| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0362/Э |
| Дугаар | 448 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Хохирогч Б.Тэмүүлэн,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 1806 0130 50341 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Ш овгийн Лгийн Б, 1998 оны 11 дүгээр сарын 24-нд Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн суралцдаг, Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /регистрийн дугаар: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Тэмүүлэнгийн нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “….Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тэмүүлэн мэдүүлэхдээ: “…Хохирогч: Хамраа янзлуулмаар байна. Толгой тархи өвддөг. Хувийн чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн. Хагалгаанд орох болж эмчилгээний зардал, 1.400.000-1.500.000 төгрөг болно гэсэн. Мөн тухайн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний, бусад ойр зүйлийн хэрэглээний мөнгө төгрөгийг нийлүүлж 1.700.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг /хх 5-10/, гэрч Б.Минжбадамын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч А.Пүрэвдоржийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, гэрч Б.Амарсайханы өгсөн мэдүүлэг /хх-15-16/, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2360 дугаартай дүгнэлт /хх-21/, яллагдагч Л.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-25/ хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Тэмүүлэнгийн нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тэмүүлэнгийн өгсөн: "... 2018 оны 02 сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... Амарсайхантай явж байсан хүмүүс намайг зодсон, нүүр лүү 3-4 удаа гараараа цохисон ба миний хамар хугарсан байна..." /хх-5-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Минжбадамын "... Тэмүүлэнтэй юм яриад зогсож байхад Бодьхүү хажуунаас орж ирээд Тэмүүлэнг гараараа нүүрэнд нь нэг удаа цохиж хамарнаас нь цус гаргасан, дахиж ирээд нэг удаа нүүрэнд нь цохисон. ...эргээд харсан чинь Тэмүүлэн доошоо тонгойгоод нүүр нь хөхөрсөн босоод ирсэн..." /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч А.Пүрэвдоржийн "...миний харснаар Бодьхүү хохирогчийг 1 удаа нүүрэнд нь цохисон, бусад зүйлийг хараагүй..." /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Амарсайханы "...Бодьхүү миний хажуугаар орж ирээд нүүрэнд нь гараараа цохиж хамарнаас нь цус гаргасан..." /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Яллагдагч Л.Бодьхүүгийн “… хохирогчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогтой эвлэрсэн. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. “ /хх-35/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 2360 дугаартай дүгнэлт
1. Б.Тэмүүлэнгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь модоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 21/ гэх дүгнэлт,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/,
- Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-25/ хуудас зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Б нь 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Тэмүүлэнгийн нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Бодьхүү нь хохирогчид 750.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчоос 125.000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Хохирогч Б.Тэмүүлэн нь цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Л.Б нь хохирогчид 750.000 төгрөгийн хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Л-гийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Б-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Бодьхүү нь хохирогчид 750.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Б.Тэмүүлэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар
жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС