Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2025/0066

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.Н,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга, хяналт шалгалтын улсын байцаагч хоорондын тэтгэмжийн маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн  2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/00019 дугаартай “Илүү олгосон тэтгэмжийг төлүүлж, дутуу олгосон тэтгэмжийг нөхөн олгох тухай” актын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Маргаан бүхий захиргааны актаар /“Илүү олгосон тэтгэмжийн зөрчлийн жагсаалт” нэртэй хавсралтын 8 дахь хэсэг/ “эрх үүсэхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон жирэмсний болон амаржсаны  тэтгэмжийн нийт 2 475 000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Уг шийдвэрт нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргасан гомдлыг хангаагүй талаар 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр хариу өгснөөр, нэхэмжлэгч шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

3.1. Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр жирэмсний амралт авахаар харьяа багийн өрхийн эмнэлэг дээр очсон. Тэндээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 12:08 цагт миний хүсэлтийг нийгмийн даатгалын газар руу илгээсэн боловч эрх үүсээгүй тул буцаасан байсан. Дараа нь мөн өрхийн эмнэлгээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14:51 цагт илгээхэд цуцалсан гэсэн хариу ирсэн байна.Үүний дараа мөн өдрийн 16:15 цагт дахин илгээж шийдэгдэж надад жирэмсний амралтын мөнгө олгогдсон.

Дараа нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 16:36 цагт амаржсаны амралтын материалыг илгээж надад амаржсаны амралтын мөнгө олгогдсон. Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хөнгөрч охин Б.А төрүүлсэн. Би 2023 оны 5 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж ирсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын байдлаар нийтдээ 12 сар тасралтгүй шимтгэл төлсөн. Гэтэл тус газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/00019 тоот актаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг илүү олгосон гэж надаар 2 475 000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Миний жирэмсний амралтын мөнгө 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, амаржсаны амралтын мөнгө 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс тус тус олгогдсон. Өрхийн эмчээс анх миний хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр илгээсэн ч гэсэн тухайн үед эрх үүсээгүй тул буцаагдсан. Гэтэл улсын байцаагч 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөнгө олгогдсон гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй гэжээ.

4. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  жирэмсний амралт авахаар харьяа багийн өрхийн эмнэлэгт очиж үзүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар нийтдээ 12 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын  газрын улсын байцаагчаас  жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг илүү олгосон гэж 2 475 000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй гэв.

  5. Хариуцагч  нарын  шүүхэд гаргасан тайлбарт:

            5.1. Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай удирдамжийн дагуу 2024 онд тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж бодож олгосон даатгуулагчдын тэтгэмжийн тогтоолт, олголтод хяналт шалгалт хийгдсэн. Шалгалтаар илэрсэн нийт зөрчилд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 02/00019 дугаар улсын байцаагчийн акт үйлдэн баталгаажуулсан.

           Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй:” гэж заасан.

           “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр А.Н жирэмсний  амралт эхлэх хугацаа болсон гэж үзэн тухайн өдөр эмнэлгийн хуудсаа бичиж Нийгмийн даатгалын газарт илгээсэн байна.

           Харин даатгуулагч өөрөө хувийн өргөдлөө 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, магадлагч эмч 17-ны өдөр хянан баталгаажуулсан байна. Иргэний хэлсэнчлэн манай нийгмийн даатгалын газраас хүсэлтийг буцаасан, дахин илгээсэн тухай мэдээлэл программд бүртгэгдээгүй байна.

           5.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д даатгуулагч эхэд жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн хугацаанд олгоно гэж заасан. Тэтгэмжийн олголт хариуцсан байцаагч А.Н тэтгэмжийг бодохдоо программаас  жирэмсний амралт эхлэхээс өмнөх сар буюу 2024 оны 3 дугаар сараас эхэлж цалинг татаж зөв бодсон боловч нийт 12 сарын цалинд 2023 оны 5 дугаар сарын цалинг 2 удаа татаж алдаа зааснаас болж шимтгэл төлсөн байх нийт хугацаа нь 11 сар болж тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.  

           Иймд иргэн А.Н хувьд жирэмсний амралт авсан сар нь 2024 оны  04 дүгээр сар байгаа тул тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх болзлыг хангахгүй байгаа тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжид илүү авсан 2 475 000 төгрөгийг төлүүлэхээр улсын байцаагч акт үйлдсэн болно гэжээ.

6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Даатгуулагч эхийг жирэмсний  31-32 долоо хоног нь болонгуут өрхийн эмч нь жирэмсний амралт эдлэх хугацаа нь болсон гэж үзэж, эмнэлгийн хуудас бичиж цахимаар нийгмийн даатгалын байгууллага руу илгээх ёстой. Өрхийн эмчээс ийнхүү эмнэлгийн хуудсыг илгээсний дараа даатгуулагч өөрөө жирэмсний тэтгэмж авах хүсэлтийг 4  долоо хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад мөн цахимаар илгээдэг.

Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын 2.3.1-д “жирэмсэн, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх, хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эх, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээсэн боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1-д заасан үндэслэлээр үр хөндүүлсэн даатгуулагч эхэд эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн хугацаагаар олгоно.” гэж заасан. Эмнэлгийн байгууллага энэхүү журмаар нэхэмжлэгчид жирэмсний амралт олгосон эмнэлгийн хуудсыг илгээсэн, даатгуулагч ч гэсэн хүсэлтээ хуулийн хугацаанд илгээсэн. Уг асуудлаар маргах зүйл байхгүй.

6.2. Маргааны гол зүйл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1-д “Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно.” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтад “жирэмсний амралт авсан сарын өмнөх”  гэж заасан.  2024 оны 4 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгчийн жирэмсний амралт эхэлж байгаа тул   2024 оны 3 дугаар сараас эхэлж  бодогдоно гэсэн үг. Манай программд жирэмсний амралт эхэлсэн сараас өмнөх сараар тооцно. Хэрвээ 11 сар болсон бол программ бодох ёсгүй байсан. Нэхэмжлэгчийн жирэмсний амралт эхлэхийн өмнөх хугацаа нь 11 сар байхад 2023 оны 5 дугаар сарын цалин хөлсийг 2 удаа оруулж  тооцож, тэтгэмж олгох эрх үүсгэсэн байсан. Тэгэхээр программын алдаа юм уу эсхүл тэтгэмжийн байцаагчийн алдаа юм уу хэлж мэдэхгүй байна. Иймд  нэхэмжлэгчид тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэмж олгосон нь буруу гэж үзсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

 

  1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Тэтгэмжийн даатгалын сангаас дараах тэтгэмж, шимтгэлийн төлбөрийг олгоно:” 2.1.2-т “жирэмсний болон амаржсаны;”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй:” , 7 дугаар зүйлийн  7.1-д “Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно.” гэж,

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нийгмийн даатгал дараах төрөлтэй  байна:” 6.1.2-т “тэтгэмжийн даатгал;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.”, 7.7-д “Энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д зааснаас бусад хүн энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд сайн дураар даатгуулж болно.” гэж  тус тус заасан.

3. Нэхэмжлэгч А.Н нь хуульд заасны дагуу 2023 оны 5,6,7,8,9,10,11,12 дугаар сард, мөн 2024 оны 1,2,3,4,5,6 дугаар сард тус тус  сайн дураар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно.

       

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “…даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд, Эрүүл мэндийн сайдын  2023 оны 12  дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалаар  баталсан “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам”-ын Нэгийн 1.2-т “Эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулна.”, 1.4-т “Энэ журмын 2.1-д заасан эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас нь …жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндсэн баримт болно.”,

Хоёрын 2.1-д “Даатгуулагчийн эмнэлгийн хуудсыг эмнэлгийн хуудас бичих эрхтэй дараах төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага (цаашид "эрүүл мэндийн байгууллага" гэх) олгоно. Үүнд: 2.1.1. өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв;”,

 Дөрвийн 4.1-д “Даатгуулагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байх хугацаанд эмнэлгийн хуудас авах эсэх талаар эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Эмнэлгийн хуудсыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч дууссан болон жирэмсний амралт эхэлсэн эсхүл амаржсан өдрөөс хойш доорх хугацаанд багтаан цахимаар эсхүл цаасан хэлбэрээр бичнэ. Үүнд: 4.1.2. жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн болон амаржсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт;” гэж заасан.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.Н нь жирэмсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвийн  хяналтад байсан, өрхийн эмчээс жирэмсний 31-32 долоо хоногтойд нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс А.Н жирэмсний амралт олгож, энэ талаарх эмнэлгийн хуудсыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт цахимаар илгээсэн, А.Н нь жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт цахимаар гаргасан, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр амаржсан, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас  А.Н 1 237 500 төгрөгийн жирэмсний тэтгэмжийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 1237 500 төгрөгийн  амаржсаны тэтгэмжийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус тооцож олгосон буюу нэхэмжлэгч нийт 2 475 000 төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан үйл баримтууд тогтоогдсон.

 

6. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай удирдамжийн дагуу хариуцагч нараас нийгмийн даатгалын сангаас 2024 онд олгогдсон тэтгэмжид хяналт шалгалт хийх явцад  А.Н жирэмсний болон амаржсаны  тэтгэмж авах эрх үүсээгүй байхад нийгмийн даатгалын сангаас 2 475 000 төгрөгийн тэтгэмж олгосон гэх зөрчлийг илрүүлж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/00019 дугаартай улсын байцаагчийн актын холбогдох хэсгээр тэтгэмжийн мөнгийг А.Н нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн уг шийдвэрийг дараах  үндэслэлээр хууль бус гэж үзлээ.

6.1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2023 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сард  тус тус 68750 төгрөгийн, 2024 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сард тус тус 89100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ба нэхэмжлэгчээс жирэмсний амралт нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн гэдэгтэй маргаагүй.

Дээрх байдлаар нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, 2024 оны 04 дүгээр сар дуусах сүүлийн өдөрт нь буюу 04 дүгээр сарын 30-ны өдөр жирэмсний амралт авсан байх тул нэхэмжлэгчийн жирэмсний амралт  эхлэх үед түүний  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт  хугацааг 12 сар гэж үзэхээр байгаа ба  үүнээс жирэмсний амралт авахын өмнөх 6 сард нь  тасралтгүй шимтгэл төлсөн нь тогтоогдсон.

Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн “…жирэмсний амралт эхлэх үед 12 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.” гэх маргаан нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангасан байх тул мөн зүйлд зааснаар даатгуулагч эхийн хувьд  жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байна.

6.2. Хариуцагчаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2024 оны 04 дүгээр сар нь шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарна гэдэгт маргаагүй боловч нэхэмжлэгчийн авсан тэтгэмжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлээ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7.1-д жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлсний орлогын дунджаас тооцохоор заасан. Нэхэмжлэгчийн жирэмсний амралт авсан  2024 оны 04 дүгээр сарын өмнөх шимтгэл төлсөн  нийт хугацаа нь 11 сар байхад тухайн үед нийгмийн даатгалын байцаагчаас тэтгэмжийг тооцохдоо нэхэмжлэгчийн шимтгэл төлсөн 2023 оны 05 дугаар сарын цалин хөлсний орлогыг 2 удаа тооцоолсон алдаа гаргасан байх тул  А.Н  жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзсэн.”  гэж тайлбарлаж маргасан.

 

Нэхэмжлэгч дээрх байдлаар 2023 оны 05 дугаар сараас эхэлж, жирэмсний амралт авах хүртэл нийт 12 сарын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх ба  хэрэгт авагдсан холбогдох баримтаас үзэхэд[1] Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгчийн жирэмсний амралт авсан 2024 оны 04 дүгээр сараас өмнөх шимтгэл төлсөн нийт 11 сарын цалин хөлсний орлого дээр 2023 оны 05 дугаар сарын цалин хөлсний орлогыг дахин тооцож, нийт  12 сарын цалин хөлсний орлогын дунджийг тодорхойлж, тэтгэмж тооцож олгосон нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээ  бүрэн төлсөн, мөн сар дуусах сүүлийн өдөр жирэмсний амралт авсан тохиолдолд түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  2024 оны 04 дүгээр сар нь жирэмсний амралт эхлэхээс өмнө шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарна гэж үзэх нь үндэслэлтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д даатгуулагч эх жирэмсний амралт авахын өмнөх 12  сард нь  тэтгэмжийн даатгалыг төлсөн байхаар зохицуулагдаагүй тул 2024 оны 04 дүгээр сарыг оролцуулж нэхэмжлэгч нийт 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн энэ тохиолдолд  хуулийн 6.1-д заасан… нийтдээ 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн жирэмсний амралт эхлэх хугацааг 2024 оны 04 дүгээр сараар тодорхойлсон нь  үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч дээрх байдлаар 2024 оны 4 дүгээр сард ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, 2024 оны 04 дүгээр сар дуусах сүүлийн өдөр жирэмсний амралт авсан, уг хугацаа нь жирэмсний амралт авахаас өмнөх шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарч, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6.1-д зааснаар тэтгэмж авах эрхтэй байхад эдгээр нөхцөл байдлыг харгалзахгүйгээр нийгмийн даатгалын байцаагчаас хуулийн 7.1-д зааснаар тэтгэмжийг тооцоолоход нэхэмжлэгчийн 2023 оны 05 дугаар сарын цалин хөлсийг 2 удаа тооцсон нь буруу гэх үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч 12 сараас дээшгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг  төлсөн, 12 дахь сарын шимтгэл төлсөн 2024 оны 04 дүгээр сар дуусах өдөр жирэмсний амралт авсан энэ  тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7.1-д зааснаар тэтгэмжийг тооцохдоо нэхэмжлэгчийн шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах 2024 оны 04 дүгээр сарын цалин хөлсийг оруулж тооцох нь үндэслэлтэй байхад 12 сараас илүүгүй хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлж,  хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан даатгуулагч эхийн тэтгэмжийг 7.1-д зааснаар тооцохдоо  мөн зүйлд заасан …жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлсний орлогыг нийгмийн даатгалын байцаагч буруу тодорхойлсон гэх нөхцөл байдал нь хуульд заасан шаардлага хангасан даатгуулагч эхэд тэтгэмж олгохгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

7. Иймд хариуцагч нарын  А.Н жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэх маргаан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч даатгуулагч эхийн хувьд хуульд зааснаар авах эрхтэй жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн  2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/00019 дугаартай “Илүү олгосон тэтгэмжийг төлүүлж, дутуу олгосон тэтгэмжийг нөхөн олгох тухай” актын А.Н  холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн  2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/00019 дугаартай “Илүү олгосон тэтгэмжийг төлүүлж, дутуу олгосон тэтгэмжийг нөхөн олгох тухай” актын А.Н  холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.РИЗА

 

 

 

 

[1] Хэргийн 29 дүгээр дугаар хуудас