Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/214

 

 

 

 

 

Э.О, Э.Ц, Н.О,

О.С, Б.С нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

яллагдагч Э.О,  

яллагдагч Э.Ц, Н.О, тэдгээрийн өмгөөлөгч Я.Баярсайхан,

яллагдагч О.С, Б.С,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЗ/3332 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Очгэрэлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт холбогдох 2211011250598 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

1. , ял шийтгэлгүй,

2. оршин суух, ял шийтгэлгүй,

3. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

4. ял шийтгэлгүй,

5. ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд Оросын холбооны улсын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд суралцаж байхдаа нь тус сургуулийн Монгол оюутнуудын дунд мөрдөгддөг гэх “Школа” гэх дүрмийн мөрдүүлж байна гэх нэрийдлээр дээд курсын оюутан гэж өөртөө давуу байдлыг бий болгож, хэлний бэлтгэл ангийн А.Т, А.Т нарыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,

яллагдагч Э.О нь бусадтай бүлэглэн заналхийлэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч А.Т, А.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,  Э.Ц, Н.О, О.С, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван гуравдугаар бүлэг /Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, 40.2.1-т “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх”, 80 дугаар зүйлийн 80.6.1-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ. Үүнтэй холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ. ...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын дээрх хэм хэмжээний агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээнд хохирогч нарыг биечлэн хамруулахаар зааснаас үзэхэд хохирогч нараас тухайн асуудпаар нь мэдүүлэг авах зэрэг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх зэрэгт дүгнэлт хийх шаардлагатай байна.

Яллагдагч Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт холбогдох эрүүгийн 2211 01125 0598 дугаар хэргийн материалтай танилцахад 2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд Шүүх сэтгэц эмгэг судлалын №1063 дугаартай: “...Хохирогч А.Тд “Сэтгэц түгшилт-айдсын хариу урвалтай байна. А.Тд үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэрэгт холбогдогч нарын үйлдлээс шалтгаалан үүссэн байх боломжтой байна. А.Тд үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэх нь тухайн хүний онцлог шинж, сэтгэл зүйн эмчилгээний дүн зэргээс хамаарна” гэх дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр хуудсанд Шүүх сэтгэц эмгэг судлалын №1064 дугаартай: “...Хохирогч А.Т нь одоогоор “Сэтгэц түгшилт-айдсын хариу урвалтай байна. А.Тд үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэрэгт холбогдогч нарын үйлдлээс шалтгаалан үүссэн байх боломжтой байна. А.Тд үүссэн Сэтгэл түгшилт-айдсын хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэх нь тухайн хүний онцлог шинж, сэтгэл зүйн эмчилгээний дүн зэргээс хамаарна” гэх дүгнэлт зэргээр хохирогч нарын сэтгэцэд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх тул хохирогч А.Т, А.Т нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийм учраас хохирогч А.Т, А.Т нарын өмгөөлөгч Б.Отгонтуяагийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийлгэх шаардлагатай гэж дүгнээд эрүүгийн 2211011250598 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж...” шийдвэрлэжээ.

Прокурор Б.Очгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын дагуу шүүх өөрөө тогтоох боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЗ/3332 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Яллагдагч Э.Ц, Н.О нарын өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбаргүй гэв. 

Яллагдагч Э.О тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Яллагдагч Э.Ц тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Яллагдагч Н.О тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Яллагдагч О.Сумъяасүрэн тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв. 

Яллагдагч Б.Сүхбаатар тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.О, Э.Ц, Н.О, О.С, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад, хохирогч А.Т, А.Т нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж үзлээ.  

Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд эрүүгийн хэргийн хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилсэн ба хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хохирогч А.Т /2хх 159/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хохирогч А.Т /2 хх 169/ нар тус тус сэтгэцийн өвчлөлтэй, эдгэрэлт нь тухайн хүний онцлог шинж, сэтгэл зүйн эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлттэй байсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хохирогч А.Т, А.Т нарын сэтгэцийн эмгэгийн зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох нь зүйтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ нь хэргийн талаар нотолбол зохих байдал мөн бөгөөд улмаар тус хэсгийн 1.4 дэх заалтад заасан яллагдагч нарын Эрүүгийн хуульд заасан оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн байна.

Иймд прокурор П.Очгэрэлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар “...хэргийг прокурорт буцаахгүйгээр, эцэслэн шийдвэрлүүлэх...” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЗ/3332 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Очгэрэлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.АЛДАР

          ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

          ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ