| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2315003920273 |
| Дугаар | 2024/ДШМ/08 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/08
Э.Булгантамир, Э.Отгон-Очир нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: Э.Гантулга
Яллагдагчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр /цахимаар/
Яллагдагчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн /цахимаар/
Яллагдагчийн өмгөөлөгч: Т.Майдри /цахимаар/
Яллагдагч: Э.Булгантамир /цахимаар/
Яллагдагч: Б.Отгон-Очир /цахимаар/
Хохирогчийн өмгөөлөгч: Р.Цэрэнханд /цахимаар/
Нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/05 дугаартай захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Булгантамир, Э.Отгон-Очир нарт холбогдох эрүүгийн 2215002310274 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Эрдэнэ-Очирын Булгантамир
Монгол Улсын иргэн, Балжиннямын Отгон-Очир
Э.Булгантамир нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим Bare-7 загварын өрмийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байхдаа цуг ажиллаж байсан Д.Соронзонболдыг тус өрмийн машины ир янзалж байхад нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өрмийн машины ир байрлах хэсэгт ажиллаж байхад нь өрмийн машиныг асаасны улмаас өрмийн машины ир чангалж байсан чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтад орж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүй хохироосон,
Б.Отгон-Очир нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Булгантамир, Д.Соронзонболд нарт Bare-7 загварын өрмийн завсар үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгч Э.Булгантамир нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчин, болгоомжгүй үйлдлийн улмаас цуг ажиллаж байсан Д.Соронзонболдыг тус өрмийн машины ир янзалж байхад нь өрмийн машиныг асаасны улмаас өрмийн машины ир чангалж байсан Д.Соронзонболд нь чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтанд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Э.Булгантамир, Э.Отгон-Очир нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/05 дугаар захирамжаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэ-Очирын Булгантамир, Балжиннямын Отгон-Очир нарт холбогдох эрүүгийн 2215002310274 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Захирамжийн 1 дэх заалтын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” заасан байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана”, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх шийдвэрт дараах зүйлийг тусгана” мөн 7.3.6 дахь заалтад “шинжээчид тавих асуулт”-ыг тусгана гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ”, мөн хуулийн 27.2 дугаар зүйлд “Нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно”, мөн хуулийн 27.3 дугаар зүйлд “Нэмэлт шинжилгээ хийх хугацааг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтооно” гэж хуульчилсан байх ба мөрдөгч урьд гаргасан шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус, хууль буруу хэрэглэсэнтэй холбоотойгоор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэн Булган аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Батболдыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “нэмэлт шинжээч томилох” тогтоолын дагуу шинжээчээр томилж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дүгнэлт гаргуулсан байна.
Шүүх нэмэлт шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг “агуулгын хувьд давтан шинжилгээ хийлгэх асуулт тавьсан” гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан мөрдөгчийн эрхийг эрс хязгаарлаж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шинжээч Б.Батболдын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “...Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм нь Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд болон хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан байгаа. Миний гаргасан дүгнэлтийн дүрмийн 2.2 ӨРӨМДЛӨГИЙН АЖИЛ 58, гэсэн нь ӨРӨМДЛӨГИЙН АЖИЛ 59 гэж өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ доторх агуулга үг үсэгт өөрчлөлт ороогүй байгаа. Би дүгнэлт гаргахдаа бичиг тэмдгийн алдаа гаргаж хуучин дүрмийн огноог бичсэн байна. Бусад заалт нь болохоор хууль болон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, өрөмдлөгийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан үйл ажиллагаа зөвлөмжүүд, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ерөнхий шаардлага МNS 4930 : 2000 стандартуудын хүрээнд гаргасан байгаа...” гэх мэдүүлэгт үндэслэн урьд гаргасан дүгнэлт бүрэн бус, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал илэрсэн тул мөрдөгчөөс “нэмэлт томилж” дүгнэлт гаргуулсан байхад шүүхээс шинжээчид тавьсан асуулт нь агуулгын хувьд “давтан шинжилгээ хийлгэх” асуулт тавьсан гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж байгаа нь өөрөө эргэлзээ бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.
Давтан шинжилгээ хийлгэх асуулт, нэмэлт шинжилгээ хийлгэх асуулт ямар агуулгатай байх талаар хуульд тусгайлан заагаагүй бөгөөд шүүгчээс мөн захирамждаа шинжээч томилох тогтоолын аль асуулт нь, яагаад “дахин шинжилгээ хийлгэх агуулга бүхий асуулт” байсан эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.
Захирамжийн 2 дахь заалтын тухайд:
Мөрдөгч шинжээч Б.Батболдоос урьд гаргасан дүгнэлттэй холбоотойгоор болон одоо эрхэлж буй ажил албан тушаал, шинжээчээр оролцож болох эсэх талаар урьдчилан 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тодруулан мэдүүлэг авсан.
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэх шинжээчээр Б.Батболдыг дахин томилохдоо “шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл", /2 дугаар хавтаст хэргийн 245 дугаар талд авагдсан/ "шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” зэрэгт “2023 оны 11 дүгээр сарын ...” гэж бичин өдрийг тодорхой бичээгүй, бичиг техникийн алдаа гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж хуульчилсан ба мөрдөгч урьдчилан шинжээчээс мэдүүлэг авч, шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.
Хэрэв шүүх эргэлзээ төрж байгаа бол шинжээчийг шүүх хуралдаан оролцуулж урьдчилан тодруулсан, сануулсан эсэхийг асууж, нотлох баримтыг үнэлэх боломжтой байтал шууд хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн шинжээч Б.Батболдын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт эргэлзээгүй буюу хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлттэй танилцаад ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй, хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна гэж үзсэн.
Мөн шинжээч Б.Батболдын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтэд ажил ологчийг “Вайнд майнд” ХХК гэж үзээгүй, хэрэгт цугларсан бичгийн бүхий л нотлох баримтуудаар ажил олгогч нь М.Батболд болохыг тодорхойлсны үндсэн дээр түүнийг иргэний хариуцагчаар татсан байх тул хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар “улаан өнгийн 106.5 см урттай газу /чангалагч багаж/, саарал өнгийн “Authentic” гэсэн бичиглэл бүхий саравчтай малгай” зэргийг хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн, мөн прокурорын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 32а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байхад шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 3 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгийн тус тус ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.
Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/05 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчээс дахин мэдүүлэг авахад дүрэм, журмын огноог зөрүүтэй бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж мэдүүлсэн тул нэмж шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Харин шинжээчийн дүгнэлт алдаатай гэж үзэхийн бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад тайлбар, мэдүүлэг авах боломжтой. Ажил олгогч Батболдыг яллагдагчаар татаж энэ хэрэгт оролцуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь өөрөө Хөдөлмөр хамгааллын хууль зөрчсөн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэг байгаа юм. Тухайн өрөмдлөгийн талбай нь “Вайн Майнд” ХХК-ийн талбай юм. Энэ компани зөвшөөрөл олгоогүй бол өнөөдөр хүний амь нас эрстэхгүй байх байсан. Энэ утгаараа өөрийнх нь өрөмдлөгийн талбай дээр гарсан хэрэгт иргэний хариуцагчаар татагдах ёстой. Түүнээс биш хуулийн этгээдийг яллагдагчаар татах боломжгүй юм. Батболд нь ажил олгогч гэж хавтаст хэрэгт авагдсан учраас яллагдагчаар татаж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах үүрэгтэй. Шинжээч Батболд нь тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээч мөн эсэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх, шинжилгээ хийх эрхтэй эсэх талаар нотлох баримт хэрэгт байдаггүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт байх ёстой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчтэй холбоотой асуудал дээр бичиг техникийн алдаа гэж яриад байгаа нь эргэлзээтэй байдлыг төрүүлээд байгаа гол зүйл нь болоод байгааг шүүх анхаарч үзнэ үү. Дээрээс нь ажил олгогчоор тогтоогдсон Б.Батболдыг яллагдагчаар татах ёстой гэж үзэж байна. Мөн Вайн майнд ХХК зөвшөөрөл өгөөгүй байсан бол хүний амь нас эрстэхгүй байх байсан. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Т.Майдри шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Отгон-Очирыг гэрчүүдийн мэдүүлгээр энэ хүн хариуцаж ажил хийлгэсэн байна, чи буруутай гээд яллагдагчаар татсан тогтоол гаргачихаад ажил олгогчоор Батболд тогтоогдсон гээд байх юм. Хэрвээ Батболд нь үнэхээр ажил олгогч юм бол яллагдагчаар татагдах нь зүйтэй асуудал болоод байна. Мөн яллагдагч Э.Булгантамир, Б.Отгон-Очир нарын хувьд санал нэгтэйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргадаг. Гэтэл прокурорын зүгээс гэм буруугаа одоо зөвшөөрнө гэж байхгүй, анхнаасаа зөвшөөрөхгүй яасан юм гээд хүсэлтийг хүлээж авдаггүй. Үйлчлүүлэгч нь хэргээ хүлээгээд түргэн шуурхай шийдүүлье гэхэд өмгөөлөгч нар нь буцаах ёстой, бүрэн шалгах ёстой гэх юм... Миний хувьд хэргийг прокурорт буцаах шаардлага байхгүй байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна” гэв.
Яллагдагч Э.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.
Яллагдагч Б.Отгон-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Э.Булгантамир, Э.Отгон-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2.Булган аймгийн прокурорын газраас яллагдагч Э.Булгантамирыг Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим Bare-7 загварын өрмийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байхдаа цуг ажиллаж байсан Д.Соронзонболдыг анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өрмийн машины ир байрлах хэсэгт ажиллаж байхад нь өрмийн машиныг асаасны улмаас өрмийн машины ир чангалж байсан чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтад орж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүй хохироосон,
Яллагдагч Б.Отгон-Очирыг Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд майнд” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Булгантамир, Д.Соронзонболд нарт Bare-7 загварын өрмийн завсар үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгч Э.Булгантамир нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчин, өрмийн машиныг асаасны улмаас Д.Соронзонболд нь чангалагч багаж болох газунд цохиулж улмаар цус алдалтад орж нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
3.Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар шинжилгээ хийлгэн “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өрмийн машинд засвар үйлчилгээ хийж гүйцэтгэж байгаад Д.Соронзонболдын амь нас хохирсон...” үйл баримттай холбогдуулан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Э.Булгантамир, Э.Отгон-Очир нарт холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нэмэлт ажиллагааг шүүх хуралдааны явцад тодруулах, эсхүл нэмэлт болон дахин шинжээч томилох боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, ...” бол мөрдөн шалгах шатанд нэмэлт дүгнэлт гаргуулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол ...” шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэж болохоор хуульчилсан байна.
Шүүгчийн захирамжид дурдсан шинжээч Б.Батболдын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлт, мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журам зөрчиж шинжээч томилсон тогтоолын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан дүгнэлтийг тус тус шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзвэл нотлох баримтаас хасах, үнэлэхгүй байх эрх хэмжээ шүүхэд байхын сацуу мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар шинжилгээ хийлгэх эрх байна.
Түүнчлэн “дахин шинжилгээ хийх ажиллагааг хязгаарлаж, “нэмэлт” шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэн, өмнө нь дүгнэлт гаргасан шинжээч Б.Батболдыг томилсон, шинжээчид тавигдсан асуулт нь “бүрэн бус асуудлыг тодруулах, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргуулах”-аар бус агуулгын хувьд давтан шинжилгээ хийлгэх асуулт тавьсан, “шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл”, 2 дугаар хавтаст хэргийн 245 дугаар талд авагдсан “шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” зэрэг баримтыг үйлдсэн “өдөр” бичигдээгүй нь урьдчилан “тодруулсан”, “сануулсан” болох нь тодорхой бус гэх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ.
5.Өөрөөр хэлбэл шинжээч Б.Батболдын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “...Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм нь Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд болон хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан байгаа. Миний гаргасан дүгнэлтийн дүрмийн 2.2 ӨРӨМДЛӨГИЙН АЖИЛ 58, гэсэн нь ӨРӨМДЛӨГИЙН АЖИЛ 59 гэж өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ доторх агуулга үг үсэгт өөрчлөлт ороогүй байгаа. Би дүгнэлт гаргахдаа бичиг тэмдгийн алдаа гаргаж хуучин дүрмийн огноог бичсэн байна. Бусад заалт нь хууль болон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, өрөмдлөгийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан үйл ажиллагаа зөвлөмжүүд, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ерөнхий шаардлага МNS 4930 : 2000 стандартуудын хүрээнд гаргасан байгаа...” гэх мэдүүлэгт үндэслэн урьд гаргасан дүгнэлт бүрэн бус, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал илэрсэн тул мөрдөгчөөс “нэмэлт томилж” дүгнэлт гаргуулсан байхад шүүхээс шинжээчид тавьсан асуулт нь агуулгын хувьд “давтан шинжилгээ хийлгэх” асуулт тавьсан гэж дүгнэн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд мөрдөгч шинжээч Б.Батболдоос урьд гаргасан дүгнэлттэй холбоотойгоор болон одоо эрхэлж буй ажил албан тушаал, шинжээчээр оролцож болох эсэх талаар урьдчилан 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тодруулан мэдүүлэг авчээ.
Мөрдөгч урьдчилан шинжээчээс мэдүүлэг авч, шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байх бөгөөд шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлттэй маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар хэргийн оролцогчид гомдол, санал гаргаагүй байна.
6.Мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэх шинжээчээр Б.Батболдыг дахин томилохдоо “шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл", "шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” зэрэгт “2023 оны 11 дүгээр сарын ...” гэж бичин өдрийг тодорхой бичээгүйг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмын дагуу аливаа техникийн шинжтэй гэх алдааг засаж залруулах, боломжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” байх шаардлагын дагуу шийдвэрлэвэл зохино.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой.
Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан: “...Ажил олгогч Батболдыг яллагдагчаар татаж энэ хэрэгт оролцуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь өөрөө Хөдөлмөр хамгааллын хууль зөрчсөн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэг байгаа юм. Тухайн өрөмдлөгийн талбай нь Вайн Майнд ХХК-ийн талбай юм. Энэ компани зөвшөөрөл олгоогүй бол өнөөдөр хүний амь нас эрстэхгүй байх байсан. Батболд нь ажил олгогч гэж хавтаст хэрэгт авагдсан учраас яллагдагчаар татаж өгнө үү” гэх,
Яллагдагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан: “Шинжээчтэй холбоотой асуудал дээр бичиг техникийн алдаа гэж яриад байгаа нь эргэлзээтэй байдлыг төрүүлээд байгаа гол зүйл нь болоод байгааг шүүх анхаарч үзнэ үү. Дээрээс нь ажил олгогчоор тогтоогдсон Б.Батболдыг яллагдагчаар татах ёстой гэж үзэж байна. Мөн Вайн майнд ХХК зөвшөөрөл өгөөгүй байсан бол хүний амь нас эрстэхгүй байх байсан” гэх хүсэлтүүдээ урьд нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар нотлогдох боловч анхан шатны шүүх дээрх хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасны дагуу ”мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт“-ийг анхан шатны шүүх шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.
8. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 106.5 см урттай газу /чангалагч багаж/, саарал өнгийн “Authentic” гэсэн бичиглэл бүхий саравчтай малгай зэргийг хэргийн хамт хүргүүлэв гэсэн байх бөгөөд шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргажээ.
9. Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Отгон-Очир, Э.Булгантамир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ