материалуудын чанарын гэрчилгээ, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй зэрэг 11 материал дутуу байхад дотоодын давуу эрх тооцсон тухай асуудлыг холбогдох материалд үндэслэн нарийвчлан тооцоолж, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангах эсэхийг нягтлах нь зүйтэй байна.

... аймгийн худалдан авах  ажиллагааны газар болон тус газрын үнэлгээний хороо нь тусгай нөхцөл, шаардлага, стандарт нөхцөл зааж тендер зарлаж, тухайн тендерт тавьсан шаардлагад нийцээгүй материал бүрдүүлж оролцсон оролцогчийг шалгаруулсан нь ... аймгийн худалдан авах  ажиллагааны газрын ... дугаартай "А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга, Д.С сум"-ын төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтад алдаагүй материалтай оролцсон манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд манай компани Сангийн сайдын 2025 оны 0...ны өдрийн ... тоот шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийхдээ гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тендерийн цахим сайтад оруулсан ... өдрийн 1 тоот шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа болно, гэсэн нэхэмжлэлийг ирүүлсэн бөгөөд,

2.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: /өмгөөлөгч Б.Амгаланбаатар/,  Анх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш шүүхээс хэд хэдэн удаа тодруулсан. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан дээрээс нь хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Яг эцсийн байдлаар ямар нэхэмжлэлийн шаардлагууд байгаа вэ гэхээр; Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийн “Б” компанийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, мөн “С” компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах,

... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн “С” компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ... аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах,

Үүнээс гадна 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б” компани нарын хооронд байгуулагдсан .... аймгийн А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж үндэслэлийг бичгээр шүүхэд хүргүүлсэн байгаа.

Гэхдээ нуршихгүй, товч байдлаар танилцуулъя. “С” буюу нэхэмжлэгч компанийн зүгээс ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газраас зарласан А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилгыг барих төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж энэ тендерт оролцсон. Улмаар тендерт оролцоход нэхэмжлэгч компанийг шалгаруулаагүй буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзээгүй. Энэ нь ямар шалтгаантай юм гэхээр “Б” компанийн ирүүлсэн тендерийг Үнэлгээний хорооноос хамгийн сайн үнэлэгдсэн тендер байна гэдэг байдлаар шалгаруулаад явсан байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд үүнийг эс зөвшөөрч байгаа. “Б” компанийн ирүүлсэн тендерийн материал нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангаагүй тендер байсан. Иймд хэд хэдэн агуулгаар  Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны зүгээс тендер шалгаруулах үйл ажиллагаа хууль бус байна гэж үзэн “С” ХХК-д хүргүүлсэн түүнийг шалгаруулахаас татгалзсан мэдэгдэл болон “Б” компанийг шалгаруулсан мэдэгдлүүдийг хүчингүй болголоо, тендерээ дахиж үнэл гэдэг агуулгаар шийдвэр гаргасан. Гэвч Үнэлгээний хороо дахин “Б” гэдэг компанийг шалгаруулаад гэрээ байгуулаад явсан байдаг. Ингэхдээ хууль зөрчсөн гэж бидний зүгээс үзэж байгаа юм. Үүнд ямар алдаанууд гарсан бэ гэдэг талаар тайлбарлая.

“Б” компанийн хувьд тендерийн баримт бичигт заасан баримтуудыг дутуу ирүүлсэн нөхцөл байдал байдаг. Тодруулах юм бол тухайн тендерийн баримт бичигт заасан ажиллах хүчтэй холбоотой мэдээлэлд Болоргэрэл гэдэг хүний мэдээллийг явуулсан байдаг. Гэтэл энэ хүний мэргэжлийн гэрчилгээний хуулбар дээр 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тухайн гэрчилгээ хүчингүй болсон буюу гэрчилгээний хугацаа дууссан байдаг. Гэтэл гэрчилгээний хугацаа дууссан буюу шаардлага хангахгүй болгосон үйлчилгээг санал болгоод үүнийг нь Үнэлгээний хороо зөв байна гэдэг агуулгаар дүгнээд явсан нь хууль бус байна. Энэ тендерийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нээгээд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг явуулсан. Гэтэл энэ хүний гэрчилгээний хуулбар аль хэдийнээ жил хагасын өмнө буюу 2023 оны 06 сард дууссан байдаг. Мөн дээрээс нь техникийн хүчин чадлыг хангасан баримтыг дутуу ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн тендерт нийт 5 техник тээврийн хэрэгслийг санал болгож ирүүлэх ёстойгоос 4 техникийг хүсэлтийг цахимаар ирүүлсэн байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд харагддаг. Тухайн компанийн цахимаар илгээсэн тээврийн хэрэгслийн жагсаалт 4-н жагсаалтаар дуусаад үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ямар нэг тээврийн хэрэгсэл цахимаар илгээгээгүй байдаг. Тэгэхээр тендер шалгаруулалтын тухайн баримт бичгийн хүснэгтэд зөвхөн цахимаар тухайн мэдээллийг заавал ирүүлэх ёстой талаар заасан. Хэрвээ цахимаар ирүүлээгүй бол хянаж үзэхгүй гэдэг ийм агуулгатай шаардлага байдаг.

Гэтэл цахимаар энэ мэдээллийг илгээгээгүй нь өөрөө тухайн тендерийн баримт бичгийг хангахгүй гэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Дараагийн нэг зөрчил  нь Ууганбаяр гэдэг хүнийг хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар томилж байгаа шийдвэрийг явуулаад, ажиллах хүчний тухайн шаардлагыг хангаж байгаа гэдэг агуулгатай тайлбарыг явуулсан байдаг. Гэтэл тендерийн баримт бичигт хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн 3 жилийн туршлагатай байх шаардлагыг зааж өгсөн. Ууганбаярын хувьд 3 жилийн туршлагатай юу, үгүй юу гэдгийг харахаар түүний сертификат буюу гэрчилгээнээс харахад тэрээр хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлээрээ төгссөн нь 2023 оны гэрчилгээ буюу 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн гэдэг хүчин төгөлдөр гэрчилгээг авсан байгаа.  Үүнээс хойш 2024 оны 12 дугаар сард тендер зарлаж байхад нэгхэн жилийн хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр энэ хүн 3 жилийн хугацаанд тухайн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлээр ажилласан гэдэг нь гэрчилгээний огнооноос буюу тухайн гэрчилгээ авсан хугацаанаас хойш нотлогддоггүй.

Мөн зөвхөн гэрчилгээний огноогоор бас л нотлогдох ёстой асуудал биш. Тухайн хүний ажилласан байдлыг юугаар тогтоодог гэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэсгээс хардаг. Өөрөөр хэлбэл тэр хүн магадгүй 2010 онд, 2015 онд гэрчилгээ авсан байж болно. Гэхдээ их дээд сургууль төгсөөд мэргэжлээрээ заавал ажиллана гэсэн үг бол нэгдүгээрт биш. Тийм учраас мэргэжлээрээ ажилласан гэдгийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанаас хардаг. Тийм учраас Ууганбаяр нь тухайн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэнд томилогдох шаардлагыг хангахгүй байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн тухайн барилгын салбарт хамгийн их хариуцлагатай  албан тушаал юм. Тухайн барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих, ажилчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой  асуудлыг хариуцаж ажилладаг хүний хувьд шаардлага хангахгүй материал ирүүлсэн байхад үүнийг нь шаардлага хангаж байна гээд нүдээ аниад өнгөрөх байдлаар Үнэлгээний хороо дүгнэлтээ гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Дараагийн нэг ноцтой асуудал нь тухайн тендерийн баримт бичигт зааснаар тендерт оролцогч нь зээлийн өр төлбөргүй, хугацаа хэтэрсэн зээлгүй буюу зээлийн хэвийн ангилалтай байхыг шаарддаг. Тендер шалгаруулах журамд ч маш тодорхой заагаад өгсөн. Хэрвээ та зээлтэй бусад газраас зээл авсан өр төлбөртэй, эсхүл өр төлбөргүй талаарх баримтыг энэ тухай мэдээллийг гаргах албан ёсны эрхтэй компаниудын “И монголиа” цахим системд байршуулдаг лавлагаагаар гаргаж ирүүлнэ. Банкны тодорхойлолтыг хүлээж авахгүй. Үүнийг үнэлэхгүй шүү гэдэг агуулгаар маш тодорхой тусгаад өгсөн байдаг.

Гэтэл үүнийг яг эсрэгээр нь “Б” компаниас илгээсэн. Өөрөөр хэлбэл “И монголиа”-аас авсан лавлагаа буюу лавлагааг гаргах албан ёсны эрхтэй компанийн гаргасан лавлагаа биш банкны тодорхойлолтыг гаргаж өгч байгаа нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд зааснаар татгалзах үндэслэл болно. Зээлийн мэдээллийн сангийн хуульд бол тодорхойлолтыг  хаанаас гаргасан ямар лавлагаа байх шаардлагатайг болон харилцагч банкны тодорхойлолтыг тендерийг үнэлэхэд харгалзаж үзэхгүй талаар маш тодорхой заасан байдаг. Гэтэл төрийн банкны тодорхойлолтыг ирүүлсэн, тус тодорхойлолт нь манайх энэ компанид хугацаа хэтэрсэн зээлгүй, өр төлбөргүй гэснийг тодорхойлж ирүүлсэн юм уу гээд харахаар тийм биш, өөрөөр хэлбэл тэр банкны тодорхойлолтоос харахад энэ компани 2020 оны 7 сард зээл авсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалаад зээл авсан. Үүнийхээ дагуу зээл бүрэн төлөгдөөгүй, барьцаа хөрөнгийг бусдад худалдаж борлуулах замаар зээлийг хэвийн ангилалд шилжүүлэх боломжтойг буюу ирээдүй цаг дээр энэ компанийн санхүүгийн байдлыг тодорхойлж ирүүлсэн харагддаг. Эндээс үзэхэд тухайн үед “Б” компани зээлийн хэвийн ангилалтай этгээд биш байсан. Хэвийн бус эсвэл муу ангилалтай байсан. Энэ ангиллыг нь сайжруулах зорилгоор Төрийн банк өөр зээл гаргаж өгөөд үл хөдлөх хөрөнгийг нь борлуулаад өмнөх хэвийн бус ангилалтай зээлийг нь хаагаад дахиад шинээр зээл олгоно гэдэг ийм агуулгатай тодорхойлолтыг хүргүүлээд байгаа.

Тийм учраас тухайн байгууллагын санхүүгийн чадамжийг муу гэдгийг шууд илтгэж байгаа. Санхүүгийн чадамж тухайн тендерийг байгуулахад маш чухал үзүүлэлтэд тооцогдох ёстой. Дээрээс нь банкны тодорхойлолтыг ирүүлэх нь Үнэлгээний хороо үүнийг үнэлэхгүй шүү гэдгийг тендерийн баримт бичигт нь заагаад өгчихсөн. Гэтэл үүнийг  мэдээгүй биш мэдсэн. Ингэсэн атлаа тухайн Төрийн банкны тодорхойлолтыг үндэслээд энэ компани санхүүгийн хувьд шаардлага хангаж байна гэдэг байдлаар шийдвэр гаргаад явсан. Тэгэхээр Үнэлгээний хорооны энэ шийдвэр хууль бус гэж үзэж байгаа, энэ нь Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Эндээс юу харагддаг вэ гэхээр “Б” болон “С” гэж хоёр компани тендерээ ирүүлсэн байна. Энэ компаниудын ерөнхий чадавхуудыг эхний ээлжид үнэлээд, болж байвал нарийвчилсан үнэлгээ рүү оръё гэдэг ийм шийдвэрийг гаргасан байдаг. Тийм учраас цаашаа нарийвчилсан үнэлгээ хийе гэдэг байдлаар хурлын тэмдэглэл маш тодорхой авагдсан. Гэтэл санхүүгийн чадварыг харахдаа зөвхөн “И монголиа”-аас авсан лавлагааг үндэслэнэ гэж тендерийн баримт бичиг дээрээ заачхаад, банкны амлалт ч юм шиг, баталгаа ч юм шиг тодорхойлолтыг харгалзаж үзээд шалгаруулж авах нь хууль бус бөгөөд иймд Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж бид үзэж байна.

Мөн “Б” компанийн зүгээс давуу эрх тооцуулах хүсэлтийг ирүүлсэн байдаг. Ингэж ирүүлэхдээ баримт бичгийг дутуу ирүүлсэн. Үүнийг нь дараа нь нөхөж авах замаар энэ шийдвэрийг гаргасан. Гэхдээ үүнийг дараагийн хэсэгт ярья. Энэ үндэслэлүүдээр тухайн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад шалгаруулж байгаа. Улмаар яг энэ үндэслэлүүдээр “С” компаниас Сангийн яам руу гомдол гаргахад Сангийн яам энэ гомдлыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ үндэслэлүүдээ захиалагч хянаж үзэх ёстой байсан тул үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд тендерийг дахин үнэлэх, хянах ажиллагааг хий гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Үнэлгээний хороо үүнийг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн “Б” компаниас тодруулга авсан байдаг энэ процесс бүхэлдээ хууль бус байсан гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл Тендерийн тухай хууль дээр тодруулгыг тендер нээхээс нэг цагийн өмнө авна, нэг цагийн хойно авна гэдэг ийм зохицуулалт байгаа. Тодруулга гэж юуг хэлдэг юм бэ гэдгийг хуулийн зохицуулалтаас хараад тодорхой ойлгож болно. Тодруулга дээр тухайн тодруулга авах нэг урьдчилсан нөхцөлийн хувьд тухайн тендерт оролцогчдын өрсөлдөөнд нөлөөлөхөөргүй байх ёстой. Тендерийн баримт бичигт ойлгомжгүй зүйл байвал тэрийг тодруулах, ирүүлсэн санал дээр өрсөлдөөнд нөлөөлөхгүйгээр тодруулах шаардлагатай, ойлгомжгүй зүйл байвал тодруулна гэсэн байдаг. Гэтэл баримт бичиг гаргуулахаар шаардаад байгаа, Тендерийн тухай хууль дээр тодруулгаар ямар нэг баримт бичиг шаардахыг хориглоно гээд тодорхой заагаад өгчихсөн. Ерөөсөө Тендерийн тухай хуулийн зохицуулалтуудыг яг л эсрэгээр нь ашиглаад яваад байгаа.

Тодруулга ирүүл гэснээр “Б” компаниас тодруулгыг ирүүлсэн, ингэхдээ тухайн цахим системд оруулалгүй материалуудаа Үнэлгээний хороо руу шууд явуулсан. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  тодруулгыг явуулснаар 24-ний өдөр шийдвэр нь  гарч байгаа юм. Үнэлгээний хороо тодруулгыг үзээд л энэ компанийн тендер шаардлага хангаж байна. Тийм учраас хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзсэн шийдвэрээ хэвээр үлдээж, дахин шалгаруулъя гэдэг байдлаар дүгнэлтээ гаргаад захиалагч болох энэ Тамгын газар руу хүргүүлсэн байдаг. Тиймээс бид энэ тодруулга авсан процесс нь өөрөө бүхэлдээ хууль бус бөгөөд хуулийг маш ноцтой зөрчсөн, иймээс “Б” компани энэ тендерт шалгарах ёсгүй байсан гэж үздэг.

Мөн хариуцагч, гуравдагч этгээд болох талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудал бий. Энэ гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс гомдол гаргасан ба Сангийн яам энэ үеэс хойш тухайн тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлээд, 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлийг захиалагчид ирүүлсэн. Энэ дагуу тендерийн үйл ажиллагаа нь түдгэлзсэн байсан ба  энэ албан бичиг 12 дугаар сарын 30-ны өдөр ирэхэд, маргааш нь буюу 31-ний өдөр энэ гэрээ байгуулчихсан.

Тендерийн тухай хуульд гэрээ байгуулж болохгүй тохиолдлуудыг бас заагаад өгчихсөн. Тухайлбал эрх бүхий этгээдээс гомдлыг хянаж байгаа эсвэл тухайн тендерийг түдгэлзүүлсэн тохиолдолд гэрээ байгуулж болохгүй гэж маш тодорхой зааж өгсөн. Гэтэл үүний яг эсрэгээр нь дахиад түдгэлзүүлснийх нь маргааш гэрээгээ байгуулчхаж байгаа юм. Тийм учраас энэ гэрээг хууль бус гэж үзэж байна. Гэрээний хувьд тендерийн баримт бичиг дээр гэрээний гол нөхцөл, ерөнхий нөхцөл болон тусгай шаардлагуудыг тусгаад гэрээний загварыг баталчихсан байдаг. Тендерийн баримт бичигт гэрээг энэ загвараар байгуулна гэдэг агуулгаар зохицуулалт оруулсан. Гэтэл 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан  гэрээ нь нэг хуудас хоёр нүүр ийм л гэрээ байгаа. Баримт бичигт заасан тухайн гэрээ 20 орчим хуудастай байхаар загвар гэрээ байгаа. Энэ загвар гэрээгээр л тендерийн гэрээ байгуулах ёстой гэж тендерийн баримт бичигт заасан байхад үүнийг мөн зөрчиж байгуулсан. Эдгээр хууль бус шийдвэрийн үр дагавруудыг авч үзвэл “Б” компани хамгийн сайн үнэлэгдсэн тендер биш учраас энэ тендерт хоёр компани өрсөлдсөн бөгөөд бусад бүх шаардлагуудыг хангаж байгаагийн хувьд нэхэмжлэгч компани шалгарах ёстой. Тиймээс нэхэмжлэгч компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр үнэлэхийг, мөн гэрээ байгуулахыг даалгах шаардлагуудыг үүнтэй холбогдуулж гаргаж байгаа юм.

           Гуравдагч этгээдийн хувьд тухайн тендерийн баримт бичигт зааснаар оруулах ёстой байсан материалуудыг оруулаагүй байсныхаа үр дүнд тодруулга авна гэж төрийн албанаас нэг тусламж маягийн зүйлийг авч байгаад дутуу материалуудаа бүрдүүлж өгсөн асуудал харагддаг. Гэтэл үүнээс хойш  буюу шүүхэд баримт бүрдүүлж өгөхдөө тухайн тендерийн баримт бичигт өгөөгүй материалуудаа өгсөн бас нэг асуудал байгаа. Энэ нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр” Б” компани зээлийн мэдээллийн сангаас лавлагаа аваад хэвийн ангилалтай гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн явдал. Үүнийг уг нь шүүгч тодруулсан боловч ач холбогдолтой гэж үзээд гаргаж өглөө гэдэг л тайлбарыг өгсөн. Тэгэхээр энэ материалыг 2025 оны 4 дүгээр сард шүүхэд гаргаж өгөх биш, 2024 оны 12 дугаар сард тендерийн баримт бичиг илгээхдээ энэ зээлийн лавлагаагаа явуулах ёстой байсан юм.  Тэгэхээр тухайн үед санхүүгийн байдал нь муу тендерт шалгарах боломжгүй байсан учраас тэр байдлыг нууж өөр банкны тодорхойлолт гаргаж өгч байсан гэдэг нь эндээс харагддаг. Ийм учраас нэхэмжлэгч компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаад, гэрээ байгуулах шийдвэр гаргахыг захиалагчид  мөн даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байна,

/өмгөөлөгч Ц.Мөнхчимэг/ Нэмээд гуравдагч этгээдийн зүгээс тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй ямар ямар баримт байгаа талаар хэдэн тайлбарыг хэлье. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1.7-д заасан гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар туршлагын талаарх мэдээллийг цахим системээр “Б” компани ирүүлээгүй. Тендертэй холбоотой материалыг Үнэлгээний хороо тухайн тендерт оролцогч компаниудын цахимаар ирүүлсэн баримт материалын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Мэдээлэл цахимаар гуравдагч этгээд буюу “Б” компаниас ирүүлээгүй гэхэд Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Үүний дараа мөн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т заасан үндэслэлээр шаардлага хангаагүй  хоёр хүн байгаа. БО, П гээд, энэ хоёр хүнийг халаалт агаар сэлгэлтийн инженерээр ажиллуулахаар тохиролцоод хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаад цахимаар явуулсан. Ингэж явуулахдаа П гэдэг хүний гарын үсэг зурсан тухайн гэрээг баталгаажуулсан талыг цахимаар ирүүлээгүй байсан. Цахимаар ирүүлэх тэр маягтын дагуу санал болгосон гэж үзэх нөхцөл болохгүй гэж харж байгаа.

Мөн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д болон 19.2-т зааснаар Болоргэрэл гэж хүний хугацаа нь дууссан гэрчилгээг хавсаргаад явуулчихсан. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т тухайн мэргэшсэн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ гээд заасан. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хугацаа нь дуусчихсан гэрчилгээг хавсаргаад цахимаар ирүүлсэн. Тодруулгаар тухайн гэрчилгээгээ сунгасан байдлаар баримтыг ирүүлдэг. Энэ баримтыг цахимаар ирүүлсэн баримт гэж үзэх боломжгүй. Учир нь ”Б” компанийн хамгийн анхны буюу ... өдөр тухайн “С” компани “Б” компаниудын цахимаар ирүүлсэн материалын хүрээнд л дахиж үнэлгээгээ хийх ёстой байсан гэдэг агуулгаар маргаж байгаа. Дээрээс нь ерөөсөө дурдагдаагүй бас нэг асуудал байгаа. Тэр нь шийдвэр гүйцэтгэл, татвар, нийгмийн даатгал зэрэгт ямар ч өр төлбөргүй байх ёстой гэсэн шаардлага байгаа. Энэ нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1.2-т заасан өр төлбөргүй байх, үүнийг “Б” компаниас тухайн үед өр төлбөргүй лавлагаагаа манайх шүүхийн ямар ч маргаан байхгүй сүүлийн 3 жилийн хугацаанд ямар ч маргаан байхгүй гэдэг байдлаар лавлагаа аваад хавсаргаад өгсөн байдаг.

Гэтэл яг өр төлбөртэй эсэхийг шүүхээс тийм лавлагаагаар тогтоохгүй, өр төлбөртэйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ компани дээр холбогдуулаад өр төлбөр байна уу, байхгүй байна уу, ажиллагаа явагдаж байна уу, үгүй юу гэдгийг шийдвэр гүйцэтгэл тодорхойлолтыг гаргаж явуулах байсан. Тодорхойлолтыг гаргаж явуулаагүй нь тухайн тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж харж байгаа. Амгаланбаатар өмгөөлөгчийн хэлснээр тухайн талуудын хооронд байгуулсан гэрээг аваад үзэх юм бол түдгэлзүүлсэн хугацаанд буюу гэрээ байгуулж болохгүй хугацаанд гэрээ байгуулчихсан. Нөгөө талаар дахин үнэлгээ хийгээд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гараад “Б”-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гарсан, гэтэл энэ шийдвэрийн дагуу байгуулагдсан гэрээ хавтаст хэрэгт байхгүй.  Өнөөдрийн байдлаар ч байхгүй.

          Тэгэхээр Тендерийн тухай хуулийн 14.6.2-т заасан нөхцөл байдал бий болсон буюу “Б” компани захиалагчтай гэрээ байгуулах эрх үүргээ биелүүлээгүй. Захиалагчтай гэрээ байгуулаагүй гэж манай нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Тиймээс Тендерийн тухай хуулийн 28.6-д заасны дагуу тухайн тендерт шалгарсан компани тухайн хугацаандаа гэрээгээ байгуулах эрхээ хэрэгжүүлээгүй бол эрэмбэ дараагаараа удаах тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг нь олгох ёстой гэж харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж тайлбарыг гаргалаа гэв.

 

3. Хариуцагч ... аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

"С" ХХК нь ... аймгийн худалдан авах  ажиллагааны газрын ... дугаартай "А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих ажлын захиалагч, үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хүрээнд: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/904 дугаар Аймгийн Засаг даргын захирамжаар үнэлгээний хороог байгуулан ажилласан бөгөөд үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн талуудад хуульд заасны дагуу мэдэгдлийг хүргүүлэн ажилласан.

Түүнчлэн тус тендертэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гарч, үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийгдэж "БА" ХХК шалгарсан. Захиалагчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлт нь хууль тогтоомж болон сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд гарсан учраас хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд: Дээр дурдсанчлан үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж "БА" ХХК шалгарсан дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл өмнөх гарсан шийдвэр хэвээр үлдсэн тул Худалдан авах ажиллагааны газраас цахим системд /www.tender.gov.mn/ албан бичгийг байршуулсан нь ямар нэгэн байдлаар эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн энэхүү үйлдэл нь төрийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулахад саад учруулж, удаашруулж байгаа үйлдэл болж байна гэж үзэж байна.

 

3.1 Хариуцагч ... аймгийн худалдан авах  ажиллагааны газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

1. "С" ХХК-н нь ... дугаартай "А их сургуулийн салбар сургуулийн цогцолбор барилга барих ажлын тендерт шалгарсан "БА" ХХК-н тендерийн материалд алдаа байгаа талаар гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянаж үзээд 2025/01/13-ны ... тоот албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хуралдах шийдвэрийг ирүүлсэн. Уг шийдвэрийг захиалагч ба үнэлгээний хороонд танилцуулсан. Үнэлгээний хороо Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрийн дагуу дахиж хуралдаад өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн ба захиалагч үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслээд шийдвэр гаргасан.

2. Сангийн яамны ... тоот гомдол хянасан тухай шийдвэрийг үндэслэн үнэлгээний хороо дахин хуралдаад шийдвэр гаргахдаа "С" ХХК-д 2024/12/24-ний 1 тоот албан бичгийн дахин оруулсан шалтгаан нь үнэлгээний хороо хуралдааны шийдвэр нь өмнөх хуралдааны шийдвэрээ хэвээр үлдээх шийдвэр гарсан тул 1 тоот хариу мэдэгдэл бүхий албан бичиг дахин оруулсан болно.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул дарга нь худалдан авах ажиллагааны нэгдсэн сургалт дээр хэрэв үнэлгээний хорооны өмнө гаргасан шийдвэр дээр дахин хуралдаж шийдвэрээ хэвээр үлдээсэн бол хариу мэдэгдэл бүхийн албан бичгийг заавал шинээр бичиж оруулах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Захиалагч өмнө гаргасан шийдвэрээ хэвээр, үлдээсэн тул өмнө өгсөн хариу мэдэгдлийг дахиж оруулсан ба энэ нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно.

 

3.2 Хариуцагч маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооноос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

"С" ХХК нь ... аймгийн худалдан авах  ажиллагааны газрын ... дугаартай "А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга" барих ажлын захиалагч, үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хүрээнд: Нэхэмжлэгч "С" ХХК нь ... дугаартай "А их сургуулийн салбар сургуулийн цогцолбор барилга" барих ажлын тендерт Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яам гомдлыг хянаж 2025 оны 0...ны өдрийн ... тоот албан бичгээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх талаар чиглэл ирсэн. Үүний дагуу албан бичигт тусгагдсан чиглэлийн хүрээнд холбогдох тодруулга, баримт бичгийг авч 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин үнэлгээ хийх ажлыг тендер шалгаруулах үнэлгээний хороо хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэж захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн. /Сангийн яамнаас ирүүлсэн албан бичиг, чиглэлийг хавсралтаар хүргүүлэв./

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хүрээнд: Нэхэмжлэлд дурдсан хариу мэдэгдлийг аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлдэг болно. Үнэлгээний хороо хариуцахгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэсэн тайлбаруудыг тус тус ирүүлсэн бөгөөд,

3.3 Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: /Үнэлгээний хорооны дарга Ц.М/, Тендерийг шалгаруулах баримт бичигт зааснаар цахим системийн дагуу ирүүлсэн материалуудад хяналтаа явуулж үнэлсэн. Цахим системээр ирүүлээгүй, цаасан баримтаар ирүүлснийг үнэлсэн гээд байгааг нэхэмжлэгчээс тодруулж асуумаар байна. Үнэлгээний хороог тендерийн баримт бичигт заасан шаардлагыг зөрчсөн гэх асуудлыг ярьж байна. Үнэлгээний хороо бол хамтын шийдвэр гаргадаг. Тэр ч үүднээс хамтын шийдвэр дээр тухайн үнэлгээ хийсэн хүснэгтийг баримт бичигт хавсаргачихсан байгаа. Тухайн яриад байгаа тодорхойлолтуудыг гишүүд өөр өөрсдийн саналаар буюу энэ ирүүлсэн баримтын хүрээнд үнэлгээ хийгээд үүнийхээ дагуу шийдвэрээ гаргасан асуудал юм.

2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулагдсан гэдэг асуудал яригдаж байна. Сангийн яамнаас ирсэн бичигт 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс түдгэлзүүлэх шийдвэр байсан. Энэ шийдвэр бидэнд 12 дугаар сарын 30-ний өдрөө ирээгүй. Тийм учраас гэрээ байгуулагдсан байсан. 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/10887 тоот бичиг Сангийн яамнаас гарсан байсан. Энэ албан бичигт 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж байна гэж байгаа боловч яг албан бичгийн гарсан огноо нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гарч, ирсэн байгаа. Цаг хугацааны хувьд ийм зөрчилтэй мэдэгдлийг Сангийн яамнаас гаргаж ирүүлснийг хэлмээр байна.

Сангийн яам гомдол хянаж гаргасан тус шийдвэртээ ус хангамж, ариутгах татуургын инженер Болоргэрэлтэй холбоотой асуудлыг заасан. Энэ дээр мэргэшсэн зэрэгтэй байна гэж заагаагүй. Гэрчилгээний хүчинтэй хугацаа хамаарахгүй гэсэн байдлаар хариу өгсөн байсан. Үүний дагуу 2026 он хүртэл хүчинтэй хугацаатай гэрчилгээг хавсралтаар ирүүлсэн. Ууганбаяртай холбоотой гэрчилгээг 5 жилийн хугацаатай, хөдөлмөр нийгмийн хамгааллын А/173 тоот тушаалыг мөн өгсөн. Уг ажилтан нь 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ талаарх материал, сертификатыг хавсарган ирүүлсэн. Бын хувьд болохоор 20231542 тоот гэрчилгээтэй гэж давхар санал болгож оруулсан ийм баримт ирүүлсэн.

Гуравдугаарт гэрээт ажлыг гүйцэтгэх санал болгосон удирдах алба, техникийн голлох боловсон хүчний мэдээллийг хоёр хүний нөөцийн мэдээллийн дагуу бэлтгэсэн байсныг хавсралтаар ирүүлсэн. Тендерт гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон авто кран, экскаватор, ковш, ачааны машиныг цахим системд санал болгосныг маягт гурвын дагуу ирүүлсэн байсан. Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар компани өр төлбөргүй тодорхойлолтыг бас ирүүлсэн. Дотоодын давуу эрх тооцуулах хүсэлтэд чанарын гэрчилгээ холбогдох нотлох баримтыг ирүүлсэн байсныг олон жилийн хугацаанд ажиллаж байгааг, мөн дотоодын давуу эрх тооцогдох гадаад  дотоодод барилгын материал үйлдвэрлэж байгаа компаниудын баримт материалыг ирүүлсэн байсан зэргийг үндэслэл болгож Үнэлгээний хороо өмнөх шийдвэрийнхээ хүчин төгөлдөр болохыг баталж гаргасан, гэв.

/... аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н/, Захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргадаг. Тийм учраас Үнэлгээний хорооны дарга бас хэлж байна, Үнэлгээний хорооны шийдвэрийг хэрхэн яаж гаргасан буюу хамтын шийдвэрээр ингэж гаргасан гэдгээ хэлж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газарт дүгнэлтээ ирүүлээд, үүнийг үндэслээд гэрээ байгуулах эрх олгох боломжтой байна гэдэг үндсэн дээрээс аймгийн Засаг даргын тамгын газраас гэрээ байгуулах эрх олгох асуудал яригдаж, гэрээг байгуулсан. Төрийн байгууллагын хувьд бичиг хэрэг дээр Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай бичиг тухайн өдөртөө аймгийн Засаг даргын Тамгын газарт ирээгүй.  Ийм учраас бид гэрээг зохих хугацаандаа байгуулаад явсан. Ер нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд энэхүү тендер сонгон шалгаруулах ажиллагаанд Үнэлгээний хорооноос л гарсан шийдвэрийг үндэслэж байж шийдвэр гаргах хууль зүйн зохицуулалттай. Энэ хүрээндээ шийдвэр гаргасан учраас гэрээ байгуулсан, мөн мэдэгдэл хүргүүлсэн асуудлууд нь хууль тогтоомжийн хүрээнд явагдсан гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хүсэлттэй байна. Энэ маргаантай асуудал нь тухайн барилга байгууламжийг удаашруулахад хүргэх нөхцөл байдлууд үүсэж болзошгүй гэдэг үүднээс хариу тайлбар дээрээ тусгаж өгсөн. Бусдаар өмнө нь яригдаж байсан шиг хэргийг удаашруулах санаа зорилгогүй гэдгийг хэлье гэв.

/... аймгийн худалдан авах  ажиллагааны газрын дарга Ц.С/, Уг тендер шалгаруулах ажиллагаанд Худалдан авах ажиллагааны газрын зүгээс оролцоо нь Үнэлгээний хороог хуралдах шаардлагатай байр танхим болон тоног төхөөрөмж, эд материалын туслалцааг үзүүлэн ажиллаж оролцсон. Мөн Худалдан авах ажиллагааны газрын хувьд мэргэжлийн байгууллагын зүгээс яаж хяналт тавьж байгаа вэ гэвэл бид зөвхөн цахим систем бүртгэл дээр нь хяналт тавьж байгаа. Үнэлгээний хороо шийдвэр дүгнэлтээ оруулсан байна уу, цахим системийн бүртгэл хийгдсэн байна уу, тендерийн баримт бичгийг иж бүрдлийг мөн цахим системдээ оруулсан байна уу, хуулийн хугацааг хангуулж тендерээ зарласан байна уу, захиалагчаас шийдвэрээ оруулсан байна уу, үр дүнгээ нийтэлсэн байна уу гэдэг дээр л хяналт тавьж ажилласан.

Иймд энэ тендерийг сонгон шалгаруулахад ... аймгийн худалдан авах  ажиллагааны газрын хувьд захиалагчийн эрх үүрэггүйгээр ажилласан гэсэн үг юм. Хэдийгээр хуулиараа бол Худалдан авах ажиллагааны газарт захиалагчийн эрх байгаа ч энэ эрхийг аймгийн Засаг даргаас шилжүүлсэн тохиолдолд бидний хувьд эрх нээгдэж ажилладаг. Энэ маргааны хувьд Худалдан авах ажиллагааны газар нь захиалагчийн хувиар тус Үнэлгээний хороог байгуулаагүй. Мөн дээр нь тендерийн баримт бичгийг Худалдан авах ажиллагааны газар нь батлаагүй. Хариу мэдэгдлийг мөн Худалдан авах ажиллагааны газар оруулахгүй байгаа. Энэ тендер дээр захиалагч нь Засаг даргын Тамгын газар оролцсон.

Худалдан авах ажиллагааны мэргэшсэн мэргэжилтний хувьд харахад түрүүн нэхэмжлэгчээс бас хэлж байх шиг байна, хуралдааны тэмдэглэл үзсэн ерөнхий шаардлага нь Худалдан авах ажиллагааны хуулийн хамгийн том шаардлага бөгөөд хуулийн 7 дугаар зүйлийн ерөнхий шаардлагыг хангасан байхаар зохицуулагдсан байдаг. Энэ ерөнхий шаардлага дээр ерөнхийдөө арван төрлийн заалт дээр нэмэгдээд нэг заалт нэмэгдсэн байгаа. Нийт 11 заалт байгаа. Эхний ээлжид Үнэлгээний хороо юуг үнэлдэг вэ гэхээр энэ ерөнхий шаардлагыг л хардаг. Энэ ерөнхий шаардлага дээр санхүүгийн шаардлага огт байхгүй. Санхүүгийн шаардлага, хүний нөөц гэдэг нэмэлт шалгуур үзүүлэлтээр тендерийн баримт бичигт тусгаж өгдөг болохоос биш яг Худалдан авах ажиллагааны ерөнхий шаардлагад ордоггүй.

Тийм учраас Үнэлгээний хороо үнэлгээ хийхэд хамгийн эхэнд ерөнхий шаардлагыг л хардаг. Ерөнхий шаардлагаа компаниуд бүрэн хангаж байвал нарийвчилсан үнэлгээ рүүгээ ордог. Хоёрдугаарт, тодруулга авсантай холбоотой бас нэхэмжлэгчээс хэлж байх шиг байна. Бүх компаниуд тендерт оролцохдоо өөрсдөө ирүүлсэн тендерээ үнэн зөв гэж, дээр нь тендер шалгаруулалтын баримт бичгийг бүрэн хангаж байна гэдгээ албан бичгээр ирүүлдэг. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь нэг талд итгэл үнэмшил дээр явагддаг. Яагаад гэвэл бид нар зөвхөн цаасан суурин дээр үнэлгээ хийж авдаг. Тийм учраас компанийн ирүүлж байгаа тэр цаасан материал нь үнэн зөв гэдгийг компани өөрөө хариуцах ёстой. Тэгэхээр тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага шалгуурыг бүгдийг нь хангаж байна гээд компани албан бичиг ирүүлсэн байна. Шаардлага шалгуур нь хангахгүй байна гэдгийг Сангийн яамнаас гаргаж ирж байгаа бол бид заавал ч үгүй тодруулга авах ёстой. Та нар 100 хувь хангаж байна гэж тендерээ ирүүлчхээд Сангийн яаманд ийм ийм үзүүлэлтээр хангахгүй байна гээд гомдол ирүүлээд байна. Энэ дээрээ тодорхой тайлбар өг, тайлбар өгч чадахгүй бол та нар тендерийн баримт бичгээ үнэн шударгаар илгээгээгүй байна гэж үзнэ гээд дараагийн шат руугаа орох тийм нөхцөл байдал үүсдэг юм. Тийм учраас тодруулга авч байгаа.

            Цахим системд ирүүлээгүй материалыг тодруулаад авсан байна гэж хэлээд байгаа. Нөхөж бүрдүүлэх зорилгоор тендерийн нэмэлт баримт авахгүй гэснээс биш тодруулга гэдэг чинь өөрөө тодруулах гэж л нэмэлт мэдээлэл авч байгаа учраас тендерийн баримт бичигт ирүүлээгүй баримтыг компаниуд гаргаж өгнө гэсэн үг. Би тэгж ойлгож байгаа. Цахим системээс авч байгаа нь болохоор систем хоорондын Хур систем эсвэл “И монголиа”-гийн баримт бичиг юм уу, татварын программууд хоорондоо татаж байгаа бас нэг цахим систем байгаа. Тэрийг систем хоорондоо холбогдож мэдээлэл татаж байгааг цахим системээр авсан гээд, тендер.мн-ээс авч байгаа материалыг цаасан материал гэж үзээд цахим системээр аваагүй гэж хэлээд байгаа юм уу, тэрийг бас нэг ялгаа салгааг нь гаргаж ойлгох хэрэгтэй, гэв.

           

/хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням/, Сангийн яамнаас ирсэн бичигтэй холбоотойгоор нэхэмжлэгч нэмэлт тайлбар гаргалаа. Сангийн яамнаас ирүүлсэн бичигт, захиалагчийн ... өдрийн 03/1781 болон 1 тоот шийдвэрийг 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна гэсний доод талд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэж байгаа юм. Тэгэхээр захиалагч  болон Үнэлгээний хорооны зүгээс Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт зааснаар хуульд заасан шаардлагыг бүрдүүлээд, дахин үнэлгээг  явуулахаар болж, харин үнэлгээг хийх явцдаа Худалдан авах ажиллагааны газрын даргын хэлж байгаагаар  тендерийг нээж үзсэний дараах тодруулгыг авах боломжтой тул хуулийн 25 дугаар зүйлд заасан хүрээндээ тодруулгыг авсан. Энэ тодруулгыг авсны үндсэн дээр шалгаруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл биш. Тийм учраас Үнэлгээний хорооны шийдвэрээс үндэслэж байгуулагдсан гэрээг мөн хуульд нийцэж байна гэж үзэж байгаа, гэв.

        

4. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн тайлбартаа:

"БА ХХК нь Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0026 дугаар захирамжийн дагуу "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон ... аймгийн худалдан авах  ажиллагааны газар, Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. ... аймгийн худалдан авах  ажиллагааны газраас зарласан "А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга"-ын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад манай компани Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу оролцож шалгарсан болно.

2. Дорноговь аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар дээрх барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "БА" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон боловч тус аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03/80 дугаартай албан тоотоор тодруулга хүссэний дагуу манай компаниас 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хариу өгч, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн.

3. Улмаар ... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 дугаартай албан тоотоор манай тендерийн материалыг "хамгийн сайн" үнэлэгдсэнээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон талаар дахин мэдэгдсэн байдаг.

Тиймээс бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож, үнэлгээний хорооны зөвлөмж, шийдвэрээр шалгарч, гэрээ байгуулах эрхтэй болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье,

/өмгөөлөгч У.Мөнхбат/, "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, мөн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор гуравдагч этгээд "Б" ХХК-ийн зүгээс бухалд нь эс зөвшөөрч доорх хариу тайлбарыг гаргаж байна.

1. Бид өмнө нь тус шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа.

2. Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендерт оролцож, шалгарсан тул Үнэлгээний хорооны 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлтийн манай компанид холбогдох хэсгийг, ... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдлийг, барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өөрийнхөө тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг даалгах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм, гэсэн бөгөөд,

4.1 Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дахь тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотойгоор тайлбар хэлье. Юуны түрүүнд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх нэхэмжлэл гаргаснаасаа хойш хэд хэдэн удаа  нэмэгдүүлж зарим хэсгээс нь татгалзаад ер нь жоохон ойлгомжгүй тодорхой бус нэхэмжлэл гаргаад явсан. Өнөөдөр шүүх хуралдаан дээр хамгийн эцсийн байдлаар таван шаардлага гэж томьёолж байх шиг байна.

Эдгээр шүүх хуралдаан дээр хэлсэн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна. “Б” компани Тендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу, мөн тендерийн бичиг баримтад тавьсан шаардлагын дагуу тухайн тендерт оролцож шалгарсан тул ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн  асуудал байхгүй.

Энэ утгаараа тендерийн Үнэлгээний хороо хууль тогтоомжид заасны дагуу холбогдох шаардлагуудыг шалгаад, техникийн бичиг баримтуудыг нь үнэлээд талуудаас ирүүлсэн баримтуудыг нь үнэлж, дүгнээд дүгнэлтээр ирүүлсэн гэж ойлгож байна. Энэ хүрээнд бид нартай гэрээ байгуулсан.

Ийнхүү гэрээ байгуулсны дараа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Б” компанид тодруулга хүссэн албан бичиг захиалагчаас ирүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн албан бичигтээ Сангийн яам тендерийг хүчингүй болгоод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасан үндэслэлээр шийдвэрлэсэнд үндэслэн тодруулга хүсэж байна гэж ойлгосон.

Энэ зохицуулалтын агуулгыг бид нар юу гэж ойлгож байна вэ гэвэл зөрчлийг арилгаад тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгаж байна гэж ойлгосон. Иймд бид 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр холбогдох тодруулгад бичиг баримтыг хавсаргаад Үнэлгээний хороонд хүргүүлсэн. Энэ нөхцөл байдлыг бас цаг хугацааны хувьд хоёр өөр агуулгатай үйлдэл гэх юм уу, үйл явдал болсон гэдгийг шүүхэд зориуд хэлж байгаа юм. Нэхэмжлэгч талаас Сангийн яаманд анх өргөдөл гомдол гаргахдаа анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулъя гэсэн агуулгатай гомдол гаргасан гэж ойлгож байгаа. Үүнээс хойш ямар нэгэн гомдол гаргаагүй. Сангийн яам болохоор 2025 оны 0...ний өдрийн гомдол хянасан тухай албан мэдэгдлийг ирүүлсэн юм шиг байна. Сангийн яамнаас гомдол хянасан тухай албан тоотыг ... аймгийн худалдан авах  ажиллагааны газарт ирүүлсэн байдаг.

Миний хэлээд байгаа санаа нь Тендерийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасны дагуу дахин үнэлгээг хийсэн. Энэ нь тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан гэж үзэж байгаа юм. Энэ нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Үнэлгээний хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу “Б” компанийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 25/10 гэсэн тодруулга хүргүүлэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох журамд зааснаар хүргүүлсэн.

Тэгэхээр энэ тендер шалгаруулалтын үнэлгээг тус Үнэлгээний хорооноос Тендерийн тухай хуулийн 59.10.2-т зааснаар хууль ёсны дагуу явуулсан гэж үзэж байгаа бидний хувьд. Үүн дээр ямар нэгэн хууль бус юм хийгдээгүй, зохих журмын дагуу Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас бид нарын хувьд ойлгохгүй байгаа хоёр шаардлага байгаа. Даалгах шаардлагуудтай холбоотой, энэ нь ямар хууль зүйн үндэслэлээр  гаргаад байгаа юм бэ. Хэрвээ тендерийг хүчингүй болголоо гэж үзэх юм бол  дахин тендер зарлах л асуудал байгаа. Тэгэхээр эрх зүйн үйл явдлыг буруу тогтоогоод өөрсдийнхөө үзэмжээр ойлгоод ийм шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнээс гадна тендерийн бичиг баримтад заасан хэд хэдэн шаардлагыг хангаагүй гэсэн зүйл яриад байх шиг байна. Үүнтэй холбоотой тайлбар, бичиг баримтыг хавтаст хэрэгт авагдсан учраас нотлох баримт шинжлэн судлах явцад болон түүний дараа тодорхой тайлбарлана. Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч нар бас хуулийн зүйл заалтыг тодорхой тайлбарлаад тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хэрхэн явуулсан талаар тайлбар өгсөн гэж ойлгож байгаа, гэв.

           

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар, мөн хариуцагч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас тус тус гаргаж буй тайлбарууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларч, тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргийг үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тус тус  шийдвэрлэв.

 

            2. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс шинжээч томилуулах болон гуравдагч этгээдээс нотлох баримт гаргуулах, мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхийн үзлэг явуулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан бөгөөд, шүүх тэдгээрийг хянан хэлэлцсэн үйл явц, уг хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр зэргийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж шийдвэрлэсэн болно /7-р х.х-ийн 184-192-р тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-10-р хуудас/.

           

            3. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн захиалагчийн шийдвэрт гомдол гаргалгүй урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн гэж буй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж байх боловч,

            3.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид ТБОНӨХБАҮХАтХууль гэж товчлох/-ийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ..., ... шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасныг үндэслэн, шүүх нэхэмжлэгч “С” ХХК-аас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлэх шаардлагагүй гэж үзэн,

            Тус нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах” асуудлыг зохицуулсан 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-54.1.8 дахь зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэн /1 дүгээр х.х-ийн 78-79-р тал/, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэрлэсэн бөгөөд, харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч /Ц.Мөнгөнчимэг/-өөс тендер шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргаж байсан талаар тайлбарлаж байх боловч захиргааны хэрэг үүсгэх тухайн үед энэ талын баримт нэхэмжлэлд байхгүй байсныг дурдах нь зүйтэй.

           

4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан байх ба гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэлийг хүлээн авснаар шүүхэд анх бичгээр  ирүүлсэн  хариу тайлбар /1 дүгээр х.х-ийн 100, 124, 131-р тал/-аас хойш, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж болон нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлүүд /7 дугаар х.х-ийн 028-029, 071-072, 095-р тал/-д тухайн хугацаанд хариу тайлбаруудаа ирүүлээгүй нь дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар энэ нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг,

            Харин нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж болон нэмэгдүүлж байснаар тус шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох нь” хэсгийн 1 -д зааснаар тодорхойлж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудад хариуцагч нар болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шүүх хянан хэлэлцсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

           

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч буй үндэслэл зэргийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болох талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн дараахь агуулгаар тодорхойлбол:

 

5.1 Нэхэмжлэгч талаас; Манай компанийн оролцсон ... дугаартай, “А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих (Д.С сум) ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтын дагуу ... өдөр захиалагчийн гаргасан 1 дугаар албан бичигт, уг тендерт шалгарсан “Б” ХХК-ийн тендерийг түүний гаргасан хүсэлтийн дагуу дотоодын давуу эрх тооцож үзэхэд танай компанийн үнийн санал өндөр байсан гэх үндэслэлээр татгалзсан шийдвэртэй холбогдуулан “Б” ХХК-ийн материалтай танилцаад, түүний 9 төрлийн алдаанд үндэслэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн Яаманд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасныг тус Яамнаас хянан үзээд, захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн “Б” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн тендер”-ээр шалгаруулсан тухай 03/1781 тоот, “С” ХХК-ийн “тендерээс татгалзсан” тухай  1 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгож, тухайн тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж шийдвэрлэсэн.

Гэтэл Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу хариуцагч нар нь тендерийг дахин үнэлж, шийдвэрлэхдээ тухайн тендерт тавигдсан шаардлагад нийцээгүй материалыг бүрдүүлж оролцсон “Б” ХХК-ийг дахин шалгаруулж, улмаар нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан талаарх шийдвэрийг өмнө нь гаргаж байсан буюу Сангийн яамнаас хүчингүй болгож шийдвэрлэсэн ... өдрийн 1 тоот албан бичгээр өгсөн нь тус тендер шалгаруулалтад алдаа, зөрчилгүй оролцсон манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, гэсэн агуулгаар,

           

5.2. Хариуцагч талаас; Тус тендерийг шалгаруулсан ... өдрийн захиалагчийн шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас гомдлыг хянан үзээд 2025 оны 0...ны өдрийн ... тоот албан бичгээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх талаар чиглэл ирсэн бөгөөд, энэ дагуу “Б” ХХК-аас холбогдох тодруулгыг гаргуулан авч Үнэлгээний хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тендерийн дахин үнэлгээг хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэж,  гаргасан  дүгнэлтийг захиалагчид  хүргүүлсэн. Захиалагчийн хувьд хууль тогтоомж болон Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, энэ дагуу захиалагчаас өмнө нь гаргасан “С” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээсэн тул өмнө нь ... өдрийн 1 тоот албан бичгээр өгч байсан хариу мэдэгдлийг дахин байршуулж, тус компанид мэдэгдсэн нь ямар нэг байдлаар эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн агуулгаар,

 

          5.3 Гуравдагч этгээдээс; “Б” ХХК-ийн хувьд А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих (Д.С сум) ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу оролцсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийг үндэслэж гарсан Үнэлгээний хорооны шийдвэрээр тус тендерт шалгарч, захиалагчтай гэрээ байгуулах эрхтэй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

           

            6. Маргааны үйл баримтын тухайд:

 

            6.1 Захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ... дугаартай, 25101600000 /хорин таван тэрбум нэг зуун нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн төсөвт өртөгтэй, “А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих (Д.С) ажил гүйцэтгэх” сонгон шалгаруулалт /тендер/-ыг тус захиалагчаас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан тендерийн баримт бичигт /1-р х.х-ийн 140, 159-р тал/ зааснаар  2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нээхээр заасан боловч,

            “Б” ХХК-аас ... аймгийн худалдан авах  ажиллагааны газарт хандан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/94 тоот албан бичгээр тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн зөрүүг тодруулах хүсэлт /7-р х.х-ийн 041-р тал/ гаргаж, улмаар тус хүсэлтийн дагуу ... аймгийн Засаг даргын Тамгын газраас 03/1662 тоот албан бичгээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, тус аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 108 тоот албан бичгээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус гарган ирүүлсэн тодруулгууд /7-р х.х-ийн 059, 060-р тал/-тай холбогдуулан,

            6.2 Үнэлгээний хорооноос тухайн тендерийг нээх хугацааг 2 удаа хойшлуулж  /7-р х.х-ийн 061-064-р тал/ байсны дараа, тендерийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нээхэд “С” ХХК -аас 24,802,222,222 тэрбум төгрөгийн, “Б” ХХК-аас 25,101,600,000 тэрбум төгрөгийн тус тус үнийн саналтай тендерүүдийг ирүүлснээр хоёр компани оролцсон /7-р х.х-ийн 065-067-р тал/ байна.

            6.3 Үнэлгээний хороо нь тус тендерийг нээсэн тухайн өдрийн хуралдаанаар буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанаар оролцогч дээрх хоёр компанийн тендерийг шаардлага хангаж байна гэж үзэж, тус компаниудын тендерийн баримт бичигт нарийвчилсан үнэлгээ хийхээр шийдвэрлэж /7-р х.х-ийн 065-067-р тал/,

            6.4 Улмаар тус Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар хэлэлцээд, тендерт оролцогч “С” ХХК, “Б” ХХК хоёр компанийн ирүүлсэн материалуудыг тендерийн баримт бичгийн шаардлагыг адилхан хангаж байна гэж үзсэн бөгөөд,

            6.5 Харин захиалагчаас баталсан тендерийн баримт бичиг дэх “Д.Захиалагч шийдвэр гаргах” хэсгийн “Давуу эрх олгох” тухай 31 дүгээр заалт,  “Д.Тендерийг хянан үзэх, үнэлэх” хэсгийн “Давуу эрх тооцуулахад шаардлагатай мэдээлэл, баримт бичиг”-ийн тухай ТШЗ 31.1  дүгээр заалтад тус тус заасны дагуу “Б” ХХК-аас ирүүлсэн дотоодын давуу эрх тооцуулах хүсэлтийг үндэслэж тооцсон,  дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулсан дүнгээр 23,218,980,000 тэрбум төгрөг буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул “Б” ХХК-ийг шалгаруулахаар гишүүдийн санал нэгдэж байна /1-р х.х-ийн 190,191-р тал/ гэснээр,

            6.6 Тус тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “Б” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж /1-р х.х-ийн 189-191-р тал/, энэ тухай шийдвэр болох Үнэлгээний хорооны ... өдрийн 01 дугаартай  дүгнэлт /6-р х.х-ийн 200-р тал/-ийг, тухайн тендерийн Үнэлгээний хорооны мөн өдрийн 01 дугаартай тайлан /1-р х.х-ийн 106-108-р тал/-ийн хамт захиалагчид хүргүүлсэн байна.

            6.7 Үүнийг үндэслэн ... аймгийн Засаг даргын Тамгын газар буюу захиалагч нь ... өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1781 тоот албан бичгээр “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 25,101,600,000 (хорин таван тэрбум нэг зуун нэг сая зургаан зуун мянга)  төгрөгөөр гэрээ байгуулах эрхийг “Б” ХХК-д олгож байгааг болон тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэрээ байгуулах эрх нээгдэх болохыг мэдэгдэж /1-р х.х-ийн 122-р тал/,

6.8 Харин ... өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1 тоот албан бичгээр “үнийн санал өндөр байгаа тул хамгийн сайн тендер биш” гэж үзэн, “С” ХХК-ийн тендерээс татгалзаж байгааг болон уг шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг тухайн компанид мэдэгдэж /1-р х.х-ийн 123-р тал/ тус тус шийдвэрлэжээ.

            6.9 “С” ХХК -ийн зүгээс түүний тендерээс татгалзсан захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 30-нд Сангийн Яаманд гомдол гаргасан /1-р х.х-ийн 55-58-р тал/ байх бөгөөд, тус гомдлын дагуу Сангийн Яамны зүгээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” 03/10887 тоот албан бичгээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн захиалагчийн дээрх шийдвэр болон  түүнтэй холбогдох үйл ажиллагааг явуулахыг түдгэлзүүлж /1-р х.х-ийн 103-р тал/ шийдвэрлэсэн бөгөөд,

         6.10 Гэтэл захиалагч буюу хариуцагч ... аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, УТУТ2401502400-11/2024 дугаартай  “Дорноговь аймгийн А ир сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г “Б” ХХК-тай /6-р х.х-ийн 201, 202-р тал/ байгуулсан байна.

6.11 Үүний дараа Сангийн Яамны зүгээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шалгаад 2025 оны 0...ны өдрийн “Гомдол хянасан тухай” ... тоот албан бичиг бүхий шийдвэрээр БОНӨХБАҮХАтХуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх зүйлд заасныг үндэслэн захиалагчийн ... өдрийн 03/1781, 1 тоот шийдвэр /мэдэгдлүүд/-үүдийг хүчингүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тухайн тендерийг хянан үзэх болон үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, мөн захиалагчийн шийдвэр болон үйл ажиллагааг түдгэлзүүлсэн өмнөх шийдвэрийг тус албан бичгийн хугацаагаар дуусгавар болгож тус тус шийдвэрлэсэн/1-р х.х-ийн 69-72-р тал/ байна.

           

7. Ийнхүү маргаан бүхий тус тендер шалгаруулалтын өмнөх буюу ... өдрийн захиалагчийн шийдвэр хүчингүй болж, түүнийг хянан үзэх болон үнэлэх ажиллагааг дахин явуулах болсноор тус тендерийн Үнэлгээний хороо нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар хуралдаанаараа “... гомдол хянагдсан шийдвэр гарахаар эргэн хуралдахаар ...” шийдвэрлэж /1-р х.х-ийн 101, 102-р тал/,

            7.1 Үүнээс хойш 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар, Сангийн Яамнаас гомдлыг хянан шийдвэрлэж гаргасан 2025 оны 0...ны өдрийн ... тоот албан бичиг бүхий шийдвэрийн дагуу тус Үнэлгээний хорооноос тендерт дахин үнэлгээг хийх, энэ хүрээнд захиалагчаар албан бичиг хүргүүлэх замаар “Б” ХХК-аас тодруулга авахаар шийдвэрлэсэн /1-р х.х-ийн 113, 114-р тал/ байх ба, энэ дагуу мөн өдөртөө захиалагч болох ... аймгийн Засаг даргын Тамгын газраас нийт 6 асуудлын хүрээнд тодруулга авахаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Тодруулга авах тухай” 03/80 тоот албан бичгийг “Б” ХХК-д хүргүүлсэн /1-р х.х-ийн 115,116-р тал/ байна.

            7.2  Дээрх албан бичгийн дагуу “Б” ХХК-аас  түүний хариуг  буюу холбогдох нотлох баримтыг хавсралтаар хүргүүлэв гэснээр, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Тодруулга хүргүүлэх тухай” 25/10 тоот албан бичгийг захиалагчид буюу ... аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж /6-р х.х-ийн 159, 160-р тал/,

            7.3 Үүний маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Үнэлгээний хорооны 09 дүгээр хуралдаанаар, тодруулгын дагуу “Б” ХХК-аас ирсэн материалтай танилцаад, тэдгээр материалууд нь шаардлага хангаж байна гэсэн үндэслэлээр тус Үнэлгээний хорооны гишүүдийн зүгээс санал нэгдэж “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “Б” ХХК-ийг дахин шалгаруулж, улмаар тус  шийдвэрээ захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж /1-р х.х-ийн 117, 118-р тал/, энэ тухай Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг гаргаж захиалагчид хүргүүлсэн байна /1-р х.х-ийн 125-р тал/.

            7.4 Энэ дагуу захиалагч болох ... аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/94 тоот албан бичгээр бичгээр “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 25,101,600,000 (хорин таван тэрбум нэг зуун нэг сая зургаан зуун мянга)  төгрөгөөр гэрээ байгуулах эрхийг “Б” ХХК-д олгож байгааг болон тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэрээ байгуулах эрх нээгдэх болохыг мэдэгдсэн шийдвэрийг тус “Б” ХХК -д хүргүүлж /1-р х.х-ийн 121-р тал/,

            7.5 Харин хариуцагч нарын зүгээс тайлбарлаж байгаагаар, тендерийн үнэлгээг дахин хийснээр “С” ХХК-ийн тендерээс татгалзсан өмнөх шийдвэр хэвээр гарсан тул тухайн үеийн мэдэгдэл болох ... өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1 тоот албан бичгийнг цахим системд байршуулж “С” ХХК-д мэдэгдсэн гэж байх бөгөөд,

            7.6 Гэтэл маргаан бүхий тендерийг дахин хянан үзэж, үнэлсэн дээрх үйл ажиллагаанаас хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Үнэлгээний хорооны 01 тоот дүгнэлт гарсантай холбогдуулан “С” ХХК-ийн тендерийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захиалагчаас гаргасан шийдвэр байхгүй байна.

            7.7  Энэ дагуу нэхэмжлэгч “С” ХХК  нь тухайн тендерийг дахин үнэлсэн шийдвэрийн талаар захиалагчийн зүгээс өмнө нь гаргасан шийдвэрээр тус компанид мэдэгдсэн байдалд үндэслэн, улмаар тендерийг дахин хянан үзэж, үнэлэхдээ  “Б” ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэсэн захиалагчийн болон Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзэн шүүхэд маргасан байна.

           

8. Маргаж буй захиргааны акт буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Үнэлгээний хорооны 01 тоот дүгнэлт, захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газрын мөн өдрийн 03/94 тоот мэдэгдэл бүхий шийдвэр зэрэг нь холбогдох хууль, журмыг зөрчсөн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:

 

            8.1 Нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзэж шийдвэрлэсэн Сангийн Яамны 2025 оны 0...ны өдрийн ... тоот шийдвэрт тухайн тендерийг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг  “... хуульд нийцүүлэн...” явуулахыг мэдэгдсэн байх бөгөөд, улмаар Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам” -ын 1.3-т  “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заажээ.

8.2  Дээрх шийдвэр болон журамд заасны дагуу тус тендерийг дахин хянан үзэж үнэлэх үйл ажиллагааг тухайн маргаан бүхий харилцааг зохицуулсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид ТБОНӨХБАҮХАтХууль гэж товчлох/, тус хуульд нийцүүлэн гарсан Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”, мөн эдгээр хууль, зааврыг үндэслэж  захиалагчаас батлан гаргасан “Тендер шалгаруулалтын баримт бичиг” /1-р х.х-ийн 140-188-р тал/ зэрэгт заасныг үндэслэн явуулж, хийхээр байна.

8.3 Энэ хүрээнд маргаан бүхий тендерийг  дахин хянан үзэж, үнэлсэн үйл ажиллагааг хавтас хэрэг дэх нотлох баримтууд буюу Үнэлгээний хорооноос дахин үнэлгээг хийх талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлууд тусгагдсан тус хорооны  2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэл /1-р х.х-ийн 113,114, 117,119-р тал/ зэрэг баримтуудаас үзэхэд,

8.4 Тус Үнэлгээний хороо нь Сангийн Яамны дээр дурдсан шийдвэрт зааснаар  ТБОНӨХБАҮХАтХуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн зөрчлийг арилгах хүрээнд болон мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар “тендер хянан үзэх, үнэлэхэд” шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тодруулга авахаар Үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болохоор заасан хүрээнд “Б” ХХК-ийн тендерийн баримт бичиг дэх зөрчил бүхий хэд хэдэн асуудалд тодруулга авснаар тендерийн үнэлгээг дахин хийхээр шийдвэрлэснийг буруутгахааргүй байх бөгөөд,

8.5 Үүний дагуу захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газраас “Б” ХХК-д Сангийн Яамны ... тоот шийдвэрт тусгагдсан зөрчилтэй асуудлуудыг тодруулахаар .... тоот албан бичиг /1-р х.х-ийн 115,116-р тал/ хүргүүлж, энэ дагуу тус компаниас тодруулга бүхий баримтууд /6-р х.х-ийн 081-152, 159-165, 209-250, 7-р х.х-ийн 001-005/ -ыг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/10 тоот албан бичиг /6-р х.х-ийн 159,160-р тал/-ийн хамт ирүүлсэн байна.

8.6  Гэтэл “Б” ХХК-аас тодруулгын дагуу ирүүлсэн гэх баримтуудаас үзэхэд, зарим баримтууд буюу тухайлбал: Захиалагчийн дээрх 03/80 тоот албан бичгийн 4 дүгээрт заасан, үйлчилгээний машины мэдээллийг ирүүлээгүй байх ба түүний оронд өмнө нь тендерийн баримт бичигт өгч байсан жагсаалтын хуулбарыг ирүүлсэн /6-р х.х-ийн 217, 4-р х.х-ийн 148-р тал/, мөн тус албан бичгийн 5 дугаарт заасан,  “Зээлийн мэдээллийн лавлагаа” бүхий баримтыг тухайн тодруулгад ирүүлээгүй болох нь тус компаниас захиалагчид хариу хүргүүлсэн 25/10 тоот албан бичигт “манай компани хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болно” гэж өөрөө тодорхойлсон байдал, гэтэл энэ тухай баримт буюу “Зээлийн мэдээллийн лавлагаа”-г захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын баримт бичигт /цаашид ТШББ гэх/ заасан тухайн лавлагааг гаргах  эрх бүхий этгээдээс гаргуулан авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн /6-р х.х-ийн 148-152-р  тал/ зэрэг байдлуудаар тогтоогдож байхын хамт,

Мөн захиалагчийн дээрх албан бичгийн 6 дугаарт давуу эрх тооцохтой холбогдуулан “Билиг түшиг” ХХК, “МА” ХХК, “МБК” ХХК, “НК” ХХК, “Л” ХХК гэх компаниудын бэлтгэн гаргадаг материалуудын чанарын гэрчилгээ, холбогдох баримтуудыг ирүүлэхээр зааснаар тус “Б” ХХК-аас ирүүлсэн гэж буй баримтуудыг үзвэл тухайн албан бичигт дурдагдсан дээрх компаниудаас өөр нэртэй буюу “Бишрэлт түшлэг” ХХК, “Далай шанд” констракшн гэх компаниудад холбогдох баримтууд байгаа ба, гэтэл эдгээр нь давуу эрх тооцоход хамаарах компаниуд мөн эсэх, нөгөө талаар “НК” ХХК, “Л” ХХК гэх компаниуд нь дотоодын, эсхүл гадны компанийн аль нь болох, тэдгээрийн бэлтгэн гаргадаг материалууд нь дотоодын үйлдвэрлэлд хамаардаг эсэх зэрэг байдлууд нь тодорхойгүй, ойлгомжгүй баримтууд /6-р х.х-ийн 232-250, 7-р х.х-ийн 001-005/ байна.

8.7  Үүнээс үзвэл “Б” ХХК-аас  тодруулгын дагуу ирүүлсэн гэх  дээр дурдсан баримтууд нь:

 - Захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг /цаашид ТШББ гэж товчлох/-ийн ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл”-ийг заасныг болон ТШЗ 19.2.2 -т “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ” гэж,

- Мөн ТШББ-ийн 18-д заасан “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт” буюу 18.4-т “Монгол Улсын хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан этгээдээс цахим системээр авч, тендерт ирүүлэх ба уг асуудлаар банк, санхүүгийн байгууллагаас лавлагаа ирүүлэхийг шаардахгүй” гэж,

            - Мөн тус ТШББ-ийн ТШЗ 31.1 -д “Давуу эрх тооцуулах нөхцөл хангаж буй талаар нотлох баримт ирүүлнэ” гэж,

            - “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 8.8-д “Ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн оролцогч нь “А” эсхүл “Б” ангиллын тендер ирүүлсэн бол ... давуу эрх тооцуулахад шаардлагатай дотоодын барааг нийлүүлэх боломжтойг нотолсон баримт, нийлүүлэгчтэй байгуулсан гэрээг тендерт ирүүлсэн байна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна /1-р х.х-ийн 140-159-р талд байх ТШББ/.

            8.8 Нөгөө талаар Сангийн Яамнаас тендерийг дахин хянан үзэж, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийхийг мэдэгдсэн байдал нь дан ганц “Б” ХХК-ийн тендерийн зөрчлийг арилгаж, үнэлэх асуудал биш бөгөөд тус компанийн тендер дэх зөрчилтэй асуудлыг тодруулан авч, улмаар тухайн тендерт оролцогч хоёр компани болох “С” ХХК болон “Б” ХХК-уудын тендерийн хүрээнд, тэдгээрийг  дээр дурдсан хууль, журмын дагуу дахин хянан үзэж, үнэлэх ажиллагааг явуулахаар байна.

            8.9 Гэтэл Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзэхэд захиалагчаас тодруулга авснаар “Б” ХХК-аас ирүүлсэн, ТШББ-т заасантай болон холбогдох хууль, журам /аргачлал, заавар/-т заасантай нийцээгүй, зөрчилтэй байдал нь арилаагүй тухайн баримтуудад үндэслэж, зөвхөн тус компанийн тендерийн хүрээнд хэлэлцэж, улмаар тухайн компанийг “хамгийн сайн” тендер гэж үнэлэн мөн өдрийн 01 тоот дүгнэлтийг гаргасан байх бөгөөд,

            8.10  Энэ нь тус Үнэлгээний хорооны даргын зүгээс ТБОНӨХБАҮХАтХуулийн 50 дугаар зүйлийн 50.10-т “Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, ...” үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүйтэй холбоотойгоос гадна,

            8.11 Тус Үнэлгээний хорооны зүгээс ТБОНӨХБАҮХАтХуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т зааснаар “тендерийг ... хянан үзэх, үнэлэх” үйл ажиллагааг явуулахдаа захиалагчаас баталсан ТШББ /1-р х.х-ийн 151-р тал/-ийн 29.1-д “... өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол үнэлгээний үндсэн шалгуур нь харьцуулах үнэ байна.”, 33.1-д “Тендерийн харьцуулах үнийг тодорхойлоход “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ыг баримтална.” гэж заасныг үндэслэн,

            8.12 Тухайн хоёр компанийн тендерийг дахин хянан үзэж, үнэлэхдээ дээр дурдсан аргачлал, заавар буюу Сангийн Яамнаас баталсан“Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 9.4-т “Ажил гүйцэтгэх тендерт энэ аргачлал, зааврын 8.8-д зааснаар давуу эрх олгосон бол тухайн барааны хэсгийн үнийг хассаны дараах тендерийн харьцуулах үнийг ... тус тус бууруулна”, 9.5-д “Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох тооцооллыг энэ аргачлал, зааврын Маягт 6-ын 2 дугаар хүснэгтийн дагуу хийнэ”, 10.4-т “...аргачлалын дагуу харьцуулах үнийг хэрхэн тооцсоныг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тайлбарлана.”,

            - Мөн тус аргачлал, зааврын 10.5-д “Тендерийн харьцуулах үнийг тодорхойлсны дараа хуулийн 27.5, 27.6-ийн аль тохирохыг үндэслэн эрэмбэлнэ”, 10.6-д “Хамгийн сайн тендерийн мэдээллийг Маягт 7-ийн дагуу үйлдэнэ” гэж  тус тус заасныг баримтлан явуулахаар байтал эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр, түүнчлэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлэлгүйгээр тухайн шийдвэрээ гаргасан байна.

            8.13  Гэтэл дээрх шийдвэрийг гаргахдаа хуралдсан тус Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэлд “...Нарийвчилсан үнэлгээг хавсаргаж ТББ-т оруулна ...” /1-р х.х-ийн 118-р тал/ гэсний дагуу шүүхээс уг нарийвчилсан үнэлгээг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч тус тэмдэглэлд дурдсанаар тухайн хугацаанд хийгдсэн нарийвчилсан үнэлгээний талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд, харин хариуцагч ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон Үнэлгээний хорооноос тендерийг анх үнэлж гаргасан үеийн буюу ... өдрийн шийдвэр, үйл ажиллагаанд хамаарах  “Тендерийн үнэлгээ” /6-р х.х-ийн 174-179-р тал/, “Тендерийг хянан үзэх” /7-р х.х-ийн 070-р тал/ гэсэн хүснэгт бүхий баримтуудыг ирүүлсэн байна.

            8.14  Тэдгээр баримтуудаас үзэхэд “С” ХХК болон “Б” ХХК-ийн тендерүүдийг тухайн үед “тендерийн баримт бичигт заасан үндсэн шаардлагыг хангасан”, “шаардлагад нийцсэн тендер” гэж тус тус үзсэн /1-р х.х-ийн 179-р тал/  боловч, “Тендерийг хянан үзэх”  гэсэн хүснэгт бүхий баримтын “Шаардлагад нийцсэн тендер” гэх хэсэгт /7-р х.х-ийн 070-р тал/  “С” ХХК-ийн тендерийг  ямар үндэслэлээр “Үгүй” гэж үзсэн нь тодорхойгүй байсныг болон,

            - Мөн тус ТШББ-ийн ТШЗ 31.1-д “Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын дагуу давуу эрх олгоно” гэсэн заасан атлаа, тухайн үед тус Үнэлгээний хорооны зүгээс “Б” ХХК-ийн тендерт давуу эрх тооцсон аргачлалыг хэрхэн хийсэн талаарх “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 9.5-д “Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох тооцооллыг энэ аргачлал, зааврын Маягт 6-ын 2 дугаар хүснэгтийн дагуу хийнэ”, 10.4-т “...аргачлалын дагуу харьцуулах үнийг хэрхэн тооцсоныг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тайлбарлана.”, 10.6-д “Хамгийн сайн тендерийн мэдээллийг Маягт 7-ийн дагуу үйлдэнэ” гэж тус тус заасны дагуу гарсан баримтууд байхгүй,

            Улмаар дээрх аргачлал, зааврын 10.5-д “Тендерийн харьцуулах үнийг тодорхойлсны дараа хуулийн 27.5, 27.6-ийн аль тохирохыг үндэслэн эрэмбэлнэ” гэсэн байгаагаар ТБОНӨХБАҮХАтХуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь зүйл дэх “өсөх дарааллаар эрэмбэлнэ” гэж заасны дагуу тендерт оролцогч тус хоёр компанийн тендерийг тухайн үед  эрэмбэлж, тогтоосон зүйлгүй, энэ талаарх баримт байхгүй байх ба, гэтэл тухайн үед  “Б” ХХК -ийн тендерт түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу дотоодын давуу эрх тооцсон үнэлгээг шууд үндэслэн “хамгийн сайн” тендер гэж үзэн үнэлж, шалгаруулсан /1-р х.х-ийн 123, 189 -191-р тал/ болох нөхцөл байдлуудыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

           

9. Шүүх хуралдаанд хариуцагч ... аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Үнэлгээний хорооноос гарсан дүгнэлтийг л үндэслэсэн, бид Үнэлгээний хороонд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй...” гэж тайлбарлаж байгаа ба, Үнэлгээний хорооны дээрх  үйл ажиллагааны дараа захиалагч буюу ... аймгийн Засаг даргын Тамгын газар нь тус хорооноос ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Б” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн 01 тоот дүгнэлтийг үндэслэл болгож /1-р х.х-ийн 125-р тал/,

            - Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/94 тоот албан бичигт зааснаар “Б” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, түүнд 25,101,600,000 /хорин таван тэрбум нэг зуун нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэжээ /1-р х.х-ийн 121-р тал/.

            9.1 Гэтэл дээр дурдсанаар тус Үнэлгээний хорооноос тендерийг дахин хянан үзэж, үнэлэх ажиллагаа нь ТБОНӨХБАҮХАтХууль болон тус хуулийн дагуу гарсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-т заасны дагуу болон ТШББ-т заасны явагдаагүй, түүнчлэн тус үйл ажиллагаагаар “С” ХХК-ийн тендерийг  хянан үзэж, үнэлээгүй болох нь тус тус тогтоогдож байгаагаар Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлт нь  хуульд нийцэхгүй  байх бөгөөд,

            9.2 Энэ дагуу дээрх дүгнэлтийг үндэслэж гаргасан захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газрын “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдэл бүхий шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.

            9.3 Дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн дүгнэхэд, маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлт болон захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын Газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/94 тоот албан бичиг бүхий шийдвэр зэрэг нь Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам” -ын 1.3-т зааснаар “гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагчаас заавал  биелүүлэх”-ээр заасантай уялдан Сангийн яамны зүгээс тухайн үйл ажиллагааг “хуульд нийцүүлэн хийхийг мэдэгдсэн” шаардлагыг биелүүлээгүйгээс,

            9.4 Тухайн шийдвэрүүд нь ТБОНӨХБАҮХАтХуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Оролцогч ажил гүйцэтгэхэд дотоодын бараа ашиглахаар санал болговол давуу эрх олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.”,  28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”-оор тус тус заасныг зөрчсөн,

            9.5 Улмаар тухайн захиргааны акт болох шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны үйл ажиллагааны зарчим” -ын талаар зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх;”, 4.2.5-д заасан “..., шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчимд нийцээгүйгээс гадна, ТБОНӨХБАҮХАтХууль дахь “Худалдан авах ажиллагааны зарчим”-ыг зохицуулсан 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “...өрсөлдөх тэгш боломжтой, ...хариуцлагатай байх ...” -аар заасан зарчимд нийцэхгүй, зэрэг байдлуудаар хууль бус болох нь тогтоогдож байх ба,

            9.6 Түүнчлэн дээр тогтоогдож байгаагаар тус маргаан бүхий тендерийг дахин хянан үзэж, үнэлэхдээ “С” ХХК-ийн тендерийн талаар хянан үзэж, үнэлж дүгнэлгүйгээр дээрх шийдвэрүүдийг гаргасны улмаас нэхэмжлэгч “С” ХХК-ийн  тухайн тендерт тэгш өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            9.7  Гэтэл хариуцагч ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Худалдан авах ажиллагааны газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбаруудаар “Үнэлгээний хороо болон захиалагч нь өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээсэн тул өмнөх 2024 оны 12 дугаар 24-ний өдрийн 1 тоот албан бичгийг цахим системд байршуулж “С” ХХК-д мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй” гэж байх боловч, тухайн 1 тоот мэдэгдэл бүхий шийдвэрийг Сангийн Яамнаас нэгэнт хүчингүй болгосон байснаар эрх зүйн үйлчлэл, үр дагавар үүсэхгүй тул үүнийг тендерийг дахин хянан үзэж, үнэлсний дагуу нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан тухай шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

           

10. Нэхэмжлэл дэх ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/2024 дугаартай “...аймгийн А Их сургуулийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г  хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

            10.1 Тухайн гэрээ байгуулагдсан үйл явцыг тус шийдвэр дэх “Маргааны үйл баримт”-ыг тодорхойлсон 6 дугаар хэсгийн  6.4-т дурдсан байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шүүхээс тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин явуулснаар захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газраас гуравдагч этгээд болох “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдэл бүхий шийдвэр гарсан хугацаанаас хойш, тус шийдвэрийн дагуу байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага дахь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/2024 захиалагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан тухайн гэрээг ирүүлснээр хавтаст хэрэгт /6-р х.х-ийн 201, 202-р тал/ авагдсан бөгөөд харин  захиалагчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдэл бүхий шийдвэр гарснаас хойш гуравдагч этгээд “Б” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй, тийнхүү байгуулсан гэрээг хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            10.2  Нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу Сангийн Яамны зүгээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” 03/10887 тоот албан бичигт зааснаар /1-р х.х-ийн 103-р тал/ “...Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж байна.” гэсэн шийдвэрийг гаргасан байх ба,

            10.3 Тус шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлага дахь гэрээтэй холбогдуулан хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа “Сангийн Яамны  албан бичигт тендер шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс түдгэлзүүлж байна гэсэн боловч тус албан бичиг нь 31-ний өдрөөр гарсан зөрчилтэй бөгөөд 12 дугаар сарын 30-ны өдөр тухайн шийдвэр нь ирээгүй тул гэрээг байгуулсан” гэж тайлбарлаж байна.

            10.4 Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр захиалагч буюу ... аймгийн Засаг даргын Тамгын газрын өрөөнд /106 тоот/  хийсэн, Үнэлгээний хорооны 07 дугаар хуралдааны тэмдэглэл /1-р х.х-ийн 101,102-р тал/-д “...өнөөдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга руу Сангийн яамнаас гомдол гарсан, тендерийн материалыг бэлтгэн ирүүлэх тухай мэдэгдсэн байна. Одоогоор албан бичиг нь бидний гарт ирээгүй байна, тиймээс нарийн бичиг заасан хугацаанд материалаа бэлтгээд Сангийн яаманд хүргүүлээрэй...” гэж тэмдэглэгдсэнээс үзвэл,

            10.5  Хэдийгээр захиалагчийн шийдвэр, үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс түдгэлзүүлсэн шийдвэрийг Сангийн Яамнаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр гаргасан, тус албан бичиг нь тухайн цаг хугацаанд хүргэгдэж ирээгүй байсан боловч, Үнэлгээний хорооны дээрх хуралдаан болсон газар болон тус хуралдааны  тэмдэглэлээс үзэхэд Сангийн Яамны тус шийдвэрийг хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн байгаагийн хувьд, тухайн шийдвэрийн дагуу захиалагч буюу хариуцагч захиргааны байгууллагын зүгээс гэрээ байгуулах үүргээ 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэгжүүлэхгүй байх боломжтой байсан бөгөөд,

            10.6 Иймд  хариуцагч захиргааны байгууллага болох захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс гуравдагч этгээд “Б” ХХК -тай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг захиалагчийн шийдвэр, үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллага буюу Сангийн Яамнаас түдгэлзүүлсэн байсан хугацаанд байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            10.7 Иймд захиалагч нь ТБОНӨХБАҮХАтХуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна” гэж зааснаар, мөн зүйлийн 30.3.2-т “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, ... тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, ...” тохиолдолд гэрээ байгуулахыг хориглосон тухай заалтыг зөрчиж, гэрээг шууд байгуулсан нь,

            10.8 ТБОНӨХБАҮХАтХууль дахь “Илт хууль бус гэрээ”-ний талаар зохицуулсан 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна.” гэж зааснаар, мөн зүйлийн 41.1.1-д заасан “энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан” гэж үзэх үндэслэлд хамаарч байгаа тул,

            10.9 Нэхэмжлэгчийн “хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан УТУТ2401502400-11/2024 дугаартай,  “...аймгийн А Их сургуулийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г  дээрх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

            10.10 Энэ дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д “Шүүх энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэрээ илт хууль бус болохыг тогтоосон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтооно” гэж заасан байгаа ба,

            10.11  Гэтэл гуравдагч этгээд “Б” ХХК -ийн хувьд дээрх гэрээний дагуу тухайн маргаан бүхий тендер дэх барилга, байгууламжийг барьж, гүйцэтгэж буй үйл баримт байгаа хэдий ч,  энэ нь захиалагчаас буюу хариуцагч нарын зүгээс анхнаасаа холбогдох хууль, хуулиар тогтоосон журам, зааврыг зөрчсөн шийдвэрүүдийг гаргасан, мөн хууль зөрчиж гэрээ байгуулсан болон улмаар энэ нь цаашид “нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар” үр дагаврыг бий болгосон зэрэг нөхцөл байдлуудыг зөвтгөх үндэслэл болохгүй байна.

            10.12 Иймд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар авч хэрэгжүүлсэн “эвлэрүүлэх арга хэмжээ”-ний хүрээнд  хэргийн оролцогчдын зүгээс “санал зөрчилдөөнтэй” байдлын улмаас эвлэрэлд хүрээгүй нөхцөл байдалд үндэслэн, илт хууль бус болохыг тогтоосон дээрх гэрээ буюу “ажил гүйцэтгэх”-тэй холбоотой гэрээний эрх зүйн үйлчлэлгүй болох хугацааны  асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7 дахь зүйлд зааснаар хэргийн оролцогчдын “саналыг харгалзан тогтоох” боломжгүй гэж үзсэн ба,

            10.13 Түүнчлэн маргаан бүхий уг гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 -д заасан  захиргааны гэрээ болохын хувьд захиргааны гэрээ илт хууль бус байх нөхцөл нь тэрээр гарсан цаг хугацаанаас эхлэн эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй  боловч шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д заасан “гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа” нь тус хууль дахь “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” асуудлыг зохицуулсан 110 дугаар зүйлийн 110.1 дэх зүйлд заасан журмын дагуу тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хэрэгжих  үндэслэлтэй байна.

           

11. Нэхэмжлэгчийн “С” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах болон тус компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ... аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд;

            11.1 Нэхэмжлэгч “С” ХХК-ийн оролцсон тухайн маргаан бүхий тендер шалгаруулалтын захиалагчаас гаргасан өмнөх  шийдвэрүүд хүчингүй болсон, нөгөө талаар тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин явуулах үйл ажиллагааны явцад “С” ХХК-ийн тендер хянагдаагүй тул түүний тендерийг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар шийдвэр байхгүй ба, гэтэл энэ талаарх шийдвэрийг буюу нэхэмжлэгчийн “даалгах” шаардлагуудад  дурдагдаж буй “хамгийн сайн” тендерээр үнэлэх болон “гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрүүдийг гаргах эрх хэмжээ нь ТБОНӨХБАҮХАтХуульд заасны дагуу Үнэлгээний хороо болон захиалагч нарт олгогдсон байгаа тул,

            11.2 Нэхэмжлэгчийн гаргаж буй дээрх шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”  гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ..., ... шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан “С” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, мөн тус компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ... аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

           

12. Иймд дээр тогтоогдож буй үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу ... дугаартай, “А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих (Д.С) ажил гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлт болон захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот “Б” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл зэрэг нь холбогдох хууль, журамд заасныг зөрчсөн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерт өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж тэдгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож,

Мөн дээрх үндэслэлээр хариуцагч буюу захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газраас, гуравдагч этгээд “Б” ХХК-тай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/2024 дугаартай, “...аймгийн А Их сургуулийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож,

            Харин нэхэмжлэлийн бусад шаардлага болох “С” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, мөн тус компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ... аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2, 106.3.13 дахь зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.5, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.10 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ... дугаартай, “А их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга барих (Д.С) ажил гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг болон захиалагч ... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/94 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож,

 

2. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 113 дугаар зүйлийн 113.7 дахь зүйлүүдэд заасныг баримтлан ... аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан ......-ний өдрийн ..... дугаартай, “...аймгийн А Их сургуулийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоосугай.

        

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн бусад шаардлага болох, “С” ХХК-тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, тус компанитай” гэрээ байгуулах эрх олгох шийдвэр” гаргахыг ... аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.

           

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараар нөхөн төлүүлж,  нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 -т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор  давж заалдах  журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.ЦЭНД