2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04125

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 15

192/ШШ2025/04125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр ХД гудамж, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 2-3, **** хаягт байрлах, **** ХХК /РД:****/-д холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 34,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *****итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.**** өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-**** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, ***** тоот хаягт бүртгэлтэй, 74,16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан **** ХХК-нд худалдсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1-т үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 385,000,000 төгрөг байхаар тохиролцож, 3.2-т төлбөрийн нөхцөлийг тохирсон. Гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 70,000,000 төгрөгийг төлсөн. Харин 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үлдэх 235,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар тохиролцсон.

Гэтэл **** ХХК нь хамгийн сүүлийн төлбөр болох 235,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлж дуусгах ёстой байтал 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлж, 29 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд Зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.6-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 235,000,000 төгрөгөөс нэг хоногийн алданги 1,175,000 төгрөг, 29 хоногоор тооцож 34,075,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч татгалзлаа эрхийн доголдолтой байсан гэж тайлбарладаг. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний 2.1-т анхнаасаа талууд гэрээ байгуулахдаа 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө авсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн баримтууд дээр мөн адилхан 40, 30 хувийн гүйцэтгэлтэй гэж заасан. Нийтэд илэрхий баримтаар Тасган тауэр одоо 90 хувийн гүйцэтгэлтэй. **** ХХК төлбөрийг хэсэгчилсэн төлөхөөр тохиролцсон. Тухайн үед газар дээр нь очиж үзээд гэрээ хийсэн. *****хувьд 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу бүтэн ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээгүй. Энэ талаар талууд мэдэж байсан. Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй этгээд бол Э.**** биш, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийж, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэн баталгаажуулж өгсөн. Нэмэлт гэрээ байгуулахдаа талууд өглөг, авлагагүй гэж тохиролцсон гэж байгаа боловч 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ 385,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөөс НӨАТ орсон гэдгийг НӨАТ ороогүй үнэ болгож өөрчлөв гэсэн агуулгатай байсан. Энэ нэмэлт гэрээ нь зөвхөн НӨАТ-ийн төлбөртэй холбоотой. Түүнээс биш үндсэн гэрээтэй холбоотой өөрчлөлт орсон зүйл байхгүй. Нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 3.4-т гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй тул өмчлөх эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг худалдагч зөвшөөрсөн. Вайбер, мессежинд үзлэг хийсэн. Үүнд алдангиа хоорондоо тохиролцоод өглөг, авлагаа дуусгая гэсэн үг өгүүлбэр харилцан яриа байхгүй, тиймээс хариуцагч талын татгалзал үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагч **** ХХК хариу тайлбартаа: ...Үндсэн болон нэмэлт өөрчлөлт орсон гэрээний хувьд маргаан байхгүй. Маргаан бүхий гэрээгээр эхний ээлжинд талууд үл хөдлөх хөрөнгийг 385,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байдаг. Гэрээний дагуу хариуцагчаас 185,000,000 төгрөг төлөх, нэхэмжлэгч талаас биет байдлын болон эрхийн доголдолгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг хүлээлгэж өгөх үүрэг хүлээн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагчаас эхний гурван төлөлт болох урьдчилгаа 70,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Сүүлийн үлдэгдэл 235,000,000 төгрөгийн түрээсийн хугацаа хэтрүүлж төлсөн шалтгаан нь худалдагч талын гэрээний 3.3-т заасан гэрээ байгуулсан өдөр үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлын болон эрхийн доголдолгүй гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой байдлаар хүлээлгэж өгнө гэсэн хэдий ч үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлэх хугацаанд энэ үүрэг биелэгдээгүй учраас гэрээнд заасан гэрээ болон талуудын эрх тэгш зарчмын дагуу худалдагч талын эхэлж гүйцэтгэх ёстой үүрэг байсан гэж үзэх үндэслэлд хамаарч байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө буруутай үйлдлээс болж хугацаа хэтрэх нөхцөл байдалд хүргэсэн учир уг төлбөрийг шаардах эрхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компани болон Э.**** нарын хооронд харилцсан мессенжер болон зурваст үзлэг хийхэд тухайн хугацаа болоход мөнгө төлөхөө илэрхийлж байсан хэдий ч гэрээний төлбөр төлөгдөхөд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хойшлогдох болсон. Мөн төлбөрийнхөө үүргийг харилцан тооцож асуудлаа дуусгая гэсний дагуу дуусгасан болох нь гэрээний 3.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэг өр төлбөр байхгүй гэж заасан заалттай тохирч байна. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь үндсэн гэрээний бүх үүргийг дуусгавар болгосон тохиролцоо. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түүнчлэн энэ хэрэг маргааныг хялбар ажиллагааны шүүх хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал ч үүссэн байгаа гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 328,325 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэх, зээлээр худалдах худалдан авах гэрээ, Хаан банкны дансны хуулга, гарын үсэг гэрчилсэн баримт, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл,

 

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, шүүхийн шийдвэр, харилцан ярианы чатын зураг.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгүүд, хүсэлтүүд, гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, хуулийн этгээдийн дүрэм, чатад үзлэг хийсэн тэмдэглэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.****эс хариуцагч **** ХХК-д холбогдуулан гаргасан алданги 34,075,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн ...зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, төлбөр төлөх хугацааг 29 хоногоор хэтрүүлж төлсөн тул хариуцагч алданги төлөх үүрэг үүснэ, доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй, бодит байдал дээр ямар хөрөнгө байсныг шилжүүлснийг хариуцагч мэдэж байгаа гэх тайлбар, үндэслэлийг эс зөвшөөрч хариуцагчаас ...нэмэлт гэрээгээр үнийг өөрчилсөн, тооцоо нийлсэн, төлбөрийг бүрэн төлсөн, тухайн үед алдангийг асуудлыг шаардах боломжтой байсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэх тайлбар татгалзлыг гарган мэтгэлцдэг.

 

3. Үйл баримт болон нотолгооны талаар

3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ****дугаартай ...Ү**** улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 25-р байр, ****, 74.16 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай, 40% гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, худалдагч тал худалдан авагч талд 385,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. Урьчилгаа 70,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаар, 2023 оны 11 сарын 23-ны өдөр 30,000,000, 2023 оны 12 сарын 23-ны өдөр 50,000,000, 2024 оны 01 сарын 23-ны өдөр 235,000,000 төгрөгийг худалдагчийн дансанд төлнө, үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 10 сарын 23-нд хүлээлгэж өгнө гэх гэрээ байгуулагдсан байна.

2024 оны 03 сарын 04-ний өдөр ***** дугаартай ...үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 385,000,000 гэснийг 355,000,000 төгрөг, НӨАТ орсон үнэ гэдгийг НӨАТ ороогүй үнэ гэж өөрчлөв, худалдагчийн төлсөн 385,000,000 төгрөг төлснөөс зөрүү мөнгө болох 30,000,000 төгрөгийг худалдан авагчийн дансанд худалдагч төлнө, гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй тул өмчлөх эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг худалдагч зөвшөөрсөн болно, энэ гэрээ нь ****дугаар гэрээний салшгүй нэг хэсэг болно, ****дугаар гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг талууд байгуулсан бөгөөд дээрх 2 гэрээг байгуулсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

3.2. Хариуцагч буюу худалдан авагч тал нь Ү**** улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 25-р байр, **** хаягт байрлах 74.16 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай, 40% гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 385,000,000 төгрөгийн 150,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд, 235,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж төлсөн үйл баримтын талаар талууд мөн маргаагүй.

 

3.3. Харин тухайн хугацаа хэтрүүлж төлсөн төлбөрийн хувьд хариуцагч талаас ...худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн, худалдагч үүргээ гүйцэтгээгүй нь худалдан авагч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно, мөн нэмэлт гэрээнд 2 тал төлбөр тооцоо байхгүй талаар тусгасан тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч талаас ...нэмэлт гэрээ нь үндсэн гэрээнд заасан үнээс НӨАТ үнийг хассан дүнгээр харилцан тохиролцсон асуудал, үндсэн гэрээ хүчин төгөлдөр тул хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгө 40% гүйцэтгэлтэй, улсын комисс хүлээж аваагүй нөхцөл байдлыг хариуцагч мэдэж байсан тул доголдолтой хөрөнгө гэх асуудал ярих боломжгүй гэсэн агуулгаар тус тус тайлбар гарган маргадаг.

 

4. Хууль хэрэглээ, дүгнэлтийн талаар

4.1. Нэхэмжлэгч болон хариуцагч тал нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан, тухайн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу улсын бүртгэлд бүртгэгдээгүй хэдий ч талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр хэлцэл байгуулсан, мөн нэмэлт гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр бус гэж мараагүй зэргээс үзэхэд улсын комисс хүлээж аваагүй, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэг талаас шилжүүлэн өгөх, нөгөө талаас үнийг төлөх үүргийн харилцаа үүссэн байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Харин талуудын тохиролцооноос үзэхэд нэг талаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, нөгөө талаас тухайн өдрөө хөрөнгийн үнийн зарим хэсгийг төлсөн, цаашид хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг буюу зээл болон үнийг төлөхөөс өмнө хөрөнгийг шилжүүлсэн байх шинжийг агуулаагүй болно.

 

4.2. Дээрх 2023 оны 10 сарын 23-ны өдрийн ****дугаартай худалдах худалдан авах гэрээнд ...Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлнө гэж үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан байх ба хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч гэрээ болон хуульд заасны дагуу алдангийг шаардах эрхтэй.

 

4.3. Гэвч нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлгүй болно.

4.3.1. Хариуцагч талын ...нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний агуулга нь үндсэн гэрээг дүгнээд НӨАТ тооцсон үнийг багасгасан, бид НӨАТ 10 хувиар тооцоогүй, тухайн 10 хувиас бага дүнгээр тооцсон, улмаар төлбөр тооцоо байхгүй талаар харилцан тохиролцсон, алданги шаардах байсан бол тухайн нэмэлт гэрээ байгуулах үед энэ талаар асуудал тавих байсан, иймд гэрээ дуусгавар болсон гэх агуулга бүхий татгалзсан тайлбар үндэслэлтэй байна.

 

4.3.2. Тодруулбал,

Зээлээр худалдах худалдан авах тухай 2023 оны 10 сарын 23-ны өдрийн ****дугаартай гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг хариуцагч 2024 оны 02 сарын 21-ний өдөр гүйцэтгэсэн,

Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ 2024 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан, уг гэрээгээр үндсэн гэрээний үнийн дүнг багасгасан, нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээний үнийн дүнгийн зөрүү 30,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, гэрээний 3.4-т Гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй тул өмчлөх эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг худалдагч зөвшөөрсөн болно гэж талууд хүсэл зоригоо илэрхийлсэн,

Үндсэн гэрээний үнийн дүн болох 385,000,000 төгрөгийн НӨАТ-ын дүн 38,500,000 болох ба нэмэлт гэрээгээр 30,000,000 төгрөг гэж талууд тохиролцсоноос үзэхэд худалдан авагч талын төлбөр төлөхтэй холбоотой гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

4.3.3. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу худалдан авагч талаас гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн үндэслэлээр түүний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч талын хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэгчийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 34,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч **** ХХК-д холбогдуулан гаргасан алданги 34,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *****нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328,325 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ