Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

Ж.Амартүвшин, Х.Шинэбаяр, Б.Мөнхсайхан нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

 

Прокурор: П.Шижиртуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Мандах /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Отгонжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Байгалмаа,

Шүүгдэгч: Ж.Амартүвшин,

Шүүгдэгч: Х.Шинэбаяр,

Шүүгдэгч: Б.Мөнхсайхан,

Нарийн бичгийн дарга: Ж.Лхагвасүрэн нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин, Х.Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн 2215003060220 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол улсын иргэн,  Баттулгын Мөнхсайхан, 

Монгол улсын иргэн, Жигжидсүрэнгийн Амартүвшин, 

Монгол улсын иргэн,  Хишигбаярын Шинэбаяр, 

Шүүгдэгч Х.Шинэбаяр нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Улам бургил” ХХК-ны “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн аав С.Хишигбаярын үүсгэн байгуулсан, хадам аав Б.Ганхуягийн хариуцдаг  “Улам бургил” ХХК-тай байгуулсан Мод бэлтгэх 04 дугаартай гэрээг баталж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын  сум дундын ойн ангийн үржүүлэгч, техникчээр ажиллаж байхдаа  “Улам бургил” ХХК-нд олгосон “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад 2021 оны 10 дугаар сарын 22-ны  өдөр мод бэлтгэх эрхийн бичгийг олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон,

Шүүгдэгч Ж.Амартүвшин нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа  “Улам бургил” ХХК-нд олгосон “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны  өдрийн мод, модон материалын гарал үүслийн №0065994 дугаартай гэрчилгээг хянан баталгаажуулж 15 метр куб модыг тээвэрлэх зөвшөөрөл олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлаж,  мөн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн прокурорын газраас Ж.Амартүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлаж,  мөн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

Х.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.4 дүгээр зүйлийг журамлаж, мөн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, дугаар зүйлийг журамлаж,  мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/224 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч  Баттулгын Мөнхсайхан,  Жигжидсүрэнгийн Амартүвшин нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

 Хишигбаярын Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8, 1.9, 3.1, 3.2, 3.4 дүгээр зүйлүүдийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Шүүгдэгч Х.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 / арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 / арван сая/ торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Шинэбаяр, Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин нар нь торгуулийн ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Шинэбаярт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар, Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолж,

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй,  шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Шинэбаяр, Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Амартүвшин болон түүний өмгөөлөгч Н.Мандах нар нь давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхээс Ж.Амартүвшин нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Байгаль орчны тухай хуулийн 27 дугаар сарын 27.1 дэх хэсгийг 2-т “ хяналтад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гаргуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг шалгаагүй зөвшөөрлийг олгосон, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хуулъ тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх” үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Ж.Амартүвшин нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мод, модон материалын гарал үүслийн №0065994 дүгээр гэрчилгээг хянан баталгаажуулсан үйлдэл нь гэмт хэргийн хувьд субъектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэх ба уг албан тушаалын гэмт хэргийн сэдэлтийн хувьд субъектийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдаг ба гэмт хэргийн зорилго нь эрх мэдэл албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж давуу байдал бий болгоход чиглэгддэг бөгөөд хууль ёсны дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шүүхийн шатанд талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр эргэлзээтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэгт санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” заасны дагуу хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Амартүвшин гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн үйлдэл хийгээгүй бөгөөд тухайн нөхцөлд “Улам бургил” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг хянах үүрэг хүлээгээгүй, гарал үүслийн эрхийн бичиг бичигдсэнийг хуульд заасны дагуу хянаж ажиллагаа явуулсан нь энэ гэмт хэрэгт хамтран оролцох бус хуулийн: дагуу хяналтын үйл ажиллагаа явуулсныг нотлох төдийгүй тухайн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар болон хугацаа дуусах эсэх, сунгагдсан эсэх талаарх мэдээллийг огт ирүүлээгүй байхад шүүх холбогдох хуульд заасан зөвшөөрөл олгосон, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзнэ гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй төдийгүй Ж.Амартүвшин хуульд заасан ямар зөвшөөрөл олгосон эсэх, албан тушаалын тодорхойлолтод заагдсан ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх шийдвэртээ тодорхой дурдаагүй байна. Харин Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хувьд хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллуулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэх тохиолдолд захиргааны журмаар хариуцлага тооцох эсэх, хайнга хандах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангах эсэхэд хууль, хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх, шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх ч боломжтой юм.

Гарал үүслийн гэрчилгээ эрх бүхий этгээдээс олгогдсон тохиолдолд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хувьд тухайн модны төрөл зүйл, тоо ширхэг, хэмжээг хянах ба зөрчилгүй бол модыг явуулахгүй, тээвэрлүүлэхгүй гэж хориглох үндэслэлгүй бөгөөд Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасны дагуу эрхийн бичгийг олгоно ” гэж, Ойн тухай хуулийн 34.1 -т “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно ” гэж заасны дагуу улсын байцаагчийн эрх мэдэлд гэрчилгээ олгох эрх мэдэл байхгүй бөгөөд харин гэрчилгээ олгогдсон эсэхэд хуульд заасны дагуу хяналт тавих үүрэгтэй байна.

Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмын 5 дугаар зүйлийн 5.5-д “Байгаль орчны хяналтын улсын байцаагч мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний олголт, ашиглалт, мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина” гэж заасны дагуу улсын байцаагчийн хувьд байгаль хамгаалагчийн олгосон эрхийн бичиг, Ойн ангийн олгосон гарал үүслийн гэрчилгээг байгаа эсэхэд хяналт тавихаар тодорхой заасан бөгөөд “Улам бургил” ХХК-ийн “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг хянах боломжгүй байхын сацуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гарсан шийдвэрийн дагуу тухайн аймаг, сумын Ойн сангаас олгогддог тусгай зөвшөөрөлд хяналт тавих эрхтэй субъект биш байх тул Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолын Ж.Амартүвшинд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхээс Б.Мөнхсайхан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сум Дундын Ойн ангийн үржүүлэгч техникчээр ажиллаж байхдаа “Улам бургил” ХХК-д олгосон “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10-р сарын 04-ний өдөр дууссан байхад 2021 оны 10 сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгийг олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу “Улам бургил” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг хийхэд хамтран оролцсон гэж үзэх ба хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуй нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Мөнхсайхан нь “Улам бургил” ХХК-ий “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад зөвшөөрөл өгч буй үйлдлээ мэдэж байсан, мэдэх боломжтой байсан, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.

Б.Мөнхсайхан миний бие 2021 оны 10 сарын 22-ны өдөр “Улам бургил” ХХК-ий захирал болох Б.Ганхуяг гэх хүнд мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин бичиж өгсөн. Тухайн үед Б.Ганхуяг захирал Талбай тусгаарлалтын гэрээ, мод бэлтгэх гэрээ, төлбөр төлсөн баримтын хамт авч ирэн эрхийн бичиг бичүүлсэн. Энэ үед би “Улам бургил” ХХК-ий тусгай зөвшөөрөл дууссан эсэхийг мэдээгүй ээ. Үүний хариуд амласан эдийн болон эдийн бус зүйл байгаагүй болно. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х.Шинэбаяр дарга “Улам бургил” ХХК болон “Оройн буурал” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна. Үйл ажиллагаа зогсоох тухай албан тоот бэлдэн тус 2 аж ахуй нэгжид өг гэсэн. Үүний дагуу 2021оны 11 сарын 01-ний өдөр үйл ажиллагаа зогсоох тухай албан тоот гарган Х.Шинэбаяр даргаар баталгаажуулан 2 аж ахуй нэгжид мэдэгдэж өгсөн. Энэ өдөр “Улам бургил” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг мэдсэн. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг 8 хоногийн дараа мэдэж 2021 оны 11 сарын 01-ний өдрөөр албан бичиг хүргүүлсэн байтал мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дуусахаас өмнө “Улам бургил” ХХК-ий тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн атлаа үйл ажиллагааг нь зогсоох талаар ямар нэгэн идэвхтэй арга хэмжээ аваагүй байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ гэж дүгнэсэн.

Б.Мөнхсайхан миний бие нь “Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх” журмын 4.4, 5.1- д, Ойн тухай хуулийн 28.4, 34.1-д заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон бөгөөд “Улам бургил”ХХК-ний “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг хянах боломжгүй байхын сацуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн аймаг, сумын ойн сангаас олгогддог тусгай зөвшөөрөлд хяналт тавих эрхтэй хуулийн этгээд биш байх тул Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолын Б.Мөнхсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Ж.Амартүвшин нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Байгаль орчны тухай хуулийн 27 дугаар сарын 27.1 дэх хэсгийг 2-т “ хяналтад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гаргуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг шалгаагүй зөвшөөрлийг олгосон, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх” үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм Ж.Амартүвшин нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мод, модон материалын гарал үүслийн №0065994 дүгээр гэрчилгээг хянан баталгаажуулсан үйлдэл нь гэмт хэргийн хувьд субъектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэх ба уг албан тушаалын гэмт хэргийн сэдэлтийн хувьд субъектийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдаг ба гэмт хэргийн зорилго нь эрх мэдэл албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж давуу байдал бий болгоход чиглэгддэг бөгөөд хууль ёсны дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шүүхийн шатанд талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр эргэлзээтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна... Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хувьд хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллуулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэх тохиолдолд захиргааны журмаар хариуцлага тооцох эсэх, хайнга хандах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангах эсэхэд хууль, хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх, шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх ч боломжтой юм. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмын 5 дугаар зүйлийн 5.5-д “Байгаль орчны хяналтын улсын байцаагч мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний олголт, ашиглалт, мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина” гэж заасны дагуу улсын байцаагчийн хувьд байгаль хамгаалагчийн олгосон эрхийн бичиг, Ойн ангийн олгосон гарал үүслийн гэрчилгээг байгаа эсэхэд хяналт тавихаар тодорхой заасан бөгөөд “Улам бургил” ХХК-ийн “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг хянах боломжгүй байхын сацуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гарсан шийдвэрийн дагуу тухайн аймаг, сумын Ойн сангаас олгогддог тусгай зөвшөөрөлд хяналт тавих эрхтэй субъект биш байх тул Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолын Ж.Амартүвшинд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс гарсан шийтгэл тогтоол хуулийн дагуу үндэслэлтэй байгаа. Гомдол гаргасан шүүгдэгч нар нь тодорхой эрх бүхий шийдвэрээр буюу Засаг даргын захирамжаар ойн ангийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, ойн техникч Б.Мөнхсайхан, гарал үүслийн эрхийн бичиг, гэрчилгээ олгох, Ж.Амартүвшин нь байгаль орчны хяналтын байцаагч гэсэн албан тушаал хашиж байгаа. Шүүгдэгч Х.Шинэбаяр, Ж.Амартүвшин нар хэрэгжүүлбэл зохих үүргээ хэрэгжүүлээгүй санаатай үйлдлийн улмаас байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хуулиудад заасан үүргээ биелүүлээгүй буюу бусдад давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинж байдал үүсч байгаа юм. “Улам бургил” ХХК нь Х.Шинэбаярын төрсөн аавынх нь үүсгэн байгуулсан хадам аав нь хариуцан гүйцэтгэдэг компани болох нь хэргийн материалд авагддаг. Х.Шинэбаярын хамаарал бүхий компани гэдгийг шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин нар мэдэж байсан. Шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин нарын хувьд “Улам бургил” ХХК-ний зөвшөөрлийн хугацаа дууссаныг мэдээгүй байсны улмаас зөвшөөрөл бичиж өгсөн юм гэж ярьдаг ч хуульд заасан үүргээ төрийн албан хаагчид өөрсдөө биелүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Ж.Амартүвшин, Б.Мөнхсайхан нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн анхны мэдүүлэг дээр Х.Шинэбаяр орж ирээд эрхийн бичгийг бичээд өгчих Б.Ганхуяг ах асуудалгүй ахын дүү бичээд өгчих гээд би бичээд өгсөн гэж ярьдаг. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Улам бургил” ХХК-ний зөвшөөрлийн хугацаа дууссан байна тийм учраас үйл ажиллагаа зогсоо гэсэн албан бичгээр өөрсдийгөө хаацайлж байгаа. Х.Шинэбаяр “Улам бургил” ХХК-тай мод бэлтгэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсантай холбоотой мод бэлтгэх эрхийн бичиг олгох саналыг Б.Мөнхсайхан гаргасан. Бичсэн эрхийн бичиг дээр үндэслээд Ж.Амартүвшин гарал үүслийн гэрчилгээг бичээд өгсөн. 3 шүүгдэгчийн хийж байгаа үйлдэл нь нэг нь нөгөөгөөсөө хамаатай... Авилгын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, мөн нийтийн албанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх гэрээ байгуулахыг хориглосон. Шүүгдэгч Х.Шинэбаяр өөрийн хамаарал бүхий хүмүүсийн хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор гэрээ байгуулж мод бэлтгүүлж, зарж борлуулах хор уршгийг бий болгосон. Өмгөөлөгч нар шүүгдэгч нараас болж хор уршиг бий болоогүй гэж ярьдаг. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй заавал хохирол уршиг учирсан байхыг шаардахгүй. Байгаль экологид албан тушаалтны үйлдлээс хор уршиг учирсан. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй боловч хуульд зааснаар үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилготойгоор шийтгэх тогтоолд өөрчлөлт хийж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхийн 224 дүгээр шийтгэх тогтоолд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр зөв дүгнэлт гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Шинэбаярын хувьд мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ гэмт хэрэг эрх мэдлийг олгосон мөртлөө хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан онцлогтой. Б.Мөнхсайхан нь нийтийн албан тушаалтан биш боловч эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны тодорхойлолтод заасан эрхийн бичиг олгож өгөх албан тушаалтан байна. Тийм учраас гэмт хэргийг хамтран оролцсон байдлаар журамлаж оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ж.Амартүвшингийн хувьд тоо хэмжээ, төрөл зүйлийг хянах үүрэгтэй гэсэн боловч тухайн гарал үүслийн хянах бүрэн эрх нь байсан. Энэ гэмт хэргийг хэн нэгнийг буруутай үйлдэл рүү тусгаж үл болох хэрэг. Б.Мөнхсайхан эрхийн бичиг олгоогүй, Ж.Амартүвшин хяналт тавьсан бол Орхон аймаг руу тээвэрлэлт явуулахгүй нөхцөл байдал байсан. Х.Шинэбаяр гэж ганцаараа үйлдээд байгаа хэрэг биш юм... шүүгдэгч Х.Шинэбаярыг хувийн байдал дээр эрүүгийн хариуцлагыг анхаарч үзээсэй гэсэн саналтай байна. Авилгатай тэмцэх газрын хохирол барагдуулах дансанд 24,804,396 төгрөгөөс авилгатай тэмцэх газрын барьцаа хохирлын 10900033401 дугаартай дансанд хууль бусаар бэлтгэсэн модыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож 24,000,000 төгрөг гэж тогтоогоод үүний 11,000,000 төгрөгийг Х.Шинэбаяраар төлүүлсэн асуудал байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад шийдэгдээд яллах дүгнэлт дээр хохирол гэж тооцоогүй боловч шийтгэх тогтоолын 12 дугаар талд авагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнээгүй. Дүгнээгүй боловч шилжүүлчихээд байгаа мөнгийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар шийтгэх тогтоолд дурдах нь зөв байсан. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181 дугаартай албан бичгээр “Улам бургил” ХХК-ийг хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлэл нь хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Нэгэнтээ 11,000,000 төгрөг төлсөн байгаа энэ асуудлыг давж заалдах шатны шүүх магадлал дээр тусгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна... Шүүгдэгч Х.Шинэбаярын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирол төлбөр байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр тусгай зөвшөөрөл дууссан байгааг нь мэдээгүй байсан. Сунгагдсан гэдэг байдлаар бодож байсан гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1,2, 1,6 дугаар хэсгийг журамлаж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй шүүх эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Улам бургил” ХХК-ний захирал Б.Ганхуяг, Х.Шинэбаяр, Б.Мөнхсайхан гурвын дунд болдог. Тэр үед Х.Шинэбаяр бичээд өгчих гэхэд хажуугаас нь Б.Ганхуяг би арыг нь даана гэсэн утгатай үг хэлсэн байх нь хэрэгт авагддаг. Прокурор яллах дүгнэлтээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Шүүх энэ хүрээнд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Б.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ нэг том үндэслэл гаргаж ирсэн. Шүүгдэгч Б.Мөнхсайхан болон өмгөөлөгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн гэрчилгээ бичиж өгөхдөө тухайн компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсныг мэдээгүй байна гэж маргадаг боловч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Яагаад хэргийн бодит байдалтай нийцээгүй вэ гэхээр үйлдэл 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарлаа Б.Мөнхсайханы мэдсэн байх цаг хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 8 хоногийн дараа мэдсэн. 8 хоногийн дараа мэдсэн байна гэсэн энэ дүгнэлтээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Улам бургил” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй байсныг мэдээгүй байсан хугацаандаа үйлдсэн үйлдлийг субъектийн санаа зорилго болгож холбоод гэм буруутайд тооцож байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Мэдээгүй байсан гэж ярьдаг боловч Х.Шинэбаяр хажуугаас нь бич гэж хэлдэг. Энэ бол 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон үйл явдал биш. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байсан гэдэг ялгаж салгаасай гэж хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалтны гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх гэмт хэргийн шинж субъект нь санаатай хэлбэр байдаг. Б.Мөнхсайханы мэдээгүй байхдаа бичээд өгсөн үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Х.Шинэбаяр 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр мод бэлтгэх гэрээ байгуулдаг. Б.Мөнхсайхан нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг байгуулсан гэдэг нэг үйлдэл, Ж.Амартүвшин 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарал үүслийн бичиж өгсөн гэдэг нэг үйлдлээр гээд 3 үйлдлийн 3 өөр цаг хугацаанд үйлдсэн байгаа. Энэ 3 хүн бүлэглэсэн нь хаана байгаа юм. Ойн ангийн дарга Х.Шинэбаяр өөрөө мэдээгүй явж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дугаар талд бүлэглэсэн талаар үндэслэлээ бичсэн. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу 10 хоногийн хугацаанд мод бэлтгэх эрхийн бичиг хууль бус гэдгийг мэдсэн хэрнэ энэ компанийн хууль бус мод бэлтгэх үйлдэлд нь арга хэмжээ аваагүй. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэж байгаа хүн яаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бэ. Б.Мөнхсайханы албан тушаалын тодорхойлолтод тусгай зөвшөөрөл бүхий компаниудын мод бэлтгэх үйл ажиллагаа зогсоох, болиулах, түдгэлзүүлэх эрх байхгүй. Албан тушаалын тодорхойлолтоор заагдаагүй эрхийг эдлэх эрх байхгүй. Ийм байхад урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна. Ийм учраас Б.Мөнхсайханд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 4 жил төрийн албан ажиллах эрх хасаад 10,000,000 төгрөгөөр торгосон байгаад гомдолтой байна. Ялыг минь багасгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин болон түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Х.Шинэбаяр нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий  “Улам бургил” ХХК-ны “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад 2021 оны 10 дугаар сарын 05-ны “Мод бэлтгэх” 04 дугаартай гэрээг баталж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу “Улам бургил” ХХК-нд  давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сум дундын ойн ангийн үржүүлэгч, техникчээр ажиллаж байхдаа “Улам бургил” ХХК-нд олгосон “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгийг олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу “Улам бургил” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд  хамтран оролцсон,

Шүүгдэгч Ж.Амартүвшин нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа  “Улам бургил” ХХК-нд олгосон “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мод, модон материалын гарал үүслийн №0065994 дугаартай гэрчилгээг хянан баталгаажуулж 15 метр куб модыг тээвэрлэх зөвшөөрөл олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу “Улам бургил” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Шинэбаярын өгсөн: Би энэ хоёртой үгсэн хуувилдаж, бусдад давуу байдал олгож хээл хахууль өгч авалцсан асуудал огт байхгүй. Хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлын улмаас ийм зүйл болоод энд зогсож байна. Би тухайн үед мод бэлтгэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан байна гэж ойлгоод мод бэлтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхсайханы өгсөн: Би 2020 оны 03 дугаар, 2021 оны 01 дүгээр сараас эхлэн Хутаг-Өндөр сумын ойн нөөцийн инженер, няравын ажил эрхэлж байна. Тухайн үед би Улам-Бургил ХХК-ийн мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж өгсөн. Би тусгай зөвшөөрлийг дууссан гэдгийг мэдээгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг Шинэбаяр даргаас мэдсэн. Гарал үүслийн гэрчилгээг Шинэбаяр дарга надаар гаргуулсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг мэдсэнээс хойш Улам-Бургил ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай албан тоот бэлдээд хоёр аж ахуй нэгжид үйл ажиллагааг зогсоох тухай албан тоотыг хүргүүлсэн байгаа гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Амартүвшингийн өгсөн: Бүх аж ахуй нэгж байгууллагын материалуудыг тухайн оныхоо сүүлээр хянаж үзээд сумын хурлаар оруулсан. Тухайн үед миний ажлын ачаалал маш их байсны улмаас хайхрамжгүй хандаад өнгөцхөн хянаад явсан нь миний буруу.  Түүнээс биш би хээл хахууль авч, бусдад давуу байдал олгоогүй, Х.Шинэбаяртай үгсэн тохиролцсон зүйл огт байхгүй. Би улсад 28 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй байж хичээж ирсэн гэх мэдүүлэг, 

Гэрч У.Нарансоёлын өгсөн: "...Улам бургил" ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байтал Хутаг Өндөр сумын байгаль хамгаалагч Б.Мөнхсайхан болон Хутаг-Өндөр сумын Байгаль орчны улсын байцаагч Ж.Амартүвшин нар хууль бусаар тус компанид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21-102316 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр 20 метр куб шинэс мод болон 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тухайн модны гарал үүслийн 0065944 дугаартай гэрчилгээ зэргийг олгож, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 10 хоног мод бэлтгүүлж, 2021 оны 10 дугаар  сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 9 хоног тээвэрлэх хугацааг олгосон асуудал. Дээрх үйл баримтыг нотлох баримтыг Орхон аймгийн "Шинэстэйн шим" ХХК-ын Хялганат модны захын шалган нэвтрүүлэх хэсгээс олж авсан, дээрх 20 м.куб модноос зөвхөн 15 м.куб модыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр оруулсан байсан. Энэ мэт хууль бус ажиллагааг хянахын тулд Мэргэжлийн хяналт газрын байгаль орчны байцаагч байсаар байтал өөрсдөө гарал үүслийн гэрчилгээнд хянан баталгаажуулж байгаа нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож байна..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Улам бургил ХХК-д олгосон мод бэлтгэх 0065994 дугаартай эрхийн бичиг / 1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

Гэрч Б.Отгонжаргалын өгсөн:“...Сумын иргэдийн хурлын ойгоос мод бэлтгэх тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Сум дундын ойн анги талбайн тусгаарлалт хийж, түлээний модыг сумын байгаль хамгаалагч, хэрэглээний модыг сум дундын ойн анги тус тус олгоно. Сум дундын ойн ангийг Сумын ойн анги, Сумын ойн ангийг Сумын Засаг дарга нар томилдог. Засгийн газрын тогтоолоор манай аймагт 3 ойн анги /Хутаг-Өндөр, Булган, Хангал сумын Хялганат/ байгууллага байхаар тогтоосон. “Улам бургил" ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ойн арчилгааны цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн эрхтэй байсан бөгөөд Хутаг-Өндөр сумын ойн ангийн инженер н.Мөнхсайхан эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг олгож, Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын харьяа Хутаг-Өндөр сумын БОХУБ-гч н.Амартүвшин хянасан байна. Энэ тохиолдолд дээрх албан тушаалтнууд нь тусгай зөвшөөрөлгүй компанид мод бэлтгэх эрхийг бичиг олгож, түүнийг хянасан байна. Эх баримт нь тухайн аж ахуйн нэгж болон ойн ангид хадгалагдаж байгаа. Бүртгэлийн судалгааг тухай бүр манай байгууллага гаргадаг бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна.Үүнээс хойш тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй байна. Учир нь тарьц суулгалтын нөөцгүй, ойн инженерийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс сунгалт хийгдээгүй байна..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Гэрч Б.Бат-Очирын өгсөн: “...Тухайн ойн ангиас хариуцсан мэргэжилтэн олгодог. Сайдын 2013 оны А/153 дугаар тушаалаар батлагдсан "Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам"-р зохицуулагддаг. Мөн Ойн тухай хуулийн 34- р дүгээр зүйлд тухайн үйл ажиллагааг хуульчилж өгсөн. Хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ, учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулдаг..." гэх мэдүүлэг,  /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/

Гэрч П.Лхагва-Очирын өгсөн: "...Манай суманд ой мод хамгаалах чиглэлээр дараах хүмүүс ажилладаг. Үүнд: Х.Шинэбаяр даргатай Сум дундын ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Амартүвшин, Багийн дарга болон байгаль хамгаалагч. /5 баг тус бүр нэг байгаль хамгаалагчтай/, Экологийн албаны экологийн байцаагч, О.Анхтөмөр нар багтана. Ойгоос мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд хуваарийн дагуу босоо мод бэлтгэдэг.Мөн иргэдийн санаачилгаар үүсгэн байгуулсан, ойн санг гэрээгээр эзэмшдэг, Засаг даргын зөвшөөрөл олгосон ойн нөхөрлөл гэж байдаг, тус нөхөрлөл нь ойн хяналтыг давхар хийж, унасан модыг түлээний зориулалтаар бэлтгэдэг. Тусад нь хуваарь гаргаж өгдөг. Мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг байгаль орчин аялал жуучлалын яамнаас эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг Ойн анги хариуцан гаргадаг бөгөөд тусгай зөвшөөрөлгүй компани ойгоос мод бэлтгэхийг хориглоно. Ойн анги байхгүй газарт Засаг даргын эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ олгох хүнийг томилдог. Х.Шинэбаярын эх Түмэнжаргалын төрсөн дүү Түмэнноров миний төрсөн эгч Баасанжаргалтай гэр бүл болсон. "Улам бургил" ХХК-ийн захирал С.Хишигбаяр нь Х.Шинэбаярын төрсөн аав нь юм...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Гэрч Б.Ганхуягийн өгсөн: "...С.Хишигбаяр нь манай Х.Шинэбаяр нь манай хүргэн юм. Шинэбаяр нь манай охин Дөлгөөнтэй гэр бүл болоод 10 гаруй жил болж байна, одоо 11 насны, 2 насны 2 хүүхэдтэй. Х.Шинэбаярын хувьд эрхийн бичиг олгоход мэдээгүй ба сүүлд гарал үүслийн гэрчилгээ авахад мэдсэн. Эрхийн бичиг гарчихсан байсан учраас дараагийн хяналт шалгалтууд хийгдээд явсан. Эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлсөн зүйл байхгүй. Дээрх олгосон эрхийн бичгийн хүрээнд 15 м.куб модыг бэлтгэж, тухайн захад борлуулсан. Үүнээс өөр дахин мод бэлтгэж, бусдад борлуулсан зүйл байхгүй. Мод бэлтгэж болохгүй ба ямар хариуцлага хүлээлгэдгийг хэлж мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал/

Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь сум дундын ой ангийн даргын тушаал “сум дундын ойн ангийн үржүүлэгчээр Баттулга овогтой Мөнхсайханыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,

Булган аймгийн Хутаг-Өндөр сум  дахь сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Шинэбаярын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай тушаал “сум дундын ойн ангийн техникч  Б.Мөнхсайханыг ойгоос цэвэрлэгээний ажил, арчилгаа цэвэрлэгээний огтлолт, үндсэн ба уламжлалт огтлолоор ойгоос мод бэлтгэхэд эрхийн бичиг бичиг, гарал үүслийн бичиг бичихийг зөвшөөрсүгэй...” гэх тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/,

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын засаг даргын тамгын газрын дарга Д.Тоймаагийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаал “...Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр мэргэжил, ур чадвар, мэргэшлийн түвшинг үндэслэн тус тамгын газарт газрын даамлаар ажиллаж байгаа Жигжидсүрэнгийн Амартүвшинг 2011 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн дэвшүүлэн томилсугай” гэх тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал/

Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 127-129-р тал/ /2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/13 дугаар тушаалын 3 дугаар хавсралт/, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай захирамж “Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хишигбаярын Шинэбаярыг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилсугай...” гэх тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/,

Ойн ангийн даргын албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дэх тал/,

Мод бэлтгэх 21-102316 дугаартай эрхийн бичигт хэрэглээний 20м3, түлээний 5 м3,/ гэх эрхийн бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх тал/,

Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн дарга Г.Ганхуягийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаал “ойн ангийн техникч Б.Мөнхсайханыг ойгоос цэвэрлэгээний ажил, арчилгаа цэвэрлэгээний огтлолт, үндсэн болон уламжлалт аргаар  бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ бичихийг зөвшөөрсүгэй...” гэх  тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/,

Сум дундын ойн ангийн дарга Х.Шинэбаярын баталсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай Улам бургил ХХК-ын захирал Б.Ганхуягтай байгуулсан мод бэлтгэх гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 146-148 дахь тал/,

Баримт бичигт үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “Шинэстэйн шим” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Нарансоёлоос гаргаж өгсөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан Чулуут багт үйл ажиллагаа явуулдаг зүсмэл материал борлуулах Хялганат модны зах руу мод нэвтрүүлэхэд бүртгэдэг гарал үүслийн бүртгэлийн 80 хуудастай А4 хэмжээтэй улаан өнгийн дэвтэрт үзлэг хийв.Хэрэгт ач холбогдол бүхий 10-р хуудаст бичигдсэн: Оюунчимэг, 2021.11.12-ны өдрийн Улам бургил ХХК 31-52, 15 метр куб банк палк, 21-102316, 0065994, Оюунчимэг 2021.12.13-ны өдрийн Улам бургил ХХК 31-52 ОРО, 20 метр куб банз, палк 21-102321, 0065337...., хуулбар дэвтэр /1 дүгээр хавтаст хэргийн 150-162 дахь тал/,

Жигжидсүрэнгийн Амартүвшингийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26-49 дэх тал/,

Хишигбаярын Шинэбаярын хөрөнгө, орлогын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 50-55 дахь тал/,

Гэрч С.Хишигбаярын өгсөн:"...Х.Шинэбаяр гэх хүн нь миний төрсөн хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 116-117-р тал/,

Гэрч Б.Ганхуягийн  өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгийг ойн ангийн инженер Мөнхсайхан гэх хүнээр бичүүлж аваад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг руу палк банз бэлтгэж тээвэрлэсэн.Тухайн үед БОУХБ Ж.Амартүвшин гэх хүн хяналт тавьсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 119-120 дэх тал/,

Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ “Улам бургил ХХК, 2014/О-032 /2018.10.04 А/380 тоот тушаалаар сунгагдсан талаарх баримт / дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал/,

Гэрч Н.Оюунчимэгийн”...2021 оны 11 дүгээр сарын эхээр Хутаг-Өндөр сумын ойн ангийн дарга Шинэбаяр над руу утсаар яриад “бэлэн палк худалдаж авах уу?, мөнгөний хэрэг гарлаа гэж хэлсэн.Ингээд Хутаг-Өндөр суманд байрлах Улам бургил ХХК-ын хөрөө рамны хашаанаас шинэс төрлийн 15 м куб, 4 метрийн урттай 165 ширхэг палк хураасан 5-н банз/модыг 8,450,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр бүртгэлтэй 31-52  ОРО улсын дугаартай тээврийн хэрэглэсээр Эрдэнэт Хялганат модны зах руу тээвэрлэсэн....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 193-194-р тал/ 

Гэрч Н.Оюунчимэгийн өгсөн: ”...2021 оны 11 дүгээр сарын эхээр Хутаг-Өндөр сумын ойн ангийн дарга Шинэбаяр над руу утсаар яриад “бэлэн палк худалдаж авах уу?, мөнгөний хэрэг гарлаа гэж хэлсэн.Ингээд Хутаг-Өндөр суманд байрлах Уламбургил ХХК-ын хөрөө рамны хашаанаас шинэс төрлийн 15 м куб, 4 метрийн урттай 165 ширхэг палк хураасан 5-н банз/модыг 8,450,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр бүртгэлтэй 31-52  ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт Хялганат модны зах руу тээвэрлэсэн....гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй шүүх эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна...” гэх, шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин түүний өмгөөлөгч Н.Мандах нар нь ... цагаатгаж өгнө үү” гэх, давж заалдах гомдол гаргажээ. Хэрэгт хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтад үндэслэн энэхүү хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

6. Шүүгдэгч Шүүгдэгч Х.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.2, 3.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Амартүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.2, 3.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.2, 3.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

7. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун/ мянган төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

8. Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

9. Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Сум дундын ойн ангийн даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар Сум дундын ойн ангийн үржүүлэгчээр томилогдсон байх ба ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар мод бэлтгэх эрхийн бичгийг олгох эрх бүхий субъект мөн бөгөөд уг эрхийн бичгийг олгохдоо шалгавал зохих үндсэн эх сурвалж болсон эрхийн бичиг хүссэн байгууллагын тусгай зөвшөөрлийг шалгалгүйгээр эрхийг бичгийг олгосон үйлдэл нь албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж байгаа боловч шүүгдэгч Х.Шинэбаярын Авлигатай тэмцэх газрын 10090003401 тоот дансанд шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг хэрхэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ талаарх шийдвэрийг шийтгэх тогтоолд нэмж оруулах нь зүйтэй байна.

11. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Мөнхсайхан, Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/224 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, доорх заалтыг нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д Авлигатай тэмцэх газрын 10090003401 тоот дансанд шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Шинэбаярт буцаан олгосугай.” гэж нэмж, тогтоолын 7,8 гэснийг 8, 9 болгон өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ

      

 

                                            ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ