Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2025/0002

 

 

 

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

            Даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн 

            Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Сайхантуяа

                                                     шүүгч Т.Энхмаа       

            Нэхэмжлэгч “Эрэл” ХХК

            Хариуцагч Монгол Улсын Засгийн газар

            Нэхэмжлэлийн үндсэн шаардлага: “2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаартай албан бичигт хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/2009 дүгээр "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төслийн тухай албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" 121 дүгээр тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 19 дүгээр тушаалд тус тус заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” 

            Нэмэгдүүлсэн шаардлага: “Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн "Үндэсний хөтөлбөр батлах тухай" 202 дугаар тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, Барилга хот, байгуулалтын сайдын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаар тушаал, түүний хавсралтын 4.1.3.9-д заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах”

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, Б.Т*******, Б.С*******, А.Э*******, иргэдийн төлөөлөгч Б.О*** нар оролцов.

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

              Хэргийн индекс: 221/2024/0015/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ:

            “...1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" байгуулагдсан. Улаанбаатар хотын 80 орчим хувийг барьж байгуулсан арвин түүхтэй үйлдвэр бөгөөд 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаанаас "Эрэл" ББХК худалдан авч, 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 407 тоот гэрчилгээгээр өмчлөх болсон түүхтэй.

“Эрэл” ХХК 2013 оныг хүртэл "Байшин үйлдвэрлэх комбинат-1" үйлдвэрээ хэвийн ажиллуулж жил бүр 200-500 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж ирсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Б*******ээс 2013 онд “Хөгжлийн төлөө түншлэл" нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт нэртэй уулзалтад хүрэлцэн ирнэ үү гэх урилгыг "Эрэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал, /тухайн үед/ хувьцаа эзэмшигч Б.Э*******ад өгч, М, түүний хувьцаа эзэмшигч Засгийн газар бидний харилцаа эхэлсэн. Уулзалтад Засгийн газрын төлөөллүүд болон нийслэлийн Засаг дарга нар оролцон "Улаанбаатар хотын хотжилтын ерөнхий төлөвлөгөө", "Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар” ярьж, Улаанбаатар хотын 184.000 өрх гэр хороололд амьдарч байна, үүнээс шалтгаалж хотын экологийн тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа тул гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, гэр хорооллыг барилгажуулбал иргэдийн амьдарч буй агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдалтай орчин өөрчлөгдөж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах" эрхээ эдлэх нөхцөл бүрдэнэ хэмээн танилцуулга хийж манай "БҮК-1" үйлдвэрт зориулан бэлдсэн тооцоо судалгаатай сэтгүүл маягийн баримт, материалыг албан ёсоор гардуулан өгч байв.

 Монгол Улсын Засгийн газар 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон улсын зах зээлд урт хугацаатай,  4.1-5.1 хувийн хүүтэй "Чингис бонд"-ыг /нийт 1.5 тэрбум доллар/ гаргасан. Түүнчлэн 2011 оны Мны тухай хуулиар Засгийн газар шинэхэн банк байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү банк эдийн засаг, нийгэм, экологийн томоохон төслүүдэд стратегийн хөрөнгө оруулалт хийнэ, тус банк үндэсний гэх үйлдвэрүүдийг дэмжиж хугацаагүй, хүү бага, барьцаа хөрөнгөд тавих шаардлага уян хатан зээл олгоно, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд манай оронд байгаа үйлдвэрүүдийн хүчин чадал дутагдалтай тул "Эрэл" ХХК өөрийн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" үйлдвэрийг шинэчлэн дээрх ажлыг монгол орны хөгжил, иргэдийн сайн сайхан, нийгэм нийтийн төлөө хийж гүйцэтгэхийг хүсэж байна хэмээн манай компанид Монгол Улсын Засгийн газар хүсэлт тавьсан.

Тухайн хуралдаан дээр "Хот байгуулалт хамтын ажиллагаа 2013" нэртэй сэтгүүлийг танилцуулж, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хөрөнгө оруулагч, хотын захиргаа хамтран гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн хангамжтай тохилог амины сууцны болон орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ, 21-р зуун, шинэ зууны хот тосгон, дахин төлөвлөлтийн газруудыг танай үйлдвэрийн барилга барихад зориулан өгөх болно гэж байлаа.

2011 оны Мны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Х нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална", 10 дугаар зүйлийн 10.1-т "Хнаас сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна” 10.1.1-т “Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах”, 10.1.2-т “төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх”, 10.1.3-т “эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх”, 10.1.4-т “зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.5-т “төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөд тооцсон байх" гэх бүхий шалгууруудыг танай байгууллага хангаж байна гэсэн.

Түүний дагуу Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч хүүгүй, хугацаа хамааралгүй, барьцаа уян хатан зээлийг авч “Хөгжлийн төлөө-нийгэм нийтийн хариуцлагатай хөрөнгө оруулалт”-ыг хийж Засгийн газар, төртэйгөө хамтран ажиллахыг зөвшөөрч, дэмжсэн.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай" 28/20 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих тухай" 171, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Бодлогын зөвлөл байгуулах тухай" 179 дугаар тогтоолд тус тус заасны дагуу Бондын зөвлөл гэгчээр төслөө танилцуулсан бөгөөд бидний төсөл, үйлдвэрийн ТЭЗҮ-г дэмжиж зээл олгож, "Байшин үйлдвэрлэх комбинат"-1 үйлдвэрийг шинэчлэх төслийг эхлүүлэхээр тогтоол гарсан.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээрх зөвлөмжийн хоёрдугаар зүйлийн 1-т "Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Улсын Их Хурлын даргад бичгээр танилцуулж байх", хоёрдугаар зүйлийн 4-т "Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 1/3-ээс хэтрэхгүй байх” гэсэн заалт, Бондын зөвлөлөөс гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Засгийн газар хуралдаанаар "Эрэл" ХХК-ийн 42.3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өртөг бүхий төслийн 1/3 буюу 14 сая ам.долларыг олгохоор 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаар тогтоол гарсан.

Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн "Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай"  180 дугаар тогтоолд "Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 (арван дөрөв) сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б***т даалгаж, Хны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Ш***)-д зөвшөөрсүгэй” гэжээ.

 Энэхүү тогтоол гармагц үйлдвэр шинэчлэх ажил маань эхэлж бид үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмжөө буулгаж эхэлсэн. Ингээд М Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж 14 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлээ олгохоор тус банк Засгийн газрыг төлөөлж Барилга, хот байгуулалтын яамнаас зээл төлөх баталгаа шаардахад, сайдаас Минд 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн "Байшин үйлдвэрлэх комбинат 1-ийн тухай” 1/2009 дугаар албан бичгээр "Улаанбаатар хотод 184.000 айл өрхийг орон сууцаар хангаж ажлын хүрээнд жил бүр 150.000 м2-аас доошгүй талбай бүхий олон нийт, орон сууцны барилга байгууламжууд, 5000 айлын амины орон сууцыг тус үйлдвэрт захиалан тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах болно" гэсэн баталгаа гаргаж өгсний дагуу 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу Засгийн газрын тогтоол гарснаас хойш 3 сарын дараа зээлийн гэрээг байгуулсан.

            Монгол Улсын Засгийн газрын тогтоол 14 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг зээлэхийг зөвшөөрсөн ч уг тогтоолыг зөрчин бидэнд ам.долларын зээлийг олгосон, бид төгрөгийн зээл авах хүсэлтээ тухайн үед тавьж байсан ч үйлдвэр шинэчлэлтийн ажлын хугацаа хойшилж байсан тул арга буюу зээлийг ам.доллараар авсан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны тогтоолоор “төслийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хнаас, гуравны хоёрыг бусад эх үүсвэр болон компани өөрөөсөө гаргана” гэж заасны дагуу бид үлдэх санхүүжилтийг олох шаардлага гарсан тул "Эрэл" ХХК-ийн зүгээс ХБНГУ-ын Коммерзбанк /Commerzbank/-aac зээл хүсч олон удаа хандаж, герман улс руу төлөөлөгч нар очиж уулзалт хийж, тоног төхөөрөмж худалдан авахаар тохирсон байсан, ХБНГУ-ын Ибави /EBAWE/ компани мөн Коммерзбанк-д хүсэлт гаргасны дагуу Коммерзбанк "Эрэл" ХХК-д 13.115.000 еврогийн зээл олгохоор болсон.

Коммерзбанкны зүгээс Худалдаа х, Голомт банкаар дамжуулан зээлийг өгнө гэхэд Мнаас  нэг төслийн хяналтыг 2 тусдаа банк хийж болохгүй, хэрэв өөр банкаар дамжуулан зээл авах бол бид олгосон 14 сая ам.долларын зээлийн гэрээг цуцлах болно гэсэн.

Тиймээс бид Коммерзбанк-д хүсэлт гаргаж, Монгол Улсын Засгийн газраас Коммерзбанк-д "М" ХХК бол төрийн мэдлийн банк, тиймээс дамжуулан зээлээ олгож өгнө үү хэмээн хүсэлт гаргасаны дагуу зээлийг дамжуулан олгохоор болсон. Ингээд Монгол Улсын засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн "Зээл авах зөвшөөрөл олгох тухай" 113 дугаар тогтоол гарсан. Коммерзбанкаас "Эрэл" ХХК-д олгохоор тохирсон зээлийг М өөрийн дансаар дамжуулан зээлдүүлэхдээ Коммерзбанктай "Эрэл" ХХК тохиролцсон байсан зээлийн хүүг 2.5 дахин нэмэгдүүлэн гэрээ байгуулахыг тулган, хэрэв зээлийн хүүг өндрөөр тохирч зээл авахгүй бол бид зээлийг дамжуулж олгохгүй, өмнөх гэрээг цуцална хэмээн төсөл хэрэгжиж эхэлсэн байхад аргагүй байдалд оруулан З-БҮК-ХО 2014-49 дугаартай гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулан зээлийг дамжуулан олгосон.

Ингээд төсөл хэрэгжиж байх шатанд БҮК-1 төслийн анхны төсөвт өртөг болох 43.2 сая ам.доллар 68.6 сая ам.доллар болж нэмэгдсэнтэй холбогдуулан Хнаас зээлийн эх үүсвэр нэмж олгуулахаар арилжааны банкны гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хуралдаанаар хэлэлцээд 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд "Шийдвэрлэсэн нь:

1.Төслийн өртөг нэмэгдсэн үндэслэлийг нягтлан шалгаж, мэргэжлийн шинжилгээ, дүгнэлт гаргуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Ц***, Х-нд, 2.Төслийн төсөвт өртгийн талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн нэмэлт санхүүжилтын асуудлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Хны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав” гэжээ.

Үүнийг хэрэгжүүлэн Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 1 дүгээр сарын 10-ны 2/33 дугаар төсөвт өртгийн дүгнэлтийг Хны Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн байдаг бөгөөд нийт төслийн төсөвт өртөг 68.6 сая ам.доллар болж нэмэгдсэн. Ийнхүү нэмэгдсэнтэй холбоотой Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу 1/3 нь 25.4 сая ам.доллар болж өссөн. Монгол Улсын Засгийн газраас 14 сая ам.долларыг олгосон байсан бөгөөд 25.4 сая ам.долларын зөрүү болох 6.8 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэх үүрэг Монгол Улсын Засгийн газарт бий болсон.

"Эрэл" ХХК-ийн зүгээс гадаад эх үүсвэрээс татан төвлөрүүлэх зээлийг олохоор Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкинд хүсэлт тавьсны дагуу зээл олгох зөвшөөрөл олгосон. Мөн л Монгол Улсын хаар дамжуул гэсэн шаардлагын дагуу дамжуулахаар болсон. Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн "Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай" 319 дүгээр тогтоолоор Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкинд 20.0 (хорь) хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, улмаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3-БҮК-ХО 2015-82 дугаар гэрээ байгуулан 9.0 сая ам.долларыг зээлсэн.

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөл маань хэрэгжиж, төсөл дуусахад тун ойрхон болсон бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны зөвлөмжийн дагуу 68.6 сая ам.долларын төсөвт өртөгтэй төслийн гуравны нэг буюу 25,4 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс буюу М санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсан билээ. Үүний дагуу үлдэгдэл болох 25.4 сая ам.доллараас 14.0 сая ам.долларыг хасаж үлдсэн 8.9 сая ам.долларын санхүүжилтыг Мнаас авч байж төсөл хэрэгжиж "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөл дуусах байв.

Бидний зүгээс "М" ХХК, Монгол Улсын Засгийн газарт удаа дараа хүсэлт тавьж байсан боловч үүргээ биелүүлэхгүй, санхүүжилтыг олгохгүй байсаар байв. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын "Төслийн нэмэлт санхүүжилтын тухай" 254 дугаар тогтоол гарч төслийн нэмэлт санхүүжилтэд зориулж 6.3 сая хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээтэй зээл төгрөгөөр олгохыг зөвшөөрсөн юм.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэлгүй өдийг хүрч байгаа бөгөөд "М" ХХК-ийн "Эрэл" ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэр ашиглалт орж чадалгүй их цаг хугацаа, хөрөнгө, өр, зээлэнд орж хохирсоор байгаа юм.

"Эрэл" ХХК "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төслийг хэрэгжүүлж дуусгахад шаардлагатай хөрөнгийг бусад эх үүсвэр буюу өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэн босгож, үйлдвэр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орсон Тухайн үед "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөл амжилттай хэрэгжсэнийг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч нар үнэлэн Монгол Улсын төрөөс жилд нэг удаа олгодог Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал "Төрийн гэрэгэ" зэрэг бүхий л шагналыг авсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхийг байнга шаардаж байгаа бөгөөд хэрэв 6.3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг олговол бид өөрсдийн нөөц бололцоогоор үйлдвэрлэл явуулж зээлээ төлөх боломжтойгоо илэрхийлэхэд “…үйлдвэр тань нэгэнт ашиглалтад орсон тул эргэлтийн хөрөнгийн зээл олгохгүй…” гэх хариу өгч байв.

"Эрэл" ХХК-ийн зүгээс "М" ХХК болон зуун хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг үүргээ биелүүлж захиалга өгөх, үлдэгдэл санхүүжилтыг шаардахын зэрэгцээ төслийг дэмжих, хөрөнгө оруулах хүсэлтэй Олон Улсын банк, санхүүгийн сангуудаас хөгжлийн зээлийн эх үүсвэрийг судалж Маар дамжуулан зээл авах асуудлуудыг судалж байсан. Түүний дагуу Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын Nima Management consultants байгууллагаас эргэлтийн хөрөнгийн зээлийг Маар дамжуулан авахтай холбоотой уулзалтыг товлож хамтран уулзах хүсэлтийг 2018 оны 1 дүгээр сард 22 дугаар албан бичгээр Мны гүйцэтгэх захирал Б.Бт хүргүүлэхэд гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Л.Т***д асуудлыг хариуцуулсан. Л.Т*** захирал Б.Э***ат бид хамтдаа сангийн удирдлагуудтай хамтран 3 удаагийн цахим хурал хийсэн. Уулзалт дээр Nima Management consultants байгууллагын зүгээс 500 саяас 1.0 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг олгох боломжтой гэхэд Л.Т захирал манай улс Олон Улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан тул 250.0 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг дамжуулан олгож болох юм. Бид судлаад хариу мэдэгдье гээд таг алга болж бас л биднийг хохироож, биднээс гаргасан хүчин чармайлтыг талаар болгон М хамтран хэрэгжүүлж буй төсөл, олгосон зээлийг төлүүлэхтэй холбоотой бүхий л ажлуудыг гацааж, хэрэгжүүлэлгүй байснаар бидний зээлээ төлөх боломжийг маань хаасан.

"Хот байгуулалт хамтын ажиллагаа 2013" нэртэй сэтгүүлийг манай "Байшин үйлдвэрлэх комбинат-1" үйлдвэрт зориулан танилцуулж, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хөрөнгө оруулагч, хотын захиргаа хамтран гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн хангамжтай тохилог амины сууцны болон орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ, дахин төлөвлөлтийн газруудыг танай үйлдвэрийн барилга барихад зориулан өгөх болно гэж дурдаж байсны дагуу "Эрэл" ХХК-д Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга орчим ХЕТ-2013-3 багцын Б хэсэгчилсэн талбайн 39.7 га, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МҮОНРТ-ийн орчим ХЕТ-2013-4 багцын А, Б хэсэгчилсэн талбайн 27 га газарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах талбайг олгосон байсан. Үүний дагуу барилгын ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцөлийг авч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулан маш их хэмжээний зардал гаргасан.

Тухайн төсөл хэрэгжүүлэх талбайн эрхийг захиалгын хөрөнгөгүйгээс цуцалсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны ажлын хэсгийн 3 дугаар хуралдааны шийдвэрээр зээл олгох талаар Хинд хандаж, тус банкнаас банкнаас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 3/465 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг дарга С.А***д саналаа хүргүүлж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд "Эрэл" ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Чингэлтэй дүүргийн 7, 8-р хороо, Баянгол дүүргийн 11-р хороо дахь орон сууцны хорооллын барилгын төсөлд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран ажиллаж, айл өрхийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх тохиолдолд Мнаас зээлийн санхүүжилтийг тус банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой" гэсэн хариу өгснөөр дахин төлөвлөлт хийх төслийн газрын эрхийг сэргээв.

"М" ХХК, түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар үүргээ зөрчсөнөөс үйлдвэр төслийн хөрөнгөгүй, захиалгагүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа талаар 2016 оноос хойш жил бүр бид Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Засгийн газар, Хинд мэдэгдсээр ирсэн. Бид зөвхөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж хэрэгжүүлж байгаагүй бөгөөд "БҮК-1" үйлдвэрийн угсармал хийц эдлэлээр батлагдан магадлан хянагдсан барилгын зураг төслүүд, Монгол Улсын газар хөдлөлтийн 7-9 баллын стандартын тооцооллыг хийж, Монгол Улсын эрс тэс уур амьсгалд +40-өөс -50 хүртэлх хэмд дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй, улирал харгалзахгүй үйлдвэрлэн барихтай холбоотой ОХУ-ын тэргүүлэгч институт “ЦНИИЭП ЖИЛИЩА” зэрэг байгууллагуудтай хамтран 5 жилийн судалгаа хийж 8866 дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн "Цомог батлах тухай" 52 дугаар тушаал /7-9 баллд стандарт/, тус цомгийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4330 дугаарт бүртгүүлэв.

Тухайн төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" 121 дугаар тогтоолын хавсралтын 2.87-1-д "2017 онд Угсармал барилгын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, 2018 онд Угсармал хийц, бүтээцийн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх, 2019 онд Угсармал барилгын үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрэх, 2020 онд Барилгын үйлдвэрлэл жилийн турш үргэлжлэх нөхцөл бүрдэх" гэж орсон.

 Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн "Үндэсний хөтөлбөр батлах тухай" 202 дугаар тогтоолын хавсралтын 4.1.3-9-д "Улаанбаатар хотод иргэдийн худалдан авах чадварт нийцсэн эко орон сууцны төслийг хэрэгжүүлж 10,000 айлын орон сууцыг үе шаттайгаар барьж ашиглалтанд оруулна. Улсын төсвөөс 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ. 2020 онд 2500 айл, 2021 онд 2500 айл, 2022 онд 2500 айл, 2023 онд 2500 айл, Төсөл хэрэгжүүлэгч: Э” гэж заасан.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн "Төлөвлөгөө батлах тухай” 125 дугаар тушаалын дагуу хийгдэх ажлын төлөвлөгөө, төсөв бүхий Засгийн газрын тогтоол шийдвэрүүдэд тусгагдсан томоохон төсөл бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Засгийн газар, түүний харьяа бүхий байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.

Дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоол, зээлтэй холбогдох арга хэмжээг авах үүргээ биелүүлэхгүй байгаатай нь холбогдуулан сар бүр, улирал бүр, жил бүр шаардлага хүргүүлэн ажиллаж байсан. Түүнчлэн бидний зүгээс зүтгэл гарган төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллахаар олон зуун хүсэлт гаргаж байсан. Барилга, хот байгуулалтын сайдын Хинд хүргүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн "Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах тухай" 01/3484 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Хинд хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" 02-01-3806 зэрэг бичгүүдээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллахыг бүхий л төрийн байгууллага, Засгийн газар дэмжсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.З***т хүргүүлсэн "Санал хүргүүлэх тухай" 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн А-1/4125 албан бичигт:

1."Байшин үйлдвэрлэх комбинат"-1 төслийн зээл, хуримтлагдсан зээлийн хүүгийн эргэн төлөлт болон санхүүжилтийг нарийвчлан судалсаны үндсэн дээр төслийн зээлүүдийг хөрөнгө оруулалт болгон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

2."Байшин үйлдвэрлэх комбинат"-1 үйлдвэрийг төрөөс зохих түвшинд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дэмжиж ажиллах,

3."Эрэл" ХХК-ийн "Байшин үйлдвэрлэх комбинат"-1 төслийн санхүүжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг Х, Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох байгууллага хамтран хэрэгжүүлэх гэсэн.

Ийнхүү дээрх албан бичгүүд, хүсэлтүүдийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын /Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.О***/ 2019 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 19 дугаар тушаалаар Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоол, 2014 оны 113 дугаар тогтоол, 2016 оны 254 дүгээр тогтоолын хэрэгжилтийг судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 4 удаагийн хуралдаан хийж төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах саналыг М Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг даалгасан боловч ямар нэгэн санал гаргалгүй ажлын хэсгээс өгсөн үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй байсаар өнөөдрийг хүрээд байна.

Түүнчлэн 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах "150 мянган айл-орон сууц" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Буянт-Ухаад "Залуус-1" хорооллыг эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.О*** шийдвэрлэж, Барилга, хот байгуулалтын яам "Байшин үйлдвэрлэх комбинат-1" үйлдвэрийн хийц эдлэлээр барилгын ажлын зургийг магадлан итгэмжлэл авсан боловч Засгийн газар хөрөнгөгүй болсон гэх шалтгаанаар зогсоосон байдалтай байна.

            …иймд "Эрэл" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар албан бичигт хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төслийн тухай 1/2009 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" 121 дугаар тогтоолын хавсралтын холбогдох хэсэг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн "Үндэсний хөтөлбөр батлах тухай" 202 дугаар тогтоолын хавсралтын холбогдох хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 3 дугааp сарын 1-ны өдрийн 19 дугаар тушаалуудад заасан үүргээ биелүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “...Нэг. “Э" ХХК-ийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Од хандан "Шаардлага хүргүүлэх тухай" 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Г*** 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ХЭГ/116 дугаартай "Шаардлагын тухай" албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлсэн. Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах шинжээч А.Э*** уг шаардлагыг судлан үзэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т "Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина" гэсний дагуу тус яамнаас Ханд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/2282 тоот албан бичгээр хүргүүлсэн дүгнэлтийн мөрөөр тус банкнаас гарах шийдвэрийг хүлээж хүсэлтийг түр хаасан.

Ингээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т "Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ", 5-д "Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасны дагуу тус албан бичигт дурдсан 99034297, 99113209 дугаарын утсанд удаа дараа холбогдсон боловч дуудлага аваагүй тул компанийн захирал асан н.Э*******тай утсаар нь холбогдоход буцаад ярья гэж хэлээд дахин холбогдоогүй тул вайбер чатаар нь "Энэ бичгийн талаар ярилцах шаардлагатай байна" гэсэн мессэжийг үлдээсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 180, 2014 оны 113, 2015 оны 319 дүгээр тогтоол гарч, "Эрэл" ХХК-ийн "БҮК-1" төсөл Хтай гэрээ байгуулан 23 сая ам.доллар, 13,5 сая еврогийн зээл авч, жилд 150.000 м³ бетон эдлэл үйлдвэрлэх үйлдвэр байгуулсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамнаас дараах бодлогын дэмжлэг үзүүлсэн. Үүнд:

1.Тус төслөөр үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг ижил нэрийн импортын бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор Засгийн газрын 2016 оны 185 дугаар тогтоолоор импортын барилгын бусад угсармал хийц, хэсэглэлийн гаалийн татварын хувь хэмжээг 20% болгон нэмэгдүүлсэн,

2.Тус төслөөр үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор "Угсармал төмөр бетон том хавтгаалжин хийц, бүтээцийн хэсэглэлийн цомгийн бүрдэл"-ийг боловсруулан Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тушаалаар баталсан,

3.Тус төслийн хэрэгжих бодит чадавх, бүтээн байгуулалт хийх боломжийн талаар судалж дүгнэлт гаргах ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр тушаалаар байгуулан дүгнэлт гаргаж, Ханд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/2282 тоот албан бичгээр хүргүүлсэн.

4.Тус компаниас гаргасан хүсэлт, албан бичгүүдийг тухай бүр холбогдох байгууллагуудад дэмжин уламжилж, шийдвэрлэн ажилласан.

Хоёр. Мөн нэхэмжлэлийн шаардлагын удаах хэсэгт "Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/2009 дугаар "Байшин үйлдвэрлэх комбинат-1"-ийн тухай албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" 121 дүгээр тогтоолын хавсралтын холбогдох хэсэг, 2019 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн "Үндэсний хөтөлбөр батлах тухай" 202 дугаар тогтоолын хавсралтын холбогдох хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 19 дүгээр тушаалуудад заасан үүргээ биелүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах" шаардлага гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д заасанд хамааруулалгүйгээр хэт ерөнхий байдлаар тодорхойлсон байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай" 19 дүгээр тушаалыг "Эрэл" ХХК-иас Хны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" (БҮК-1) төслийн дагуу ашиглалтад орсон угсармал барилгын үйлдвэрийг Засгийн газартай хамтран цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулахаар тавьсан хүсэлтийн дагуу гаргасан бөгөөд ажлын хэсгийн зорилго нь "Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай" Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоол, "Зээл авах зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоол болон "Төслийн нэмэлт санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолын хэрэгжилтийг судлан дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэгтэй байсан.

Дээрх шийдвэрүүдийн хүрээнд "Эрэл" ХХК нь "Байшин үйлдвэрлэх комбинат-1" (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд зориулж 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 14.0 сая ам.долларын зээл, 2014 онд ХБНГУ-ын Коммерзбанкны эх үүсвэрээс 13.115,000 еврогийн зээлийг Хаар дамжуулан авсан.

"Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолын хүрээнд "Эрэл" ХХК нь Хаар дамжуулан Олон Улсын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс 9.0 сая ам.долларын зээл авсан, “Төслийн нэмэлт санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолоор "Эрэл" ХХК-ийн хэрэгжүүлж байгаа "Байшин үйлдвэрлэх комбинат-1" (БҮК-1) төслийн нэмэлт санхүүжилтэд зориулж 6.3 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээтэй төгрөгийн зээлийг Хнаас урьд олгосон зээлийн зарцуулалтын тайлан болон бусад шаардлагатай материалыг бүрдүүлсний үндсэн дээр олгох асуудлыг шийдвэрлэсэн.

"Эрэл" ХХК нь Хинд дээр дурдсан зээлүүдийн эргэн төлөлтийг огт хийгээгүй бөгөөд Хны зүгээс зээлийн хугацааг 2026 он хүртэл сунгасныг "Эрэл" ХХК-иас Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолын дагуу эргэлтийн хөрөнгийн зээл олгогдоогүй гэсэн үндэслэлээр баталгаажуулаагүй байдаг байна.

Ажлын хэсгээс "Эрэл" ХХК болон Хнаас мэдээлэл хийлгүүлэх, холбогдох албан тушаалтныг оролцуулсан хурал зохион байгуулах арга хэмжээ авч, дараах чиглэлээр асуудлыг судалсан:

-Хнаас "Эрэл" ХХК-ийн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах саналын дагуу уг компанийн зээлийг хөрөнгө оруулалт, хувьцаанд хөрвүүлж хамтарсан компани байгуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийн 67 хувийг төр буюу Засгийн газар эзэмшиж, 33 хувийг "Эрэл" ХХК эзэмших байдлаар зохион байгуулах, энэ хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" (БҮК-1) төслийн Бизнесийн үнэлгээг Хнаас захиалан хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох "М" ХХК-иар гүйцэтгүүлэхэд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 42.6 тэрбум төгрөгөөр тогтоосныг танилцуулсан.

Дээрх хувь нийлүүлэх хөрөнгийн хувь, бизнесийн үнэлгээг "Эрэл" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар удаа дараа ярилцан тохирсны дараа 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 248 дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрч, Хнаас олгосон зээл, зээлийн хүүг шинээр үүсгэн байгуулах компанийн энгийн хувьцаанд хөрвүүлж, хөрөнгө оруулагч Монгол Улсын Засгийн газар 67 хувийг, "Эрэл" ХХК 33 хувийг эзэмших, хөндлөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа талаарх саналаа албан ёсоор Ханд гаргасан байдаг.

-"Эрэл" ХХК-ийн авсан зээл хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд орсон нь банкны зээлийн эрсдлийн сангийн зардлыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул Хны ТУЗ-өөс "Эрэл" ХХК-ийн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" (БҮК-1) төсөлд олгосон зээлийг шүүхийн журмаар төлүүлэх, эсхүл Монгол Улсын Засгийн газарт уг зээлийн шаардах эрхийг шилжүүлэх гэсэн хувилбараар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар Ажлын хэсгийн хуралд танилцуулж байсан. Хнаас төслийг хэрэгжүүлэх зорилгоор "Эрэл" ХХК-ийн "БҮК-1" төсөлд олгосон зээлийг хөрөнгө оруулалтад хөрвүүлж, тус банкны охин компани хэлбэрээр шинэ компани байгуулах нь бусад олгосон зээлүүдэд мөн адил нөхцөл байдал үүсэх боломжийг бий болгох эрсдэлтэй талаар танилцуулагдаж байсан.

-Ажлын хэсгийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргаж байгаа саналуудад уг төслийг хамруулах нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд оролцуулах боломжтой эсэхийг судалсны дагуу "Эрэл" ХХК-ийн 2 байршил дахь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/588, А/589 дугаар захирамжаар тус тус сэргээсэн байгаа тухай танилцуулж байсан.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор баталсан "150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Улаанбаатар хотын иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эко орон сууцны төслийг хэрэгжүүлж, 10000 айлын орон сууцыг үе шаттайгаар барьж, ашиглалтад оруулах үйл ажиллагааг "Эрэл" ХХК хэрэгжүүлэхээр төсөлд тусгагдсан гэж Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл танилцуулж байсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай”  19 дүгээр тушаалын 2 дахь заалтад ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулахаар даалгасны дагуу "Эрэл" ХХК-ийн Хны зээлийн санхүүжүүлтээр хэрэгжүүлсэн "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төслийн хүрээнд баригдсан үйлдвэр нь улирлын хамаарлыг харгалзахгүйгээр жилийн 4 улиралд олон нийт, орон сууцны бүх төрлийн барилга байгууламжийн хийц, эдлэлийг үйлдвэрлэх боломжтой, орон сууцны өнөөгийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж дүгнээд төрийн өмчит компани байгуулах, төслийн нэмэлт санхүүжилтийг олгож, төрийн менежмент, оролцоотойгоор үйлдвэрлэл явуулан Хнаас олгосон зээлийг барагдуулах, энэ тохиолдолд асуудлыг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай холбогдох асуудлаар санал солилцох, зохих байр суурийг нь албан ёсоор авч, зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанд танилцуулах, төрийн оролцоотой компани байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн цаашид авах арга хэмжээний саналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулсан.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас "Эрэл" ХХК- ийн дээрх хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн ХЭГ/2141, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/690 дүгээр албан бичгээр Сангийн сайдад эрхлэх асуудлын дагуу тус тус санал, дүгнэлтээ хүргүүлснээр "Ажлын хэсэг байгуулах тухай" 2019 оны 19 дүгээр тушаалын хэрэгжилт биелэгдэж дууссан.

Мнаас чанаргүй зээл болох "Эрэл" ХХК-ийн дээр дурдсан өр төлбөрийг эргэн төлүүлэх арга хэмжээг цаашид хариуцан зохион байгуулж, уг үйл ажиллагаанд "Эрэл" ХХК-ийн зүгээс оролцож байгаа болохыг хэргийн материалд авагдсан Мны 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2/987 дугаар албан бичигт дурдсан нотлох баримтаар нотлогдож байна.

2."Эрэл" ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны тус хэргийн материалд авагдсан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 19 дүгээр тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн 4 дүгээр хурлын ярианы дэлгэрэнгүй тэмдэглэлийг Ажлын хэсгийн даргын зөвшөөрөл болон "Эрэл" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Э***ын хурал дээр гаргасан хүсэлтийн дагуу хөтөлж, өөрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд Ажлын хэсгийн 1-3 дугаар хуралд ярианы дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөөгүй болно.

Иймд "Эрэл" ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

            1.Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2012-2916 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан,

            -Улсын Их Хурлын 2010 оны “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай” 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хаар дамжуулан зээлийн гэрээ хийж, 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Хны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн,

            -Уг тогтоолыг үндэслэн “Эрэл” ХХК-д “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтийг олгох зорилгоор М 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус компанитай  З-БҮК-ХО 2013-143 дугаар зээлийн гэрээ байгуулж, 14.0 сая ам.долларын зээл олгосон,

            -Барилга, хот байгуулалтын сайдаас Ханд хандан 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/2009 дүгээр албан бичгээр “...дээрх төслийг хэрэгжүүлснээр ...Улаанбаатар хотод 184000 айл өрхийг орон сууцаар хангах ажлын хүрээнд жил бүр 150000 мкв-аас доошгүй талбай бүхий олон нийт, орон сууцны барилга байгууламжууд, мөн 5000 айлын амины орон сууцыг тус үйлдвэрт захиалан тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах болно” гэсэн баталгаа гаргасан,

            -Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Зээл авах зөвшөөрөл олгох тухай” 113 дугаар тогтоолоор “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерзбанк /Commerzbank/-наас авах 13.115.000 еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Хны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, М, “Эрэл” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Аккредитивийн зээлийн эрх нээх 3-БҮК-ХО 2014-49 дүгээр гэрээ байгуулсан,

            -Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн жагсаалтад орсон “Байшин үйлдвэрлэх комбинат-1”(БҮК-1) төслийн анхны төсөвт өртөг болох 43.2 сая ам.доллар нь 68.6 сая ам.доллар болж нэмэгдсэнтэй холбогдуулан Хнаас зээлийн эх үүсвэр нэмж олгуулахаар арилжааны банкны гаргасан хүсэлтийн талаар хэлэлцээд төслийн төсөвт өртөг нэмэгдсэн үндэслэлийг нягтлан шалгаж, мэргэжлийн шинжилгээ, дүгнэлт гаргуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Ханд тус тус даалгасан,

            -Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2/33 дугаар “БҮК-1-ийн төслийн нэмэлт санхүүжилтийн төсөвт өртгийн дүгнэлт”-ээр “Э”-ээс боловсруулж 2013 оноос хэрэгжүүлж байгаа “Э”-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат БҮК-1” төсөлд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт 26.3 сая ам.доллар буюу 44.7 тэрбум төгрөгийг санхүүлжүүлэхийг Хны Төлөөлөн удирдах зөвлөлөөс хүссэн,

            -Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай” 319 дүгээр тогтоолоор Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкинд 20 хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг Хны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөний хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөл ажлыг санхүүжүүлэх зорилгоор Мнаас “Эрэл” ХХК-д 9.0 сая хүртэл ам.долларын зээл олгохоор 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3-БҮК-ХО 2015-82 дугаар зээлийн гэрээ байгуулсан,

            -Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Төслийн нэмэлт санхүүжилтийн тухай” 254 дүгээр тогтоолоор “Эрэл” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) төслийн нэмэлт санхүүжилтад зориулж 6.3 сая хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээтэй төгрөгийн зээл олгох асуудлыг судалж, төсөлд зориулж Хнаас олгосон зээлийн зарцуулалтын тайлан болон Хнаас шаардсан бусад материалыг бүрдүүлсэний дараа шийдвэрлэхийг Хны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн,

            -Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан,

            -Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 01/3484, нийслэлийн Засаг даргын мөн оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 02-01/3806 дугаар албан бичгээр тус тус Хинд хандаж “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” БҮК-тэй Засгийн газар тус банкаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэл байгуулан хамтран ажиллахыг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-1/4125 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хандаж дээрх саналыг дэмжиж байгаагаа мөн илэрхийлсэн,

            -Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 202 дугаар тогтоолоор “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 2 дугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан,

            -Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 125 дугаар тушаалаар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлахдаа Улаанбаатар хотод иргэдийн худалдан авах чадварт нийцсэн эко орон сууцны төслийг хэрэгжүүлж, 10000 айлын орон сууцыг үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах зорилгоор Азийн хны хөнгөлөлттэй зээл, Уур амьсгалын ногоон сан, Дэвшилтэт технологийн сан, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2019-2023 оны хугацаанд хэрэгжүүлэгч үндсэн байгууллагаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийг, хамтрагчаар “Эрэл” групп-ийг, мөн ядуурлын түвшингээс доогуур амьжиргаатай 0-18 насны 4-ээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг тэргүүн ээлжинд халамжийн болон түрээсийн орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх зорилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэгч үндсэн гүйцэтгэгчээр төрийн захиргааны төв байгууллагууд, хамтрагчаар “Эрэл” групп, салбарын тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд гэж тус тус тусгажээ.

            2.Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 19 дүгээр тушаалаар байгуулагдсан Засгийн газрын “Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай” 2013 оны 180, “Зээл авах зөвшөөрөл олгох тухай” 2014 оны 113, “Төслийн нэмэлт санхүүжилтийн тухай” 2016 оны 254 дүгээр тогтоолын хэрэгжилтийг судлан дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар:

             “…Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) төслийн бизнесийн үнэлгээг Хнаас захиалсан хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох “М” ХХК-иар гүйцэтгүүлж, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 42.6 тэрбум төгрөгөөр тогтоосон талаар, мөн “Эрэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Э******* төр, хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулах тохиолдолд нийлүүлэх хөрөнгийн хувь болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагаас тогтоосон бизнесийн үнэлгээг “Эрэл” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч байгааг мэдэгдэж, албан ёсоор хариу өгөхөө илэрхийлсэн болохыг тус тус танилцуулж,

            “...Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолоор уг төслийн нэмэлт санхүүжилтэд зориулж 6.3 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээтэй төгрөгийн зээлийг Хнаас урьд олгосон зээлийн зарцуулалтын тайлан болон бусад шаардлагатай материалыг бүрдүүлсэний үндсэн дээр олгох асуудлыг шийдвэрлэсэн боловч уг асуудал хэрэгжээгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан, мөн “Засгийн газрын холбогдох тогтоолын хэрэгжилтэд нөлөөлж байгаа зээлийн өрийн үлдэгдлийг шийдвэрлэх арга замын талаар холбогдох байгууллагууд саналаа нэгтгэн Засгийн газарт тавих нь зүйтэй” гэж үзсэн болох нь мөн өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.

            Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолуудын дагуу Хнаас “Эрэл” ХХК-д 3 удаагийн санхүүжилтээр нийт 23.0 сая ам.долларын, 13.1 сая еврогийн зээлийг тус тус олгосон боловч тус компаниас 2015 оны 10 дугаар сарын 5-ын өдрийг хүртэлх хугацаанд 718.821 ам.доллар, 7.565 еврогийн зээлийн хүү, шимтгэлийг төлсөнөөс хойш огт төлбөр төлөөгүй болох нь, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр Хны нэхэмжлэлийг хангаж 171.277.769.821 төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулж тус банкинд олгохоор, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 998 дугаар магадлалаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 173.888.671.221 төгрөгөөр нэмэгдүүлэн хангаж тус тус шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн талаар Мнаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/1141 дүгээр тайлбарт тодорхой дурдсан байгаа энэ тохиолдолд “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

            Учир нь Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д тус тус зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй,

-хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газраас “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг анхнаас нь дэмжиж, холбогдох санхүүжилтыг тухай бүр олгохыг зөвшөөрсний дагуу Хөгжийн банкнаас зээл олгосон, харин сүүлийн буюу 6.3 сая хүртэлх ам.долларын зээлийн тухайд урьд олгосон зээлийн зарцуулалтын тайлан болон бусад шаардлагатай материалыг нэхэмжлэгчээс бүрдүүлээгүйгээс шалтгаалж олгогдоогүй болох нь Ажлын хэсгийн хуралдааны дээрх тэмдэглэлээр тогтоогдсон,

-нийслэлийн Засаг даргын 2014 оны А/828 захирамжаар Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо Дэнжийн 1000 орчмын ХЕТ-2013-3 багцийн “Б” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эрэл” ХХК-ийг батламжилсан, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/588 дугаар захирамжаар энэхүү эрхийг дахин сэргээсэн, мөн 2024 оны А/831 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр МҮОНРТ-ын орчим ХЕТ-2013-4 багцийн А, Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр тус компанийг батламжилж, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/589 дүгээр захирамжаар энэхүү эрхийг дахин сэргээсэн,

-түүнчлэн нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 196 дугаар албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хүлээн авч 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ХЭГ/116 дугаар албан бичгээр “...шаардлагад дурдсан асуудлыг судлан үзэж, хариу хүргүүлэх”-ийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон,

-хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар тус яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах шинжээч А.Э******* уг асуудлын судлан үзэж, яамнаас Хинд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/2282 тоот албан бичгээр хүргүүлсэн дүгнэлтийн мөрөөр тус банкнаас гарах шийдвэрийг хүлээж хүсэлтийг түр хаасан, энэ талаар компанийн захирал асан Б.Эрдэнбататтай холбогдсон боловч тэрбээр буцаад ярья гээд дахин холбогдоогүй тул түүний вайбер чатаар нь “Энэ бичгийн талаар ярилцах шаардлагатай байна” гэсэн зурвас үлдээсэн болох нь тус тус баримтаар тогтоогдож байх тул дээрх шаардлагад хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж Монгол Улсын Засгийн газрыг буруутгах, мөн уг шаардлагыг биелүүлж ажиллахыг даалгах үндэслэлгүй.

Мөн цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн дээрх шаардлагаас өмнө Хны хүсэлтийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр тушаалаар байгуулагдсан “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийн үйл ажиллагааны ашиглалт, бүтээн байгуулалтын бодит чадавх, боломжийн талаар судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр дүгнэлтээр БҮК-1 үйлдвэр нь суурилагдсан хүчин чадлаар жилд 150.000 мкв нийтийн зориулалттай болон амины орон сууцыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэх боломжтой болохыг тогтоосныг дээрх албан бичгээр тус банкинд хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2023 оны 196 дугаар албан бичгээр Ерөнхий сайдад гаргасан шаардлагадаа “…Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй…, Х ХХК, түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар үүргээ зөрчсөнөөс үйлдвэр эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон…” талаар дурдаад Барилга, хот байгуулалтын сайдын “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийн тухай 2013 оны 1/2009 дүгээр албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” 121, 2019 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 202 тогтоол, тэдгээрийн холбогдох хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 19 дүгээр тушаалд заасан үүргээ тус тус биелүүлэх”-ийг шаардсан байдаг.

Гэтэл байгуулагдсан Ажлын хэсэг санал, дүгнэлтээ нэгэнт гаргаснаар тушаалын үйлчлэл дуусгавар болсон, мөн Монгол Улсын Засгийн газарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалыг биелүүлэхийг даалгах нь эрх хэмжээ болон эрэмбийн хувьд зохисгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх нь хуулийн шаардлага.

Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрээр “Эрэл” ХХК-иас зээлийн өр төлбөрт нийт 173.8 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид дутуу олгогдсон гэх зээлийн санхүүжилтийг олгохыг, эсхүл “150 мянган-Орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ажлын захиалгыг шүүхийн журмаар хариуцагчид тус тус даалгах боломжгүй, үндсэндээ чухам ямар үүргээ, хэрхэн биелүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах нь тодорхой бус, тухайлбал шүүхээр даалгуулахыг хүссэн Монгол Улсын Засгийн газарт 2023 оны 196 дугаар албан бичгээр гаргасан шаардлагыг хэт ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8 дугаар зүйлийн 3-т Засгийн газар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, …-ний биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн талаар холбогдох шийдвэрүүд гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн хариуцагчийн хууль бус эс үйлдэхгүй тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.О***ээсЗасгийн газрын тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй” гэсэн нь дээрх үндэслэлүүдтэй агуулгын хувьд нийцэж байх тул энэ талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 3, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрэл” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулж гаргасан “2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 196 дугаар албан бичигт хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Байшин үйлдвэрлэх комбинат 1 төслийн тухай” 1/2009 дүгээр албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” 121 болон 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 202 тогтоол, мөн тогтоолын хавсралтын холбогдох хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “150 мянган айл-Орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” 125 дугаар тушаал, түүний хавсралтын 4.1.3.9-д заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         

                         ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                   Ц.САЙХАНТУЯА

 

                                   ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА