Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 118

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Д.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оймууд овогт Д.А-д холбогдох 1721003530033 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг . .........тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Оймууд овогт Д.А.

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрэст сүүл” гэх газарт хохирогч П.Б-ын эзэмшлийн 550 ширхэг боодолтой өвсийг фэйсбүүкээр зар тавьж бусдад борлуулах замаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өвс авсан Баттулга гэх хүнтэй утсаар холбогдоод 12 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар аймагт уулзаад 09-ний өглөө очиж өвсийг ачсан. Тэр өвсийг би эзэнтэй гэж мэдээгүй. Сүүлийн 2 жилийн хугацаанд эзэнгүй байсан. Хятадуудыг авахыгаа аваад хэрэггүй өвсөө хаяад явсан гэж ойлгож байсан. Өвсийг ачаад дуусаж байхад Матад сумын төлөөлөгч, өвсний эзэн П.Б болон өөр 2 хүний хамт ирсэн. Тэр оройдоо Матад сум руу очоод байцаалт өгсөн...” гэв.

 

Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Матад сумын нутаг дэвсгэрт Шанагын хөндий гэх газарт нийт 5000 м2 бүхий үйлдвэрлэлийн зориулалттай хадлангийн газрыг Матад сумын удирдлагуудтай хадлан авахаар гэрээ хийсэн. Уг талбайд 52.000 боодол өвс бэлтгэж нуруулдсан. Тухайн боодол өвснөөс 40.000 боодол өвс тухайн газар үлдсэн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай ажилтан Ганзориг надад хандаж “Өвснөөс чинь машинд ачаад байна” гэхээр нь Матад сумын хэсгийн төлөөлөгч Энхбаярыг аваад очиход 21-75 УНМ улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэлд нийт 550 боодол өвс ачсан байсан. Тэгээд би уг тээврийн хэрэгслийн жолооч Баттулга гэх залуугаас яагаад та нар хүний өвсийг хэлэхгүй ачиж байгаа юм бэ гэхэд тэр залуу Амаржаргал гэх залуу энэ өвс минийх гэж байсан. Би худалдаж авч байгаа юм гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сараас хойш яг хариуцсан харуул манаач байхгүй байсан бөгөөд хадлангаа хадсан Ганзориг гэх залууд хандаж миний өвсийг харж байгаарай гэж захиж үлдээсэн. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ.  /хх-ийн 15-17, 22 тал/

 

Гэрч Д.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би фэйсбүүкийн “Хөдөө аж ахуйн зар” гэсэн мэдээллээр өнжмөл өвс худалдана гэсэн зараар 96666946 утсаар холбогдоод ярихад “Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байгаа өнжмөл өвс зарна” гэж байсан. Би зам мэдэхгүй яаж явах вэ гэхэд Сүхбаатар аймгийн төвд очоод холбогдоорой гэсэн. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед нөгөө өвс өгөх хүнтэйгээ уулзсан. Амараа гэж өөрийгөө танилцуулсан ба 09-ний өдөр өвсийг ачаад татлага татаж байхад Матад сумаас цагдаа 3 хүний хамт ирсэн. Нэг боодол өвсийг 1200 төгрөгөөр тооцож бэлэн мөнгийг би дараа нь өгөхөөр ярьж авсан юм. Амараа гэх залуутай анх ярихад манай хөдөө гэрт байгаа гэж байсан, би өөрийнх нь өвс байх  л гэж бодсон  ...” гэжээ .  /хх-ийн 24-26 тал/

 

- Яллагдагч Д.А-гийн мэдүүлэг /хх-ийн 42 тал/

- Матад сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 13 тал/

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 тал/

- Д.А-гийн мал тооллогын баримт /хх-ийн 47 тал/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/

- ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 48-49 тал/

- Хадлан бэлтгэх гэрээ /хх-ийн 52-54 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Оймууд овогт Д.А нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрэст сүүл” гэх газарт хохирогч П.Б-ын эзэмшлийн 550 ширхэг боодолтой өвсийг фэйсбүүкээр зар тавьж бусдад борлуулах замаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч П.Б, гэрч Д.Баттулга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Энэ хэргийн улмаас хохирогч П.Б-т 1100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлсөн, хохирогч П.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.А-гийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оймууд овогт Д.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.А-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.А-гийн ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ