| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01508/И |
| Дугаар | 192/ШШ2025/04126 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04126
|
2025 05 15 |
192/ШШ2025/04126 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, **** хаягт байрлах, ****ББСБ ХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж, 37 дугаар байр, **** хаягт бүртгэлтэй, одоо Баянгол дүүррэг, 21 дүгээр хороо, Горькийн 14 гудамж, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,876,255.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****ББСБ ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Г.****той 2021 оны 12 сарын 23-нд зээлийн гэрээ байгуулж 16,200,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2.2%-ийн жилийн 26.4% хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээл олгосон. Зээлийн гэрээний хүрээнд ****улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож фидуфийн гэрээг мөн байгуулсан.
Гэвч зээлдэгч нь 10,900,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлээ төлөхийг шаардаж, гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар ч төлөлт хийгээгүй. Одоо зээлийн үлдэгдэл үндсэн зээл 10,041,800.24, хүү 4,830,139.77, хугацаа хэтрүүлсний алданги 1,004,315.82 байна. Иймд нийт 15,876,255.83 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 237,331.28 төгрөг төлсөн баримт, зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн гэрээ, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлдэгчийн анкет, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл төлөх болон гэрээ цуцлах тухай албан бичгүүд, зээлдэгчтэй утсаар ярьсан тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****ББСБ ХК-иас хариуцагч Г.****т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,876,255.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал ...Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, хуваарийн дагуу төлбөрөө хийхгүй, хугацаа хэтэрсэн, гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийг үүргийг гүйцэтгүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжилсэн бөгөөд хариуцагч талаас хариу тайлбарыг ирүүлээгүй.
2.1. Тодруулбал, Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 2 сарын 17-ний өдөр хүлээн авч 2 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Г.**** нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 11-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбарыг, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2.2. Хариуцагч Г.**** хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг тус тус баримтлан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.
2.3. Түүнчлэн хариуцагч Г.****ын шүүхэд мэдүүлсэн оршин суух хаяг, холбогдох утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь харьяа хорооны Засаг даргаас тодорхойлсон. Мөн хэргийн оролцогчийн хуульд заасан үүргийн хүрээнд шүүх хуралдааны товыг лавлах учиртай. Тиймээс шүүх түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тогтсон болно.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ****ХК нь хариуцагч Г.****т 16,200,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2.2%-ийн жилийн 26.4% хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээл олгохоор харилцан тохиролцож 2021 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээг, мөн өдөр хариуцагч өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаалж эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн фидуцийн гэрээг тус тус байгуулсан болох нь тогтоогдоно.
4. Гэрээний агуулга, нөхцөл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасны дагуу 16,200,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь, хариуцагч буюу зээлдэгч зээлийн барьцаанд тавьсан автомашины эзэмших эрхийг зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тус тус тогтоогддог ба зээлийн төлөлт, үлдэгдлийн талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.
7. Түүнчлэн нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан ...үндсэн зээлийн үлдэгдэл 10,041,800.24, хүү 4,830,139.77, нэмэгдүүлсэн хүү 1,004,315.82, нийт 15,876,255.83 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, барьцаанд тавьсан автомашиныг эрж хайсан боловч олдохгүй байгаа гэх тайлбарыг хариуцагч талаас үгүйсгэсэн тайлбар, баримтыг ирүүлээгүй бөгөөд зээлийн болон фидуцийн гэрээ, зээл төлөх талаар, гэрээ цуцлах талаар мэдэгдсэн мэдэгдлүүд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн үнэ зөв тайлбар гаргах үүрэгтэй зэргийг харгалзан нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэв.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу талууд зээлийн гэрээ байгуулж хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зээлдэгч буюу хариуцагчид зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,876,255.83 төгрөгийг хариуцуулах нь зүйтэй.
9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж, өмнө дурдсан үйл баримт, дүгнэлтийн дагуу хариуцагч Г.****оос үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,041,800.24 төгрөг, хүү 4,830,139.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,004,315.82 төгрөг, нийт 15,876,255.83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****ББСБ ХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 237,331.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.****оос 15,876,255.83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****ББСБ ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.****оос улсын тэмдэгтийн хураамжид 237,331.28 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 237,331.28 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ