Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/164

 

    

 

 

Б.Эөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Оюунчимэг,

хохирогч Ж.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,  

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Эөд холбогдох 2210012350074 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

...тоотод түр оршин суудаг гэх, урьд Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан;

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед А дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “А” хорооллын 1000 дугаар байрны 00тоотод хамтран амьдрагч Ж.Дтай маргалдан, зүүн гарын сарвууг нь хутгаар зүссэний улмаас зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Д хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь өөрийн гэсэн тогтмол орлоготой байнгын ажлын байртай “Эм би ар нарандэлгэрэх” ХХК-д “Гэрийн эзэгтэйн туслах” ажилтнаар “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр ажиллаж 1 сард 1.700.000 төгрөгөөр цалинждаг, амралт баяр ёслолын үеэр илүү цагийн хөлс зэрэг нэмэгдэл хөлс авдаг буюу өөрийн гэсэн орлоготой, хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Эөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч Ж.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдүүдийг миний асрамжид үлдээхдээ надтай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Манайд том хүн байхгүй байхад хүүхдүүдээ үлдээгээд явсан. Би Б.Эөөс мөнгө авч байгаагүй, айлд байрлан ажил хийж байгаа гэж худлаа ярьж байна. Сошиал хаягтаа Сингапур, Тайвань, Тайланд зэрэг улсуудад аялж байгаа зургаа нийтэлж байгаа тул одоо Монгол Улсад байхгүй гэж бодож байна. Шүүхээс ял шийтгэгдсэн этгээд яагаад гадаад улс руу явсныг би гайхаж байна. Би хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа. Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.Дын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл шүүгдэгч Б.Эийн цалин, орлого нотлогдоогүй, дээд боловсролтой гэдэг боловч түүнийг нотолсон баримт байдаггүй. Шүүгдэгч Б.Э нь 2013 онд хадам ээжийгээ чулуу, модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байхад 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэж шүүхээс боломж олгосон байдаг. Мөн бага насны хүүхдийг хүчээр худал мэдүүлэг өгүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Эөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолыг гардаж аваагүй тул түүний өмгөөлөгчид гардуулж өгсөн байдаг. Шүүгдэгч Б.Э сошиал хуудастаа гадаад улсад аялж байгаа зургаа нийтэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.     

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Б.Эөд холбогдох 2210012350074 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед А дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “А” хорооллын 1000 дугаар байрны 00тоотод хамтран амьдрагч Ж.Дтай маргалдан, улмаар Б.Э нь хутга барьж дайран Ж.Дын зүүн гарын сарвууг нь хутгаар зүссэний улмаас “...зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх...” гэсэн хөнгөн гэмтэл учирсан болох нь:

хохирогч Ж.Дын: “...Би Эөд хандан чиний өмнөх нөхөр миний хүүхдүүдэд тоглоом авч өгсөн бол хэрэггүй тийм болохоор гаргаж хаяна гээд тор бариад авсан чинь Э хэрвээ чи тэгвэл би чамайг ална шүү гэж хэлээд хоёр гартаа хутга бариад над руу дайхаар нь би дэр аваад өөрийгөө хамгаалсан боловч хоёр хутгатай байсан учир баруун гартаа барьсан хутгаараа миний зүүн гарын сарвууны ар хэсгийг ирээр нь цохиход миний гараас цус гарч эхэлсэн. Би гэрээс гарах гэхэд Э гарахын бол амь нас бүх юмыг чинь хохирооно шүү гэж хэлэхээр нь би шууд гэрээс гарч цагдаа, түргэн дуудсан. ...Тухайн өдөр Э бид хоёр 3 хүүхдийнхээ хамт байсан. ...Бид хоёр эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” /1 хх-ийн 6/, “...Манай эхнэр 2 гартаа хутга барьсан байсан. Шалтгаан нь гэвэл тэр өдөр худалдаж авсан хүүхдийн тоглоом, гэрийн боорцог зэргийг гаргаж хаях гэсэн чинь эхнэр гэнэт уурлаад намайг үсдэж дараад байхаар нь би үсэдсэн гарыг нь тавиулахад эхнэр цааш яваад 2 гартаа хутга бариад над руу дайрсан. Над руу дайрахад нь би буйдангийнхаа том дэрийг бариад өөрийгөө хамгаалсан. ... дэрээр хамгаалаад байтал баруун гарт барьсан хутгаараа миний зүүн гарын долоовор хурууны 3 дахь үен дээр цохисон, би гараа харсан чинь миний гар нэлээн том зүсэгдсэн байхаар нь би за энд байх юм бол амиа алдах юм байна гэж бодоод шууд гарахаар үүд рүү явтал эхнэр араас чи наад хаалгаараа гарах юм бол чамайг би гүйцээнэ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би гутлаа өмсөөд шууд гараад явсан. ...” /1-р хх-ийн 7/, “...Тухайн хэрэг гарах үед дуудлагаар ирсэн 2 цагдаагийн нэг нь энгэрийн камерт “энэ хүн өөрөө хутгаа барьсан гээд хэлчихлээ, та санаа зоволтгүй, одоо цагдаагийн хэсэг дээр очиж мэдүүлгээ өгчих” гэж хэлж байсан. ...би цагдаагийн хэсэг дээр очиж мэдүүлгээ өгөөд эмнэлэг орж боолт хийлгэчхээд гэртээ хариад эхнэрийгээ цагдаагийн хэсэг рүү явуулах гэтэл эхнэр гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байсан. ...Э нь хэрвээ чамайг цагдаа, шүүх гэж явбал би амиа хорлоно шүү гэж хэлж байсан.  ...” /1-р хх-ийн 52/, “...орой нь манай хүү надад өнөөдөр бүдүүн аав машинтай өдөржин явж дэлгүүрээс гоё, гоё юм авч өгсөн гэж хэлсэн. ...Э уурлаад надад чи гаргаад хаячих гэж хэлсэн. Тэгэхээр нь би гаргаж хаях юм бол тэр өнөөдөр хүүхдүүдэд авч өгсөн хувцаснуудыг ч бас гаргаж хаяна, энийг чи зөв замаар олж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тэр тортой зүйлсийг нь гаргаж хаях гээд авах гэсэн чинь ингэх юм бол би чамайг ална шүү гээд гал тогоо руу яваад гартаа хоёр хутга бариад ирсэн. Тухайн үед баруун гар талдаа талхны хөрөө шиг иртэй хутгийг, зүүн гар талдаа улбар шар өнгийн хутга бариад даллаад дайрахад нь би буйдан дээр байсан том дэр аваад өөрийгөө хамгаалсан. Тухайн үед дэрээр хамгаалах үед Эийн баруун гартаа барьсан хар өнгийн хөрөө шиг иштэй хутгаар цохих шиг болсон. Тэгээд шууд үүд рүү зугтаасан чинь араас гарах юм бол би чамайг гүйцээнэ шүү гэж хэлсэн. ... Тухайн үед лифтэнд суухад шууд лифтэнд цус гарч эхэлсэн...” /1-р хх-ийн 112-113/,

гэрч Ц.Болор-Эрдэнийн: “...оршин суугч иргэний ... дугаараас залгаж манай хорооны цагдаа мөн үү, би эхнэртэйгээ муудалцаад гараад ирсэн байна, 1013 дугаар байрны орцны үүдэн байна, та хүрээд ирэх боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр би яваад очтол нэг залуу гараа зүссэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь эмийн сан орж, бинт боолт аваад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. ...Тэгээд 1013 дугаар байрны 22 тоотод очтол хаалга нь цоожтой байсан. ...тогшиход эхнэр нь хаалгаа онгойлгосон. ...Би эхнэрээс нь юу болсон талаар тодруулж асуухад манай нөхөр намайг гадуур явсан гэж хардаад хэрүүл маргаан үүсгэсэн. Түүнээс болж хэрүүл болсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэн нь хутга барьж гарыг нь зүссэн юм бэ гэхэд манай нөхөр өөрөө намайг ална гээд байсан гэж хэлсэн, хаана гарыг зүссэн юм бэ хутга нь хаана байна гэж асуухад цус гарсан зүйл байхгүй, би сая цэвэрлэчихсэн хутгыг нь айгаад цонхоор гаргаад шидсэн гэж надад хэлсэн. ...Тухайн үед надтай уулзаад гэр рүү нь орох үед 00 дугаар байрны орцны хаалганы гадна талын шат хэсэгт нэлээн цус мэт улаан зүйл, мөн орцны 000 тоотын хаалганы урд хэсэгт ганц хоёр дусал цус гоожсон байсан юм. Тухайн үед зүүн гарын долоовор хурууны эхний үений хэсэгт шархтай байсан. ...” /1-р хх-ийн 9-10, 232/,

гэрч Ц.Бямбадаваагийн: “...үүрэг гүйцэтгэж байхад дуудлага мэдээлэл маш ихээр ирж байсан. Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 1000 дугаар байрны 000тоотод утгыг нь санахгүй байна, хутгатай дуудлага мэдээлэл ирсний дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Болор-Эрдэнийн хамт тус хаягт очиж шалгахад тус айл нь хаалгаа онгойлгохгүй байхаар нь хэсгийн байцаагчтайгаа дээд эсвэл доод айлаар нь дамжин орох талаар ярьж байтал 22 тоот айл хаалгаа онгойлгосон. Тэгсэн нэг эмэгтэй бага насны хүүхдийн хамт хаалгаа тайлж юу болсныг, яасан талаар асуун мэдэн будилж байсан. Тэгэхээр нь би та хутга барьж нөхрийнхөө өөдөөс дайрсан юм уу гэхэд “бид хоёр жоохон маргалдаж, муудалцаад хутга барьсан боловч ямар нэг байдлаар хутгаар зүсэж гэмтээгээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь таны барьсан хутга хаана байгаа талаар асуухад би цонхоор гаргаж шидсэн гэхээр нь хаагуур яаж шидсэнийг асуухад цонхоор шидэж, ногоон зүлгэн дээр унагаасан гэж хэлж байсан.  ...” /1-р хх-ийн 103/,

гэрч Ж.Нарантуяагийн: “...2022 оны 4 дүгээр сарын сүүлээр санагдаж байна манай дүү Ж.Д нь Б.Эөд хутгалуулсан гэж яриад ээж бид хоёр гэрт нь очиж аваад гэр рүүгээ явж байсан...” /1-р хх-ийн 229-230/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №6162 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ж.Дын биед зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлзлээр. 2022.04.23-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 22-23/

Шүүх сэтгэц эмгэг судлалын №729 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Эөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд цаашид эмчилгээ хийж эмчлэгдэх шаардлагагүй байна. Б.Э нь өөрийн үйлдлийн удирдан жолоодох хянах чадвартай байна...” /1-р хх-ийн 53-54/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч Б.Э гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч Ж.Дтай хардалтын улмаас маргалдаж, улмаар Ж.Дын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн Б.Эийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож, доод хэмжээ болох 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ