Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 411

 

                               

 

 

 

 

 

                                       

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, улсын яллагч Д.Агар, хохирогч Ч.Дарханбаатар, хохирогч Ч.Ганзориг, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж, иргэний хариуцагч “Си Ди Жи хүч” ЗГБХ-нөхөрлөлийг төлөөлж С.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, иргэний хариуцагч “Бат Гранд” ХХК-ийг төлөөлж Г.Батхуяг, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Ж.О, шүүгдэгч Я.П, тэдгээрийн өмгөөлөгч Г.Батбаяр, гэрч А.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монголмууд овогт Ядамын Пүрэвжавт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я овогт Ж О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0148 30319 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, М овогт Я П, яс үндэс баяд, 1985 оны  11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэ 105gerleeр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар байр 94 тоотод оршин суух хаягтай, Цагаан шөнө уушийн газарт бармен ажилтай, бие эрүүл, хэрэг хариуцах  чадвартай, урьд Увс  аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: /,

       Монгол улсын иргэн, Яргай овогт Жамбалын Отгонбаяр, яс үндэс халх, 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дөрвөд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олон улсын Улаанбаатар их сургуулийн  4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, ах, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Шүүхийн байрны 1004 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Ж.О нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт иргэн Ч.Дарханбаатартай маргалдан улмаар түүний хамран тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Я.П нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилших шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт ажиллаж байхдаа иргэн Г.Ганзоригтой маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “…Ч.Дарханбаатар, Ч.Ганзориг, Соронзонболд нар согтуу орж ирсэн. Ч.Дарханбаатар талбай дээр бүжиглэж байсан. Хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд би ширээн дээр нь очоод “тамхи татахаа боль” гэж хэлсэн. Тэгсэн урдаас “…ахын дүү чамайг ийм газар ажилладаг, яаж ч чадна шүү” гэж хэлсэн. Би чих рүү нь ойртоод “…тамхиа боль” гэсэн чинь намайг ширээ рүүгээ дарсан. Хойшоо гэдийсэн чинь Ч.Дарханбаатар нүүр лүү 2-оос 3-н удаа цохисон. Би биеэ хамгаалаад Ч.Дарханбаатарыг хойш нь түлхсэн чинь Ч.Дарханбаатар босож ирээд над руу дайрахаар нь би биеэ хамгаалаад нэг цохисон. Тэгээд зууралдаад оо-ийн өрөө рүү орсон. Би оо-ийн өрөө орчихоод, нүүр лүүгээ цохиулсан болохоор өвдөөд гараад явсан....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би цохиж гэмтэл учруулсан нь үнэн. “ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.П мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Ч.Дарханбаатар, Ч.Ганзориг, Соронзонболд нар “Цагаан шөнө” уушийн газар орж ирсэн. Орж ирээд баруун талын эхний ширээнд гурвуулаа нэг, нэг пиво захиалаад суусан. Ч.Дарханбаатар нь зааланд бүжиглэж байсан үйлчлүүлэгчтэй маргалдаад байсан. Ч.Дарханбаатарыг би “…олон нийтийн газар соёлтой үйлчлүүлээрэй” гэж хэлсэн. Тэгсэн ширээн дээрээ очоод тамхи асаагаад суучихсан. Тэгэхээр нь “…ширээн дээр тамхи татаж болохгүй, болиорой” гэж хэлсэн. Би тухайн үед  баарны зохион байгуулагчаар ажиллаж байсан. Ч.Дарханбаатар Ж.Отай маргалдаад оо-ийн өрөө орсон. Араас нь Соронзонболд орсон. Ч.Дарханбаатар хамгаалагчийг бас зодох гэж дайрсан. Би Ч.Ганзоригийн гарыг ард нь аваад зогсож байсан. Тухайн үед учраа олоод салсан. Тэгээд гарч ирээд ширээн дээрээ гурвуулаа суусан. Ч.Ганзориг Мөнгөн-Очир гэх залуутай маргалдаад бүжгийн талбайд зодолдоод байсан. Мөнгөн-Очир дараад дээр нь суусан байсан. Тэгээд очоод “…боль” гээд салгасан. Ч.Ганзориг ширээн дээрээ очоод суугаад зөөгч дуудахаар нь Мөнгөн-Очирыг явуулсан. Очсон чинь дахиад маргалдаад барьцалдаад авсан. Би Ч.Ганзоригт “…олон нийтийн газар соёлтой үйлчлүүл” гэж хэлсэн чинь Ч.Ганзориг над руу дайрсан. Ч.Дарханбаатар ширээн дээрээ байсан пив заал руу шидсэн. Надтай маргалдаж, зууралдаж байхдаа асгасан пивон дээр халтирч унасан. Би Ч.Ганзоригт гар хүрсэн зүйл байхгүй, хамт унасан. Ийм л зүйл болсон. Бид 2 зууралдаад л хохирогч эргээд л шууд унасан. Шалан дээр пиво асгарсан байсан. Тэгээд л халтираад унасан байх.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Дарханбаатар мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр бааранд орж уусан. Тэгэхдээ намайг пиво асгасан гэж мэдүүлж байна. Энэ худлаа. Ж.О миний хамрыг цохисон. Намайг гурвуулаа нийлж зодсон. Тэгсэн оо-ийн өрөөнд байхад Ч.Ганзориг орж ирсэн. Ж.О намайг цохичихоод алга болчихсон байсан. Ж.О надад хохирол төлбөрийн мөнгө гэж 350.000 төгрөг төлсөн. Хамрын хагалгаанд ор гэсэн одоогоор хамрын хагалгаанд ороогүй байна. Одоо хамар байнга бөглөрдөг, надад мөнгө төгрөг байхгүй болохоор хагалгаанд орж чадахгүй явж байна. Хагалгаанд 650 000 төгрөгөөр орно гэж хэлсэн. Хагалгаанд орох 650.000 төгрөгөөс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.О надад өмнө 350.000 төгрөг өгөхдөө дахин хагалгаанд орох болвол эргэж уулзъя, холбогдъё гэж хэлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ганзориг мэдүүлэхдээ: “…Ч.Дарханбаатар Соронзонболд гэх 2 найзтайгаа хамт бааранд орж орсон. Суугаад пиво уугаад, бүжиглээд байж байсан. Сууж байгаад тамхи татах гээд Соронзонболд бид 2 гарсан. Ч.Дарханбаатар дотор үлдсэн. Тэгээд тамхиа татчихаад ороод ирсэн чинь Ч.Дарханбаатарын хамар ам цус болчихсон байсан. Би очоод “…та нар яахаараа хүн зоддог юм, хэн зодсон юм” гэж асуусан чинь Я.П намайг боож чирээд оо-ийн өрөө руу оруулсан.  Миний гарыг өчөөд арагш нь боосон. Ж.О гэдэг хүн “...танай найз чинь бааранд байсан хүнд зодуулсан, банди минь аваад гар” гэж хэлсэн. Би “…цагдаа дуудъя” гэсэн чинь “…цагдаа дуудаж яадаг юм бэ, наад шалдан бандиа аваад зайл” гэж хэлсэн. Я.П намайг хоолойгоор боож байгаад, 2 гуя руу өшиглөөд унагаасан. Тухайн үед яаж унагасаныг санахгүй байна. Би ухаан алдаад сэртэл “…наад хулгайчаа гадаа гаргаад хая гэж хэлсэн. Тэгсэн 2 хүн ирээд намайг сугадаад гадаа дэлгүүрийн хажууд орхисон. Манай найз нар ирээд түргэн дуудаж анхны тусламж үзүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгт очсон чинь миний гэмтлийг “…Монгол улсад эмчлүүлэх боломжгүй, гадагшаа яв” гэж хэлсэн. Би энэ хугацаанд маш хэцүү байсан. Намайг эмнэлэгт ухаангүй шахуу байхад “…байцаалт өг” гэж хэлсэн би өгөөгүй. Эмчилгээний зардал 42.659.992 төгрөгийн зардал гарсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 15.692.663 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь цалингийн мөнгө. Миний дансны орж, гарсан мөнгөөр бодож нэхэмжилж байна. Би цаашдаа ч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо баруун хөл ямар ч мэдээгүй, хөл дээрээ босож чадах уу гэдэг л байна. Хүзүүнд 4-н ширхэг хадаас хийсэн. Би эмэгтэй хүний төрөх өвдөлтийг 4-өөс 5 дахин илүү мэдэрсэн. Би Я.Паас өөрт учирсан хохирол 58.352.655  төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Си Ди Жи хүч” ЗГБХ-нөхөрлөлийг төлөөлж С.Дарьсүрэн мэдүүлэхдээ “…Тухайн үед Г.Батхуяг надаас “…байгууллагын тамгаа өгөөчээ” гэж гуйсан байсан. Манай хүүхэд мэдэхгүй өгсөн байсан. Тэгээд манай байгууллагын тамгыг Баасанжав гэдэг хүний тодорхойлолт дээр тамга дарсан байсан. Би тухайн үед ийм зүйл болсоныг мэдээгүй. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. 10 дугаар сард тамгатай бичиг өгсөн. Би Г.Батбаяртай түрээсийн гэрээ байгуулсан. Би энэ хэрэгт хамааралгүй. Цагдаагаас тодорхойлолт нэхээд байдаг болохоор хүүхдээс тамга аваад дарсан байсан. Бидний хооронд түрээсийн гэрээ байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Бат Гранд” ХХК-ийг төлөөлж Г.Батхуяг мэдүүлэхдээ: “…Тухайн үед Я.П өөр газар ажиллаж байсан. Манай компани олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр энэ хүн манай компанид ажилд орсон. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Я.П “Цагаан шөнө” бааранд ажилласан. Мөрдөн байцаагч “…хөдөлмөрийн гэрээ авчирч өг” гэж хэлсэн. Манайх 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Цагаан шөнө” баарыг түрээслэн авч үйл ажиллагаа явуулсан. Би хуучин байгуулсан байсан гэрээн дээр нь бичээд байцаагчид өгсөн. Хөлсөөр ажиллах гэрээ өгөх гэхээр заавал тамга тэмдэгтэй байх ёстой гээд байсан. Энэ асуудлыг хариуцахгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд Ч.Дарханбаатар хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх71-73/,  мөрдөн байцаалтын шатанд Г.Ганзориг хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх76-81/, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Мөнгөн-Очирын өгсөн мэдүүлэг /хх85-88/, “Цагаан шөнө” баарны камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх13-14/, Цагаан шөнө баарын камерын бичлэг шинжээч томилсон шинжээчийн 5629 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх117-121/, Хохирогч Ч.Дарханбаатарын биед шинжээч томилсон шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10982 тоот дүгнэлт /хх-125/, хохирогч Г.Ганзоригийн биед шинжээч томилсон шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10998 тоот дүгнэлт /хх-127/,Шинжээч эмч Х.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх132-133/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агараас шүүгдэгч Ж.О нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт иргэн Ч.Дарханбаатартай маргалдан улмаар түүний хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Я.П нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилших шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт ажиллаж байхдаа иргэн Г.Ганзоригтой маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Ж.Оыг 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт иргэн Ч.Дарханбаатартай маргалдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд  Ч.Дарханбаатар хохирогчоор өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны орой Соронзонболд, Ганзориг, Дарханбаатар нартай 23 цагийн үед “Дөлгөөн нуур”-ын ойролцоо байх пабад 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад тэндээсээ гараад сансарын “White night” нэртэй бааранд очсон. Тэгээд бааранд ороод тус бүр нэг шил пиво аваад сууж байгаад би нойл руу орсон. Нойл дотор орохдоо би цагаан цамцтай хамгаалагчтай нь шүргэлцсэн. Тэгэхэд тэр залуу нь намайг шүргэлцлээ гээд бид хоёр муудалцаад байж байсан чинь нойлын хаалгаар баахан хүн орж ирээд шууд намайг зодоод эхэлсэн. Тэгээд намайг нойлд зодуулж байхад манай хоёр найз гадаа тамхи татаж байгаад бааранд орж ирээд Соронзонболд бор майктай хамгаалагчтай маргалдаад “…чи яагаад хүн зоддог юм” гээд маргалдаад байж байсан, бас Ганаа цаад талд хүнтэй маргалдаад байж байсан чинь анх маргаан эхлүүлсэн цагаан цамцтай залуу нь Ганааг боогоод унагаачихсан. Сүүлд болсон асуудал нь баарны заалан дотор болсон. Тэгээд Ганаа уначихаар нь би татаад босгох гэсэн чинь миний хажуу талаас нэг хүн цохиод миний хамрыг хугалчихсан. Тэгсэн чинь тэр залуучууд “…наад залуугаа гаргаад хая” гэж хэлэхээр нь Соронзоо бид хоёр Ганааг өргөөд гадаа гаргасан. Тэгээд би цагдаа, түргэн тусламж дуудсан. …намайг бор өнгийн жилетка өмссөн байсан залуу нь цохьсон. …надад учирсан дээрх гэмтлийг баарны захирлын дүү гэх Отгонбаяр гэгч залуу нойлын өрөөн дотор орохоос өмнө цохиж учруулсан юм.” /1хх-71-73/ гэх -мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Г.Ганзоригийн хохирогчоор өгсөн: “...найз Соронзонболдтой тамхи татчихаад орж ирэхэд баарны хамгаалагч нар 4-өөс 5-н залуу байсан байх жорлонгийн хажууд Дарханбаатарыг зодож байсан.” /1хх-76-81/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10982 дугаар:

          1. Ч.Дарханбаатарын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-125/,

Мөрдөн байцаалтын шатанд Ж.О яллагдагчаар өгсөн: “…Миний бие тэр шөнө буюу 2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “White night” бааранд зохион байгуулагчийн ажил хийж байсан юм. Намайг ажлаа хийж байхад манай бааранд үйлчлүүлж байсан гурван залуугийн нэг нь буюу хар футболктой, махлаг биетэй залуу буюу Ч.Дарханбаатар нь бааран дотор 00-ын хажуу талын ширээн дээр тамхи татаад байсан. Тэгэхээр нь би тэр залуу буюу Ч.Дарханбаатар дээр очоод “…энд тамхи татаж болдоггүй юм” гэж хэлэхэд Ч.Дарханбаатар нь миний урдаас “…би ийм газарт ажилладаг юм, би чамаар хаана тамхи татахаа заалгахгүй” гэхээр нь би “…энд тамхи татаж болдоггүй” гэхэд Ч.Дарханбаатар миний цамцны захнаас татаж, доош нь дараад 2-оос 3-н удаа өвдгөөрөө цохихоор нь би зөрүүлээд Ч.Дарханбаатарын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь Ч.Дарханбаатарын нүүрэн тус газраас нь цус гарч эхэлсэн. Ингээд бид хоёр нэг нэгнээ зуураад 00-ын өрөөнд орох үед бид хоёрын араас Ч.Дарханбаатарын найз Ч.Ганзориг болон манай баарны бармен Я.П, зохион байгуулагч Батбаяр, зөөгч Мөнгөн-Очир нар орж ирсэн. Ингээд бид хоёр 00-ын өрөөнд зууралдаж байхад тэр хэд бид хоёрыг салгасан. Ч.Дарханбаатар бид хоёр зууралдаж байгаад салахад Ч.Дарханбаатарын өмсөж явсан хар өнгийн футболк, миний хар куртка урагдсан байсан ба Ч.Дарханбаатарын хамарнаас нь цус гарсан байсан. Ингээд тухайн маргаан намжаад би “Цагаан шөнө” баарнаас гараад “Моника” баар луу орсон ба “Моника” баарны арын өрөөнд хэвтэж байгаад ажил тарахаар нь гарч ирээд гэрлүүгээ явсан юм. ” /1хх-227-228/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Я.Пын яллагдагчаар өгсөн: “…Ч.Дарханбаатар ширээн дээрээ очоод суухдаа тамхи асаагаад суусан юм. Тэгэхээр нь би баарны зааланд зохион байгуулагч хийж байсан дүү Отгонбаярт хандаж “…тэнд нэг залуу тамхи татаад байна, очоод болиулаатах” гэсэн чинь Отгонбаяр очоод Ч.Дарханбаатартай уулзаж байсан. Ингээд төд удалгүй тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан ба тэр хоёртой хамт манай баарны хамгаалагч Батбаяр, болон Дарханбаатарын хоёр найз нь 00-ын өрөөнд орж байгаа нь харагдсан.” /1хх-235-236/ гэх мэдүүлэг,

“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /1хх-66-68/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-14/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч Я.П нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт ажиллаж байхдаа иргэн Г.Ганзоригтой маргалдан түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд Ч.Дарханбаатар хохирогчоор өгсөн: “...Тэгээд намайг нойлд зодуулж байхад манай хоёр найз гадаа тамхи татаж байгаад бааранд орж ирээд Соронзонболд бор майктай хамгаалагчтай маргалдаад “…чи яагаад хүн зоддог юм” гээд маргалдаад байж байсан. Бас Ганаа цаад талд хүнтэй маргалдаад байж байсан чинь анх маргаан эхлүүлсэн цагаан цамцтай залуу нь боогоод Ганааг унагаачихсан. Сүүлд болсон асуудал нь бол баарны заалан дотор болсон. …Тэгсэн чинь тэр залуучууд “…наад залуугаа гаргаад хая” гэхээр нь Соронзоо бид хоёр Ганааг өргөөд гадаа гаргасан. Тэгээд би цагдаа, түргэн тусламж дуудсан.” /1хх-71-73/ гэх -мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Г.Ганзоригийн хохирогчоор өгсөн: “...найз Соронзонболдтой тамхи татчихаад орж ирэхэд баарны хамгаалагч нар 4-өөс 5-н залуу байсан байх жорлонгийн хажууд Ч.Дарханбаатарыг зодож байсан. Очоод салгах гэтэл зүүн хүзүү рүү нэг залуу нь цохьсон бөгөөд яг ямар залуу нь цохьсон талаар санахгүй байна. Тэгээд газар унасан ба манараад байж байтал 2-оос 3-н залуу намайг зодсон. Нэг сэрсэн Соронзон намайг баарнаас аваад гарч байсан ба түргэн болон цагдаад дуудлага өгч байсан. Тухайн үед би толгойгоо даахгүй, босч явж чадахгүй байсан ба түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Миний хүзүү хугарсан, баруун чамархай цөмөрсөн, зүүн хөл, гар мэдээгүй, толгой хавдартай байна. …Би 00-ын өрөөнөөс гарчихаад байж байтал, миний мөнгө, утас байхгүй болохоор нь буцаж тухайн баарны тэкен дээр нь очоод мөнгө, утас, нүдний шилээ нэхэхэд тэкний наана байсан 60 орчим см өндөртэй залуу намайг шууд цохиж эхэлсэн. Гэтэл миний хажуу талаас улаан хүрэн юүдэнтэй цамцтай, надаас өндөр биетэй, махлагдуу, 185 орчим см өндөртэй залуу намайг өшиглөсөн. Тэр залуу намайг өшиглөхөд би газарт унаад, тухайн залуу нь миний толгой хавьцаа нэг удаа өшиглөсөн. Би ингээд нэг хэсэг тэкний урд ухаан алдсан байсан. Нэг сэргэсэн чинь нэг залуу намайг боогоод толгойг маань дээш нь өргөөд чирж байсан. Тэгээд нөгөө залуу намайг хажуу тийш нь эвгүй татахад би дахин ухаан алдсан юм.” /1хх-76-81/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Мөнгөн-Очирын өгсөн: “...бүжгийн талбайн зүүн талын тольны хажууд хамгаалагч Баагийтай цагаан цамцтай, бүдүүн махлаг ах маргалдаад зогсож байсан чинь хажуугаас нь хамраа хугалуулдаг залуу болон өндөр цэнхэр куртиктэй, жижигхэн цүнх үүрсэн залуу хоёр нийлээд хамгаалагч Баагий руу дайрсан. Энэ үед Отгоо ах гараад явчихсан байсан юм. Баарны гаднаас хамгаалагч Батхаан орж ирээд уг гурван залууг салгах гэж оролдсон. Би цэнхэр куртиктэй, жижигхэн цүнх үүрчихсэн байсан залууг хүзүүнээс нь татаад тахим руу нь өвдгөөрөө 2 удаа өвдөглөөд, доош нь суулгасан чинь тэр залуу босч ирээд над руу дайрсан. Намайг цохих гэж байхад нь хажуу талаас бармен Пүрэвжав орж ирээд цааш нь түлхээд хөл тавьсан чинь сууж байсан ширээнийхээ наад талд толгойгоороо шалан дээр урагшаагаа унасан. Тэр залуу шалан дээр унаад ухаан алдаад босч ирээгүй юм. Тэгэхээр нь хамгаалагч Батхаан дээрээс нь ус цацсан чинь тэр залуу амьсгаа авахгүй, ухаангүй байхаар нь баарны дижи Мона бид хоёр баруун зүүн талаас нь сугадаад баарнаас гаргаад  баарны урд талын замын боржур дээр бөгсөөр нь суулгатал хамт явж байсан хоёр найз нь хойно нь буюу нуруун дээрээс нь түшээд үлдсэн юм.” /1хх-85-88/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Я.Пын яллагдагчаар өгсөн: “…Миний бие  тухайн шөнө буюу  2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” бааранд барменаар ажиллаж байсан. Намайг ажлаа хийж байхад үл таних үйлчлүүлж байсан гурван залуугийн нэг нь буюу Дарханбаатар нь манай бааранд үйлчлүүлж байсан нэг эмэгтэй рүү салаавч гаргаад, дунд хуруугаа гаргаад байсан. Тэгэхээр нь би Дарханбаатарт хандаж “…чи ингэж болохгүй ээ, олон нийтийн газарт соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй шүү дээ” гэсэн чинь нөгөө залуу ширээн дээрээ очоод суусан. Ч.Дарханбаатар ширээн дээрээ очоод суухдаа тамхи асаагаад суусан юм. Тэгэхээр нь би баарны зааланд зохион байгуулагч хийж байсан дүү Отгонбаярт хандаж “…тэнд нэг залуу тамхи татаад байна, тэр залууг очоод болиулаатах” гэсэн чинь Отгонбаяр очоод Ч.Дарханбаатартай уулзаж байсан. Ингээд төд удалгүй тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан ба тэр хоёртой хамт манай баарны хамгаалагч Батбаяр, болон Дарханбаатарын хоёр найз нь 00-ын өрөөнд орж байх нь харагдсан. Тэгэхээр нь би тэр хэдийн араас нь яваад очсон чинь Дарханбаатар, Ганзориг, Соронзонболд нар манай ажилчидыг зодох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Дарханбаатартай хамт явж байсан Ганзориг гэгч залуугийн хоёр гарыг ард нь тэврээд зодоон хийлгэхгүй гээд бариад зогссон. Тэгээд бид нар тухайн 00-ын өрөөнд маргалдаж байгаад ярилцаад эвлэрээд тухайн залуучууд буцаад ширээндээ суусан. Тэгж байтал цагаан юүдэнтэй цамцтай, джинсэн яактай, туранхай залуу болох Ганзориг гэгч манай баарны зөөгч Мөөнөө буюу Мөнгөн-Очиртой маргалдаж зодолдох гээд босоод ирсэн чинь Ганзоригтой хамт явж байсан нэг залуу нь ширээн дээр байсан шилтэй пивыг газарт шидээд хагалчихсан юм. Тэгэхээр нь би Ганзориг, Мөөнөө буюу Мөнгөн-Очир хоёрын дундуур нь ороод зодолдуулахгүй гээд салгасан чинь Ганзориг миний өмсөж явсан цамцны ханцуйн дээрээс бариад авахаар нь би Ганзоригт хандаж “…чи одоо больчих оо, зодоон цохионоор яах гэсэн юм бэ” гэсэн чинь Ганзориг нь улам л дайраад байсан. Тэгэхээр нь би Ганзоригийг тавихгүй цааш нь түлхээд Ганзориг бид хоёр нэг нэгнийхээ ханцуйнаас зуураад зууралдаж байхад Ганзориг намайг зүүн талын гараараа цохих гэхэд нь би тэр зүүн гарын цохилтыг нь тонгойгоод гаран доогуур нь орсон чинь Ганзориг намайг хий цохиод газарт унасан. Ганзориг газарт унахдаа яг нүүрэн тус газраараа миний доор шалан дээр унасан. Харин би түүний дээр нь гарч унасан юм. Ингээд би Ганзоригийг газарт уначихаад хөдлөхгүй, босч ирэхгүй болохоор нь тэке рүүгээ явсан.  Би тэкен дээрээ очоод Ганзоригийг хараад байж байхад Ганзориг огт хөдлөхгүй унасан газраа хөдөлгөөнгүй хэвтээд л байсан. Ингээд би ажлаа хийгээд байж байсан чинь Ганзориг алга болчихсон байсан ба сүүлд нь сонсоход Ганзоригийг манай зөөгч Мөөнөө буюу Мөнгөн-Очир, дижи Мооноо буюу Т.Ишдорж хоёр өргөж гадаа гаргасан байсан.” /1хх-235-236/ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Батбаяр мэдүүлэхдээ: “…3-н залуу орж ирээд дайраад байсан. Мөнгөн-Очир луу дайрч зодолдохыг завдсан. …Пиво хагалсан байсан хэн гэдгийг нь мэдэхгүй, асгасан пиво дээрээ халтирч унасан. ...Би тус газарт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилд орж 12 дугаар сард ажлаас түр гарсан. …Газар асгарсан шингэн зүйл пиво, ус хоёрын аль нь болох хэн хагалсныг мэдээгүй, шил хагарсан байсан болохоор пиво гэж бодсон. …Манай бааранд цэвэрлэгээг зөөгч, үйлчлэгч хийдэг. …Маш хурдан 2-оос 3-н минутад болж өнгөрсөн. Цагдаа дуудах боломж ч гараагүй, нэг залуу нь надруу дайраад, цамц ураад хаясан. Баарны үйлчилгээний бүх  үйлчлүүлэгч нарыг гаргасан. …Байнга согтуу хүмүүстэй харьцдаг болохоор эвээр шийдэж хууль хяналтын байгууллагаар дамжуулж шийдүүлнэ. …Бид нарт цагдаагийн байгууллагаас  сургалт явуулдаг. …Үйлчлүүлэгч “…асуудал гарлаа” гэж хэлсэн учир дотогш орсон.  Намайг ороход Я.П, Ч.Ганзориг 2 барьцалдсан байсан ба мөн Соронзонболд бид 2 барьцалдсан байсан.  Би хаашаа харсан байснаа сайн мэдэхгүй байна. Би тэр өдөр ганцаараа хамгаалагчаар аижллаж байсан. …Асуудал гарах үед нь шил хагарч би хальтирч унасан. 2-уулаа давхралдаж хөл алдаад унасан. Бүгдээрээ л дайраад байсан. Намайг нэг залуу нь зуураад тавихгүй байсан. Би “Батгранд” ХХК-тай гэрээ байгуулж ажилласан. Бид нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг.” гэх мэдүүлэг,  

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-14/, шинжээч эмч Х.Ганцэнгэлийн мэдүүлэг /1хх-132-133/, хохирлын баримтууд /1хх-46-47, 60-63, 206-219/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Хэдийгээр шүүгдэгч Я.Пын өмгөөлөгч Г.Батбаяр нь гэм буруугийн хувьд маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.П нь хохирогч Ч.Ганзоригийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь дээрхи баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Я.П, Ж.О нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Я.Пыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч Яргай овогт Жамбалын Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

 Харин шүүгдэгч Монголмууд овогт Ядамын Пүрэвжавын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан шүүхээс түүнд энэ хуулийн тусгай ангид заасан ялын хамгийн доод ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.О нь гэм буруугийн хувьд маргахгүй байгаа болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нь түүнд шүүхээс торгох ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч тайлбар гаргаж байх боловч хавтас хэрэгт шүүгдэгч нь ажил эрхэлдэг гэх баримт авагдаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй байгаа болон мөн уг гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ж.Оын оролцсон оролцоо зэргийг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Шүүхээс Я.П, Ж.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт “Си Ди Жи хүч” ЗГБХ-нөхөрлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дугаар захирамж, “Батгранд” ХХК-ийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 540 дүгээр захирамж гаргаж тус тус иргэний хариуцагчаар татсан боловч хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /1хх-155-156, 155-157/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч С.Дарьсүрэнгийн өгсөн “…Би Г.Батхуягтай түрээсийн гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Г.Батхуягийн өгсөн: “…Манайх 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Цагаан шөнө” баарыг хөлсөлж авч үйл ажиллагаа явуулсан. Би хуучин байгуулсан байсан гэрээн дээр нь бичсэн. Хөлсөөр ажиллах гэрээ өгөх гэхээр заавал тамга тэмдэгтэй байх ёстой гээд байсан.” гэх мэдүүлэг, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2хх-114-142/, “Си Ди Жи хүч ЗБН ” ХХК-ний Тусгай зөвшөөрөл /2хх-144/, Улсын байцаагчийн дүгнэлт /2хх 146-147/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Я.П нь “Цагаан шөнө” уушийн газарт барменаар ажиллаж байхдаа бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт дээрхи иргэний хариуцагч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд мөн болох нь хангалттай нотлогдон тогтоохдохгүй байх тул иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.  

Хэдийгээр хэрэгт Хөдөлмөрийн гэрээ болон Хөлсөөр ажиллах гэрээ аль аль нь авагдсан байгаа боловч 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ /2хх 148/-ний 3 дугаар зүйлд “...Хөлсөөр ажиллагчаар Тогоочийн ажлыг энэхүү гэрээгээр тогтоосон хугацааны туршид, ...” гэж, 8 дугаар зүйлийн нэмэлт заалтанд  “...барменаар ” гэж, уг хэрэг болсон баарыг түрээслэж авахаас өмнө 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж Түрээсийн гэрээг хэрэгт тус тус хавсарган өөр хоорондоо зөрүүтэй, алдаатай бичигдсэн гэрээнүүдийг тус тус хэрэгт хавсарган талууд маргаж байгааг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтаар шүүгдэгч Я.П нь “Цагаан шөнө” нэртэй уушийн газарт барменаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзэв. 

Хохирогч Ч.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эмчилгээний зардал 42.659.992 төгрөгийн зардал гарсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 15.692.663 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ цалингийн мөнгө миний дансны орж, гарсан мөнгөөр тооцогдон нэхэмжилж байна. Би цаашдаа ч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо баруун хөл ямар ч мэдээгүй, хөл дээрээ босож чадах уу гэдэг л байна. Би Я.Паас өөрт учирсан хохирол 58.352.655 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлж байх ба шүүгдэгч Я.П нь хохирогч Ч.Ганзоригийн биед учирсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардалд гарсан хохирлыг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч шүүх хавтаст хэргийн хүрээнд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хохирлын баримтуудыг үнэлж шүүгдэгч Я.Паас 36.870.012 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ганзоригт олгуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогч Ч.Дарханбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ж.О надад хохирол төлбөрийн мөнгө гэж 350.000 төгрөг төлсөн. Хамрын хагалгаанд ор гэсэн одоогоор хамрын хагалгаанд ороогүй байна. Одоо хамар байнга бөглөрдөг, надад мөнгө төгрөг байхгүй болохоор хагалгаанд орж чадахгүй явж байна. Хагалгаанд ороход 650.000 төгрөгийн төлбөр гарна гэж хэлсэн. Хагалгаанд орох төлбөр болох 650.000 төгрөгөөс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж байх боловч хавтаст хэрэгт хуульд заасан нотлох баримтыг хавсаргаагүй байх тул шүүгдэгч Ж.Оыг хохирогчийн эмчилгээний төлбөрт 350.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч Ж.О нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.П, Ч.Ганзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Цагаан шөнө” уушийн газрын хяналтын камерын бичлэг 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. “Си Ди Жи хүч” ЗГБХ-нөхөрлөлийг иргэний хариуцагчаар татсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дүгээр, “Батгранд” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 540 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

        2. Шүүгдэгч Монголмууд овогт Ядамын Пүрэвжавыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Яргай овогт Жамбалын Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монголмууд овогт Ядамын Пүрэвжавыг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Яргай овогт Жамбалын Отгонбаярыг 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Пт оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Отгонбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.О, Я.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Цагаан шөнө” уушийн газрын хяналтын камерын бичлэг 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Я.Паас нийт 36.870.012 /гучин зургаан сая найман зуун далан мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ганзоригт олгож, шүүгдэгч Ж.О нь хохирогч Ч.Дарханбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

10. Хохирогч Ч.Ганзориг, Ч.Дарханбаатар нар нь энэ хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

   11. Энэ шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          12. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч  Я.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Я.Пт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ