Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

Б.Хонгорт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж

Шүүгдэгч Б.Хонгор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Хонгорт холбогдох эрүүгийн 2215002380236 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн Батжаргалын Хонгор

Б.Хонгор нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг Туулын тохойрол гэх газрын 5839 м2 буюу 0.58 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 13,478,742 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 272,353 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Батжаргалын Хонгорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Хонгорыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Хонгорт зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Хонгорт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хонгор нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Хонгор нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хонгорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Хонгороос Байгаль экологид учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал 27,229,837 /хорин долоон сая хоёр зуун хорин есөн мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулж, шүүгдэгч Б.Хонгороос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 110,900,045 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai robex 520 LC загварын 09-16 УР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 51,152,125 төгрөгийн үнэлгээ бүхий 09-15 УР улсын дугаартай Liug Gong ZL50 NC загварын авто ачигч, 94,277,409 төгрөгийн үнэлгээ бүхий 29-95 ӨВА улсын дугаартай Howo Sinotruk загварын өөрөө буулгагч зэргийг өмчлөгч, эзэмшигч Ю.Чулуунцэцэгийн өмчлөлд тус тус хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ 256,329,579 /хоёр зуун тавин зургаан сая гурван зуун хорин есөн мянга таван зуун далан ес/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Хонгор нь давж заалдах гомдолдоо: “...Оногдуулсан ялын талаар Монгол улсын Эрүүгийн хэргийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа ч хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн надад уг ял хүндэдсэн гэж үзэж байна. Хэрэгт оролцсон улсын яллагч, өмгөөлөгчийн саналыг харгалзан үзэж торгох ял оногдуулах боломжтой байсан гэж шүүгдэгчийн хувьд үзэж байна. Иймд хуульд заасан торгох ялыг оногдуулж өгнө үү.

Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолд прокурорын 2022.08.30-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн

1.2995 ӨВА улсын дугаартай, Хово ZZ27570783840АJ загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг

2.0916 УР улсын дугаартай, шар өнгийн “Нyundai R520LC-9VS загварын, арлын ННКНZВ12LЕ0001244 дугаартай экскаватор 1 ширхэг

3.0915 УР улсын дугаартай. Liu Gong ZL50NC загварын, шар өнгийн. арлын LSH050NCJMA302421 дугаартай, авто ачигч, механизм 1 ширхэг техникийг 2022.09.09 өдөр прокурор тогтоолоо хүчингүй болгосон талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй байна. (ХХ-53). Битүүмжлэгдсэн гэх дээрх 3 техник нь ээж Ю.Чулуунцэцгийн нэр дээр байдаг. Би бусдын өмчлөлд шилжүүлээгүй болно. Миний бие хэрэгт холбогдсоноос хойш хуулийг өөрийн хэмжээнд уншиж үзэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгийг албадан гаргуулах юм байна гэж ойлгосон. Хуралд оролцсон улсын яллагч 2900 загварын 37-26 БУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг албадан гаргуулах саналыг шүүхэд гаргасан ч хүлээн авсангүй. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь миний буруу ч тухайн цаг хугацаанд байсан техник бүрийн үнийг төлүүлэхээр шийдсэн нь хууль зүйд нийцэхгүй гэж бодож байна. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Доржсэмбэ, Орги нарын мэдүүлэг үнэн зөв байтал шүүх үнэлж үзээгүйд гомдож байна.

Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах нь миний үүрэг гэдгийг ойлгож байгаа хэдий ч 256329579 төгрөгийг улсын төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үнэхээр хүнд цохилт болж байна. Миний бие дөнгөж амьдралд хөл тавьж эхнэр 8 настай охины хамт амьдардаг. Эхнэр ажилгүй, бид зээлийн байранд цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа залуу гэр бүлийн төлөөлөл болно. Иймд хэргийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж дээрх их хэмжээний төлбөрөөс хуульд заасан бүхий л ашигтай байдлыг харгалзан үзэж хасч өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Хонгорт холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг болсон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн тамга, тэмдэг, дардас, тусгай зөвшөөрөл, гэрчилгээ болон холбогдох материалууд байхгүй байна. Отгонцагаан гэх хүн гарч ирээд гарын үсэг зураад, үнэлгээчин гэсэн тамга дараад явчихсан байна. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байгаа юм. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд" гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг” хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх байгууллагын нэр, шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэр гэж тус тус зааж өгсөн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн тайлбарт: -Энэ хуулийн 8.2.4-т заасан “мэргэжлийн байгууллага” гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан. Гэтэл мөрдөгч тусгай зөвшөөрлийн эрх аваагүй байгууллагыг шинжээчээр томилоод хэрэгт нотлох баримтаар оруулаад шүүхээр хэлэлцүүлсэн нь хууль зөрчсөн бөгөөд манай үйлчлүүлэгчээс 256,329,579 төгрөгийг гаргуулах үндэс болсон. Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-г тайлбарласан ба уг тайлбарт: “Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан “эргэлзэх үндэслэл”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж заасан. Ингэж хуульчилсаар байтал шинжээчээр томилсон байгууллага нь дүгнэлт гаргалгүйгээр Отгонцагаан гэх хувь хүн гаргасан нь хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, 256 сая төгрөгийн асуудлыг гаргаж ирсэн гэж үзэх үндэстэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ. Харин улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ яллагдагч Б.Хонгороос Hyundai 2900 загварын 37-26 БУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 10.392.813 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулахаар санал гаргасан нь үндэслэлтэй байна. Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхдээ эзэмшигч буюу хууль ёсны өмчлөгчийг байлцуулахгүйгээр тухайн үед тэр газарт техник жолоодож байсан Орги, Доржсэмбээ нарыг буюу жолооч нарыг оруулсан бөгөөд тэд эзэмшигч биш юм. Хэргийн газрын үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулахгүйгээр явуулсан нь хууль зөрчсөн байна. Б.Хонгорын хувьд газар ухсан нь миний буруутай үйлдэл гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Батсайхан, Жүгдэрхорлоо гэх хоёр хүн Б.Хонгорыг Бүрэгхангай суманд дуудан авчирч ажил хийлгэсэн юм. Үүнийг мөрдөгч нар шалгаагүй, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх цагаатгах нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй байгаа. Иймд Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн шинжээч Отгонцагааны гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүйгээр прокурорын гаргасан санал болох 10,392,813 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Хонгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад Бүрдэл Майнинг ХХК-ийн ажилтан албан хаагчид ирж наад газраа ухаж болохгүй шүү гэж огт хэлж байгаагүй, зорилготой юм шиг шууд над дээр хүрч ирээд шалгасан. Та бүгд хэрэгт авагдсан баримтыг л үзэж шалгана. Харин тухайн үед бодит байдал дээр юу болсныг надаас өөр хэн ч мэдэхгүй. Жүгдэрхорол гэх хүнд анх цагдаа ирэх үед бас ирсэн ба цагдаа ирээд болохгүй гээд байна, би болилоо гэж хэлэхэд зүгээрээ ямар ч асуудал үүсэхгүй, энэ жоохон газрын ажлаа хийчихээд явчих гэж хэлсэн. Би тэр хүмүүст итгэснээрээ өнөөдөр буруутан болоод 256 сая төгрөгийг төлөх болчихоод байна. Г.Оюунгэрэл цагдааг ч гэсэн шалгуулмаар байна. Чимээгүй явснаараа би өнөөдөр энд шүүгдэгчээр зогсож байна. Миний хэлээд байгаа зүйлийг огт тоохгүй байгаад их гомдолтой байна...” гэв.

 

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Хонгор нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг Туулын тохойрол гэх газрын 5839 м2 буюу 0.58 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 13,478,742 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 272,353 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг бүгдийг нь үнэлж дүгнээд шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцож албадлагын арга хэмжээний талаар санал хэлэхдээ шүүгдэгч Хонгорын аав Батжаргал гэх хүний тээврийн хэрэгсэл байсан нь тогтоогдсон учир уг тээврийн хэрэгслийн үнийг 10,392,813 төгрөгийг гаргуулах санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгоно, харин энэ тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдсон нөхцөлд үнийг гаргуулж улсын төсөвт оруулах талаар хуульчлан заасан. Өөрөөр хэлбэл дээрх албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашигласан л бол эрүүгийн хариуцлагын хамт зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. Ю.Чулуунцэцэгийн өмчлөл дээр байдаг 3 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Хонгор нь өөрийн ээжийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 153, 155 дугаар талуудад авагдсан гэрч Орги, Доржсэмбэ нарын мэдүүлгээр уг тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан талаар гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос 10 сая төгрөгийн тээврийн хэрэгслийг хураах санал гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтад дүгнэлт хийж гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан техник технологийн үнэ 256.329.579 төгрөгийг нэмж гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийг мөрдөгчийн зүгээс шинжээчээр томилж шинжилгээ гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ч бас хууль зүйн үндэслэлтэй байна. Хууль зөрчсөн зүйл огт байхгүй байна. Учир нь Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааны хувьд бол хөрөнгийн үнэлгээ гаргадаг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн шинжээч юм. Д.Отгонцагаан шинжээчийн хувьд ганц энэ хэрэг дээр ч биш бусад олон олон хэргүүдэд дүгнэлт гаргадаг бөгөөд тэр дүгнэлтэд хавсаргасан материалуудыг үзэхэд тусгай зөвшөөрөлтэй, шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрх бүхий этгээд болох нь харагддаг. Жүгдэрхорол гэх хүний хувьд хэлэхэд гэмт хэрэг хамтран үйлдсэн, гэмт хэрэг үйлдүүлэхээр дуудан ирүүлсэн зүйл огт байхгүй байсан. Мөрдөгч мэдүүлэг авч холбогдох гэрч нарыг хууль сануулан асуусан байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Б.Хонгорт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

 

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

3.Шүүгдэгч Б.Хонгор нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг Туулын тохойрол гэх газрын 5839 м2 буюу 0.58 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 13,478,742 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 272,353 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Өсөхбаярын өгсөн “...Уг эвдэгдсэн газар байгалийн унаган өөрийн тогтцоороо байсан эрүүл тэгш, ургамал зүлэгтэй газар байсан. Эвдэгдсэн газартай хил залгаа “Бүрдэл майнинг” ХХК-ийн техник болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай байгаа. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх,

гэрч Ж.Батзоригийн өгсөн “... Туулын тохойрол нэртэй газарт Бүрдэл майнинг ХХК-ийн байгаль орчны ажилтан Хуягбаатарын хамт нөхөн сэргээлт хийгдсэн талбайг шалгахад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Туул голын онцгой хамгаалалтын бүс дотор урд өмнө үйл ажиллагаа явуулж байгаагүй эрүүл тэгш газарт техник хэрэгсэл ашиглаж 70мх40м хэмжээтэй гүн нь 3-5 метр орчим баримжаагаар газарт уурхайн карейр үүсгэж газар ухсан байсан...” гэх,

гэрч Б.Доржсэмбийн өгсөн “... Би Булган аймгийн Бүрэгхангай сум 3 дугаар багийн нутаг “Туулын тохойрол” гэх нэртэй газарт Батжаргалын Хонгор гэдэг хүний удирдлаган дор шар өнгийн Экскаваторын оператор хийдэг. Би саяхан буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ий өдөр ирж ажилд орсон. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шар өнгийн экскеватороор Туул голын тохойрсон хэсэгт газар ухсан юм. ... Ажилчдыг Хонгор гэдэг хүн хариуцаж ажилладаг. Тухайн өдөр газар ухахыг Хонгор ажлын үүрэг даалгавар өгсөн. Хааш хаашаагаа 30 метрийн харьцаатай, доошоо гүн нь 3-5 метрийн налуу үүсгэж экскаватороор ухсан...” гэх,

гэрч Ч.Оргийн өгсөн “... Би наадмаар нутагруугаа яваад 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ирж ажилдаа орсон. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Туул голын тохойрсон хэсэгт экскаватороор газар ухсан шороог 29-95 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл /Дампа/-аар нэг удаа зам засах гээд ачиж яваад газар нь цөмрөөд гацаад зогссон байгаа. Ахиж шороо авч зөөвөрлөөгүй байгаа. Ухагдсан газрын хэмжээг хэлж мэдэхгүй байна...” гэх,

гэрч Ч.Батжаргалын өгсөн “... Манай хүү Хонгор нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Төв аймгийн Заамар сум Соов нэртэй газраас Туулын тохойрол нэртэй газарт аваачаад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын цагдаагаас очоод үйл ажиллагааг зогсоосон байсан...” гэх,

гэрч Ю.Чулуунцэцэгийн өгсөн “... Манай хүү Хонгор нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Төв аймгийн Заамар сум Соов нэртэй газраас Туулын тохойрол нэртэй газарт техник хэрэгслүүдээ аваачаад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын цагдаагаас очоод үйл ажиллагааг зогсоосон байсан...” гэх,

гэрч Э.Анхбаярын өгсөн “... Хонгор гэдэг залуу Туулын их тохойролд 2022 оны 07 дугаар сарын эхээр кэмп болон техник хэрэгслээ байрлуулсан. 07 дугаар сарын дунд үеэр Туул голын эрэг дагуу газар ухаж эхэлсэн. Энэ үеэр сумын цагдаагийн хүмүүс ирж үйл ажиллагааг зогсоогоод явсан. Үүнээс хойш 10-аад хоног ажиллахгүй байж байгаад ухсан нүхээ булаад тэр булсан нүхнээс ахиж сунгаж ухсан...” гэх мэдүүлгүүд болон уг хэрэгт Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” хариуцлагатай хязгаарлагдмал компанийн гаргасан хохирлын үнэлгээний дүгнэлт, хэрэг учралын газарт болон техник хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

4.Шүүгдэгч Б.Хонгор нь 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь ял хүндэдсэн гэж үзнэ, техник механизмыг прокурорын тогтоолоор хүчингүй болгосон талаар шийтгэх тогтоолд дурдагдаагүй, тухайн цаг хугацаанд байсан техник бүрийн үнийг төлүүлэхээр шийдсэн нь хууль зүйд нийцэхгүй гэж бодож байна, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Доржсэмбэ, Орги нарын мэдүүлэг үнэн зөв байтал шүүх үнэлж үзээгүйд гомдож байна гэж давж заалдах гомдол гаргасан байна.

 

5.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

7. Харин шүүгдэгч Б.Хонгор нь давж заалдсан гомдолдоо залуу гэр бүлийн төлөөлөл тул 256,329,579 төгрөгийг улсын төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үнэхээр хүнд цохилт болж байна гэх боловч хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчилж, хуульд заасан торгох ялыг оногдуулж өгнө үү гэж байгаа нь утгын хувьд зөрчилтэй, шүүгдэгч Б.Хонгорт үүсэх эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлэхээр байх ба түүнд оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэгт тохирсон байх тул энэхүү гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 9 дэх заалтад прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль журмын дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж нь “...шинжээчээр мэргэжлийн байгууллагыг томилсон боловч Отгонцагаан гэх хүн гарч ирээд гарын үсэг зураад, үнэлгээчин гэсэн тамга дарсан тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй” гэх боловч мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилохдоо “Тольдох оюуны өгөөж” ХХК-г томилж тус байгууллагын захирал Д.Отгонцагаанд шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2339 дугаартай “Нэмэлтээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол, түүнд шинжээч Д.Отгонцагаан танилцсан гэж гарын үсэг зурсан байдал, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23/041 дугаартай албан бичигт захирал Д.Отгонцагаан гэж гарын үсэг зурсан байдал, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Д.Отгонцагаанд олгосон гэрчилгээ /2-р хх-ийн 28-30, 32/ зэргээс харагдаж байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасах шаардлагагүй, хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үнэн зөв баримт, үнэлэх боломжтой гэж үзлээ.

9. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхдээ эзэмшигч буюу хууль ёсны өмчлөгчийг байлцуулахгүйгээр тухайн үед тэр газарт техник жолоодож байсан Орги, Доржсэмбээ нарыг буюу жолооч нарыг оруулсан бөгөөд тэд эзэмшигч биш юм. Хэргийн газрын үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулахгүйгээр явуулсан нь хууль зөрчсөн байна” гэж тайлбарладаг.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасны дагуу мөрдөгч нь хэргийн газарт үзлэг хийхдээ “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн төлөвлөлтийн инженер ажилтай Ж.Батзоригийг байлцуулсан, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийхдээ экскаваторын оператор Б.Доржсэмбэ, жолооч Ч.Орги нарыг байлцуулан хийсэн нь хууль зөрчөөгүй байна. Учир нь тухайн цаг мөчид тээврийн хэрэгслийг эзэмшигч “Бүрдэл майнинг” ХХК-ийн зөвшөөрлөөр эзэмшиж, ашиглаж байгаа тус байгууллагын ажилтныг тухайн зүйлийн эзэмшигчтэй адилтгаж үзэн үзлэг хийхэд оролцуулах нь хуульд харшлахгүй.

 

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                      Л.АРИУНЦЭЦЭГ