Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01248

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01248

 

 

 

Ц.М, Л.Л нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01531 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.М, Л.Л нарын нэхэмжлэлтэй, хариуцагч П Х- ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 710 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М, Л.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М- миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр П Х-с ХХК-ийн нягтлан бодогч Г.Номинцэцэгтэй орон сууц захиалах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байр, 2 дугаар орц, 88 тоот, 54,4 м.кв хоёр өрөө 2016 онд ашиглалтад орсон 108 800 000 төгрөгийн үнэтэй орон сууцны урьдчилгаа 19 640 000 төгрөг бэлэн өгч 89 160 000 төгрөгийг заасан хуваарийн дагуу жилийн 8 хувийн хүүтэйгээр гэрээний хавсралт 1-т заасны дагуу төлөхөөр тохиролцон гэрээний 8.3-т Захиалагч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан төлбөрийн хуваарийг дараалан 3 /гурав/ удаа бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэгч нь орон сууцанд нэвтрэх эрхийг хязгаарлах, хангамжийг таслах болон гэрээнээс татгалзах орон сууцыг бүр мөсөн өөрийн эзэмшилд буцаан авах-аар дурдсан. Гэтэл миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж орон сууцны ашиглалтын зардал болон бусад төлбөр тооцоог төлж байрны урьдчилгаа 19 740 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын төлбөр 3 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын төлбөр 3 500 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын төлбөр 3 500 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэхгүй төлж нийт 32 740 000 төгрөгийг төлж дараагийн гэрээнд шилжсэн боловч сарын 5 000 000 төгрөг төлөх графикийн дагуу cap бүр төлж чадахгүй бол байрыг сулла гэсэн шаардлага тавьсан. 2020 оны 01 дүгээр сард дэлхий нийтээр онц байдал зарласан тахлын улмаас миний ажил зогссон, төлбөрийн хуваарыг өөрчлөхийг гуйхад манай захирал зөвшөөрөөгүй байна.П Х-с ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцалсан. Төлбөрийг 1 удаа хожимдуулсан нь бидний гэм буруугаас болоогүй. Төлбөр хойшлуулсан нөхцөл байдал нь корона вирус цар тахлаас шалтгаалан 02 дугаар сард өгөх төлбөрийг 3 дугаар сард өгсөн нь үүргийг ялимгүй зөрчсөн. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр сүүлийн төлбөрөө төлөөд 2 сард багтааж өгөөгүй гэж шалтагласан бөгөөд 54,4 м.кв байр байснаа эргэн төлөлтийн хуваарьт 54,40 м.кв болгож өөрчлөөд, сар бүр 5 000 000 төгрөг төлөхгүй бол байрыг чөлөөл, дараагийн айл бэлэн гэх шаардлага тавьсан. Гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 он 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 5 000 000 төгрөг гэх мэтээр өөрчлөлт оруулсан, үүнийг эс зөвшөөрөхөөр орон сууцыг чөлөөл гэсэн.П Х-с ХХК нь гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, хохирол учруулсан, гэрээ нь хэтэрхий нэг талын ашиг сонирхлыг баримталсан, тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй. Гэрээнд давагдашгүй хүчин зүйл байгалийн гамшиг, олон нийтийг хамарсан цар тахал, дайн байлдааны үеийн онцгой байдал зарласан нөхцөл байдлыг тусгаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Төлсөн төлбөр 32 740 000 төгрөг аваад орон сууцнаас гаръя гэхэд ... дараагийн айлаас чинь аваад өгнө ... гэсэн тул орон сууцыг чөлөөлсөн.П Х-с ХХК нь 23 000 000 төгрөг, 6 740 000 төгрөг гэж 2 хувааж өгөхдөө 3 000 000 төгрөгийг суутгаж авсан. Ингэж байрнаас нүүхдээ нүүлгэлтийн хоёр хүнд тус бүрт 150 000 төгрөг, нийт 300 000 төгрөг, портер машины жолоочид 2 удаагийн зөөлт 170 000 төгрөг, өмгөөлөгч н.Пүрэвдоржид 500 000 төгрөг, өмгөөлөгч н.Тодгэрэлд 700 000 төгрөг, нотариат болон канон зураг угаалгахад 40 000 төгрөгийн зардал гаргасан. Дээрх зардалтай холбоотой баримтыг тухайн хүмүүсээс авах гэхэд хувиараа ажилладаг тул баримт өгөх боломжгүй гэсэн. Өмгөөлөгч нартай хийсэн гэрээ байдаг боловч олдохгүй байна, Х.Пүрэвдорж өмгөөлөгч дүүгийн данс руу төлбөрийг хийчих гэсний дагуу түүний өгсөн дансанд төлбөрийг шилжүүлсэн. Иймд гэрээний үлдэгдэл 3 000 000 төгрөг, нүүлгэлтийн хөлс 300 000 төгрөг, портер машины жолоочийн хөлс 170 000 төгрөг, 2 өмгөөлөгчийн зардал 1 200 000 төгрөг, нотариат болон канон зураг угаалгахад гарсан зардал 40 000 төгрөг, нийт 4 710 000 төгрөгийгП Х-с ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:П Х-с ХХК нь Ц.М, Л.Л нартай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээ хийж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баяжих цогцолбор, 18 дугаар байр, 2 дугаар орц, 88 тоот 54,4 м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөр 32 640 000 төгрөгийг төлсний дараа хуваарьт төлбөрийн дүн, хугацааг тохиролцож орон сууцыг хүлээлцэх байсан боловч захиалагчийн удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэн урдьчилгаа төлбөр 19 640 000 төгрөгийг үндэслэн гэрээ байгуулж эхний 3 сардаа багтаж урдьчилгаа төлбөрийн үлдэгдэлийг барагдуулахаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Ц.М, Л.Л нар гэрээний 30 хувь болох 32 640 000 төгрөгийг 5 сар 20 хоногийн хугацаанд төлж дуусгасан. Урьдчилгаа 30 хувиа төлсөн тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгч, үлдэх 70 хувийг жилийн 8 хувийн хүүтэй, 3 жил буюу 36 сарын хугацаанд төлөхөөр байсан. Гэтэл захиалагч нар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 30 хувь 32 640 000 төгрөгөөс 19 640 000 төгрөгийг төлсөн байхад нь аргагүй байдлыг харгалзан үзээд орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэтэл борлуулалтын албатай эргэн төлөлтийн хуваарийн талаар тохиролцоогүй учраас гэрээг цуцлахаар маргаан үүсгэж, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр захиалагч гэх Ц.М, Л.Л, тэдний өмгөөлөгч Х.Пүрэвдорж нар манай компанид гэрээ цуцлах, орон сууцыг буцааж шилжүүлэх тухай өргөдөл гаргасан. Захиалагчийн гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний 8.1, 8.2, 8.3 болон 8.4 тус тус заасны дагуу төлбөл зохих үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль, өөрийн эзэмшилд байлгасан хугацааны төлбөрт сарын 800 000 төгрөгийн түрээсийн төлбөр болон засварын зардлыг тооцож хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байсан. Манай компаниас төлбөл зохих үнийн дунгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг тооцоогүй, захиалагч орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 5 cap 20 хоног өөрийн эзэмшилд байлгасан хугацааны түрээсийн төлбөр 4 533 333 төгрөг, орон сууц буцаан шилжүүлэх үеийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувийн торгууль нь 7 616 000 төгрөг тооцож үлдэгдэл төлбөрийг буцаах тухай мэдэгдэхэд захиалагч орон сууцыг буцаан шилжүүлэх хүсэлт гаргахдаа ямар ч алданги торгууль төлөхгүй бөгөөд урьдчилгаа төлсөн төлбөрийг 100 хувь буцааж төлөхийг манай компаниас шаардаж компанийн байранд суулт хийж ажил явуулах боломжгүй байдалд хүргэсэн. Гэрээ цуцлахын оронд гэрээний хуваарийн дагуу төлбөрөө барагдуулахыг мэдэгдэж утсаар ярьсан манай компанийн Баяжих цогцолборт оршин суудаг ажилтанг захиалагч Л.Л нь удаа дараа дарамталсан.

Манай компани алданги торгууль болон түрээсийн төлбөрийг суутгалгүй зөвхөн засварын зардалд 2 900 000 төгрөгийг суутган захиалагчид 29 740 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ХААН банк ХХК дахь Л.Лгийн эзэмшлийн 5059020863 тоот дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн бусад зардлыг манайх хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Ц.М, Л.Л нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчП Х-с ХХК-аас 2 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М, Л.Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 810 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчП Х-с ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 61 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Л давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.П Х-с ХХК-аас төлбөрөө төл, дараагийн айл бэлэн гэх мэтээр шаардаж орон сууцнаас гаргасан. Өмгөөлөгч н.Пүрэвдоржид 500 000 төгрөг, өмгөөлөгч н.Тодгэрэлд 700 000 төгрөг төлсөн. Өмгөөлөгч нь гэрээ хийсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алга болсон.П Х-с ХХК нь биднийг орон сууцыг буцаан шилжүүлэх хүсэлт гаргасан гэж гүтгэсэн. Нүүлгэлтийн төлбөрөө авсан атлаа захирлаас хариу ирээгүй байна гэж 10 хоносон. Орон сууцнаас нүүхдээ хоёр хүнд тус бүр 150 000 төгрөг, нийт 300 000 төгрөг, портер машины жолоочид 170 000 төгрөг, нотариатын зардал 9 200 төгрөг, Юнившин ХХК-ийн интернэт ашиглаагүй хугацааны төлбөр 153 000 төгрөг, орон сууцны төлбөрт төлсөн төлбөрөөс 3 000 000 төгрөгийгП Х-с ХХК суутгаж авсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.М, Л.Л нар хариуцагчП Х- ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд 4 710 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгчП Х- ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байр, 2 дугаар орц 88 тоот, 54,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалагч Ц.М, Л.Л нарт хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ 108 800 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 19 640 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 89 160 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна. /хх-64-68/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний төлбөрийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, нүүлгэлтийн хөлс 300 000 төгрөг, жолоочийн хөлс 170 000 төгрөг, 2 өмгөөлөгчийн зардал 1 200 000 төгрөг, бусад зардал 40 000 төгрөг нийт 4 710 000 төгрөг төлөөгүй гэж, хариуцагч нэхэмжлэгчийн төлсөн 32 640 000 төгрөгөөс 29 740 000 төгрөг төлж, 2 900 000 төгрөгийг засварт суутган, бусад төлбөрийг бүрэн төлсөн гэж тус тус тайлбарлажээ.

Захиалагч Ц.М, Л.Л нар хариуцагчП Х- ХХК-д дээрх гэрээний дагуу урьдчилгаа 19 640 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн буюу орон сууц захиалгын гэрээ цуцлах хүртэл нийт 32 640 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-104 дугаартай орон сууц захиалгын гэрээний хавсралт 1-д зааснаар захиалагч нар орон сууцны үлдэгдэл төлбөр 89 160 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 36 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 2 800 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гүйцэтгэгчП Х- ХХК-аас сар бүр 5 000 000 төгрөг төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасныг захиалагч нар эс зөвшөөрсөн байна. /хх-77/

Иймд нэхэмжлэгч Л.ЛП Х- ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байрны 88 тоот орон сууцыг буцаан шилжүүлж байгаа тул төлбөр төлсөн 32 640 000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргаж, ХААН банк ХХК дахь 5059020863 тоот шилүүлэх хүсэлт гаргасан нь хэргийн 63 дугаар талд авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагч байгууллга гэрээний дагуу орон сууц шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө болох 32 640 000 төгрөгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцжээ. Иймд хариуцагчП Х-с ХХК нь гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс төлсөн 32 640 000 төгрөгөөс 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 6 740 000 төгрөг, мөн өдөр 23 000 000 төгрөг, нийт 29 940 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн байна. /хх-79-80/

ХариуцагчП Х-с ХХК нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрөөс 2 900 000 төгрөгийг орон сууцны засварын зардалд суутгасан гэх боловч уг орон сууцад засвар хийсэн талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүхП Х-с ХХК-аас 2 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М, Л.Л нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээг цуцалснаас нүүлгэлтийн зардалд 300 000 төгрөг, портер автомашины жолоочид 170 000 төгрөг, нотариат, канон зураг угаалгахад төлсөн 40 000 төгрөгийг, 2 өмгөөлөгчийн зардал 1 200 000 төгрөгийг гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн боловч нүүлгэлтийн зардалд 300 000 төгрөг, портер автомашины жолоочид 170 000 төгрөг, нотариат, канон зураг угаалгахад төлсөн 40 000 төгрөг төлсөн талаар баримтаар нотлоогүй байна. Мөн 2 өмгөөлөгчид төлсөн 1 200 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн боловч өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч сонгон, эрх зүйн туслалцаа авч, хөлс төлснийг гэрээнээс учирсан хохиролд тооцох үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. /хх-11/

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас нүүлгэлттэй холбоотой гарсан зардал болох 470 000 төгрөгийг төлөхийг татгалзахгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан тул хариуцагчП Х-с ХХК-аас нүүлгэлтийн зардал 470 000 төгрөг, засварын зардалд суутгасан 2 900 000 төгрөгийн хамт нийт 3 370 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М, Л.Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 340 000 төгрөгт холбогдох хэсгийг болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчП Х-с ХХК-аас 3 370 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М, Л.Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 340 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 61 350 төгрөг... гэснийг ... 68 870 төгрөг ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/10228 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 ххоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА