Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01228

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01228

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00995 дугаар шийдвэртэй

Б.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Эт холбогдох

гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 867 000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З 32В дүгээр байр, 0 тоотод байрлах орон сууцыг тавилгатай нь иргэн Л.Эт 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлсэн. Л.Э нь гэрээнд заасан үүрэг болох хөлс төлөхгүй байсаар гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий боловч одоог хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нүүж гарахгүй байна. Л.Эт төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч 7 хоногийн дараа, 1 сарын дараа төлнө гэх мэтээр хойшлуулсаар одоог хүргэсэн. Иймд хариуцагч Л.Эээс түрээсийн төлбөрт 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хугацааны 12 сарыг 1 700 000 төгрөгөөр тооцож, 20 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цахилгаан, дулааны зардалд 2020 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 684 342 төгрөгийг төлөөгүй байх боловч нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагын 217 342 төгрөгөөс татгалзаж, 467 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд нийт 20 867 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн уг орон сууцанд одоог хүртэл Л.Э амьдарч байгаа тул уг орон сууцнаас түүнийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг орон сууц хөлслөх гэрээнд хөлслөгчийн гэрээ цуцлах эрхийг зааж өгөөгүй байгаа тул Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Харин Л.Э нь Б.Нтай орон сууц хөлслөх гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З 32В дүгээр байр, 0 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа талаар маргахгүй, мөн 2020 оны 4 дүгээр сараас хойш орон сууцны түрээсийн төлбөр төлөөгүй нь үнэн. Харин цахилгаан, дулааны зардлын хувьд төлсөн, гэхдээ энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1, 292 дугаар зүйлийн 292.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Эээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 867 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, хариуцагч Л.Эийн эзэмшил, ашиглалтаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З дүгээр байр, 0 тоотод байршилтай орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 246 365 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 69 350 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 332 485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шүүхээс дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар шууд дүгнэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу гэрээний үүрэг биелүүлэх шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс тухайн хөлсөлж буй орон сууцны түрээсийн төлбөр болон тухайн орон сууцыг буцаан өгөх тал дээр ямарваа нэгэн байдлаар маргаагүй. Харин нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу гаргасан бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх талаар шүүх дүгнэлгүйгээр шууд талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мэтээр асуудалд хандсан нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2-т Орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан бол тус эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байхаар заасан. Гэтэл шүүх миний гаргасан тайлбарыг үл хэрэгсэж, тухайн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг дүгнэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Л.Эт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 867 000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Н нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З дүгээр байр, 0 тоотод байршилтай орон сууцыг хариуцагч Л.Эт 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөлслүүлэх, хариуцагч Л.Э нь 1 сарын төлбөрт 1 700 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх.3-4/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т гэрээний хугацаа дууссан бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч 2020 оны 4 дүгээр сараас хойш 2021 оны 3 дугаар сарыг хүртэл хугацааны хөлсийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасны дагуу хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хөлслөгчөөс орон сууц хөлсөлсөн хөлсөө төлөхийг шаардах эрхтэй.

Талууд гэрээний 1.5-д түрээсийн төлбөр болох 1 700 000 төгрөгт ашиглалтын зардал багтаагүй болно гэж тохиролцжээ.

Хэргийн 7-14 дүгээр талд авагдсан Баатар дулаан хан ОСНААК-ын төлбөрийн нэхэмжлэх, харилцагчийн гүйлгээний баримтаар хариуцагч Л.Э орон сууцыг эзэмшиж, ашигласан 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд 467 000 төгрөг төлөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Эээс нэмэлт зардал буюу цэвэр, бохир ус, дулааны зардалд 467 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь заалттай нийцжээ.

Анхан шатны шүүх Л.Эээс орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгө ашигласны хөлсөнд 20 400 000 төгрөг, нэмэлт зардал буюу цэвэр, бохир ус, дулааны зардалд 467 000 төгрөг, нийт 20 867 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, хариуцагч Л.Эийн эзэмшил, ашиглалтад байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З дүгээр байр, 0 тоотод байрлах, 4 өрөө орон сууцыг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2-т Орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан бол тус эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байхаар заасан. Гэтэл шүүх миний гаргасан тайлбарыг үл хэрэгсэж, тухайн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг дүгнэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж болохоор байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, талууд гэрээний гол нөхцлийн талаар тохирсон, уг гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 262 285 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО