Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар   2023/ДШМ/162

 

 

 

 

О.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

яллагдагч О.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/09 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Бт холбогдох 1902007710388 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

.....тоотод оршин суух хаягтай;

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.Б нь нийтийн албан тушаалтнаар 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800.000.000 төгрөгөөр Х дүүргийн 00 дүгээр хорооны нутагт байрлах Р гудамж 0000 дугаар байрны 000 тоот 00 мкв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 00, 00 тоот авто зогсоолуудыг “В” ХХК-аас худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 19.500 ам доллар буюу 51.246.000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748.754.000 төгрөгийг тус тус дээр орон сууцны төлбөрт шилжүүлэн өгч, эх Б.Т-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/789 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/677 дугаартай магадлалаар заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэж дүгнэхээр байна. Тодруулбал: Гэрч Ц.Оын мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй орхигдуулсан байна. Түүнчлэн, яллагдагчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээс Голомт банкны Зайсан Скүэр төвд байрлах салбарын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн архивын баримтад үзлэг хийж Б.Т-өөс 748.754.000 төгрөгийг 17ххххххх05 эскроу дансанд орлого хийхдээ ам.долларыг төгрөгөөр солиулсны дараа уг гүйлгээг хийсэн үү эсхүл тус банкинд төгрөгөөр бэлэн авчирч тушаасан аль нь болохыг тогтоох. Түүнчлэн энэ талаар теллерээр ажиллаж байсан н.Б-аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзээд хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч О.Б, гэрч Ц.О нарын мэдүүлгийн нотлогдсон байдлыг хэлэлцэж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж Ц.Оын мэдүүлэг үндэслэлтэй эсэх, эх сурвалжийг тогтоох ажиллагааг хийх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх дахин тус үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

Хоёр. Харилцагч талуудыг хоорондох төлбөр тооцоог банкаар дамжуулан гүйцэтгэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Б.Т, “В” ХХК, Голомт банк нарын хооронд “Эскроу дансны гурван талт гэрээ”-г байгуулсан. Тус эскроу дансыг нээгдсэн цагаас хойших хугацааны орлого, зарлагын гүйлгээний баримтыг Голомт банкнаас авахад Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 19,500 доллар буюу 51,246,000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748,754,000 төгрөгийг тус тус бэлнээр орлого хийсэн ба тус орлогын баримтуудыг Голомт банкнаас ирүүлдэг. Мөн Голомт банкнаас “Эскроу дансанд байршуулсан 800,000,000 төгрөгийг хэн, хэзээ ямар дэвсгэртээр /төгрөг, ам.долларыг бэлнээр, дансаар/ шилжүүлсэн талаарх баримтыг гаргуулан авахаар хандахад Голомт банкны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 141хх103-1986 дугаартай албан бичгээр “...Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Голомт банкны Зайсан скүэр салбарт бэлэн 19,500 ам.долларыг төгрөгөөр дансанд орлогын гүйлгээ хийсэн. Мөн Ц.Оын нэр, регистрийн дугаараар шүүхэд 2019 оны 3 сард ам.долларыг төгрөгөөр солиулах гүйлгээ хийгээгүй болохыг мэдэгдье...” гэсэн албан бичиг, ам.доллароор гүйлгээ хийсэн талаарх баримтыг ирүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Голомт банкнаас эскроу дансны гэрээ, тус дансны орлого зарлагын баримтууд, мөн эскроу дансанд орлогыг хэзээ хэрхэн шилжүүлсэн талаарх болон төгрөг, ам.доллароор шилжүүлсэн талаарх баримтуудыг авч хэрэгт хавсарган шүүхэд хүргүүлсэн.

Гэтэл шүүх уг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.

Анхан шатны шүүх эрүүгийн 19ххххххххххх88 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/09 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч О.Бийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт: Яллагдагч О.Б “... Би энэ мөнгийг олж аваагүй. Манай аав өөрийн хуримтлуулсан мөнгөөр авч өгсөн...” гэж тайлбар, мэдүүлэг өгдөг. Анхан шатны шүүх үүнтэй холбоотойгоор Ц.Оын 7, 8 мэдүүлгийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байтал яллагдагч О.Бт холбогдох хэрэгт цагаатгах нөхцөл байдлыг тогтоогоогүй байдаг. Хоёрдугаарт: Давж заалдах шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэхдээ долларын асуудлыг тухайлан онцолсон байдаг. Үүнтэй холбоотойгоор мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийж 19.000 ам.долларыг тушааж, төгрөгт шилжүүлэн 51.000.000 төгрөг болгосон, 748.000.000 төгрөг цуглуулсан баримтуудыг авсан. 748.000.000 төгрөгийг банканд ямар дэвсгэртээр тушаасан эсэхийг шалгуулахаар прокурорын шатанд их хэмжээний мөнгийг тоолж авсан банкны ажилтан н.Бгаас мэдүүлэг авхуулах, бичиг баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд мөнгөний баримтыг гаргуулах, банкны ажилтан н.Бгаас мэдүүлэг авхуулах хүсэлтийг л хангаж шийдвэрлэсэн. Энэ ажиллагаа нь хэргийн шийдвэрлэлтэд чухал ач холбогдолтой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.Б нь хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Голомт банкны Зайсан Скүэр төвд байрлах салбарын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн архивын баримтад үзлэг хийж Б.Төөс 748.754.000 төгрөгийг 17хххххххх05 эскроу дансанд орлого хийхдээ ам.долларыг төгрөгөөр солиулсны дараа уг гүйлгээг хийсэн үү, эсхүл тус банкинд төгрөгөөр бэлэн авчирч тушаасан аль нь болохыг тогтоох,  энэ талаар теллерээр ажиллаж байсан н.Бгаас тодруулах ажиллагааг заавал хийх шаардлагагүй,

2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/789 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/677 дугаар магадлалаар заасан А дүүргийн 00 дүгээр хорооны нутагт байрлах Р гудамж 000 дугаар байрны 000 тоот 000 мкв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 2, 4 тоот авто зогсоолуудыг Б.Т нь “В” ХХК-аас худалдан авахдаа төлбөр тооцоог төгрөгөөр, эсхүл валютаар хийсэн болохыг тодруулах, хэрэв төгрөгөөр тооцоог хийсэн бол Ц.О нь өөрийн гэртээ хадгалж байсан 800,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний валютийг хэзээ, хаана төгрөгөөр солиулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргах талаар ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /18-р хх-ийн 110-111, 114-116, 119-120, 122-127, 129-131/,   

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд яллагдагч О.Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/09 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ