Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01251

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01251

 

Л.Аийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 103/ШШ2021/00209 дугаар шийдвэртэй

Л.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Гд холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3 454 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г 2020 оны 3 дугаар сарын 10-ны үеэр миний эзэмшлийн авто машиныг асааж өгөх гэж байгаад тохиргоог нь буруу хийснээс шалтгаалж машины компьютер шатаж, хуваарилах голыг хугалсанаас мотор нь ажиллагаагүй болсон тул иргэн Ц.Ггээс моторны үнэ 700 000 төгрөг, компьютер 200 000 төгрөг нийт 900 000 төгрөг нэхэмжилсэн мөн миний бие машинаараа такси үйлчилгээнд явж амжиргаагаа залгуулдаг байсан боловч одоо болтол орлогогүй байна. Би 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд олох байсан орлого 2 500 000 төгрөг, мөн 2020-2021 онуудад дээрх асуудлаар тус иргэний шүүхэд шүүгчийн туслахтай 18 удаа уулзсан байдаг, уулзахаар ирэхдээ таксигаар ирж очдог байсан ба унааны зардал 54 000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. 2019 оны 11 дүгээр сараас хойш машины гарааш байхгүйн улмаас өвөл машин хөлдөж асахаа больсон. Гэтэл 2020 оны 3 дугаар сард хариуцагч манайд танай машин асахгүй байгаа гэж хүнээс сонсоод засаж өгөхөөр ирлээ гэж хэлээд ирсэн. Тухайн үед хариуцагч машиныг асаахаар оролдсон боловч асаагүй, тохиргоог нь үзье гээд хуваарилах голыг нь салгаад гэрт оруулж ирээд би япон машины галын тохиргоог сайн мэдэхгүй байна гэж хэлээд хуваарилах голыг эргүүлэн машинд хийсэн. Хариуцагч машины утаснууд нь шалбарсан байна. Энэ нь машин асахад сөргөөр нөлөөлдөг гэж хэлж байсан. Улмаар өөрөө зарим утаснуудыг нь хайчлан шинэ утсаар сольсон. Би машины талаар мэдэхгүй тул Ц.Г өөрөө бүх зүйлийг хийж машиныг асаах гэтэл машин асаагүйгээр барахгүй түг гэж дуугараад, утаа гарч, хуваарилах гол нь хугарсан байдаг. Хуваарилах гол хугарсан шалтгаан нь хариуцагч машин асаах үед мотор нь гацсан тул түлхүүрээр хуваарилах голыг хөшиж хөлөөрөө жийснээс болсон гэж бодож байна. Мөн хуваарилах голыг хугалаад хариуцагч өөрөө гагнуулж ирж байсан. Би хариуцагчид хуваарилах голыг гагнаж тавьж болдог эсэхийг асуухад болдог хэмээн хариулж байсан. Энэ машинаар таксинд явдаг, явж байсныг таксины жолооч нар бүгд мэднэ. Иймд Ц.Ггээс 3 454 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эмнэлэгт хэвтэж байхдаа нэхэмжлэгчийн машины талаар хүнээс сонссон. Тэр хүн хэлэхдээ уг машин нэг жил гаруй хугацаанд асаагүй янз бүрийн хүмүүст оношлуулж үзүүлдэг боловч асдаггүй гэсэн. Би эмнэлгээс гараад нэхэмжлэгчийн машиныг үзэхээр очиход нэг жил асаагүй мөн задаргаа их орсон бүх утас нь хөлдөөд хугарсан байдалтай байсан. Хамгийн эхэнд галын тохиргоог нь үзье гээд тагийг нь авч тохиргоог нь үзсэн, тухайн машиныг задалж эвдээгүй. Хариуцагч тэр үед надад өөрөө машинаа задалж жийргэвч гэх мэт зүйлсийг сольсон, олон хүнд машинаа оношлуулахаар үзүүлсэн талаараа ч ярьж байсан. Тухайн машиныг маш олон хүн үзээд бүх тохиргоог нь алдагдуулсан байсан. Намайг машины нударган гол руу нь түлхүүрээр хөшүүрэгдэн жийсэн тул хугалсан гэж байна. Энэ гол нь нэг хүн хөлөөрөө жийхэд хугарахаар хэврэг зүйл биш гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Ц.Ггээс эд хөрөнгөд учирсан хохирол 3 454 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар   Аийн нэхэмжлэлтэй,   Гд холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3 454 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ц.Г нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны үеэр миний авто машиныг засаж өгөхөөр ярилцаж машин маань бензин эрэлт тог хаялт зэргийг шалгаж үзээд асаах оролдлого хийсэн. Энэ үеэр мотор дотогш тэсрэлт үүсээд асаж өгөхгүй байсан. Ц.Г үзээд цахилгааны цээж утас шалбарсан байна гээд залгууруудыг шинэчлэн, цаг орой болсон тул тэр өдөртөө засварлаж, маргааш өдөр нь ирээд машины цээж утсыг угсарсан. Энэ үед Ц.Г нь цахилгааны асуудал гээд духны хэсгийг задалсан. Энэ үед тог Ц.Г нь цахилгааны асуудал байхгүй духны гинж сунаснаас араа давсан байх болзошгүй гээд духны хэсгийг задалсан. Энэ үед тог цахилгаан болон клапангийн хэсгийг удирддаг хуваарилах голыг салгаж аваад гэрт орж ирээд би Япон машины духны тохиргооны тэмдгүүдийг мэдэхгүй юм байна гэж хэлэхэд нь би өөр хүнээр тохируулга хийлгэе гэтэл учрыг нь олоод тавьж болох байх гэсэн. Ингээд гэрт ороод байж байтад Ц.Г орж ирээд надад хоёулаа гарч асаая эргүүлээд угсарчихлаа гэсэн тэгээд бид хоёр гарч машиныг асаах оролдлого хийхэд стачер дарангуут мотор гацаж утаснууд залгаасаараа халалт үүсэж утаа гарсан энэ үед Ц.Г цээж утсыг татаж салгасан. Ц.Г нь моторын гацааг гаргах зорилгоор тахир голын үзүүрийн боолтод том түлхүүр хийж хөлөөрөө дэвсэж хийх үйлдэл хийх үед мотор дотор түс түс хийх чимээ гарсан. Энэ үед моторын тогийг авч үзэхэд хуваарилах гол хугарсан байсан. Би Ц.Гд миний машиныг чи санаатайгаар эвдчихлээ, мэдэхгүй бол чи хоёр өдөр дараалан ноцолдож байх шаардлага юу байна гэд маргалдаж байгаад Ц.Гг гэр лүү нь явуулсан. Машин асахгүй болсноос хойш иргэн Ц.Ггээс ажилгүй сул зогсолтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Ц.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд машины сэлбэ олж машиныг бүрэн ажилтай болгож өгнө гэснээр бид хоёр энэ хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулсан. Ц.Г нь гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлээ дахин сэргээсэн. Энэ үед Ц.Г нь би оношилгооны мэргэжлийн хүн авч ирж оношлуулна гэсэн. Ингээд 2020 оны 12 дугаар сард иргэний шүүхэд шаардлага тавихад шүүгчийн туслах оношилгооны төвөөс хүн иртэл хүлээ гэж хүлээлт үүссэн. 2021 оны 5 дугаар сард Ж.У гэдэг хүнтэй хамт Ц.Г ирсэн. Тэр хоёр ирэхдээ хугарсан тахир голыг залгаж гагнасан, цээж утасны залгаасыг янзалсан байдалтай ирсэн. Энэ үед Ж.У гэдэг нь зөвхөн гол, хамгаалагч бүдүүн утсаар хийсэн учраас компьютер шатсан байна. Хуваарилах голыг хөлөөр хийгээд хугарах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Р.З, Ж.У нар онлайнаар оролцож Р.З миний машиныг огт үзэж хараагүй байж хаанаас гарч ирж тайлбар тавиад байгаа юм бэ? Ц.Г өмгөөлөгчийн хамт үйл явдлыг эхнээс нь худлаа тайлбар өгч хэргийг будлиантуулж үйл ажиллагааг зохион байгуулсан. Гэтэл Ж.У, Р.З хоёр үнэлгээний төвийн хүмүүс болохоос оношилгооны төвийн хүмүүс биш байв. Хэрэв мөн байсан бол машины оношилгооны талаарх дүгнэлтээ шүүх хурлын материалд хавсаргаж оруулсан байх ёстой. Мөн өмгөөлөгч Д.Цгийн хэлсэн үг болон дүүргийн татварын албанаас гаргасан хуудсыг ач холбогдолгүй зүйл гэж тайлбарласан. Мөн бусад бүрдүүлсэн материалыг бүрдүүлж бүрхэгдүүлж орхигдуулж нуун дарсан байна. Эдгээр хүмүүс хоорондоо эвсэн хуувилдаж намайг гүтгэснээр шүүх хурлын дүгнэлт буруу гарч иргэн миний эсрэг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хэргийн материалыг дахин хянаж шалгаж, дүгнэлт гаргахыг хүсэж өргөдөл гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Ц.Гд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3 454 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...моторын үнэ 700 000 төгрөг, компьютер 200 000 төгрөг нийт 900 000 төгрөг, олох ёстой байсан орлого 2 500 000 төгрөг, шүүхэд удаа дараа ирж уулзаж байсан, ирэх болгондоо таксигаар ирж очиж байсан унааны хөлс 54 000 төгрөг гэж тайлбарлаж, хариуцагч ...Авто машиныг засаж өгөхөөр оролдсон үйл баримтын талаар маргаагүй, харин .., авто машины компьютер шатсан, нударган гол буюу хуваарилах гол хугарсан нь миний буруутай үйлдлээс болоогүй гэж маргаж байна.

 

Зохигчид хариуцагч Ц.Ггийн буруутай ажиллагаанаас хохирол учирсан эсэх асуудлаар маргажээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх.60-61/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Л.Аийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.А нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Ц.Ггээс шаардах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3 454 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ц.Ггийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж нэхэмжлэгч Л.Аийн машин эвдэрсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй, уг байдлаа нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Баяраа ...хариуцагч Ц.Ггээс эд хөрөнгөд учирсан хохиролд 3 454 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй... гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /хх.108-109/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 103/ШШ2021/00209 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО