| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0056/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2017-03-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ны Д д холбогдох 1712000340041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Д нь 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ..дүгээр баг, ….тоот хашаанаас иргэн В.Э-ын өмчлөлийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 26-ны үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дүгээр баг, ,, тоот хашаанаас иргэн Н.Н ийн өмчлөлийн Их хурд маркийн, улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч В.Эын өгсөн: ...Би мотоциклио 2016 онд дүү С-оос 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хамаатнаасаа худалдан авсан болохоор хямдхан худалдаж авч байсан юм. Миний мотоциклийн банк зүүн талдаа цөмөрсөн, нэг талын багажны таг байхгүй, хянахын гэр нь хагархай, данхараад дээрээ суурийг томруулж төмөр гагнасан байсан. Би мотоциклийнхоо арлын дугаар болох хөдөлгүүрийн дугаарыг хэрэг болж магадгүй гээд цаасан дээр тэмдэглээд авсан байсан. Би гаалийн бичгийг нь хаясан. Арлын дугаар нь 73В4036363, хөдөлгүүр нь М1678974 гэсэн байсан. Би надад үзүүлсэн мотоциклийг хараад шууд таньсан. Арал моторын дугаар нь таарч байсан, Ард хажуу хэсэг нь өөрийнхөө өнгөөр хар хөх өнгөтэй байсан. Данхараадныхаа суурийг томруулж гагнасан байдал, хянахын хагархай зэргээр таньсан. Миний мотоциклийн банкийг улаан, багажны тагийг бас улаан болгож өөрчилсөн, суудлын бүрээсийг сольсон байсан. Гэхдээ би хараад шууд таньж байна лээ....гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/
Гэрч В.С-ын өгсөн: ...Би өөрийн төрсөн ах В.Э-тай нэг хашаанд амьдардаг юм. Манай ах Э С-жгэдэг хүнээс Даюун маркийн хар ногоон өнгийн мотоцикль худалдан авч байсан юм. Энэ мотоцикль нь хашаанаас 2017 оны 08 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хулгайд алдагдаж байсан юм. Тухайн үед манай ах эрж хайгаад олоогүй. Манай ах Эын мотоцикль хар ногоон өнгийн Даюун маркийн, улсын дугааргүй мотоцикль байсан. Содон шинж тэмдэг гэвэл хянах самбарын хайрцаг хагарсан, данхараадныхаа сууринд нэмж төмөр гагнасан байсан. Тэгээд хайгаад олохгүй байтал цагдаагийн байгууллага мотоциклийг олж өгсөн. Манай ахын мотоциклийн банк солигдсон, хажуугийн таг солигдсон байсан. Гэхдээ мотоцикль нь мөн байсан. Би хараад таньсан. Манай ахын мотоцикль сайн мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Б.А-ийн өгсөн: ...Д нь 1993 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсч хүмүүжсэн. Аав Б, ээж О нар нь зах дотор байдаг Цахиур төвд манаач хийдэг. Манай нөхөр 3 дугаар сургуульд 8 дугаар анги төгссөн. Эцэг эхээс хоёулаа. Төрсөн ах Д Архангай аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг. Бид 2 2014 онд гэр бүл болсон. Манайх 1 нас 7 сартайгаас 5 насны 3 хүүхэдтэй. Би одоо 8 сартай жирэмсэн. Манай нөхөр Цахиур төвд галчаар ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан. Одоо эрхэлсэн ажилгүй байгаа. Манайх 3 хүүхдийнхээ 60.000 төгрөгөөр амьдарч байгаа. Би одоо жирэмсний 40.000 төгрөг авдаг. 2017 оны 12 дугаар сараас цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаад сар бүр 50.000 төгрөг авахаар болсон. Өөр орлого байхгүй. Манай нөхөр 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Хааяа аавын гараан дээр очиж гардаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Хохирогч Н.Н ийн өгсөн: ...Миний хулгайд алдсан мотоцикль 2016 онд шинээр нь 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Кроп нь бага зэрэг болохгүй байснаас өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Урд гэрлийн хамгаалт байхгүй, 2 тольгүй, хойд шаврын хаалтны наалт салсан, суудал нь өөр даюун гэсэн суудалтай байсан. Их-Хурд маркийн цэнхэр өнгийн мотоцикль байсан. Хүмүүс их унаад байдаггүй мотоцикль байгаа юм. Миний мотоциклийн арлын дугаар бүдэгрээд алга болсон байсан санагдаж байна. Хөдөлгүүрийн дугаар нь 162 ТМJ гэсэн бичигтэй байсан. Надад үзүүлсэн мотоцикль миний мотоцикль мөн байсан. Урд гэрлийн хамгаалалт, шаврын хаалт, банк нь бага зэрэг халцарсан, суудал нь даюун гэсэн суудалтай, цэнхэр өнгийн бүрээстэй байсан. Би бас өнгө үзэмж байгаа байдлыг нь хараад таньсан. Миний мотоцикль болохоор шууд хараад таньсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/
Гэрч Н.Н-гийн өгсөн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл суманд маллан амьдардаг юм. Манай хүү Н Цэнхэр өнгийн Их-Хурд маркийн мотоцикль 2016 оны 8 сарын үед шинээр 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ мотоцикль нь хөдөө кроп нь эвдэрсэн гээд Архангай аймгийн төвд Бор Толгой хороололд хашаандаа аваачсан байсан. Тэгтэл хашаанаасаа хулгайд алдсан гэж байсан. Н ийн мотоцикль Цэнхэр өнгийн Их-Хурд гэсэн мотоцикль байсан. Аваад уг нь удаагүй, их унаагүй, кроп нь эвдэрсэн гээд унахгүй байдаг байсан. Би содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Их-Хурд гэсэн мотоцикль их элбэг байгаад байдаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/
Б.Д ийн яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00:00 цагийн үед гэрээсээ гараад гараад бор толгой орж хүнтэй уулзах гэж явж байгаад ,,, тоот хашаанд мотоцикль байсныг урьд өдөр нь харсан байсан болохоор хашааг давж ороод хашааных нь хаалгыг онгойлгож ороод гэрийнх нь хажууд байсан улаан өнгийн даюун маркийн мотоциклийг түрж гараад Наранбулагийн 5-11 тоотод байх өөрийн хашаандаа оруулаад тавьчихсан. Тэгээд би өөрөө хөдөө явж байгаад олж ирсэн улаан өнгийн мотоциклийн банкийг сольж тавьсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын дундуур /өдрийг нь сайн санахгүй байна/ Бортолгойн ,,дүгээр гудамжинд явж байтал ,, тоот хашаан дотор байшингийнх хажууд цэнхэр өнгийн мотоцикль тавьчихсан байхаар хашааг нь давж ороод мотоциклийг нь түрээд гарч ирсэн. Тэгээд ,, тоотод байх өөрийн хашаандаа түрж аваачаад гэрийнхээ хажууд тавьчихсан байсан юм. Би өмнө 8 сард хулгайлсан мотоциклио аймаг дотор ойр зуур хааяа хөдөө явахдаа унаж явдаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Наранбулагт байдаг Нисэх нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад цагдаа нар шалгаад хэний мотоцикль унаад явж байгаа юм бэ? гээд цагдаагийн газар авчирсан. Би тэгээд цагдаа нарт хулгайн мотоцикль унаж яваа гэдгээ хэлсэн юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 14, 15-ны үеэр байх цагдаа нар ирээд ,, тоот хашаанаас авсан их хурд маркийн мотоциклийг ирж үзээд хулгайн мотоцикль байна гээд эзэнд нь хүлээлгэж өгсөн. Би тэр 2 мотоциклийг хулгайлахдаа ганцаараа явсан. 2017 оны 08 дугаар сарын 02-ны шөнө хулгайлсан мотоциклийг хашаанаас нь гаргаад хэсэг түрж явж байгаад асаагаад аваад явсан юм. 2017 оны 12 дугаар сард хулгайлсан мотоциклийг түрж явсаар байгаад хашаандаа аваачиж тавьсан. 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00:00 цагт ,, , тоот хашаанаас авсан мотоцикль нь даюун маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль суудлын бүрээсгүй, тольгүй байсан. Би нударга, бүрээс, толь авч тавьсан. ,, тоот хашаанаас авсан мотоцикль их хурд маркийн улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй дугуй нь хоёулаа хагархай, тольгүй мотоцикль байсан. Тэр мотоциклийн өөрийнх нь банк муу банк байсан. Тэгэхээр нь сольж тавиад хуучныг нь төмрийн хог дээр хаячихсан. Би одоо эхнэр 3 хүүхдийн хамт Наранбулагийн 5-11 тоотод амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би Цахиур төвд галч хийж байгаад саяхан гарчихсан. Манай эхнэр ажилгүй жирэмсэн байж байгаад хүүхэд маань эндээд одоо эхнэр эмнэлэгт сахиултай бие нь муу байгаа. Би одоо хүүхдийн мөнгөөр амьдарлаа залгуулж байгаа. Эхнэр жирэмсний мөнгө авдаг. Өөр ямар ч орлого байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/
Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн дүгнэлтээр Даюун маркийн мотоциклийн үнэлгээг 2017 оны 8 дугаар сарын байдлаар 1.700.000/нэг сая долоон зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/
Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр Их-хурд маркийн мотоциклийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 46 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4, 35-36 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5, 6 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-68 хуу/
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 69-70 хуу/
Хохирогч В.Э, Н.Н нарын гаргасан “ Б.Д ээс нэхэмжлэх зүйлгүй гомдол, саналгүй тухай” хүсэлтүүд /хх-ийн 74-75 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2017 оны ,, тоот хашаанаас иргэн В.Эын эзэмшлийн 1.700.000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2017 оны 12 дугаар сарын 26-ны үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, ,, тоот хашаанаас иргэн Н.Н ийн эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий Их хурд маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Д нь бусдын мотоциклийг хулгайлсан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.Н , В.Э, гэрч Д.Нямсамбуу, В.Самбууням нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Шүүгдэгч Б.Д нь бусдын мотоциклийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 2.800.000 / хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохирлоос дээш байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д ийн бусдын мотоциклийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Д ийг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Д бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ны Д ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Д ийг 340 /гурван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ