Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 033

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ногооннуур сумын 9 дүгээр багийн оршин суугч З.Серикбайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ногооннуур сумын сонгуулийн хороонд холбогдох;

Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Серикбай, хариуцагч Ногооннуур сумын сонгуулийн хороог төлөөлж дарга Ш.Ерсин, нарийн бичгийн дарга Х.Авлаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Серикбай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Серикбай би хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг сумын сонгуулийн хороонд бүрдүүлэн өгсөн боловч шаардагдах баримт бичгийг дутуу ирүүлсэн гэх шалтгаанаар миний нэрийг бүртгэхээс үндэслэлгүй татгалзаж, Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхэд маань халдаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг-ийг сонгуулийн хороонд ирүүлэх шаардлагатай болохоос биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг нэр дэвшигч гаргаж өгөх үүрэг хүлээхгүй болно. Харин ч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар тухайн сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах үүрэгтэй.

Иймд Ногооннуур сумын сонгуулийн хороо хуулийг буруу хэрэглэж намайг нэр дэвшигчээр бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан тул тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгож, намайг тус сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шийдвэр гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ногооннуур сумын сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбар болон сонгуулийн хороог төлөөлж дарга Ш.Ерсин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ногооннуур сумын Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 19:00 цагт буюу хуулийн хугацаа өнгөрсний дараа намын дэд дарга Х.Жахсылых хүлээлгэн өгсөн. Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн материалыг сонгуулийн хорооны 7 гишүүн сууж хүлээж авсан. Х.Жахсылых материал хүлээлгэн өгөх үед ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэж бичгээр баримт өгсөн тул баримт бичгийг хүлээж авсан. 09 дүгээр сарын 01-ний өдөр намын дэд дарга Х.Жахсылыхаас нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад 06-ны өдөр нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэх асуудлыг шийдвэрлэнэ, тэр хүртэл материалаа оруулж ирээрэй гэж хэлсэн. Нэр дэвшигчдээс 9 дүгээр тойрогтнэр дэвшүүлсэн З.Серикбайгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт дутуу байсан. Энэ тухай хуулийн 154.3.1-д заасан байгаа. Нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг шийдвэрлэх хүртэл дээрх баримт бичгийг ирүүлэхийг намын даргад зөвлөж хэлсэн боловч хуулийн хугацаанд ирүүлээгүй болно. Хуулийн 157.2-т зааснаар нэр дэвшүүлсэн нам сонгуулийн хороонд баримт бичгийг биечлэн ирүүлэх ёстой байтал сонгуулийн хорооноос өгсөн зөвлөмжийг авч хэлэлцээгүй. Хуулийн 157.7-д заасны дагуу нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийн гүйцэд эсэхийг нягтлан шалгах ёстой гэж заасан. Харин нэр дэвшигчийн огт ирүүлээгүй баримт бичгийг сонгуулийн хороо бүрдүүлэх ёсгүй.

З.Серикбай гэх хүнийг шүүхэд хэргийн материалтай танилцах үед л харсан. Нэр дэвших асуудлаар сумын сонгуулийн хороонд нэг ч удаа хандаж байгаагүй. Миний тодорхойлолт гараагүй байна, шалгаад өгөөч гэх талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. Хавтаст хэргийн материалтай танилцахад 20 хүний нэрсийн жагсаалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхдээ аймгийн намын хороо түүний регистрийн дугаарыг буруу бичиж өгсөн байна. Регистрийн дугаар буруу бичигдсэн асуудлыг намын хороо, нэр дэвшигч өөрөө хариуцах ёстой. Регистрийн дугаар буруу ирүүлсэн учраас тодорхойлолт гараагүй байна. Сумын сонгуулийн хороо бүртгэх эсэх асуудлыг 09 дүгээр сарын 06-ны өдөр авч хэлэлцээд шийдвэрлэсэн. Дараа нь намын дэд дарга Х.Жахсылых сумын сонгуулийн хорооны хэдэн гишүүдэд З.Серикбайн өр төлбөрийн талаарх тодорхойлолтыг оруулж өгчихөөд яваад өгсөн байсан. 09 дүгээр сарын 06-ны өдөр нэр дэвшигчдийн материалыг бүртгэх эсэхийг шийдвэрлээд дээд шатны сонгуулийн хороонд явуулсан байсан тул нөхөн хэлэлцэх боломжгүй гэж дүгнэсэн.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасны дагуу З.Серикбай нь баримт бичиг дутуу ирүүлсэн тул түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолд[1] З.Серикбай нь хуульд заасан хугацаанд нэр дэвшигчдэд шаардагдах баримт бичгийг дутуу ирүүлэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсугай гэж тусгасан байгаа боловч хариуцагч талаас нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр бус Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбарласан болно.

Өөрөөр хэлбэл тус сумын сонгуулийн хороо нь өр төлбөргүйг нотолсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг ирүүлээгүй буюу баримт бичиг дутуу гэдэг үндэслэлээр Ардчилсан намаас нэр дэвшигч З.Серикбайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар нэр дэвшүүлсэн нам нь 157.2.1-157.2.7-д заасан 7 төрлийн баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр зохицуулсан ба З.Серикбайн хувьд нэр дэвшүүлсэн нам болох Ногооннуур сумын Ардчилсан намаас хуульд заасан баримт бичгүүд, үүний дотор хуулийн 157.2.5-д зааснаар өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг тус сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2]тогтоогдож байна.

Хариуцагч талаас нэр дэвшигч З.Серикбайн өр төлбөргүйг нотолсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг нэр дэвшүүлсэн нам нь ирүүлэх ёстой боловч ирүүлээгүй, сонгуулийн хороо нь нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгах ёстой болохоос нэр дэвшигчийн огт ирүүлээгүй баримт бичгийг бүрдүүлэх ёсгүй гэж маргаж байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1-д зааснаар нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл барьцаа, батлан даалтын өргүй байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой.

Гэхдээ дээр дурдсанаар нэр дэвшүүлсэн нам нь хуульд заасан 7 төрлийн баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр, тухайлбал өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг ирүүлэхээр зохицуулсан болохоос нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг ирүүлэх үүрэг хуулиар намд хүлээлгээгүй, харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар ...шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авахаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Ногооннуур сумын сонгуулийн хороо нь нэр дэвшүүлсэн намаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн авсны дараа Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар шаардлагатай гэж үзвэл эрх бүхий этгээдээс лавлагаа авах замаар өргүй байх гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага хангасан эсэхийг тодруулж, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар бүртгэх эсэх асуудлыг 5 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл нэр дэвшигч З.Серикбайд холбогдолтой хуульд заасан баримт бичгүүдийг нэр дэвшүүлсэн намаас нь бүрэн ирүүлсэн байхад хариуцагч Ногооннуур сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр нэр дэвшигч З.Серикбайн өр төлбөргүйг нотолсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг ирүүлээгүй, баримт бичиг дутуу гэж үзэж бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.6, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгтэй нийцээгүй, мөн сумын сонгуулийн хороо мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.5 дахь хэсэгт заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх гэсэн зарчмуудыг баримталж ажиллах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хурлын сонгуульд сонгогдох эрхтэй бөгөөд нэр дэвшигч З.Серикбай нь нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага болон мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдож байна.

Иймд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д зааснаар Монгол улсын иргэн нь ...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, мөн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглох тул хууль бусаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, З.Серикбайг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.6, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, З.Серикбайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 


[1] Хэргийн 6-р хуудас

[2] Хэргийн 22-37-р хуудас

[3] Хэргийн 7-8-р хуудас