Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01249

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/01249

 

 

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01168 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж Т Б ХК-д холбогдох ногдол ашиг 76 722 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж Т Б ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд 6 850 000 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тус компани 2019 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 10 төгрөг хуваарилахаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын19-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж тогтоол шийдвэр гарган олон нийтэд зарласан. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ногдол ашиг олгох тухай тушаал захирамжийг нийт хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан. Үүний дагуу миний бие ногдол ашиг авах ёстой. Энэхүү захирамж шийдвэрт ногдол ашгийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний дотор олгохоор заасан. Миний бие нь Ж Т Б ХК-ийн удирдлагаас ногдол ашиг авах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ногдол ашгийг олгоогүй. Компаний тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10-т компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилна, мөн хуулийн 46.11-т компани ногдол ашгаа энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлага нөхөн төлнө гэж, 46.12-т энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд ногдол ашгаа аваагүй нь тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг үгүйсгэх, эсхүл тухайн компани ногдол ашиг олгохгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасан. Иймд 2019 оны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 2019 оны ногдол ашиг 68 500 000 төгрөг ногдол ашиг олгоогүй хугацааны алданги 8 220 000 төгрөг, нийт 76 722 000 төгрөгийг Ж Т Б ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж Т Б ХК нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 01 дугаар ногдол ашиг хуваарилах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргасан. Уг тогтоолоор 2019 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 10 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт хуваарилахаар тогтоосон. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар ногдол ашиг хуваарилах тухай тогтоол гарснаас хойш 8 сарын хугацаанд компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тулгарсан тул 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эчнээ санал хураалт явуулж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 8 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Уг тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ногдол ашиг хуваарилах тухай тогтоолд өөрчлөлт оруулж 10 төгрөг гэснийг 1 төгрөг гэж өөрчлөн найруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаар ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол гарсан. Уг тогтоолсор бэлэн мөнгө эсхүл компанийн хувьцаа болон бусад этгээдийн үнэт цаас хэлбэрээр хуваарилсан ногдол ашгийг зөвхөн эрх бүхий зуучлагч байгууллага болох Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-аар дамжуулан ногдол ашиг хуваарилах гэрээний үндсэн дээр тараахыг нээлттэй хувьцаат компаниудад үүрэг болгосон. Дээрх тогтоолыг дагуу Ж Т Б ХК нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 03/30 дугаар зуучлуулан ногдол ашиг тараалгах тухай гэрээ байгуулсан. Иймд Ж Т Б ХК-аас ногдол ашгийг тараахгүй, ҮЦТХТ ХХК ногдол ашиг тараах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.10, 46.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж Т Б ХК-аас нийт 76 722 000 /далан зургаан сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 541 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж Т Б ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 541 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хурлыг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлон зарласан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх цаг хугацаанд хуралтай тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн байхад шүүх нотлох баримтыг шаардлага хангаагүй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Хүсэлтэд хавсаргасан шүүх хуралдааны тов, мэдэгдэх хуудсыг шүүгчийн туслахаас авсан. Хэрэв хуурамч нотлох баримт хэмээн үзэж байгаа тул энэ талаар тодруулах боломжтой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Ж Т Б ХК-д холбогдуулан 2019 оны ногдол ашиг 68 500 000 төгрөг, алданги 8 220 000 төгрөг, нийт 76 722 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар тогтоолд нэгж хувьцаанд 10 төгрөг хуваарилахаар шийдвэрлэснийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэгж хувьцаанд 1 төгрөгөөр тооцохоор заасан бөгөөд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-аар зуучлуулан ногдол ашиг тараахаар гэрээ байгуулсан тул манай компани ногдол ашиг тараахгүй... гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Д- нь Ж Т Б ХК-ийн 6 850 000 ширхэг хувьцааг эзэмшдэг талаар зохигч маргаагүй байна.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана гэж зохицуулсан. Хэрэгт авагдсан Ж Т Б ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10 төгрөгийн ногдол ашиг хуваарилж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгохоор шийдвэрлэсэн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9/95 дугаар албан бичгээр тогтоогджээ. /хх-15-16/

Нэхэмжлэгч Д.Д- нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн 6 850 000 нэгж хувьцаанд ногдох ашгийг 10 төгрөгөөр тооцож 68 500 000 төгрөгийг хариуцагч Ж Т Б ХК-аас шаардах эрхтэй.

Ж Т Б ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгохоор шийдвэрлэсэн байхад энэ хугацаанд олгоогүй нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10 дахь хэсэгт Компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилна гэж заасныг зөрчжээ. Иймд хариуцагч нь алдангид 8 220 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д-д төлөх үүрэгтэй.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос хариуцагч Ж Т Б ХХК-ийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-аар дамжуулан ногдол ашгийг тараахаар шийдвэрлэсэн нь хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгохоос чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж Т Б ХК-аас нийт 76 722 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.10, 46.11 дэх хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2021/05937 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минут хийхээр товлосон боловч талууд эвлэрэх хүсэлт гаргаж мөн өдрийн 181/ШЗ2021/06251 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ. /хх-29-38-39/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 миниутад Захиргааны хэргийн шүүхэд шүүх хуралдаантай гэх үндэслэлээр дээрх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2021/06755 дугаар захирамжаар хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 541 560 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА