Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/215

 

 

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Д.Пүрэвбаатар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Бд холбогдох 2306006740932 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 89-44 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А дүүргийн 00 дугаар хороо, Улаанхуарангийн 000 тоотод Н.Цыг “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгааны улмаас баруун бугалганд зэвсгийн чанартай зүйлээр буюу хутгаар хатгаж, түүний биед баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал, мэдрэлийн тасрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогч Н.Ц нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн иштэй хутга 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. “Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Н.Цтой уулзаж гэртээ урьж архи уусан байдаг. Ингээд түүнийг орон дээрээ хэвтэн унтаж байхад хохирогч Н.Ц нь тэдний гэрт байсан эмэгтэй Г.Цыг зодож нүүрэнд нь өшиглөж хамар, нүүрний ясыг хугалж гэмтэл учруулсан. Хохирогч эмэгтэй өвдөж айсны улмаас хашгирч Быг сэрээж тусламж гуйсан байдаг. “Чи битгий эмэгтэй хүнийг зодоо” гээд салгахаар бариад авахад “би эмэгтэй хүнийг зодож таашаал авдаг” гэж хэлэн Б руу эргэж ноцон толгой руу нь 3, 4 удаа цохисон байна. Б энэ хугацаанд цочирдож хохирогчийн эсэргүүцлийг дарахын тулд хамгаалах үйлдэл хийх явцдаа ширээн дээр байсан хутгаар санамсаргүй баруун бугалга руу нь хутгалан хүнд гэмтээсэн нь үнэн. (Үүнийгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан) Гэтэл шүүх дүгнэхдээ хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзжээ. Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 192 дугаар тогтоолд “өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа цочирч түргэн зуур хийсэн хариу үйлдийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэлийн хүчтэй цочдолт, давчтал нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд энэ нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтой...”, Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 295 дугаар тогтоолд “Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагааг зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно” гэж тайлбарлажээ. Гэтэл шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хоёр. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 30-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр ... хэргийн газарт хийсэн үзлэг дутуу хийгдсэн байх бөгөөд хэрэгт зөвхөн объектийг харуулсан. ... Хутгыг хаанаас авсан болох нь тодорхойгүй ... Г.Ц гэх эмэгтэй хаана байсан гэх зэргийн тодруулах шаардлагатай ... гэж 2023/ШЗ/1635 дуугар захирамжинд зааж хэргийг прокурорт буцаасан байтал хэргийн газрын үзлэгийг давтан хийгээгүй байдаг. Д.Бы гэр нь 3/5 хэмжээтэй жижиг амбаар бөгөөд тийм жижигхэн зайд өөрөөсөө хол зайд байх хутгийг очиж аваад хохирогчийн баруун гарын шуу хэсэгт санаатайгаар хутгалсан (хүсэж үйлдсэн) мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. 1982 оноос хойш 40 жил хамтран ажиллаж байгаа өөрийн найз М.Ц-ыг шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцааны улмаас санаатайгаар хутгалж гэмтээх үйлдэл хийх шалтгаан байхгүй нь ойлгомжтой билээ.

Прокурор нь захирамжид заасан ажиллагаануудыг хийгээгүй эс үйлдэл гаргаж 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 650 дугаар яллах дүгнэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 650А гэсэн ганцхан үсэг тавиад тэр хэвээр нь ирүүлсэн. Үүгээрээ энэ гэмт хэргийн сэдэл субъектив шинж чанарыг тогтоох оролдлого хийгээгүй байна. Шүүгч өөрийн захирамжийн биелэлтийг хангуулах тал дээр ямарваа ажиллагаа хийгээгүйд гомдолтой. Шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар тогтоогдоогүй, ойлгомжгүй байтал хувийн таарамжгүй харилцааны улмаас санаатайгаар үйлдсэн гэж дүгнэсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шийтгэх бус мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар зүйлчлэх сонгох боломжийг хэрэглэсэнгүй. Иймд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” зарчмыг үндэслэл болгон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.   

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх хохирогчийн тараагуур судсанд учирсан гэмтэл нь урьд учирсан, өмнө байсан гэмтэл гэж гэмтлийн зэрэг дээр маргаж байсан. Ингээд дахин гэмтлийн зэрэг тогтооход дахин хүнд гэмтэл гэж гарахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж энэ хэргийг үйлдсэн гэж ярьдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол, хор уршиг учруулах талаар болон Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 192 дугаартай тогтоолоор тайлбарласаныг тодорхой дурдсан байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Бд холбогдох 2306006740932 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А дүүргийн 00 дугаар хороо, Улаанхуарангийн 000 тоотод Н.Цыг “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгааны улмаас баруун бугалганд зэвсгийн чанартай зүйлээр буюу хутгаар хатгаж, түүний биед “...баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал, мэдрэлийн тасрал...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...Н.Ц нь бусдад хутгалуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 7-10/,

хохирогч Н.Ц-ын: “...ууж сууж байгаад би тасарчихсан. Нэг мэдсэн чинь шөнө эмнэлэгт баруун суга хэсэгтээ хутгалуулчихсан байдалтай сэрсэн. Би баруун суга хэсэгт хутгалуулж судас тасарсан. Энэ гэмтлийг Б надад учруулсан гэж бодож байна. Учир нь, тухайн үед надтай муудалцах боломжтой хүн нь Б л байсан болов уу гэж бодож байна. Тэнд байсан 2 эмэгтэй бол надтай муудалцаагүй байх...” /1-р хх-ийн 17-18, 2-р хх-ийн 134/,

Г.Цын хохирогчоор мэдүүлсэн: “...О бие засах гээд гарсан хойгуур Ц учир зүггүй босч ирээд миний нүүр рүү шууд цохиж аваад “Би эмэгтэй хүн зодож кайф авдаг” гээд орилоод, намайг татаж газар унагаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би орилоод “хөөе Баяраа сэрээч ээ” гэж хэлтэл Б ах босож ирээд “хөөе чи яаж байгаа юм бэ” гээд Ц гэдэг хүнийг барьж авсан. Тэр үед О орж ирээд бас орилсон. Тэгтэл удалгүй Ц гэдэг хүний баруун гарнаас нь цус гараад эхэлсэн, бид нар айгаад Б ах “би хүн хутгалчихлаа” гээд дуудлага өгсөн. ...”/1-р хх-ийн 21-22/,

гэрч Л.Оюунцэцэгийн: “...23 цагийн үед манай нөхөр орон дээр хэвтээд унтсан. Тэгэхээр нь би гадаа гарч жорлон орчхоод 10 орчим минутын дараа ороод иртэл Ц Ц-ыг газарт унагаачихаад зодож байсан. Тэгээд би явж ороод болиулаад, Быг дуудаж сэрээгээд Цыг болиулаач ээ гэж хэлтэл Б босоод иртэл Ц Бы толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би Ц-ыг холдуулж аваад нүүрийг нь хараад байж байтал Цын баруун гарыг дагаад цус гоожиж байсан ба хажууд Б зогсож байсан. Тэгээд би “хүүе юу болж байна аа, түргэн дуудаач ээ” гэж хэлээд, Б утсаараа түргэн дуудаад “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 29-30/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 1441 дугаартай “...Н.Ц-ын биед баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал мэдрэлийн тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 40-42/, тус дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Э.Эрхэмбаярын: “...суганд 10 см мэс заслын шарх гэдэг нь нэг удаагийн хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр баруун суганд үүссэнийг илтгэж байгаа юм. Баруун бугалгын дотор дээр хэсэгт буюу хүч үйлчилсэн хэсэгт хураагуур /вен/, таруугуур /артлерийн/ судас нь баруун бугалгын дотор дээр хэсэг буюу суганд бүрэн тасарсан байсан гэсэн үг. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 135/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч нарын 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 966 дугаартай “...Н.Ц-ын биед учирсан баруун гарын суга хэсгийн хутгалагдсан шархны улмаас баруун гарын бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал бүхий гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 1441 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цэргийн төв эмнэлгийн 22я/04137 тоот өвчний түүхээс үзэхэд Н.Ц-ын биед учирсан дээрхи баруун суга хэсгийн хутгалагдсан шархны улмаас баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал мэдрэлийн тасрал гэмтлийн улмаас баруун гарын 1, 2, 3 дугаар хурууны хатингаршил үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 9-14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Бы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Цыг “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгаанаар хутга авсан, улмаар түүний бугалганы дотор хэсэгт хутгалж “...баруун бугалгын хураагуур, таруугуур судасны бүрэн тасрал, мэдрэлийн тасрал...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.  

Анхан шатны шүүх Д.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, түүнд тус зүйл хэсэгт заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хорих ялыг 5 жилийн хугацаагаар буюу доод хэмжээгээр нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бд оногдуулсан ялын хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэх болсон “Эмэгтэй хүн зодлоо” гэсэн сэдэлт, гэм бурууд тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэдийгээр Д.Б нь Г.Ц гэх эмэгтэйн өөрт нь чиглэсэн тусламж хүссэн дуудлагаар хэвтэж байгаа орноосоо боссон, Н.Ц-ын Г.Цийг зодсонд дургүйцсэн байсан ч гэсэн түүний хутга авсан, хутгаар Н.Ц-ын биед хутгалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл байх тул түүний өмгөөлөгчийн гаргасан “...Д.Бы сэтгэл санаа цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын гаргасан “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бы цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ