Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 117

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Ц.М

Хохирогч Н.С-ийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбадрах овогт Ц.М-т холбогдох 1821000790061 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...........” ХХК-ийн охин компани болох “.......” ХХК-д тээвэр болон дотоод үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ..... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Эрдэнэбадрах овогт Ц.М.  

 

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг “.......” ХХК-ийн ажилчдын байранд хохирогч Н.С-ийг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой гэртээ хоол идээд байтал манай ажлын хятад “С-ийг ажил дээр архи уугаад байна, хэлээд өг” гээд орж ирсэн. С-ийн гэрт очиход халамцуу байхаар нь олон юм яриад яахав гээд өөрийнхөө гэр рүү явсан. Гэтэл миний араас Н.С орж ирээд хэрүүл хийгээд миний хамар руу мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд 2, 3 удаа цохисон...”  гэв.

 

Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой би ажлаасаа буучихаад оройн хоолны өмнө 17 цаг 30 минутын орчимд компанийхаа ажилчдын байранд ганцаараа 0.5 литрийн нэг шил ерөөл архи уусан юм. Би архиа уучихаад орон дээр хэвтээд унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд манай өрөөнд Ц.М гэх залуу ирчихсэн миний орны хөлийг өшиглөж байсан. Ц.М ажлын байран дээр архи уулаа гэж намайг элдэв үгээр доромжилж байсан. Тэгээд нэг мэдэхэд Ц.М-ын доор орны хажууд шалан дээр хэвтэж байсан ба Ц.М миний дээр алцайгаад зогсчихсон нүүр рүү цохиж байсан. Би хэдэн удаа цохиулсан болон газар ойчсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд би өөрийнхөө өрөөнд орчихсон байсан ба миний баруун нүд болон хамраас маань цус гарч байсан. Зардал гэвэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Сондро эмнэлэгт үзүүлж эм авсан 258.850 төгрөгийн эмчилгээ гарсан. Би нэмж эхнэртэйгээ Улаанбаатар хот руу ирж очсон зардал, буудалд байрласан зардал, унаа, хоолны зардал, ажилгүй байсан 1 сарын цалин гээд 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 17-23 тал/

 

Гэрч Д.Ганням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би буруу хараад мах огтолж байтал гэнэт түжигнэх чимээ гарсан. Намайг эргээд хартал тэр хоёр барьцалдаад хойд орон дээр дээр доороо оролцчихсон байсан. Миний харснаар Н.С Ц.М-ыг орон дээр дараад зогсож байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд С-ийг араас нь чангаасан боловч дийлээгүй. Н.С, Ц.М хоёр хоёр биенийгээ цохиод байсан. Тэр үед С-ийн нүүрнээс цус гараад Ц.М-ын нүүр бас цус болчихсон байсан... гэжээ. /хх-ийн 34 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1841 тоот актын дүгнэлтэд

            1. Н.С-ийн биед тархи доргилт, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хамрын нуруунд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй  гэжээ. /хх-ийн 41 тал/

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11-16 тал/

- Ц.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

- Хохирлын баримт /хх-ийн 24-29 тал/

- Н.С-ийн хүсэлт, хохиролтой холбоотой баримт /7 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Эрдэнэбадрах овогт Ц.М нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг “.......” ХХК-ийн ажилчдын байранд хохирогч Н.С-нийг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Н.С, гэрч Д.Ганням нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1841 тоот дүгнэлт  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Ц.М-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ц.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Ц.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Ц.М нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хохирогч Н.С нь шүүгдэгчээс эмчилгээний болон замын зардалд 1216.400  төгрөг нэхэмжилж байгаа ба түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.М-ын үйлдлийн улмаас үүссэн тул шүүгдэгч Ц.М-аас эмчилгээний болон замын зардалд 1215.200  төгрөгийг гаргуулж хохирогч Н.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.М-ын эзэмшлээс 180.000 төгрөгийн үнэлгээтэй I phone 4 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, түүний ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрдэнэбадрах овогт Ц.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-аас эмчилгээний болон замын зардалд 1215.200 /нэг сая хоёр зуун арван таван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний ........... тоотод оршин суух  Н.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1200 /нэг мянга хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.М-ын эзэмшлээс 180.000 төгрөгийн үнэлгээтэй I phone 4 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М-ын ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ