| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0063/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/78 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Хохирогч С.Ц,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 1738003410012 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.М.
Шүүгдэгч Э.М нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Эрхэлийн хөндий” гэх газар ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Г.Б-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Эрхэлийн хөндий” гэх газар ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Б-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өөрөө зам тээврийн осол болсон газарт очоогүй учраас юу болсон талаар мэдэхгүй байгаа. Манай талийгаач хүүгийн эхнэр Ц надад хэлэхдээ талийгаачийг Эрхэлийн хөндий гэх газарт байрлах “50 100” цогцолбор барих ажил дээрээ байж байхад одоо зам тээврийн ослоос гайгүй үлдсэн гэх залуу М-н хамт Алаг-Эрдэнэ сум руу авч явсан сурагтай байсан. Алаг-Эрдэнэ сум руу яах гэж ямар ажлаар явсан талаар би мэдэхгүй байна. Үүнийг манай охинд талийгаач хүүтэй маань хамт ажилладаг том М гэх хүн хэлсэн гэсэн. Үүнээс өөр мэдэх зүйл надад байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ очоод байж байхад М ах над руу залгаад “яваад ирсэн юм уу дүү ахдаа ганц шил архитай ирсэн юм уу” гэхээр нь би өөрийн ажлын газрын ах болох Э гэх хүнээс нэг шил архи гуйж аваад М ахын барьж байсан байшин дээр нь очоод М ахад архиа өгсөн. Намайг очиход М ах ажлынхаа хүмүүстэй ажлаа хийж байсан болохоор би архиа өгчихөөд буцаад өөрийн ажил руугаа явсан. Тэгээд би өөрийн ажлын гэрт очоод хэсэг байж байгаад буцаад М ахын ажил дээр нь очсон чинь М ах миний өгсөн архийг задалчихсан, тэр архи нь тал дундаа орчихсон байсан. Тэгээд би тэр архинаас нь уулцаж дуусаад М ах дүүдээ ганц шил архи авч өгнө гээд Алаг-Эрдэнэ сум руу явах болсон. Ингээд М ах машины жолоочийн суудал дээр суугаад би М ахын хажуу талын урд суудал дээр суугаад хөдлөх гэж байхад талийгаач Б ирээд хамт явъя гэсэн. Тэгээд тэр ах М ахын машины хойд талын суудал дээр голлож суугаад явсан. Бид нарыг Алаг-Эрдэнэ сум руу явахад өдрийн хоол болж байсан. Тэгэхээр 14 цаг болж байсан болов уу гэж бодож байна. Ингээд бид нар Алаг-Эрдэнэ сумын төв рүү ороод нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн гадаа зогсоогоод би машинаас буугаад тухайн дэлгүүр рүү шагайсан чинь архи зардаггүй өдөр гээд архиа бүтээсэн байсан. Тэгээд би М ахад архи зардаггүй өдөр гээд архиа бүтээсэн байна гэсэн чинь ахынх нь таньдаг хүн байгаа гээд тэр дэлгүүр рүү орсон. Тэгээд би дэлгүүрийн гадаа зогсож байгаад араас нь яваад орсон чинь худалдагч нь М ахад цаасан хайрцаг дотор хийсэн 0.75 литрийн “Хараа” болон “Болор” нэртэй хоёр шил архи өгч байсан. Тэгээд бид нар Алаг-Эрдэнэ сумаас гарч яваад овоотой зогсоол байхаар нь тэнд зогсож нэг шил 0.75 литрийн “Болор” нэртэй архийг нь уучихаад машиндаа суугаад хөдлөөд явсан. Тухайн үед М ах машинаа бариад би М ахын хажуугийн урд суудал дээр суугаад талийгаач хойд талын суудлыг голлож суугаад хөдөлсөн. Тэгээд би М ахтай жаахан юм ярьж байгаад унтчихсан байсан. М ах надад ярихдаа машиных нь амбальтур болохгүй байгаа Улаанбаатар хот явж янзлуулна, янзлуулахгүй бол хүчгүй байгаа гээд дандаа өндөр хаазтай хурдтай явж байсан. Тэгээд намайг нэг сэрсэн чинь машин онхолдчихсон би машины урд талын суудал дээр суугаа байдалтай байсан. Тэгээд би машинаас яаж гарсан гэдгээ санахгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн чинь би машинаас гарчихсан явж байсан ба манай ажлын хоолны гэр харагдаж байсан. Тэгээд өөрийн ажлын гэр рүү явсан. Намайг ажлын газрын гэрт очиход манай тогооч О эгч байсан. Тэгээд О эгчид юу гэж хэлснээ санахгүй байгаа. О эгч надад хэлэхдээ чи машин уначихлаа гэж хэлсэн гэж байсан. Тэгээд намайг О эгчийн хамт осол гарсан газарт буцаад очиход цагдаа, эмч ирчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн хамт аймгийн төв рүү орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хэрэг гарах үед хэргийн газарт байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан манай талийгаач нөхөртэй хамт ажиллаж байсан том М гэх хүний ярьж байгаагаар 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр том М-г ажил дээрээ байж байхад нь “50 100”-ийн цогцолборын замын ажил хийж байсан бригадын тогооч хийж байсан хүүхэн очиж танайхан тэнд аваарт орчихсон байна гэж дуулгасан байсан. Ингээд хэргийн газар дээр том М, Д гэх залуу хоёрыг очиход жижиг М буюу М нь машинаасаа нэлээд зайтай чичирчихсэн байдалтай сууж байсан. Харин талийгаач машинд дарагдалтай байсан гэсэн бөгөөд би М-с тэгээд та нарыг очиход талийгаач амьд байгаагүй юм уу гэхэд амьд байгаагүй, амьсгал хураасан байсан гэсэн. Харин нөгөө залуу нь хаана ямархуу байдалтай байсан гэдгийг мэдээгүй. Ямар ч л байсан өөрийн ажлын газрын тогоочид очиж мэдэгдсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны хэдний өдөр байсныг нь одоо би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би “50 100” цогцолборын барилга байгууламж барих бригадад ажиллаж байсан. Осол гардаг өдрийн 13 цагийн орчимд бид нар хоолондоо орж байхад манай бригадад ажиллаж байсан Б, М хоёр Алаг-Эрдэнэ сумын төв рүү явсан байсан. Үүнийг би ажлынхаа газрын хүмүүсээс мэдсэн. Тэгээд бид нар хоолоо идчихээд ажилдаа гараад ажлаа хийж байхад 16 цагийн орчимд “Урагшлах” ХХК-ийн тогооч эмэгтэй ирээд танай машин чинь хойхон талд болохоо байчихсан байна гэл үү, онхолдчихсон байна гэл үү нэг юм хэлсэн. Тэгээд манай ажлын газрын портер маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь том М бид хоёр ухасхийж машинд суугаад хэргийн газарт очсон. М бид хоёрыг хэргийн газарт очиход замын зүүн талын 2 ширхэг дүмбэ унасан байдалтай харагдаж байсан бөгөөд цааш яваад очиход том битоны цаана ертөнцийн зүгээр хойш харсан байдалтай М-н машин байсан. Машины хойно 3-4 метрийн зайд М уруугаа харсан байдалтай хэвтэж байсан. Харин талийгаач Б нь аксент маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйн доор эвхэгдэх маягтай доошоо хараад хоёр өвдөг, тохойн дээрээ нүүр нь газарт наалдсан байдалтай байсан. Тэгээд бид хоёр очоод машины баруун талын хойд дугуйны орчмоос хальт өргөөд том М талийгаачийг татаж гаргаж ирсэн. Тэгээд том М талийгаачийн ам хамар дээр нь гараа тавьж үзэх шиг болоод амьсгал хураачихсан юм шиг байна гэсэн. Тэр үед жижиг М буюу М ёолох шиг чимээ гаргасан. Тэгээд байж байтал “Урагшлах” ХХК-ийн тогооч болон М-н машинд сууж явсан гэх залуу хоёр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны хэдний өдөр байсныг нь одоо би сайн мэдэхгүй байна. Би “50 100” цогцолборын барилга байгууламжийн ажил дээр өөрийн төрсөн ах Д ажиллаж байсан. Ингээд өглөө бид нарыг ажилдаа гараад байж байхад М нэг шил архи гаргаж ирээд тойруулаад байсан. Тухайн үед “Урагшлах” ХХК-ийн ажилтан гэх залуу ирчихсэн байж байсан. М-н гаргаж ирсэн архийг тэр залуу авчирч өгсөн юм уу, аль эсвэл М-д өөрт нь байсан үгүйг би мэдэхгүй байна. Ингээд бид нар наад архиа боль гэж хэлчихээд өөрийн ах Д, хамт ажиллаж байсан Б нарын хамт ажилдаа гараад байж байтал нэг их удалгүй М, талийгаач нар араас ирээд бид тав ажлаа хийсэн. Ингээд осол гардаг өдрийн 13 цагийн орчимд бид нар хоолондоо орсон ба бид нарыг хоолонд орж байхад “Урагшлах” ХХК-д ажилладаг залуу дахиад ирчихсэн байгаа харагдсан. Тэгээд нэг мэдсэн чинь М, Б нар байхгүй болчихсон байсан. Тэгээд Д ах, Б бид гурав хоолоо идэж дуусчихаад ажилдаа гараад ажлаа хийж байхад “Урагшлах” ХХК-ийн тогооч хүүхэн ирээд танай хоёр хүн чинь машинтайгаа унасан байна гэж хэлсэн. Тэгээд Д ах бид хоёр портер машинаа асаагаад хэргийн газар руу явсан. Д ах бид хоёр хөдлөхийнхөө өмнө эмнэлэгт дуудлага өгсөн чинь дуудлагыг авсан байгаа одоо манай эмч гарах гэж байна гэсэн. Тэгээд Д ах бид хоёр осол гарсан газарт очсон ба бид хоёрыг осол болсон газарт очиход М машиныхаа хойд талд 3 орчим метрийн зайд уруугаа харсан байдалтай хэвтэж байсан. Харин талийгаач Б нь машины баруун хойд талын дугуйн дор толгой хэсгээрээ дарагдсан байдалтай байсан. Тэгээд машин хойд талаараа битонон дээр тээх маягтай зогссон байхаар нь Д ах бид хоёр талийгаачийг дарсан хэсгийг хальт өргөөд би талийгаачийг татаж авсан. Тэгээд байж байтал Алаг-Эрдэнэ сумын цагдаа, эмч хоёр ирээд талийгаачийг үзээд нас барчихсан байна гэсэн. ...Хэргийн газарт очиход талийгаач Б нь тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйн дор толгойгоороо дарагдсан байдалтай нүүр нь доошоогоо харсан, хоёр гарынхаа тохойгоор газарт тулсан маягтай байсан. Тэгээд би хэргийн газарт очоод аксент маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйн дээд хэсгээс өргөж талийгаачийг гаргах гээд даахгүй байсан. Тэгээд манай ах Д хамжиж өргөөд би нэг гараараа талийгаачийн толгойг машин доороос татаж гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53, 174 дүгээр хуудас/,
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байсан санагдана. Тухайн үед би “Урагшлах” ХХК-ийн тогоочийн ажил хийж байсан юм. Ингээд намайг тус өдрийн 16 цагийн барагцаанд хоол хийх гээд гурилаа хэрчиж байхад манай байгууллагын ажилчин Э амьсгаадсаар гүйж ирээд хоол хийдэг гэр рүү орж ирсэн. Тухайн үед Э-н баруун талынх нь шанаа нь шалбарчихсан байсан ба би Э-с чи яасан бэ хүн амьтантай зодолдсон юм уу гэсэн чинь хажуу талын байшин барьж байгаа хүмүүсийн хоёр нь машинтай явж байгаад аваарт орчихлоо гэсэн. Э-г хоол хийдэг гэрт орж ирэхэд би ганцаараа байсан. Тэгээд би машинаа асаагаад Э-г машиндаа суулгаад замаараа нөгөө байгууллагын байшин барьж байсан хүмүүс дээр нь очиж та нартай хамт ажиллаж байсан хоёр хүн чинь аваарт орчихсон юм шиг байна гэж хэлчихээд цаашаа явсан. Тэгээд онхолдсон машины жолоочтой хамт ажиллаж байсан хоёр залуу нь портер маркийн машинаа асаагаад хөдөлсөн. Тэгээд хэргийн газарт намайг очихоос өмнө очсон байсан. Намайг хэргийн газарт очиход онхолдсон машины хажууд хоёр хүн хэвтэж байсан. Би айгаад машинаасаа буугаагүй учраас сайн харж чадаагүй. Тэгээд би хэсэг байж байгаад харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 138 дугаартай:
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 642 дугаартай: “...7. Э.М-н биеэс авсан гэх хуруу шилэнд хийсэн 2 мл шингэн цуснаас 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай:
1. Шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 133 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй болно.
2. Талийгаач Г.Б нь нүүр хэсгээрээ доош харж тээврийн хэрэгслийн дугуй толгой дээр дарсны улмаас хөдлөх боломжгүй болж амьсгалын дээд зам дарагдаж, амьсгалах боломжгүй болсны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас барсан байна. Энэ нь хэргийн материал, гэрчийн мэдүүлэг, биед учирсан гэмтэл, дотор эрхтэнд гарсан өөрчлөлтүүдээр батлагдана.
3. Талийгаач Г.Б нь нүүр хэсгээрээ доошоо харж тээврийн хэрэгслийн дугуй толгой дээр нь дарагдаж амьсгалын дээд зам хаагдсан үед 5-6 минут амьд байх боломжтой. Талийгаач Г.Б-д 1-2 минутын дотор анхан шатны тусламж үзүүлсэн бол амь насныг аврах боломжтой байсан гэх дүгнэлт /хх-ийн 183 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 543 дугаартай:
1. Г.Э-н биед гэмтэл тогтоогдлоо.
2. Г.Э-н биед хүзүүний нэг нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун шуу ясны сэтэрсэн хугарал, баруун мөр, дух, хамар, зулайд зулгарсан шарх бүхий гэмтлүүд учирсан байна.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
4. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Гэмтлээс үүдэлтэй сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжний хэмжээ нь 1 мл хэмжээтэй байх ба шинжилгээ хийхэд хүрэлцэхгүй байна. Этилийн спиртийн агууламж илрүүлэх шинжилгээнд 2 мл-ээс дээш хэмжээний цус хэрэглэгддэг болно гэх дүгнэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч Г.Мягмарсүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай:
1. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа сонгож яваагүйгээс зам тээврийн осол болсон гэж үзэв.
2. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бүрэнтогтох сумын “Эрхэлийн хөндий” гэх газрын засмал замд хөдөлгөөнд оролцож явсан аксент маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
3. Уг осол: Жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна.
4. Зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.
5. Зам тээврийн осол болоход тээврийн хэрэгслийн эд анги, ачаа тээш нөлөөлсөн гэж үзэхгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 11-17 дугаар хуудас/,
Автомашин үнэлсэн тайлан /хх-ийн 105 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.М нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Эрхэлийн хөндий” гэх газар ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Б-н амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүйгээр мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтат мэдээллээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.М-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.М-г хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолгохоор яллаж байх боловч шүүхээс шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ болон түүний хувийн байдал “ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, өрхийн орлогүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх” гэх Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 116 дугаар хуудас/, уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.М нь хүнд гэмтэл авсан /Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 642 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/, Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн компьютерт томографийн дүгнэлт /хх-ийн 117 дугаар хуудас/ зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой байна.
Шүүгдэгч Э.М нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц-н оршуулгын зардалд нэхэмжилсэн 4.200.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь:
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Э.М-н Төрийн банкны ... дугаартай данснаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц-н ХААН банкны ... дугаарын данс руу 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 118 дугаар хуудас/,
2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн С.Ц-н .... дугаарын данс руу 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 194 дүгээр хуудас/ зэргээр,
Хохирогч Г.Э, шүүгдэгч Э.М нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан: “Г.Э нь өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлыг баримттай, бүрэн, үнэн зөв илэрхийлж тооцон нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийн үнийн дүн болох 700.000 төгрөгийг зөвшөөрч, сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. Г.Э нь Э.М-д гомдолгүй, цаашид дээрх гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийгдсэн тохиолдолд баримтаа бүрдүүлэн талуудын зөвшилцлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба зөвшилцөлд хүрээгүй бол иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцов..” гэх эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд ирүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Харин иргэний нэхэмжлэгч С.Ц-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Надад оршуулгын зардал 4.200.000 төгрөгийг Э.М нөхөн төлсөн. Сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх боловч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, тодорхой тооцоо хийх боломжгүй байна.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц нь сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийн хохирлоо, хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.М-с нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.
Эрүүгийн 1738003410012 дугаартай хэрэгт шүүгдэгч Э.-н эзэмшлийн Хьюндай аксент маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Э.М-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738003410012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дахь хэсгийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.М-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч С.Ц нь сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Э.М-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-н гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Хьюндай аксент маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.М-д буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР