Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 497

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Иргэний хариуцагч Ц.Баясгалан,

Хохирогч Ц.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б т холбогдох 1803 00001 0069 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Бын Б.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннүгийн гудамж” “Баянмонгол” хорооллын баруун замд 17-44 УНБ улсын дугаартай Daewoo-106 маркийн автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал тавьж өгнө", мөн дүрмийн 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг  биеэр шалгаж, байр  эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана"...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Ц.Энх-Амгаланг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “…2017 оны 12 сарын 22-нд “ТЭЦ-32 Улиастай Баянмонгол хороолол” чиглэлийн шугамд явж байхдаа “Баянмонгол” хорооллын баруун урд замд явган зорчигч И.Энх-Амгаланг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан. Миний буруутай үйлдлээс болж уг хэрэг гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энх-Амгалан мэдүүлэхдээ: “…2017 оны 12 сарын 22-ны өглөө ажилдаа явж байх замдаа явган хүний гарц дээр осолд орсон. Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлын баримтуудыг манай өмгөөлөгч дэлгэрэнгүй гаргаж өгнө…Хохирол төлбөрөө барагдуулж авсан тул гомдол санал байхгүй. Цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ.” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/, хохирогч Ц.Энх-Амгалангийн өгсөн мэдүүлэг /хх-20-22/, иргэний хариуцагч Ц.Баясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээчийн 707 дугаартай дүгнэлт /хх-51/, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-63-64/, шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-95/, шүүгдэгч Б.Б ын ял шалгах хуудас /103/, шинээр хохирол нэхэмжилсэн баримт 26 хуудас баримт зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннүгийн гудамж” “Баянмонгол” хорооллын баруун замд 17-44 УНБ улсын дугаартай Daewoo-106 маркийн автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал тавьж өгнө", мөн дүрмийн 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг  биеэр шалгаж, байр  эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана"...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Ц.Энх-Амгаланг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь: 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Энх-Амгалангийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 08 цагийн орчим “Баянмонгол Хорооллын баруун талын замын явган хүний гарцаар урдаасаа хойшоо зүгт зам хөндлөн гарч байтал гэнэт зүүн гар талаас хүчтэй мөргөөд секундын дотор автобусны доор орсон хэвтэж байсан.” /хх-20-22/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ц.Баясгалангийн өгсөн: “...2017 оны

12 дугаар сарын 23-ны өглөө шуурхай дээр осол болсон талаар мэдсэн. Хохирогчийн эмчилгээий зардлыг төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй.” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

           Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээч эмчийн №707 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ц.Энх-Амгалангийн биед 2 талын умдаг ясны дээд доод салаа жижиг ясны сэлтэрхийнүүд зөрөөтэй, ахар сүүл баруун талдаа шугаман далд, зүүн дал, чөмөгт ясны сэлтэрсэн далд хугарал, дух, зүүн дал, баруун тохой, зүүн гуяанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд гэмтэл үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эцэс төгсгөлөөс хамаарна.” /хх-51/ гэх дүгнэлт,

 

              Автотээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 18/ 0655 дугаартай дүгнэлтэд:

              1. Daewoo маркийн BS-106 загварын шар өнгөтэй 17-44 УНБ улсын KL5UM52BE9U000448 арлын дугаартай автобусыг MNS459852011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003  “Автотээрийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөгө болгон шалгаж үзэхэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

             2. Зүүн урд дохио ажиллахгүй, ухрах арааны гэрэл ажиллахгүй, зүүн хойд оврын гэрэл ажиллахгүй, хянах самбарын гэрэл асахгүй, тахометр ажиллахгүй / хөдөлгүүрийн эргэлт хэмжигч/ баруун урд буферын будаг халцарсан, нэгдүгээр тэнхлэгийн тоормосны хүч сул байна.

              3. Эдгээр эвдрэл, гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөх боломжгүй. “/хх-58-59/ гэх дүгнэлт,       

 

              Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1. “Daewoo BS-106 маркийн 17-44 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явсан Б.Бат-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 7.6. “Жолооч хөдөлгөөн хийхдээ эхлээд зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.”мөн дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо, орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

              2. Явган зорчигч Ц.Энх-Амгалан нь Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

              3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.”

/хх-63-65/ гэх дүгнэлт,

 

              -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/,

              -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-24-38/,

              -Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ захирлын тушаал /хх-77/,

              -Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хх-78-82/

              -Хохирол нэхэмжилсэн баримтууд,

              -ЦЕГ-ийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-102/,

             -Шүүгдэгч Б.Б ын ял шалгах хуудас /хх-103/ зэрэг болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Б ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннүгийн гудамж” “Баянмонгол” хорооллын баруун замд 17-44 УНБ улсын дугаартай Daewoo-106 маркийн автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал тавьж өгнө", мөн дүрмийн 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг  биеэр шалгаж, байр  эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана"...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Ц.Энх-Амгаланг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Иймд шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

            Хохирогч Ц.Энх-Амгалангийн нэхэмжилсэн эмчилгээ, асаргаа, цалингийн зөрүү, өмгөөлөгчийн хөлс гэж нийт 17.398867 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 10.468.000 төгрөгийг Зорчигч Тээврийн нэгтгэл Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газар болон шүүгдэгч Б.Б  нарын зүгээс төлж барагдуулсан болно. Харин хохирогч Ц.Энх-Амгалангийн цалингийн зөрүү болох 6.931.432 төгрөгийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

            Мөн Иргэний хариуцагч Зорчигч Тээврийн нэгтгэл Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газар нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹95983 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж овогт Бын Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Б ын В ангилалын 95983 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Б т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хохирогч Ц.Энх-Амгалан нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 7. Зорчигч Тээврийн нэгтгэл Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газар нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

    8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.