Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/163

 

 

 

А.Аид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч А.А,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/1479 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Аид холбогдох эрүүгийн 2308022401961 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А дүүргийн 00 дүгээр хороо, Тоосгоны 0000 тоотод гэртээ байхдаа хамтран амьдрагч Г.Тыг бусадтай хардаж маргалдан зүүн гарыг хөлөөрөө өшиглөж, гарын савх ясыг хугалж зодсон, 2023 оны 6 дугаар сард А дүүргийн 00 дүгээр хороо, Тоосгоны 0000 тоотод хамтран амьдрагч Г.Тыг ажил дээрээ ажлын хүний төрсөн өдрийг тэмдэглээд шөнө 00 цагт гэртээ ирэхэд нь оройтож ирсэн гэх шалтгаанаар үсдэж чирээд гэдэс, нүүр хэсэг рүү өшиглөж зодсон, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр А дүүргийн 00 дүгээр хороо, Тоосгоны 0000 тоотод байхдаа хамтран амьдрагч Г.Тыг бусадтай хардаж гараараа толгой, дух, шанаа хэсэг рүү 3-4 удаа цохиж, газар унагаж толгой дээрээс дэвсэлж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйх, дух, зовхи, шанаа, дал, тохой баруун шанаа чихний дэлбэн, мөр, бугалгад цус хуралт гэмтлийг учруулж буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн тухайн цаг хугацаанд зодооныг болиулах гэж очсон хохирогч Г.Уын толгой руу гараараа 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж авдар мөргүүлж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний биед хөнгөн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлиин 4 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт А-ын А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, өөрийн оршин суугаа газар болох Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас цагдан хоригдсон 28 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 11 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д тус тус зааснаар 229.000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд дахь Төрийн сан банкны 100900020080 тоот дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Рэгзэдмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Хөх овгийн А.Аийг зорчих эрхийг хязгаарлах ялыг Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдпыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Архангай аймгийн нутаг дэвсгэрээс 12 сарын хугацаагаар гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчлагдсан. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумиж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгчийн хувьд Архангай аймгаас гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна.  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалт, мөн шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлагын талаар” хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Улаанбаатар хотод амьдардаг. Миний иргэний үнэмлэх дээрх оршин суух хаягаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч А.А нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А дүүргийн 00 дүгээр хороо, Тоосгоны 0000 тоотод гэртээ байхдаа хамтран амьдрагч Г.Тыг бусадтай хардаж маргалдан зүүн гарыг хөлөөрөө өшиглөж, гарын ясыг хугалж зодсон, 2023 оны 6 дугаар сард гэртээ оройтож ирсэн гэх шалтгаанаар үсдэж чирээд гэдэс, нүүр хэсэг рүү өшиглөж зодсон, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр бусадтай хардаж гараараа толгой, дух, шанаа хэсэг рүү 3-4 удаа цохиж, газар унагаж толгой дээрээс дэвсэлж зодсон,

мөн 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Г.Тыг бусадтай хардаж гараараа толгой, дух, шанаа хэсэг рүү 3-4 удаа цохиж, газар унагаж толгой дээрээс дэвсэлж, эрүүл мэндэд нь “...зүүн чамархайн хуйх, дух, зовхи, шанаа, дал, тохой баруун шанаа чихний дэлбэн, мөр, бугалгад цус хуралт...” гэсэн хөнгөн гэмтэл учруулсан, уг зодооныг болиулах гэсэн Г.Тын эгч Г.Уын толгой руу гараараа 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж авдар мөргүүлэн эрүүл мэндэд нь “...баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн  гэмтлийг учруулсан болох нь:

хохирогч Г.Уын: “…2023 оны 02 дугаар сарын сүүлээр /сар өдрийг нь санахгүй байна/ шөнө түс тас хийх чимээ гарахаар нь босоод хартал А манай дүү Тыг толгой хэсэг рүү гараараа цохиод үснээс зулгааж байхад нь би болиулаад цагдаад дуудлага өгсөн, ...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А дүүргийн 00 дүгээр хороо, Тоосгоны 0000 тоотод байхдаа А нь Тыг өшиглөж зүүн гарыг нь хугалсан байсан. ...би шатнаас унаж гэмтсэн гэж хэлсэн, хүүхдээс нь асуухад Цоож ах шөнө ээжийг зодоод өшиглөөд гарыг хугалчихсан гэж хэлсэн. ...2023 оны 7 дугаар сарын 11-ний өглөө эрт согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хаалга цохиж эвдэх шахам орж ирээд манай дүү Т руу оо, сойзны савтай шилийг авч шидэхэд дүүг оноогүй. ...би босоод боль гэж хэлтэл гараараа миний толгой руу 2-3 удаа цохиод намайг газар унагаачихаад, манай дүү Тыг толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод газар унагаад толгой дээр нь хөлөөрөө дэвсэлсэн. Тэгэхээр нь би чи болиоч ээ гэж хэлэхэд миний үснээс зулгаагаад чирээд хойморт байсан модон авдарыг мөргүүлсэн бөгөөд тэр үед авдрын төмөр цоож хэсгийг мөргүүлэхэд миний баруун талын хөмсөгний дээр задарч цус гарсан. ...” /хх-ийн 11-13/,

хохирогч Г.Тын: “…2023 оны 7 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн үед хаалга үүдээ онгойлгохгүй ямар уддаг юм бэ гэж хэлээд манай эгчийг үсдээд нүүр хэсгээр нь авдар мөргүүлсэн. Дараа нь намайг үсдэж доош дараад толгойгоор газар мөргүүлж, толгой дээрээс хөлөөрөө дэвсэлсэн. ...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр  бусадтай хардаж маргалдаад гэрээсээ гараад явах гэхээр нь би явуулахгүй гэхэд миний зүүн гар руу өшиглөж савх ясыг хугалсан. Тухайн үед гэмтэлд үзүүлсэн, цагдаагийн байгууллагад хандаагүй. ...2023 оны 6 дугаар сарын эхээр А архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд намайг оройтож ирлээ гэж хэлээд үсдэж чирээд, гэдэс, нүүр рүү өшиглөж зодож байгаад яваад өгсөн. ...”  /хх-ийн 18-20/, “...А.Аийг надтай уулзуулахгүй байх ямар арга байна. Намайг байнга дарамталж улмаар Улаанбаатар хотод ирснээс хойш манай гэрт байгаа. Мөрдөгчид эгчийнхээ гэрт байгаа гэж худлаа ярьсан. Мөрдөгч хаягаар ирэхээр гэрээсээ гараад явчихдаг юм. Би хэлэх гэхээр ална, цагдаад гомдолгүй гэж хэл, хоёр хүүхдийн чинь сургуулийг мэдэж байгаа гэх зэргээр дарамталдаг.  …” /хх-ийн 106-108/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8820 дугаартай шинжээчийн дүгнэлт: “…Г.Тын биед зүүн чамархайн хуйх, дух зовхи, шанаа, дал, тохой, баруун шанаа чихний дэлбэн, мөр, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 26-27/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8971 дугаартай шинжээчийн дүгнэлт: “…Г.Уын биед баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 29-30/,

аюулын зэргийн үнэлгээ: “...аюулын зэрэг өндөр...” /хх-ийн 42-44/,

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл: “...хорооны хамтарсан багийн хурлаар хэлэлцэж гишүүдийн 100% саналаар А.Аид хууль журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг дэмжиж байна.  ...” /хх-ийн 45-46/,

гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр:”...Г.Т 68,000 төгрөг, Г.У 161.000 төгрөг...”/хх-ийн 53/,

Гэмтэл согог судлалын үндэсний төв осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 58/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.Аийн:

А дүүргийн 00 дүгээр хороо, Тоосгоны 0000 тоотод гэртээ хамтран амьдрагч Г.Тыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бусадтай хардаж маргалдан зүүн гарыг хөлөөрөө өшиглөж, гарын ясыг хугалж зодсон, 2023 оны 6 дугаар сард гэртээ оройтож ирсэн гэх шалтгаанаар үсдэж чирээд гэдэс, нүүр хэсэг рүү өшиглөж зодсон, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр бусадтай хардаж гараараа толгой, дух, шанаа хэсэг рүү 3-4 удаа цохиж, газар унагаж толгой дээрээс дэвсэлж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэсэн шинжийг,

2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хамтран амьдрагчийг бусадтай хардаж гараараа толгой, дух, шанаа хэсэг рүү 3-4 удаа цохиж, газар унагаж толгой дээрээс дэвсэлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, тус зодооныг болиулах гэж очсон хохирогч Г.Уын толгой руу гараараа 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж авдар мөргүүлж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнд гэмтэл учруулж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн агуулсан байна. 

Анхан шатны шүүхийн А.Аийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч А.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон 2 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон 10 сарын хугацаагаар тус тус оногдуулж шийдвэрлэсэн түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, шинж чанар, зэрэгт тохирчээ.

Харин анхан шатны шүүх А.Аид зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Архангай аймгийн хүрээгээр тогтоосныг эс зөвшөөрөн прокуророос “...шүүгдэгчийн хувьд Архангай аймгаас гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. ...” гэх эсэргүүцэл бичсэнийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Аид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хэт өргөн хүрээгээр Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан зарчимд нийцэхгүй, зорчих эрх хязгаарлах ялын зорилгыг хангахгүй байна.

Шүүгдэгч А.А Улаанбаатар хотод хэдий хугацаанд хаана түр оршин сууж байгаа, хаана, ямар газар ажил хөдөлмөр эрхэлж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тодруулсан зүйлгүй, хэрэгт энэ талаарх баримт цуглуулаагүй, түүний түр оршин сууж байгаа газар, ажлын газар тодорхойгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шүүгдэгч А.Аийн албан ёсны хаяг болох Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тогтоосон болохыг дурдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасан тодорхой үндэслэл бий болсон үед зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж буй ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчилж болохоор хуульчилсан. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд А.Аийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух албан ёсны хаяг болох Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар хязгаарлаж эдлүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж зааснаар шүүх 12 сарын зорчих эрх хязгаарлах ялыг жилд шилжүүлэн шийдвэрлэлгүй “12 сарын ял”-ыг эдлүүлэхээр заасныг “1 жил” гэж өөрчлөхөөр,  

А.Аид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэдэг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан атлаа зорчих эрхийг хязгаарлах ялаар хүлээдэг үүргийг давхардуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн долдугаар бүлгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэглэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай...” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/1479 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч А.Аид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, өөрийн оршин суугаа газар болох Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай. ...” гэснийг “...Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

 тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...12 /арван хоёр/ сарын...” гэснийг /...1 /нэг/ жилийн...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Архангай аймгийн Хайрхан сумын нутагт эдлүүлэхээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А дээрх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. ...” гэснийг, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...” гэсэн хэсгийг, тогтоох хэсгийн 7 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ