Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/299

 

    2024             3              07                                         2024/ДШМ/299

 

Ч.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/202 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Анхбаярын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр Ч.Бд холбогдох 2105022212579 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Б,

Яллагдагч Ч.Б нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Х Э” ХХК-д бараа түгээгчээр ажилд орсон бөгөөд 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өөрийн хариуцан түгээлт хийдэг газруудын төлбөрийн мөнгийг өөрийн эхнэрийн Хаан банкны 5034919155 тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, хувьдаа ашиглан “Х Э” ХХК-д үлэмж хэмжээний буюу 35.807.237 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 918 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ:

-Яллагдагч Ч.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 120/-т “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан” талаар тодорхойлж хэрэгт хавсаргасан байтал “...урьд ял шийтгэлгүй...” гэж яллагдагчийн хувийн байдлыг буруу тодорхойлсон. Улмаар урьд ял шийтгүүлсэн гэх шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдсан эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаарх баримтыг хэрэгт авч хавсаргаагүй;

-Хавтаст хэрэгт авагдсанаар яллагдагч Ч.Бгийн “Х Э” ХХК-д учруулсан хохирлын хэмжээг “Зөв цэгц аудит” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 72/2023 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээр 35.807.237 төгрөг гэж дүгнэсэн байна. Баянгол дүүргийн прокурорын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 918 дугаартай яллах дүгнэлтэд “... өөрийн хариуцан түгээлт хийдэг газруудын төлбөрийн мөнгө болох 35.807.237 төгрөгийг өөрийн эхнэрийн Хаан банкны 5034919155 тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, хувьдаа ашигласан байна гэж үзлээ” гэжээ. Гэтэл яллагдагч Ч.Б нь хэдэн төгрөгийг бэлнээр авч, хэдэн төгрөгийг дансаар шилжүүлэн авсныг бүрэн шалгаж тогтоогоогүй байх бөгөөд энэ талаарх баримт хангалтгүй;

-Мөн яллагдагч Ч.Б нь “Х Э” ХХК-д учруулсан хохирлын тодорхой хэсгийг өөрийн эхнэр Г.О Хаан банкны 5034919155 тоот дансаар шилжүүлэн авч, хувьдаа завшсан гэх боловч түүний эхнэр Г.Оюун-Эрдэнэ тус хэрэгт хамааралтай эсэх, хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдсон эсэх, эсхүл тогтоогдоогүй эсэх талаарх мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, зөвхөн нэг удаагийн гэрчээр мэдүүлэг авсан баримт хэрэгт хавсаргасан байна. Иймд яллагдагчийн эхнэр Г.Оюун-Эрдэнэ энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай.

Яллагдагч Ч.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ” зэргийг нотолбол зохих хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд эдгээр ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Ч.Бд холбогдох эрүүгийн 2105022212579 дугаартай хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.” гэжээ.

Прокурор М.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

-Шүүгчийн захирамжид үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Гэрч Г.О “...Манай нөхөр Ч.Б нь 2021 онд “Х Э” ХХК-д ажиллаж байхдаа байгууллагынхаа бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан мөнгөө худалдан авагч нараас миний нэр дээрх Хаан банкны 5034919155 дугаарын дансаар авдаг байсан бөгөөд би Ч.Бгээс яагаад миний дансаар ажлынхаа мөнгийг авч байгаа талаар асуухад өөрт нь Хаан банкны данс байдаггүй учир орлогын мөнгөө миний дансаар авч, бэлнээр нягтландаа тушаадаг гэж хэлж байсан. Би Ч.Бгийн хэлсэн үгэнд нь итгээд, өөрийнхөө картыг Ч.Бд өгсөн. Ч.Б миний дансаар нийт хэдэн төгрөг авсан гэдгийг би мэдэхгүй байна. Тухайн үед нөхөр маань ганцаараа ажил хийдэг, би хоёр хүүхдээ хараад, ажилгүй гэртээ байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-44/,

-Гэрч А.Сийн “... Ч.Б нь одоогийн байдлаар 30 гаран харилцагчаас бараа бүтээгдэхүүний мөнгийг байгууллагад тушаалгүйгээр өөрийнхөө эхнэр болох Оюун-Эрдэнийн Худалдаа хөгжлийн банкны данс болон бэлнээр авч хувьдаа 35.000.000 орчим төгрөгийг завшсан байсан.” гэх мэдүүлэг /хх-29/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гын “...Манай байгууллагын ажилтан Сүхдорж Ч.Бтэй хамт явж шалгахад нийт 43 байгууллага, хувь хүний 35.669.647 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон бөгөөд тухайн үед тооллого, жагсаалт гаргаж хяналт шалгалтын ажиллагаа явуулж нэгдсэн дүнг Ч.Бд танилцуулж харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Авлагын товчооны баримт нь байгаа” гэх мэдүүлэг /хх-37-40/, Г.О эзэмшлийн Хаан банкны 5034919155 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 91-107/, Ч.Бгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 2619002462 дансны дэлгэрэнгүй хуулга /хх 108-114/, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 72/2023 дугаартай “Зөв цэгц аудит” ХХК-ийн дүгнэлт /хх 48-53/ зэрэг нотлох баримтуудаар Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүй үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэхээр байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь цаашид мөрдөн шалгах ямар ажиллагаа хийж гүйцэтгүүлэх талаар болон хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлтийг захирамжид тусгаагүй байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ч.Бгийн эхнэр Г.Оюун-Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034919155 дугаартай дансыг хэн ашиглаж байсан, хэрхэн тайлбарлаж ашиглах болсон, гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдсэн эсэх зэрэг гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй дурдсан. Мөн яллагдагч Ч.Б нь яллагдагчаар өгсөн “...Миний худалдан авагч нарын бараа бүтээгдэхүүн худалдан авч, төлсөн төлбөрийн мөнгийг өөрийн эхнэр Оюун-Эрдэнийн нэр дээрх Хаан банкны дансаар болон бэлнээр авч хэрэглэдэг байсан. Манай эхнэр Оюун-Эрдэнэ дансаар тухайн мөнгийг авахад, гайхаж надаас асуухад нь би байгууллагын орлогын мөнгийг дансаар чинь аваад, байгууллагадаа тушаана гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байхад гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээд гэж сэжиглэн шалгах үндэслэл байгаа эсэх, цаашид шаардлагатай мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх нь хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх талаар тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 /Шударга ёсны зарчим/, 1.4 /Гэм буруугийн зарчим/ дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй гэж дүгнэхээр байна. Г.Оюун-Эрдэнийг Ч.Бтэй бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Г.Оюун- Эрдэнэ, яллагдагч Ч.Б нарын мэдүүлэг болон тэдний Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн Г.Оюун-Эрдэнэ нь нөхөр Ч.Бгийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэх үйл баримт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул Г.Оюун-Эрдэнийг хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй гэж үзнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг холбогдох эрх бүхий байгууллагаар эцэслэн тогтоож талууд хохирол, түүний төлбөртэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлтгүй, харилцан хүлээн зөвшөөрсөн талаарх шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан бэлнээр болон дансаар авсан мөнгийг ялгаж тогтоох ажиллагаа хийх нь хохирлын хэмжээ болон хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх нь эргэлзээтэй байна. Харин яллах дүгнэлтэд Ч.Бгийн хувийн байдлыг дурдахдаа урьд ял шийтгэлгүй гэж бичигдсэн байсныг залруулахаар шүүхийн санаачилгаар зарласан урьдчилсан хэлэлцүүлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бд 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг гаргаж өгсөн боловч урьдчилсан хэлэлцүүлгийн үед шинээр гаргаж өгөх нотлох баримтыг хүлээж авахгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгчийн 2024/ШЗ/202 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г тус шүүх хуралдаанд “Эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Ч.Бг “... өөрийн хариуцан түгээлт хийдэг газруудын төлбөрийн мөнгийг өөрийн эхнэрийн Хаан банкны 5034919155 тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, хувьдаа ашиглан “Х Э” ХХК-д үлэмж хэмжээний буюу 35.807.237 төгрөгийн хохирол учруулсан ...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг хүлээн авч, өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ “Яллагдагч Ч.Бгийн ... урьд ял шийтгүүлсэн гэх шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдсан эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаарх баримтыг хэрэгт авч хавсаргаагүй; ... хэдэн төгрөгийг бэлнээр авч, хэдэн төгрөгийг дансаар шилжүүлэн авсныг бүрэн шалгаж тогтоогоогүй байх бөгөөд энэ талаарх баримт хангалтгүй, ... эдгээр ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн үндэслэл заан, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлд “Шинжээчийн дүгнэлтийн агуулга”-д тавигдах шаардлагын нэрлэн заасан бөгөөд мөн зүйлийн 18.1.5-д “эцэг /эх/, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээлэл;” гэж, 18.3-т “Шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана.” гэж тус тус заажээ.

“Зөв цэгц аудит” ХХК-ийн 72/2023 дугаартай “дүгнэлт хүргүүлэх тухай” /хх 48-53/ гэсэн баримтын төгсгөл хэсэгт “тайлан бичсэн Ч.Ням-Од” гэж бичээд гарын үсэг зурагдаж, “Зөв цэгц аудит” ХХК-ийн тэмдэг дарагдсан нь дээрх Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд “...төлбөрийн мөнгийг өөрийн эхнэрийн Хаан банкны 5034919155 тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн авч ... 35.807.237 төгрөгийн хохирол учруулсан...” гэж дүгнэсэн боловч яг хэдэн төгрөгийг дансаар, хэдэн төгрөгийг бэлнээр авсан талаар нотлох баримтын эх сурвалжийг заан шинжээчийн дүгнэлт гаргахын зэрэгцээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдвэл зохино.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-д /хх 120/ түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22 дугаартай тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх баримт авагдсан байх бөгөөд уг шийдвэрийн хуулбар хувь, тус шүүхийн шийдвэр нь биелэгдсэн эсэх баримтууд хэрэгт хавсрагдаж ирээгүй байна.

Иймд шүүгчийн захирамжид заасан дээрх 2 үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...яллагдагчийн эхнэр Г.Оюун-Эрдэнэ энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоох...” ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/202 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР