Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/145

 

    

 

 

Б.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Х.Даваасүрэн,

хохирогч Г.Эын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1081 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, хохирогч Г.Эын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Хт холбогдох 2206003622520 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 478 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь:

2021 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд “А.Бавуу”, “Энхлэнгийн аав”, “Zaya Zaya”, “Мөнх-Од Сосор”, “Сэтгэл зүйч Болд”, “Munhk Muugii”, “Сэндэн Ганбаяр”, “Damba Mongolzaya”, “BEM-BASTER”, “Anand AH”, “Dambaa dambaa”, “deegii gelgereh”, “Muugii ST”, “brakus lodko”, “Bold Baatar” зэрэг цахим хаягуудад “мал зарна”, “чингэлэг зарна”, “мотоцикл зарна”, “мөнгө өсгөнө”, “бет тавих, бүүст хийж мөнгө өсгөж өгнө”, “20 хувийн хүүтэй мөнгө зээлээд өсгөж өгнө” гэсэн заруудыг байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 36 хохирогчийн нийт 188,916,000 төгрөгийг залилаж авсан,

- 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нэр бүхий 12 хохирогчид нийт 142,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлиин 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Б.Хыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Хыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 9 /ес/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 252.720.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож,  хохирогч Д.Э, М ХХК, Т.Б, Ж.Э, Б.Б нарт учирсан хохирлууд төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 3 ширхэг гар утсыг шүүгдэгч Б.Хт буцаан олгож, бэлнээр хураагдан ирсэн 1,540,000 төгрөгийг хохиролд олгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 445 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, хоёр хүүхэд болон эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд өөрийн гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Б.Х миний бие хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Учир нь, би дээрх 36 үйлдлийг ганцаараа үйлдээгүй юм. Хавтаст хэрэгт тусгагдаагүй нуун дарагдуулсан 20 гаруй хэрэг байгаа тул хамт хэрэг үйлдсэн хүмүүс болон илрээгүй байгаа үйлдлийн хохирогч нарыг хохирол төлбөргүй болгомоор байна.

Бусадтай хамт үйлдсэн хэргийн мэдээлэл болон оролцоо: О овогтой Ц /8857...../ нь миний байрлаж байсан буудлын зохион байгуулагч хийдэг байсан бөгөөд энэ хэрэгт оролцохдоо АТМ-аас мөнгө авах, утсаар ярих, данс олох, мөнгө хуваах гэх мэт бүх хэрэгт биечлэн оролцдог байсан. М овогтой Б нь цэргийн найз, Ү овогтой М нь цэргийн найз, Э овогтой О нь ахлах сургуулийн нэг анги юм. Эдгээр хүмүүс нь АТМ-аас мөнгө авах, утсаар ярих, данс олох, дугаар олох, мөнгө хуваах гэх мэт бүх хэрэгт биечлэн оролцсон байдаг. Мөн М.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө бэлнээр авч яван 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ниссан маркийн хар өнгийн суудлыг автомашиныг эхнэрийнхээ нэр дээр худалдан авч өгсөн. Прокурорын үзэж байгаагаар хам хэрэгтнүүдийг маань гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзсэн, 2022 оны 3 дугаар сард мөрдөгч Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тухайн мэдүүлэг өгөх үед гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө дансаар биш бэлнээр авдаг байсан тул данснаас ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй юм. Иймд прокурор гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзсэн билээ. Дээрх хэрэгтнүүдийг надтай хамт хэрэг үйлдсэнийг нотлох гэрч байгаа бөгөөд Шархадны эцэст байдаг Монголзаяа гэх залуу мэдүүлсэн байдаг. Ийм дээрх үйлдлүүдийг нэгтгэж, дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Дээрх хэргүүдийг 5-уулаа үйлдсэн боловч ганцаар бүх хохирол, ял шийтгэлийг эдлэж байгаад маш их гомдолтой байна.

Б.Тын 4 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан атал шүүхийн тогтоолд төлөгдөөгүй гэсэн байна.

2023 оны 4 дүгээр сарын 17,19-ний өдрүүдэд байцаалт авч, хоёр хэрэгт яллагдагчаар татсан. Энэ хэрэг нь шүүхэд нэгтгэгдээгүй. Иймээс нэгтгэж өгнө үү хэмээн хүсэж байна. ...” гэжээ.   

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэж Г.Эын эзэмшлийн 4 ширхэг чингэлгийг хууль бусаар авч бусдад худалдан борлуулж Г.Эт 28,000,000 төгрөгний хохирол учруулсан гэж үзэж Б.Хаас 28,000,000 төгрөгийг гаргуулж Г.Эт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэг. Ийнхүү шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй тухайд:

1. Миний үйлчлүүлэгч Г.Э нь өөрийн нэгэн танил утсаар холбогдсоны дагуу 4 ширхэг чингэлэг хулгайд алдагдсан болохыг мэдэж, дахин 4 ширхэг чингэлэг тээвэрлэн авч явахаар ачаад зогсож байх үед нь хэргийн газар очиж тус үйлдлийг таслан зогсоосон бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 20 тоннын багтаамжтай 4 ширхэг цэнхэр өнгийн шинэ чингэлгийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжин 1 дүгээр гудамжны 246 тоот хашаанаас хулгайд алдагдсан талаар гомдол мэдээлэл гаргасан. /2-р хавтас 182 дахь тал/

2. Уг гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Б.Суманхүү тэмдэглэл үйлдэж, мөн өдөр тус цагдаагийн хэлтсийн мөргдөгч, цагдаагийн дэслэгч Ю.Болор хэргийн газрын үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байдаг. /2-р хавтас 183-184 дахь тал/

3. Тухайн үед өмнө нь 4 ширхэг чингэлгийг авч явсан иргэн Ж.Даас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр 1 ширхэг чингэлгийг 3,500,000 төгрөгөөр тооцож 8 ширхэг чингэлэг авахаар болж 4 ширхэг чингэлэгний төлбөр 14,000,000 сая төгрөгийг Х.Төгөлдөрийн эзэмшлийн дансанд шилжүүлж, 4 ширхэг чингэлгийг Алтан тэвшийн замын эсрэг талд байрлах хашаанд буулгасан, буцаж ирээд дараагийн 4 ширхэг чингэлэгээ ачуулаад зогсож байхад Г.Э ирсэн гэж мэдүүлсэн байдаг. /2-р хавтас 182 дахь тал/

4. Ж.Дын дээрх мэдүүлгээс үзэхэд 4 ширхэг чингэлгийг буулгасан, хадгалж байсан байршил тодорхой, мөн хулгайд алдсан чингэлэг гэдэг нь мөн адил тодорхой байсан. Тиймээс Г.Эт хулгайд алдсан хөрөнгөө буцаан авах боломж байсан боловч мөрдөгч алдсан хөрөнгөө буцааж авах боломж, бололцоог Г.Эт мэдэгдээгүй, олгоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 4 ширхэг чингэлгийг хадгалалт, хамгаалалтанд авах байсан боловч хууль заасан энэхүү үүргээ биелүүлээгүйгээс өмнө авч явсан 4 ширхэг чингэлгийг Ж.Дад эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах боломжийг олгосон үйлдэл болсон.

5. Нөгөөтэйгүүр Ж.Д нь гэмт хэргийн улмаас бий болсон хулгайн эд зүйлс гэдийг мэдсээр байж өмнө нь авч явсан 4 ширхэг чингэлгийг жинхэнэ эзэмшигчид нь буцааж өгөөгүй бөгөөд бусдад шилжүүлсэн үйлдэл нь хууль бус юм.

6. Тодруулбал, Ж.Д нь шүүгдэгч Б.Хт 14,000,000 төгрөгөө залилуулсан хохирогч боловч Г.Эын 4 ширхэг чингэлгийг хулгайн эд зүйлс гэдгийг мэдсээр байж жинхэнэ эзэмшигчид нь буцааж өгөхгүй байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

7. Ж.Д нь тус бүр нь 8,000,000 төгрөгийн үнэ бүхий цоо шинэ 4 ширхэг чингэлгийг 14,000,000 төгрөгөөр жинхэнэ эзэмшигч бус этгээдээс худалдан авснаар бусдад залилуулсан гэдгээ анхнаасаа ухамсарлан ойлгож байсан хэдий ч би хохирогч биш, надад нэхэмжлэх зүйл байхгүй зэргээр шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан нь хууль бусаар авсан 4 ширхэг чингэлийг буцаан өгөхгүй байх санаа зорилгыг илэрхийлж байна.

8. Шүүгдэгч Б.Х нь миний үйлчлүүлэгч Г.Эын эзэмшлийн 4 ширхэг чингэлгийг хулгайлсан гэх боловч бодит байдал дээр Б.Х нь Ж.Дын 14,000,000 төгрөгийг залилсан байна. Харин Ж.Д нь Г.Эын эзэмшлийн 4 ширхэг чингэлэгийг хулгайн эд зүйлс гэдийг мэдсээр байж буцааж өгөхгүй байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Тиймээс Г.Эт учирсан бодитой хохирол, төлбөрийг хариуцах жинхэнэ хариуцагч мөн адил Ж.Д байна.

9. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй боловч хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүйгээс анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэл болж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1081 дүгээр шийтгэх тогтоолын Г.Эын хохирол төлбөрийг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж Ж.Даас 4 ширхэг чингэлгийг гаргуулж Г.Эт олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нар нь энэ хэргийг Б.Х ганцаараа үйлдэх боломжгүй, хамтран оролцогчдыг олж тогтоох, хохирлоо төлүүлэх гэсэн гомдол гаргаж, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байсан. Анхан шатны шүүх дээр гаргаж байсан. Оролцогч 5 хүүхэд мэдүүлэг өгсөн, хавтаст хэрэгт байгаа. Гэрч нар шүүх хуралдаанд оролцсон бол хэргийн бодит байдал тодорхой болох байсан ч ирээгүй. Үүн дээр Б.Хыг ганцааранг нь ялласанд гомдолтой байна. 2022 оны 4 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд мэдүүлэг авсан хэр нь яллах дүгнэлтдээ дурдаагүй, шүүх дээр хэлэлцээгүй учраас хэргийг нэгтгүүлэх хүсэлтэй байгаа. Мөн илрээгүй хэрэг байгаа. Б.Хын хэрэг шийдэгдээд буцвал миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дордоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа учраас энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан шалгуулах хүсэлтэй байна. Б.Х нь бага насны хоёр хүүхэдтэй, ээж нь сая хагалгаанд орсон ч дахин хагалгаанд орох гээд амьдрал нь хүнд байгаа. Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хоригдсон. Нийт 340,000,000 төгрөгийн хохирлыг 48 хүнд учруулснаас 90,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа.  Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар бодит байдлыг тогтоох буюу мөрдөн байцаагч, прокурорын шатанд бодит байдлыг бүрэн тогтоох нөхцөл боломжоор хангаж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бусадтай бүлэглэж үйлдсэн гэдэг талаар мэдүүлэг өгч байгаагүй. Гэм буруугийн хурал руу шилжсэний дараа мэдүүлэг өгөхдөө бүлэглэж үйлдсэн талаар ярьж эхэлсэн. О.Ц, н.М, н.Б гэх хүмүүсээс мэдүүлэг авахад Б.Хтай дээрх гэмт хэргийг хамт үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогддоггүй энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хоёр мэдүүлэг авахад уг хэргийг нэгтгүүлмээр байна гэдэг болов ч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, Б.Х дээрх мэдүүлэгтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Х.Даваасүрэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд тухайн заалтыг хэрэглэх боломж байхгүй. Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 8 дугаар сард хоригдсон, шийтгэх тогтоол 2022 оны 10 дугаар сард гарсан. Шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг зогсоож цагдан хоригдсон хугацааг нийт эдэлсэн хоногт оруулж тооцдог. Хохирогч Г.Эын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гаргаж байгаа гомдлын хувьд 4 ширхэг чингэлгийг Б.Х Х.Т гэдэг хүнд “цагийн ажил байна” гэж худал хэлэн 4 ширхэг чингэлгийг заруулсан. Х.Төгөлдөрөөс н.Д худалдан авсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар 4 ширхэг чингэлгийн үнийг н.Д нь Б.Хт хэлээд бусдын дансаар шилжүүлэн авч залилсан байдаг. н.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Би уг хэрэгт анхан шатны шүүхийн хуралд томилолтоор ороход мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 ширхэг чингэлгийн талаар ажиллагаа явуулаагүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1081 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Б.Хт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч Б.Х, хохирогч Г.Эын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, тухайн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Х нь:

1. 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд “А.Бавуу”, “Энхлэнгийн аав”, “Zaya Zaya”, “Мөнх-Од Сосор”, “Сэтгэл зүйч Болд”, “Munhk Muugii”, “Сэндэн Ганбаяр”, “Damba Mongolzaya”, “BEM-BASTER”, “Anand AH”, “Dambaa dambaa”, “deegii gelgereh”, “Muugii ST”, “brakus lodko”, “Bold Baatar” зэрэг цахим хаягуудад “мал зарна”, “чингэлэг зарна”, “мотоцикл зарна”, “мөнгө өсгөнө”, “бет тавих, бүүст хийж мөнгө өсгөж өгнө”, “20 хувийн хүүтэй мөнгө зээлээд өсгөж өгнө” гэсэн зарууд байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан А.М-д 10,200,000 төгрөг, А.П 4,700,000 төгрөг, Б.Тт 4,000,000 төгрөг, Б.Бид 5,000,000 төгрөг, Р.Мд 5,000,000 төгрөг, Г.Н 2,000,000 төгрөг, Б.Бт 3,000,000 төгрөг, А.Эд 1,000,000 төгрөг, Б.Сгээс 3,000,000 төгрөг, Б.Аэд 1,000,000 төгрөг, Н.Ад 2,000,000 төгрөг, А.Оод 5,000,000 төгрөг, Г.Ат 10,000,000 төгрөг, Д.Бт 6,300,000 төгрөг, Т.Эд 2,500,000 төгрөг, Ч.Ад 5,000,000 төгрөг, С.Д-д 5,500,000 төгрөг, Ч.Бт 500,000 төгрөг, Б.Гад 2,000,000 төгрөг, Б.Бт 4,500,000 төгрөг, Б.От 5,000,000 төгрөг, Ч.Юд 3,000,000 төгрөг, Х.Бт 3,000,000 төгрөг, Э.Од 4,000,000 төгрөг, М.Бт 5,100,000 төгрөг, Ц.Ут 2,500,000 төгрөг, БНХАУ-ын иргэн Ж Рд 8,000,000 төгрөг, Б.Шд 3,000,000 төгрөг, Б.Жд 6,000,000 төгрөг, Д.Тт 4,700,000 төгрөг, Б.Бд 9,000,000 төгрөг, М.Чад 22,020,000 төгрөг, Н.Ид 1,200,000 төгрөг, С.Гд 800,000 төгрөг буюу нийт нэр бүхий 34 хохирогчийг 159,520,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

зарын дагуу холбогдож Б.Хын хэлсэн банкны дансанд мөнгөө шилжүүлж залилуулсан талаараа мэдүүлсэн хохирогч А.М- /1 хх 40-41/, Б.Т/1 хх 104-105/, А.П /1 хх 190-191/, Ч.Ю /2 хх 21/, Б.Б /2 хх 50-51/, Р.М /2 хх 106/, Г.Н /2 хх 143/, Ж.Д /2 хх 198/, Г.Б /3 хх 50/, Э.О /3 хх 111/, М.Б/3 хх 217/, Ц.У /4 хх 58/, Б.Б /4 хх 138/, А.Э /4 хх 202/, М.Ч /5 хх 26/, Б.А /6 хх 80/, БНХАУ-ын иргэн Ж Р /6 хх 134/, А.О /7 хх 38/, Г.А/7 хх 78/, Д.Б/7 хх 146-147/, Т.Э /7 хх 230/, Ч.А /8 хх 42/, СС.Д /8 хх 239-240/, Н.И /9 хх 169/, Б.Ш /10 хх 168/, Б.Ж/10 хх 225-226/, Д.Т /11 хх 60/, Ч.Б /12 хх 141-142/, Б.Г /12 хх 190-191/, Б.Б /13 хх 23-24/, Б.О /13 хх 64/, С.Г /13 хх 117/, Б.С/5 хх 112/, Н.А/6хх 199/ нарын мэдүүлгүүд,

хохирогч нарын шилжүүлэг хийсэн банкны дансны хуулгууд /1 хх 12, 177-182, 2 хх 14-15, 3 хх 46, 64-74, 4 хх 1-2, 63-65, 74-75, 79-82, 145, 16-157, 5 хх 28-32, 6 хх 192, 7 хх 29, 159, 243-244, 8 хх 223, 9 хх 179, 180-181, 200-201, 10 хх 156, 181-182, 219, 12 хх 143-144, 215, 220-222, 13 хх 82, 145-146/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 16, 46, 95, 138, 236, 42, 3 хх 108, 170, 213, 4 хх 54, 138, 196, 5 хх 21, 98, 6 хх 75, 120, 190, 7 хх 74, 190, 143-144, 224, 8 хх 36, 220-221, 9 хх 164, 10 хх 154, 218, 11 хх 14, 12 хх 134, 183, 229, 13 хх 52, 109/,

гэрч Б.А /1 хх 49/, Б.Б /1 хх 119/, Г.Б /2 хх 148-149/,  Х.Т /2 хх 195/, насанд хүрээгүй гэрч Г.М /2хх 206/, С.С /3 хх 5-6/, Ө.М /3хх 117/, М.Д /3хх 119/, Б.Эн /3хх 181-182/, Г.Х /3хх 220/, Ю.Г /3хх 222/, Ш.Д /3хх 227/, Д.Э /4хх 62/, Н.Б /4хх 142/, Н.Ж /6хх 138/, Н.Ж /6хх 138/, Б.А /6хх 201/, Д.М /7хх 51/, Ү.М /9хх 175/, З.Б /9хх 177/, Н.Г /10хх 229/, Д.Ю /1хх 62/, А.Г /11хх 66/, Д.Б /11хх 72/, Д.Э /11хх 77/, А.Д /12 хх 202, 13 хх 126/ нарын мэдүүлгүүд,

Б.Хын Хаан банкны 50ххххх14 дугаартай дансны баримт, хуулга /1 хх 35, 83-84, 4 хх 71-72, 210-217, 5 хх 41-85, 115-124, 6 хх 220-227, 8 хх 61-62, 71, 12 хх 146-147/, 

Д.Монголзаяагийн эзэмшлийн Хаан банкны 57хххххх53 тоот дансны баримт, хуулга /2 хх 67-68, 98, 163-165, 4 хх 148-149, 7 хх 41-42, 83-84, 13 хх 84-85/,

банкны бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авч байгаа камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /2 хх 69-70, 2 хх 168-169, 4 хх 83-88, 13 хх 56-57/,

хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /2 хх 1-2, 183-184/,

20 тонн болон 40 тонны контейнерийг нийт 18.000.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 15-16/,

20 тонны 1 ширхэг контейнерийг 5.600.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 183-184 дүгээр хуудас/,

нэг ширхэг 40 тонны контейнерийг 12.000.000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /6хх 142/,

Хаан банкны албан бичиг /3хх 250, 4 хх 77, 220, 6 хх 83, 152-153, 7 хх 83-86, 8 хх 61-71, 9 хх 200,

Жимобайл ХХК-ийн 2022.02.17-ны өдрийн 02/1494 дугаартай “98....73 дугаарын эзэмшигч нь Б.Х  гэх албан бичиг, хавсралтын хамт /4хх 205-206/,

Жимобайл ХХК-ийн 2022.01.17-ны өдрийн 01/509 дугаартай албан бичиг, хавсралт баримт бичиг /5хх 128-129/,

Жимобайл ХХК-ийн 2022.06.08-ны өдрийн 01/4781 дугаартай “98.....73 дугаарыг Б.Х /РД: / эзэмшиж байсан байна” гэх албан бичиг /13хх 137/,

мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд /12хх 235-237/,

эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /4 хх 89, 12 хх 93-98, 13 хх 59/,

Б.Хын эзэмшлийн Хаан банкны 50ххххххх14, Д.Э-н эзэмшлийн Хаан банкны 54.....03 тоот данснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4хх 79-82/,

иргэн Ү.М-ын эзэмшлийн Хаан банкны 50ххххх94 тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /9хх-н 179/,

Б.Хын эзэмшлийн Хаан банкны 5028660914 тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /9хх 200-201/,  

эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 14-15, 4 хх 63-65, 12 хх 143-144/ зэргээр,

2. 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.Эт 28,000,000 төгрөгийн, Г.Бд 18,000,000 төгрөгийн, Д.Цд 5,600,000 төгрөгийн, Т.Бт 12,000,000 төгрөгийн, Ц.Бд 12,250,000 төгрөгийн, М.Пд 7,000,000 төгрөгийн, Д.Эт 7,000,000 төгрөгийн, Ж.Сд 13,000,000 төгрөгийн, Ц.О-д 7,000,000 төгрөгийн, Ж.Э-т 7,000,000 төгрөгийн, АТ ХХК-д 13,000,000 төгрөгийн, МК ХХК-д 13,000,000 төгрөгийн буюу нийт 12 хохирогчид 142,850,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 42, 182, 236, 6 хх 120, 9 хх 84, 100-101, 11 хх 14, 86, 121, 161, 194/,

эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохыг мэдүүлсэн хохирогч Г.Э /2 хх 190-191/, Г.Б /2 хх 243/, Д.Ц /3 хх 178/, Ц.Б /7 хх 182/, Т.Б /6 хх 131/, А.Т “АТ ХХК” /9 хх 109/, М.П /10 хх 109/, Д.Эн /11 хх 23/, Б.М “МК ХХК” /11 хх 95-96/, Ж.С /11 хх 129/, Ц.О /11 хх 167/, Ж.Э /11 хх 199/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх 1-2, 183-184, 9 хх 103, 110/, 11 хх 15-18, 54-56, 88-91, 123-125, 162-163, 195, 204-208/,

хохирогч Г.Эын мэдүүлгийг нотолж буй залилах гэмт хэргийн хохирогч Ж.Дын мэдүүлэг /2 хх 198/,

хохирогч Т.Б-ийн мэдүүлгийг нотолж буй залилах гэмт хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж Р-ийн мэдүүлэг /6 хх 134/,

иргэний нэхэмжлэгч Б.Н /10 хх 121/, Д.Т /11 хх 220/ нарын мэдүүлэг,

гэрч Х.Т /2 хх 195/, Г.М /2 хх 206/, С.С /3 хх 5-6/, Б.Э /3 хх 181-182/, Б.Г /7 хх 196/, Т.Г /7 хх 198-199/, Н.Ж /6 хх 138/, Ч.А /9 хх 112/, Л.У /9 хх 116/, Я.Т /10 хх 114/, Д.Ц /10 хх 123-124/, Г.Б /11 хх 27/, О.Ц /11 хх 33/, М.Т /11 хх 100/, Л.Э /11 хх 172/, Д.П /11 хх 212/, Э.Э /11 хх 229-230/ нарын мэдүүлгүүд,

иргэн Л.У-ийн эзэмшлийн Хаан банкны 50хххххххххх146 тоот дансны хуулга /9 хх 127/,

иргэн П.М-ийн эзэмшлийн Хаан банкны 55хххххххххх07 тоот дансны хуулга /9 хх 130/,

иргэн Б.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 50хххххххххх40 тоот дансны хуулга /10 хх 134/,

иргэн Б.Б-ийн эзэмшлийн Хас банкны 50ххххххх92 тоот дансны хуулга /11 хх 149/,

Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбарууд /6 хх 152-153/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 213-214, 3 хх 15-16, 183-184, 6 хх 142, 7 хх 206-207, 9 хх 133-134, 10 хх 125-127, 11 хх 42-43, 109-110, 150-151, 176-177, 236-237/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Хын:

- 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд “А.Бавуу”, “Энхлэнгийн аав”, “Zaya Zaya”, “Мөнх-Од Сосор”, “Сэтгэл зүйч Болд”, “Munhk Muugii”, “Сэндэн Ганбаяр”, “Damba Mongolzaya”, “BEM-BASTER”, “Anand AH”, “Dambaa dambaa”, “deegii gelgereh”, “Muugii ST”, “brakus lodko”, “Bold Baatar” зэрэг нэр бүхий цахим хаягуудад “мал зарна”, “чингэлэг зарна”, “мотоцикл зарна”, “мөнгө өсгөнө”, “бет тавих, бүүст хийж мөнгө өсгөж өгнө”, “20 хувийн хүүтэй мөнгө зээлээд өсгөж өгнө” гэсэн зарууд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, нэр бүхий 34 хохирогчид нийт 159,520,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч,  цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийг 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” хүндрүүлэх шинжтэй,  

- 2022 оны 7 дугаар сарын 9-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нэр бүхий 12 хохирогчид нийт 142,850,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” шинжийг 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн...” хүндрүүлэх шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн Б.Хын үйлдсэн гэмт хэргүүдийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Б.Хын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд “Залилах” гэмт хэргийн хохирогчоор тогтоосон Ж.Дыг хохироогүй /14,000,000 төгрөгийн хохиролт учирсан гэх/ гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүйгээр Б.Хтай тохиролцон 4 ширхэг чингэлгийн үнийг төлж өөрийн өмч болгон авсан байна. Г.Эт хулгайлагдсан 4 ширхэг чингэлгийнх нь үнийг үнэлгээний дагуу Б.Хаас гаргуулан олгохоор шүүх шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн хохирогч Г.Эын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд “Залилах” гэмт хэргийн хохирогчоор тогтоосон О.Ц /15,396,000 төгрөгийн хохиролтой гэх/, шүүгдэгч Б.Х нарын хувьд иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн гэж О.Ц-ний өөрийн мэдүүлэг /3 хх 224-225, 8 хх 119/-ийг үнэлэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Х тус гэмт хэргүүдийг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй байна. Хэрэгт банкны бэлэн мөнгөний автомат машинуудаас ганцаараа мөнгө гарган авч байгаа бичлэгүүд авагдсан, нэг залуугийн гуйлтаар бэлэн мөнгөний машинаас мөнгө гарган өгсөн гэж гэрчүүд мэдүүлжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж зааснаар шүүгдэгч Б.Хын давж заалдах гомдлын “...бусадтай хамтран үйлдсэн...” гэснийг нотлогдсонгүй гэж үзэв. 

Хэрэгт Б.Хын өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар нотлох баримт байхгүй байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Хын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Б.Хын давж заалдах гомдлын “...хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх...” гэснийг үндэслэлгүй гэж үзэв. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хт оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг удаа дараа, үргэлжилсэн цаг хугацаанд нийгмийн цахим сүлжээг ашиглан үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, урд нь “Залилах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атлаа засраагүй хувийн байдалд тохирсноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Б.Хын хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах агуулга бүхий, хохирогч Г.Эын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэгийн хохирлыг өөрчлөн шийдвэрлүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт хохирогч Б.Т-т учруулсан 4,000,000 төгрөгийг төлсөн болох нь мөрдөгчийн “хохирол бүрэн барагдуулсан” гэх тэмдэглэл /13-р хх 177/, давж заалдах шатны шүүх хуралдааны товыг Б.Т-т мэдэгдэхэд “шүүгдэгч Б.Хаас 4,000,000 төгрөгийн хохирол авсан, гомдолгүй болсон тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэснээр нотлогдсон тул шүүгдэгч Б.Хын энэ талаарх гомдлыг ханган шийтгэх тогтоолын хохирол гаргуулсан 6 дахь заалтад өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Б.Х нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 87 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1081 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...шүүгдэгч Б.Хаас 252.720.000 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Б.Хаас 248.720.000 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, “...хохирогч Б.Т-т 4.000.000 төгрөг...” гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, хохирогч Г.Эын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ