Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2025/0457

 

2025 06 13 128/ШШ2025/0457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.Тус шүүхэд ХХК-аас Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.өд холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.

2. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б. нь Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт баталгаажилтын газрын даргын баталсан ******* дугаартай удирдамжийг үндэслэн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* тоотод байрлах ХХК-ийн Бөөний худалдааны төв нь түргэн муудах, тусгай горим шаардаж хадгалдаг хүнсний өндгийг автомашины гараашинд хурааж хадгалсан, худалдааны зааланд шалан дээр ил тавьж худалдаалж байгаа талаар МЭ-2 дугаартай гомдол, мэдээллийн дагуу тус компанийн Бөөний худалдааны төвд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байна.

3.Улмаар хяналт шалгалт хийсэн улсын байцаагчаас ХХК-ийг Техникийн ерөнхий шаардлагатай MNS 0095:2022 стандартын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтад Өндгийг хортой, аюултай, хурц үнэртэй, эд материал, идэмхий дэгдэмхий бодистой хамт хадгалахгүй, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.9 дэх заалтад Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх хадгалах, 10.3 дахь хэсгийн 10.3.1 дэх заалтад Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг хэсэгт зааснаар гурван мянган нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Гомдол гаргагчийн төлөөлөгч гомдлын шаардлагын үндэслэлдээ: ... Улсын байцаагч нь дээр дурдсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах процессын ажиллагааг хуульд тодорхойлсон журмын дагуу хийх ёстой.

Гэтэл тус улсын байцаагч нь захиргааны шийдвэр гарахын өмнөх урьдчилсан нөхцөл байдлыг хуулийн дагуу бүрэн гүйцэт явуулаагүй байна.

Тухайлбал: Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тус захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж

Тухайлбал: Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тус захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал, гаргах боломж олгоогүй, энэхүү шийдвэртэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байгаа болно.

Учир нь улсын байцаагч нь энэхүү шийдвэрийг гаргахдаа тухайн цаг хугацаанд ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хийхдээ холбогдох зөвлөмж, шаардлага хүргүүлсэн атлаа зөвхөн манай компанид торгууль ногдуулсан, торгуулийг холбогдох хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар хөнгөрүүлнэ гэж холбогдогчийг төөрөгдөлд оруулсан, шаардлагатай баримт бичиг болон удирдамжтай оролцогчийг танилцах боломжоор хангаагүй тайлбар, санал гаргах боломж олгоогүй байдаг.

Иймд улсын байцаагчийн дээрх үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хяналт шалгалтад холбогдох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж үзэж байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.3.Хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч Б. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК: Улсын байцаагч нь дээр дурдсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах процессын ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна гэжээ.

1. ХХК нь хүнсний өндгийг автомашины гараашинд хадгалж, хураасан нь Тахианы өндөг. Техникийн ерөнхий шаардлагатай MNS 0095:2022 стандартын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтад Өндгийг хортой, аюултай, хурц үнэртэй, эд материал, идэмхий дэгдэмхий бодистой хамт хадгалахгүй, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.9 дэх заалтад Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх хадгалах, 10.3 дахь хэсгийн 10.3.1 дэх заалтад Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх явцад өндөг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж ******* ******* ХХК-аас өндгөө буцаан татан авах, шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн Эрүүл Мал эмнэлгийн газрын лабораторид өндөгнөөс дээж авч шинжилгээнд хамруулан, бүртгэлийн ******* дугаартай шинжилгээний дүнг үнэлсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай /ЗХБ-28/ тогтоол үйлдэн, зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтанд хүргүүлж, удирдах албан албан тушаалтны тогтоол гаргуулж, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай /ЗХБ-23/ тэмдэглэл үйлдэн, хүсэлтийг бүрэн хангах тухай /ЗХБ-40/ тогтоол үйлдэн, дуу дүрсний бичлэг хийж, өндгийг хүлээлгэн өгсөн.

Зөрчлийн хэргийг шалгах явцад ХХК-ийн захирал, гомдол гаргагч Т.*******тай утсаар 3 удаа /зарим үед утсандаа хариу өгөөгүй/, биечлэн 2 удаа уулзахдаа зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг танилцуулж, холбогдогчийн мэдүүлэг авах гэхэд Өнөөдөр миний муу өдөр, мэдүүлэг өгөхгүй, Би ямар ч мэдүүлэг өгөхгүй, зөрчлийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар хийж, мэдүүлэг өгөөгүй, хэргийн материалтай танилцаагүй.

-Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1 хэсгийн 1 дэх заалтад Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийн 2 дахь заалтад Хүн хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтад Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй заалтуудыг тус тус үндэслэн шударга ёсны зарчим баримтлан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар ХХК-нд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл ногдуулж хуулийн хугацаанд харьяа Прокурорын газрын хяналтын прокурорт зөрчлийн хэргийг хянуулсан болно.

ХХК: Тухайн цаг хугацаанд ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хийхдээ холбогдох зөвлөмж, шаардлага хүргүүлсэн атлаа зөвхөн манай компанид торгуулж ногдуулсан, торгуулийг холбогдох хугацаанд нь төлсөн тохиолдолд 50%-аар хөнгөрүүлнэ гэж төөрөгдөлд оруулсан, удирдамжтай танилцах боломжоор хангаагүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэжээ.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйл, Засгийн газрын 479 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Хяналт шалгалт хийх нийтлэг журам-д заасныг тус тус баримтлан хяналт шалгалтад хамрагдаж буй объектод улсын байцаагчийн үнэмлэх, удирдамжаа танилцуулсан.

Тус удирдамжаар Миний дэлгүүрийн салбарт худалдаалж байсан өндгийг холбогдох хууль болон журмыг баримтлан буцаан татан авалт хийлгэсэн. /Удирдамжид буцаан татан авалт хийлгэх талаар заагдсан, үйлдвэрлэгч НВЦ трейдинг ХХК-д НМЭГ-ын улсын ахлах байцаагч зөрчлийн хэрэг нээсэн тул хэргийг нэгтгэн шийдвэрлэж шийтгэл оногдуулсан./

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад ... 6.15 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй гэж заасан байх тул хуулийн этгээдийг шийтгэлээс 50% хөнгөлж болно гэж хэлж төөрөгдүүлсэн гэдэг үндэслэлгүй гүтгэлэг байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.ийн үйлдсэн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б. нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 3000 нэгжтэй /3,000,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулжээ.

2.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

3.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо ...улсын байцаагч нь удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг хийхдээ захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тус захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл, байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, энэхүү шийдвэртэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэж, хариуцагчаас хариу тайлбартаа ...хяналт шалгалтад хамрагдаж буй объектод улсын байцаагчийн үнэмлэх, удирдамжаа танилцуулсан. Тус удирдамжаар Миний дэлгүүрийн салбарт худалдаалж байсан өндгийг холбогдох хууль болон журмыг баримтлан буцаан татан авалт хийлгэсэн. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад ...6.15 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахгүй гэж заасан байх тул хуулийн этгээдийг шийтгэлээс 50% хөнгөлж болно гэж хэлж төөрөгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

4.Хариуцагч Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б. нь Нийслэлийн Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт баталгаажилтын газрын даргын баталсан ******* дугаартай удирдамжийг үндэслэн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* тоотод байрлах ХХК-ийн Бөөний худалдааны төв нь түргэн муудах, тусгай горим шаардаж хадгалдаг хүнсний өндгийг автомашины гараашинд хурааж хадгалсан, худалдааны зааланд шалан дээр ил тавьж худалдаалж байгаа талаар МЭ-2 дугаартай гомдол, мэдээллийн дагуу тус компанийн Бөөний худалдааны төвд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байна.

5.Улмаар хариуцагч улсын байцаагч нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргагч ХХК-нд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* дугаартай Зөрчлийн хэрэг нээжээ.

6.Хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн баримтаас үзвэл хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн Үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ...Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ХХК-ийн шувууны аж ахуйд үйлдвэрлэсэн, шошгын шаардлага хангаагүй, ӨЕГ дардастай, үйлдвэрлэгч болон үйлдвэрлэсэн огноог /сар, өдөр/ тэмдэглээгүй хүнсний бор 17 хайрцаг /1 хайрцагт 360 ширхэг өндөг/, худалдааны заалнаас доош буулгасан 180 ширхэг өндөг, нийт 6300 ширхэг өндгийг гэрэл зургаар баталгаажуулж, өндөг нийлүүлэгч аж ахуйн нэгж рүү мэдэгдэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуустал өндөгний бүрэн бүтэн байдлыг хариуцах талаар сануулан, үзлэгийн тэмдэглэл үйлдэв хэмээн дурдаж, 180 хайрцаг, нийт 6300 ширхэг өндгийг битүүмжилсэн байна.

7.Зөрчил шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ...бүртгэлийн МЭ-1 дугаартай гомдол, мэдээллийг буюу ХХК-ийн Бөөний худалдааны төвд өндөг нийлүүлсэн ******* ******* ХХК нь Тахианы өндөг. Техникийн ерөнхий шаардлага MNS 0095:2022 стандарт баримталж мөрдөөгүй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэх үндэслэлээр Нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлэх Эрх бүхий албан тушаалтны санал гаргасныг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Удирдах албан тушаалтны тогтоолоор Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлжээ.

8.Нийслэлийн Мал эмнэлгийн газарт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ХХК-нд өндөг нийлүүлсэн ******* ******* ХХК-аас хариуцагч улсын байцаагчийн битүүмжилсэн 6300 ширхэг өндгийг шинжилгээнд хамруулан буцаан олгох хүсэлтийн дагуу Нийслэлийн Мал эмнэлгийн лаборатори-д шинжилж 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Шинжилгээний дүнгийн хуудсаар Стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нян илрээгүй талаар дурдаж битүүмжилсэн өндгийг эзэмшигчид нь буцаан олгосон байна.

9.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч улсын байцаагчаас гомдол гаргагч ХХК-нд холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байх боловч, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, төлөөлөгчөөс огт тайлбар, мэдүүлэг аваагүй, маргаан бүхий актыг гаргахаас өмнө зөрчлийн хэргийн талаар танилцуулж, мэдэгдээгүй, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу шийтгэлийн хуудас гарсны дараа үйлдсэн Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудаст тус компанийн гүйцэтгэх захирал Т.*******ыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутад Налайх дүүргийн ЗДТГ-ын 215 дугаартай албан өрөөнд ирсэн байхыг мэдэгдсэн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад 250700100 дугаартай зөрчлийн хэргийн холбогдогч Т.*******д дамжуулна уу гэхэд хүлээн авах хүн гараагүй гэж тэмдэглэгджээ.

10.Мөн 2025 оны ... дугаар сарын 27-ны өдрийн Хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ...Түндэв овогтой *******д 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 02 минутад зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар өөрийн .... дугаарын гар утсаар оролцогчийн ...дугаартай холбогдоход очих боломжгүй гэж мэдэгдэв гэжээ.

11.Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудаст үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсан гэх зөрчлийг тогтоохдоо Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж тайлбарлах хэдий ч шийтгэлийн хуудаст дээрх хуулийн зүйл, заалтыг бичээгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

12.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчилд холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах, зөрчлийн хэргийг танилцуулах, зөрчлийг хөдөлбөргүй нотолж, түүнд тохирох шийтгэлийг ногдуулах учиртай.

13.Нөгөө талаас аливаа иргэн, хуулийн этгээд зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага ногдуулах нь зайлшгүй бөгөөд дээр дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.өд холбогдох 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Налайх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Б.ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № тоот шийтгэлийн хуудас хүчингүй болсонд тооцсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР