Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 477

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 465 дугаар магадлалтай, Г.Бд холбогдох 1810000000697 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 10 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Боржигон овогт Гийн Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Быг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Г.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 125 хоногийг яд эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокуророос Г.Быг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Боржигон овогт Гийн Быг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамжинд баз ах Б.Птой маргалдан улмаар түүнийг согтууруулах ундаа хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж түлхэж унагаан алсан гэмт хэрэгт тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 1810000000697 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 180 дугаартай шийтгэх тогтоолоор "... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х, гэрч Э.Б нарын өгсөн мэдүүлгүүдээр амь хохирогч П нь бусадтай маргалдаж хэрүүл маргаан үүсгэх, салаавч гаргах зэрэг хууль бус үйлдэл гаргах, архи уух гэх мэт идэвхтэй хөдөлгөөн хийж байснаас харахад хохирогчийг биеэ хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг мэдсээр байж гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна...” гэж дүгнэн Г.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр прокурорын эсэргүүцэл бичиж хүргүүлсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр Г.Бд холбогдох хэргийг хянаж хэлэлцээд “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэл муутай байна. Учир нь шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Б.Пийг санаатай түлхэж алсан гэхээс илүү өөрийн жирэмсэн эхнэрийг “Эгчийгээ аваад манайхаас зайлахгүй яасан юм бэ... Би одоо очиж эгчийг чинь ална... Наанаа хүлээж бай” гэх зэргээр доромжилж, цохих гэж дайрч ам руу нь салаавч хийх зэргээр зүй бус авирласан, түүнийг болиулахаар араас нь очиход өөрийнх нь ам руу салаавч хийх үед сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, хоромхон зуур сэтгэцийн хэвийн байдал алдагдаж түлхсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан...” бол санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд насанд хүрээгүй гэрч М.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг, дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан. Урт хар куртик өмссөн ах “чи манай эхнэрт салаавч гаргалаа” гэж хэлээд согтуу ахын цээж рүү хоёр гараараа нилээд хүчтэй түлхсэн чинь нөгөө согтуу ах толгойны ар талаараа газарт унасан. Манай үүдэнд цементэн зам байдаг бөгөөд цементэн дээр толгойгоороо унасан...” гэж /хавтас хэргийн 48 дугаар хуудас/, гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач “та нар яваагүй юм уу, эгчийгээ аваад явахгүй яасан юм, би одоо очоод эгчийг чинь ална” гээд гэр рүүгээ алхаад явсан. Тэр хооронд над руу салаавч гаргаад байсан бөгөөд гэр рүүгээ алхаад явах үед манай нөхөр Б “Хишигсүрэн эгчийг зодох гээд байгаа юм биш үү” гээд куртикээ надад тайлж өгөөд араас нь дагаад булан тойрсон..." гэж /хавтас хэргийн 43-44 дүгээр хуудас/ хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Быг өөрийг нь болон эхнэрээ хүндээр доромжилсон амь хохирогч Б.Пийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж амь хохирогчийг түлхэн унагаасны улмаас нас барсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэн шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолд “...Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн үйл ажиллагаагаа удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ...” гэж тайлбарласан... Эндээс дүгнэхэд санаа сэтгэл нь гэнэтийн цочролд хоромхон зуур автсан байхыг ойлгохоор байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал гэрч Э.Бийн “... Бид нар гэртээ харихаар явж байгаад дэлгүүрийн үүдэнд таарсан бөгөөд талийгаач та нар яваагүй юм уу, эгчийгээ аваад явахгүй яасан юм, би одоо очоод эгчийг чинь ална гээд гэр рүүгээ алхаад явсан. Тэр хооронд над руу салаавч гаргаад байсан бөгөөд гэр рүүгээ алхаад явах үед манай нөхөр Б “Хишигсүрэн эгчийг зодох гээд байгаа юм биш үү” гээд куртикээ надад тайлж өгөөд араас нь дагаад булан тойрсон” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Насанд хүрээгүй гэрч М.Аийн “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан. Урт хар куртик өмссөн ах “чи манай эхнэрт салаавч гаргалаа” гэж хэлээд согтуу ахын цээж рүү хоёр гараараа нэлээд хүчтэй түлхсэн чинь нөгөө согтуу ах толгойны ар талаараа газарт унасан. Манай үүдэнд цементэн зам байдаг бөгөөд цементэн дээр толгойгоороо унасан. Тэгсэнээ нөгөө согтуу ах өөрөө босоод явж байтал урт хар куртиктэй ах дахиад маргалдаад цээж рүү нь түлхсэн чинь нуруугаараа газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/, яллагдагч Г.Бын “...П ах өнөө, маргаашгүй төрөх хугацаа нь болчихсон жирэмсэн эхнэрийг маань хэл амаар доромжлоод “чи бол нэр хүндгүй муу янхан, гичий” гэж хэлээд салаавч гаргаад эхнэрийг маань цохих гээд гараа өргөөд далайгаад байхаар нь би салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131/ зэргээр Г.Б нь тухайн үед эхнэрт нь агсам тавьж, цохих гэж далайх үед нь ямар нэг хариу үйлдэл хийлгүй салгаад орхисон атлаа дараа нь араас нь очиж “манай эхнэрт салаавч гаргалаа” гэж маргалдаж, улмаар түлхэж унагаасан үйлдлийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагаагаа удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэж дүгнэх үндэслэлгүй юм. Түүнчлэн амь хохирогчийг босоод ирэхэд дахин түлхэж унагааж байгаа, мөн дахин босоод булан тойроод явахад араас нь дагаад яваад байгаа нь өөрийн үйлдлээ туйлд нь хүргэх зорилготой байгаа нь нотлогдож байх тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Давж заалдах шатны шүүхийн 465 тоот магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Г.Б нь хохирогчийн араас нь очиж түүнийг заамдан, түлхэж унагаасан. Хохирогч унахдаа толгойгоороо замын хашлага мөргөж тархиндаа гэмтэл авч нас барсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтаар хэргийн бодит байдал буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15.00 цагийн үед амь хохирогч Б.П нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамжинд шүүгдэгч Г.Бын дэргэд түүний эхнэр Э.Бг “Эгчийгээ аваад зайлахгүй яасан юм бэ, би одоо очиж эгчийг чинь ална, наанаа хүлээж бай” гэх зэргээр зүй бусаар авирлан, цохих гэж дайрч, доромжилж, улмаар Э.Бийн эгч М.Хг зодохоор гэрийн зүг буцаж алхах үед нь түүний агсамнах үйлдлийг таслан зогсоохоор араас нь очсон Г.Бд салаавч үзүүлэн ам руу нь хийх үед шүүгдэгч Г.Б нь түүнийг биеэсээ холдуулахаар түлхэж цементэн зам дээр тархиар нь савуулж унагасны улмаас хохирогч Б.П нас барсан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоожээ.

Амь хохирогч Б.П нь тархины суурийн зүүн дунд хэсэгт тараагуур судасны цүлхэнтэй байсан бөгөөд шүүгдэгч Г.Б түүнийг түлхэж цементэн зам дээр савуулж унагах үед уг судасны цүлхэн хагарч, тархинд цус харваж  амь насаа алдахад шууд нөлөөлсөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2405 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Быг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Быг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, гэмт хэргийн шинжийг зөв дүгнэж чадаагүйгээс хэргийн талаар үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэв.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн хийж буй хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирч болохыг лавтай сайн ухамсарлаж ойлгосон атлаа уг үр дагаврыг буюу бусдын амь насыг зориудаар хүсч хохироосон үйлдлийг ойлгодог бол уг үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч болно гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь хохироосон бол болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож шийдвэрлэдэг болно. 

Анхан шатны шүүх энэхүү “түлхэж унагасан” үйлдлийг хохиролд зориуд хүсч хүргэсэн санаатай үйлдэл гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Бын хувьд амь хохирогч Б.Пийн согтуурсан үедээ агсам тавьж, бусдыг доромжилсон, айлган сүрдүүлсэн үйлдлийг болиулахаар түүнд зүй ёсны шаардлага тавихад тэрээр Г.Бын өөдөөс салаавч гарган, аманд нь хийх зэргээр зүй бус авирласан тул түүнийг өөрөөсөө холдуулж түлхсэн үйл баримтыг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Б.Пийг ийнхүү түлхэж унагахаас өөрөөр түүний эсрэг чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Г.Б нь Б.Пийг газар толгойгоороо савж унан ухаангүй болсныг мэдсэн даруй түүний амь насыг нь аврах оролдого хийсэн, түүнчлэн амь хохирогч Б.П тархины суурийн зүүн дунд хэсэгт тараагуур судасны цүлхэнтэй байсан нь түүнийг тархиараа савж унах үед доргин хагарч цус харвах шалтгаан болсон ба Г.Б нь хохирогчийн энэхүү өвчний байдлыг мэдээгүй байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч Г.Бын түлхсэн үйлдэл, хохирогч Б.Пийн нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой боловч гэм буруугийн бодит хамаарал үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Г.Бын хохирогч Б.Пийг өөрөөсөө холдуулахаар түлхсэн үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсч хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн хэмээн үзэх нь зүйтэй болно.

Давж заалдах шатны шүүх дээр дурдсан хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүйгээс гадна шүүгдэгч Г.Бын хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, энэ талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлийн “Давж заалдах шатны шүүхийн 465 тоот магадлалыг хүчингүй болгуулах” тухай хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Б.Пийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсан тавьж зүй бус авирлах үед түүнийг өөрөөсөө холдуулан түлхэж унагасан үйлдлийн улмаас хохирогчийн тархинд хүнд гэмтэл учирч нас барсан хэргийн нөхцөл байдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хан-Уул дүүргийн прокуророос Г.Бд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Боржигон овогт Гийн Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 465 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлээс “Давж заалдах шатны шүүхийн 465 тоот магадлалыг хүчингүй болгуулах” тухай хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН