Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 124/ШШ2025/0035

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ................................. багт оршин суух, Б овогт Д-ийн С,

            Хариуцагч: Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурал,

         Гуравдагч этгээд: .............................. багт оршин суух, Д овогт Н-ын М хооронд үүссэн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг Торхилог багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар, нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээд Н.М, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Д.С тус шүүхэд “2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг Торхилог багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай Н.Мыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгах тухай” гэж өөрчлөн тодорхойлсон.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж багийн Засаг даргад Ц.А, Н.М, Д.С нар нэр дэвшсэн.

            2.2. Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн санал авсан дүнгийн тухай” тогтоолоор санал хураалтад оролцсон 216 хүчинтэй саналын хуудсыг тоолж Н.М-ыг дэмжиж 79 санал буюу 36,5 хувь, Ц.А-ийг дэмжиж 46 санал буюу 21,2 хувь, Д.С-г дэмжиж 91 санал буюу 42,1 хувийн саналыг тус тус авсан байх ба нэр дэвшигчдээс аль нь ч олонхын санал аваагүй тул дахин санал хураалт явагдсан байна.

            2.3. Дахин санал хураалтын тооллогын комиссын “Санал авсан дүнгийн тухай” тогтоолоор санал хураалтад оролцсон 203 хүчинтэй саналын хуудаснаас Н.М-ыг дэмжиж 109 санал буюу 53,9 хувь, Д.С-г дэмжиж 93 санал буюу 46,1 хувийн саналыг авч, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар “Багийн Засаг даргаар Н.М-ыг нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Давст сумын Засаг даргад уламжилжээ. (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)

            2.4. Улмаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандсан байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд: “...2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал манай багийн нутаг дэвсгэр болох Хангай гэдэг газар зохион байгуулагдсан. Багийн иргэдийн Нийтийн Хурал болон сонгуулийн үйл ажиллагаа зохих түвшинд шаардлага хангаж болоогүй. Нэлээн олон ноцтой зөрчлүүд илэрснийг би цаасаар болон нэхэмжлэлээр, өөрийн биеэр зохих газруудад нь шат дараатайгаар мэдэгдсэн байгаа. Иргэний бүртгэлээс надад нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн. Үүнд тулгуурлаж би 20 нэрс гаргасан. Гаргасан нэрсийнхээ дагуу байхгүй хүмүүст ингэж гомдол гаргасан. 2 дугаар саналын хуудас ирж тоолоход 1 санал илүү тоологдсоныг бид бүхэн ч мэдэж байгаа. Тэгээд ийм хариуцлагагүй байдлууд илэрч байна гэдгийг би өөрөө мэдрээд, ард түмэн ч бас тийм хэлц аялгатай байх нь надад мэдрэгдэж байгаа. Тиймээс хуулийнхаа дагуу шийдүүлье, шударгаар явъя л гэж бодож байна. Эд нар дэгээ баталчихсан гэж яриад байгаа. Тэр хурлын танхимд суусан хүмүүсийг би угаасаа дэг журам талаасаа болохгүй байна гэдэг гомдол гаргаад байгаа. Н.М өөрөө 4 жил багийн Засаг дарга хийчихсэн учраас хурлаа удирдаад, сонгуулийг бараг удирдаад, толгойлоод аваад явчихсан. Тэр хүмүүс дотроос миний талаас ямар ч хүн байгаагүй. Сонгууль явагдсаны дараа гомдлоо гаргасан. Олон зөрчлүүд байгаа гэдгийг та бүхэн харж байгаа байх. Би зөвхөн тэр хүмүүсийн нэрсийн тоон дээр маргаад байгаа юм биш. Санал өгсөн хүмүүсийг гэрийн нэрээр тэмдэглэсэнтэй би түүнтэй маргаагүй. Энэхүү сонгууль орон нутгийн анхан шатын нэгжийн удирдлага сонгох сонгууль шүү дээ. Хариуцлагатай байх ёстой гэдэг талаас нь сонгууль зохион байгуулагч нар бичиг баримтыг хууль тогтоомжид заасны дагуу хэрхэн ажиллах нь харагдаж байна. Хилийн заставын хүмүүсийг татан оролцуулсан гэж би нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд Торхилог багт харьяагүй хүмүүс гарч ирсэн. Би өмнө багийн дарга 4 жил хийсэн, хурлын төлөөлөгчөөр 4 жил ажиллаж байсан. Ард түмний итгэлийн төлөө ингэж цалгардуулж, төрийн ажлыг ингэж хийсэн нь цаашид хэр ажиллах вэ гэдэг асуудал бас яригдах ёстой. Миний хувьд сонгуулийг хүчингүйд тооцож өгнө үү” гэж маргасан.

            3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгууль 2 үе шаттай болсон. Эхний санал хураалт болоод Н.М Д.С нар тэнцсэн. 2 дахь удаагийн санал хураалтад миний үйлчлүүлэгчийн яриад байгаа зүйл юу вэ гэвэл багийн иргэн биш хүмүүс буюу санал өгөх эрхгүй этгээдүүд санал өгсөн гэдгийг хэлж байгаа. Энэ дээр шүүхээс тодорхой ажиллагаануудыг хийгээд багийн иргэн биш хүмүүс санал өгсөн болох нь тогтоогдчихсон байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал шууд ардчиллын хүрээнд явдаг. Засаг захиргааны анхдагч нэгжийг хэн удирдах вэ, яах вэ гэдгийгээ тодорхойлдог зүйл. Яг энэ сонгуулийг хуулиар нарийвчлаад зохицуулчихсан зүйл байхгүй. Тийм учраас иргэдийн Нийтийн Хурал дэгээ тогтоох ёстой. Дэгээ тогтоогоод, “яг ийм дэгийн дагуу ингэж хурлаа явуулъя, ингэж асуудлаа хэлэлцье, сонгуулийг ингэж явуулъя, маргаан гарвал ингэж шийдье” гэдгээ дэгээр тогтоох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад хурлын тэмдэглэл бий. Хурлын тэмдэглэлд яаж дэгээ тогтоосон юм, энэ дэгийг хэлэлцсэн юм уу, хэлэлцээгүй юм уу гэдэг талаас нь огт байхгүй. Гэхдээ сүүлд дэг гээд нэг юм гаргаад ирчихсэн байдаг. Тэр нь яг хэзээ хуралдаад яаж тогтоод, юу болсон юм бэ гэдэг нь туйлын тодорхойгүй. Энэ бол бүхлээрээ шаардлага хангасан хурал, шаардлага хангасан үйл ажиллагаа болж чадаагүй. Тийм учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг тэгж гаргасан. 2 дахь санал хураалтаас гадна сонгууль 1 дэх санал хураалтаас авхуулаад бүгдээрээ буруу болчхоод байгаа. Жишээлбэл 1 дэх санал хураалтад Г.О буюу Г-ийн О гэдэг хүн 1 дэх санал хураалтын жагсаалтын 30-д бичигдсэн байх юм. Энэ хүнийг шүүхээс гэрчээр асуухад “...би санал өгөөгүй ээ” гээд мэдүүлэг өгчихдөг. Санал өгсөн хүмүүс нь гарын үсгийг зурдаг шүү дээ. Гарын үсэг огт зуруулаагүй учраас Г.О гэдэг хүний оронд өөр хүн өгчихсөн юм шүү гэдэг ийм маргаан. Үүнээс гадна С.Тогтохжаргал Улаангом сумын 9 дүгээр баг, Ц.Алтан Архангай аймгийн Хайрхан сум гэж байна, Х.Оюунтогтоо Улаангом сум 3 дугаар баг, Б.Ариунбаяр Улаангом сум 3 дугаар баг гээд багийн иргэн биш хүмүүс санал өгснөөс болоод эхний санал хураалт дээр энэ 2 хүн тэнцээд байгаа юм. Энэ хүмүүс чинь 2 дахь санал хураалтад дахиад санал өгсөн байгаа. Хэрвээ энэ хүмүүс санал өгөөгүй байсан эхний санал хураалтад тэнцэх байсан юм уу, үгүй ч юм уу энийг мэдэх аргагүй. Нөгөө талаас нь энэ 16 хүнийг бүгдийг нь Н.Мт өгчихлөө гэж манай талаас хэлээгүй. Санал өгөх эрхгүй хүмүүс санал өгсөн, энэ нь багийн Засаг даргын сонгуульд багийн иргэд багийн Засаг даргаа сонгох эрхэд нөлөөлөөд байна. Дараагийн ээлжид нэрийн жагсаалтыг гаргахаасаа авхуулаад санал өгч байгаа, саналын хуудсыг тоолж байгаа энэ бүхэн бүгдээрээ итгэл төрүүлэхүйц байж чадахгүй, бүгд алдаатай гэж үзэж байна. Санал өгсөн иргэдийг хоч нэрээр нь бичсэн, байхгүй хүмүүсийг бүртгэсэн байгаа учраас энэ багийн даргын сонгууль хууль зөрчсөн асуудал байна гэдгийг хэлээд байгаа. Тийм учраас хууль журмын дагуу дахиад сонгууль хийх ёстой гэж байгаа юм. Түүнээс биш шууд Д.С-г ялснаар тооцоод өгөх тухай нэхэмжлэл гаргаагүй. Яг л дүрэм журмынхаа дагуу дахиад сонгууль явуулах талаар нэхэмжлэл гаргасан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга анх удаа хийж байна, би туршлагагүй байсан гэж байна. Одоо энэ шүүх хуралд суугаад үнэхээр туршлагатай болоод авчихлаа шүү дээ. Үүний дараа дахиад сонгууль хийх юм бол үнэхээр цэвэр сонгууль болно. Тэр сонгуульд хэн өрсөлдөөд, хэн ялах нь хамаагүй гэдэг талаас нь хараад байгаа” гэв.

            3.3. Хариуцагч Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд: “...2025 оны 04 сарын 25-ны өдөр Давст сумын Торхилог багийн Хангай гэх газар болсон багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшиж, Торхилог багийн даргаар сонгогдсон. Улмаар үргэлжлүүлэн багийн Засаг даргын сонгуулийг багийн ИНХ-ын зөвлөлийн гишүүдийн хамт зохион байгуулсан. Багийн Засаг даргын сонгуульд Торхилог багийн иргэн Д.С, Н.М, Ц. А нар нэр дэвшиж, Д.С-91 хүний санал, Н.М-79 хүний санал, Ц.А-46 хүний санал авч, хэн нь ч олонхын санал аваагүй тул 2 дахь санал хураалт явагдсан. Хоёр дахь санал хураалтаар Н.М-109 хүний санал, Д.С-93 хүний санал, хүчингүй-13 хүний санал гарсан тухай тооллогын комиссын тогтоолыг үндэслэн олонхын санал авсан Н.М-ыг Торхилог багийн Засаг даргаар томилуулан, тухайн төслийг багийн иргэдэд танилцуулж, Сумын Засаг дарга Г.Лт уламжлах тухай бичгээ гаргаад багийн иргэдийн Нийтийн Хуралдаан дууссан” гэж тайлбарлаж байна.

            3.4. Гуравдагч этгээд Н.М шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Манай багийн хурал 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болсон. Олонхын саналаар буюу 53,9 хувиар би ялсан. Сонгуулийн тооллогын комисс багийн хурал дээр иргэд нь гараа өргөөд дэг журмынхаа дагуу явсан. Хариуцагч буюу хурлын дарга бичгээр тайлбар өгсөн. Би хариуцагчтай санал нэг байна. Нэхэмжлэгч талаас заставын 9 хүн, сүүлд эмэгтэй голдуу хэдэн хүний нэр өгсөн байна. Тэр 9 хүний саналыг яагаад надаас өгсөн хүний саналыг хасах гээд байгаа юм бэ. Би 16 хүний саналаар илүү гарчихсан байгаа. Нэхэмжлэгч өөрөө ч бас гадарлаж байгаа байх. Тэр 9 хүнээс нэхэмжлэгчийн талд ч өгсөн хүн байгаа байх, сүүлийн хүмүүс дотор ч нэхэмжлэгчийн талд санал өгсөн хүн байгаа байх. Нэхэмжлэгч тал саналын зөрүү болох 16 хүний тоог л дарж авах гээд л байх шиг байна. Эдгээр иргэдийг бүгдийг нь надад саналаа өгсөн гэж яаж нэхэмжлэгч тал тодорхойлоод байгаа юм. Сонгууль хуулийн дагуу явагдсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гаргасан.

            3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн татгалзал үндэслэлтэй байна. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Торхилог баг иргэдийн Нийтийн Хуралдаан хуралдаж хурлын дарга нь сонгогдоод, багийн даргыг сонгох сонгууль нь явагдсан. Иргэдийн Нийтийн Хурал хуралдааныхаа дэгийг мөн өдрөөр баталсан байдаг. Дэгийн 1.7-д “тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багт харьяалалтай иргэд оролцоно” гэдэг байдлаар тухайн дэгээ тохироод, хэрхэн яаж явагдахыг энэ дэгээрээ тохирчихсон байдаг. Тэр өдрөө батлагдсан дэг юм. Улмаар тооллогын комисс тогтоолоо гаргаад 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч дээр 2 дахь санал хураалтыг явуулж гуравдагч этгээд Н.Мын хувьд 109 хүний санал буюу 53 хувиар ялалтыг байгуулж багийн даргаар олонхын саналыг авсан байна гэж үзэж байгаа. Энэ тооллогын комиссын тогтоолыг үндэслэж 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлаар Н.М-ыг нэр дэвшүүлэх тухай тогтоол гарсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь өөрөө хэргийг тухайн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Анх  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Давст сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг хүчингүйд тооцож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн гэж үзэхгүй байна. Яагаад гэхээр өнөөдөр хариуцагчаар Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.О энэ хэрэгт  хариуцагчаар татагдан орж ирсэн байдаг. Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын гуравдагч этгээд Н.Мыг нэр дэвшүүлэх тогтоол гаргах болсон үндэслэл юу юм бэ гэхээр тооллогын комиссын тогтоолыг үндэслэсэн. Тооллогын комисс шийдвэр гаргах процесс ажиллагаанд хариуцагч буюу иргэдийн Нийтийн Хурлын дарга оролцоогүй. Тэгэхээр санал авсан дүнг тогтоосон тооллогын комиссын тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Тооллогын комиссын тогтоолоор 2 дахь санал хураалтаар Н.М 109 хүний санал, Д.С 93 хүний саналыг авсан байна. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон гэж дүгнэхээр байна. Нөгөө талаасаа хамгийн сүүлд санал авсан 2 нэр дэвшигчийн хооронд 16 сонгогчийн илүүгээр гуравдагч этгээд ялалт байгуулсан. Шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан нэр бүхий 14 нэр бүхий Давст сумын Торхилог багт бүртгэлтэй, бүртгэлгүй иргэн гэдгээр нэрлэж заасан хүмүүс байгаа. Жишээлбэл, Гантулга, Пүрэвбаатар, Цэвэгмэд, Оюунхүү, Нанжидмаа, Дашдэлгэр нар бүртгэлгүй байсан. Миний хувьд 1 дэх санал хураалтад Б.Туяа гэдэг овогтойгоо санал өгчихсөн байсан. 2 дахь санал хураалтад нэг л Туяа байсан. Тэгэхээр Торхилог багт 2 Туяа байдаг. Эхний санал хураалтад байсан Туяа нь 2 дахь санал хураалтад оролцсон гэж үзэх үндэслэлтэй. Туяа гэдэг хүнийг бүртгэлд ингэж тэмдэглэсэн. Гэтэл Улсын бүртгэлийн 254-т Бавуугийн Туяа санал өгснөөр бүртгэгдсэн байгаа. Туяаг бүртгэлгүй гэж үзэх үндэслэлгүй. Энхзулын хувьд техникийн шинжтэй алдаа гарсан. Энхзул нь гуравдагч этгээдийн охин Мын Энхзул гэдэгт талууд маргахгүй байгаа. Ингээд нэр заасан хүмүүсийг аваад үзэхэд 8 иргэн бүртгэлгүй гэж харахаар байгаа. Сүүлд нэмэлт ажиллагаагаар иргэдээс 6 хүн бүртгэлгүй байсан гээд нийтдээ 14 иргэн бүртгэлгүйгээр санал өгсөн байх боломжтой байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд саналын зөрүү 16 байгаа. Тэгэхээр энэ сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүйгээр 14 бүртгэлгүй иргэн санал өгсөн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүйгээр 2 иргэний илүүтэйгээр Н.М олонхын саналыг авсан гэж дүгнэхээр байна. Бүртгэлгүй 14 хүн санал өгсөн гэж гуравдагч этгээдийн зүгээс тайлбар хэлсэн. Энэ 14 иргэн 14-үүлээ  надад  санал өгсөн гэж дүгнэх боломж байхгүй гэдэг талаас хэлж байна. Нөгөө талаасаа хүчингүй болгосон саналын хуудсыг тоолж үзэхэд хүчингүй болгосон саналаас Н.М-ын төлөө 9 хүн санал өгсөн, Д.С-ийн төлөө 3 хүн санал өгсөн саналын хуудас тус тус хүчингүй болсон. Тэгэхээр эндээс ямар зүйлийг дүгнэж болохоор байна вэ гэхээр тухайн Торхилог багийн иргэд өөрсдөө багийн даргаараа гуравдагч этгээд буюу Н.М-ыг сонгосон гэж харах боломжтой байна. Нөгөө талаасаа нэхэмжлэгч талаас нэр дэвшүүлсэн тогтоол болон тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгуулах талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй, ямар нэгэн байдлаар тухайн 2 тогтоолтой маргаан үүсгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч Д.С тус шүүхэд “2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг Торхилог багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

            2.1. Нэхэмжлэгчийн хүсэл зориг бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно гэж зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг асууж тодруулахад “Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай Н.М-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсныг хүлээн авах зүйтэй гэж үзлээ.

            2.2. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлох ба ингэхдээ шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтоох юм.

            3. Нэхэмжлэгч талаас “...Сонгууль хуульд заасан шаардлага хангаж чадаагүй ба 1 дэх санал хураалтаас авхуулаад 2 дахь санал хураалт бүгдээрээ хууль бус болсон. ...тухайн багийн иргэн биш хүмүүс санал өгсөн бөгөөд эдгээр хүмүүс санал хураалтад оролцоогүй байсан бол эхний санал хураалтад тэнцэх байсан юм уу, үгүй ч юм уу үүнийг мэдэх боломжгүй. ...Санал өгөх эрхгүй хүмүүс нь санал өгсөн нь иргэд багийн Засаг даргаа сонгох эрхэд нөлөөлсөн. ...Мөн иргэдийг нэрсийг хоч нэрээр нь бичсэн, байхгүй хүмүүсийг бүртгэсэн байгаа учраас энэ сонгууль хууль зөрчсөн. Тийм учраас хууль журмын дагуу дахин сонгууль зохион байгуулах ёстой” гэж маргаж байна.

            4. Хариуцагч Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга “...Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн олонхын санал авсан Н.М-ыг Торхилог багийн Засаг даргаар томилуулах тухай тогтоолын төслийг багийн иргэдэд танилцуулж, сумын Засаг даргад уламжилсан. Багийн Засаг дарга сонгох сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдсан” гэж тайлбарлав.

            5. Гуравдагч этгээдийн зүгээс багийн Засаг даргыг сонгох сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдсан ба 14 иргэн бүртгэлгүйгээр санал өгсөн байх боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд саналын зөрүү 16 гарсан тул энэ сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хангай гэх газар хуралдаж, иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, зөвлөлийн гишүүн, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг явуулж, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комисст С.Баянмөнх, Э.Нямдаваа, Ж.Гонгоржав, П.Дэлгэрмаа, Н.Сарантуяа нарыг томилж, багийн Засаг даргад Н.М, Ц.А, Д.С нар нэр дэвшин өрсөлдөж, санал хураалтад нийт 221 хүн санал өгснөөс 5 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Н.М 79 буюу 36,5 хувь, Ц.А 46 санал буюу 21,2 хувь, Д.Сг 91 санал буюу 42,1 хувийн санал авснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Н.М, Д.С нарын дунд 2 дахь удаагийн санал хураалт зохион байгуулж санал хураалтад 216 иргэн оролцсоноос 13 саналын хуудас хүчингүйд тооцогдож, Н.М 109 буюу 53,9 хувь, Д.С 93 буюу 46,1 хувийн саналыг авч, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус багийн Засаг даргаар Н.М-ыг нэр дэвшүүлж Давст сумын Засаг даргад уламжилсан болох нь тооллогын комиссын тогтоол, хурлын хуралдааны тэмдэглэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон ба энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй. (Хавтаст хэргийн 71-75 дугаар хуудас)

7. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй” гээд 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж зааснаар Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хуралдааныхаа дэгийг баталсан ба тус дэгийн 3.1-д “Багийн Засаг даргад нэг иргэн дэвшвэл илээр, хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшвэл нууцаар санал хураалт явуулах”-аар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 108 дугаар хуудас)

8. Түүнчлэн, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн тооллогын комиссын 2 дахь тогтоолд багийн Засаг дарга сонгох дахин санал хураалтад “216 саналын хуудас олгосноос 203 ширхэг хуудас хүчинтэй, 13 ширхэг саналын хуудас хүчингүйд тооцов” гэж тэмдэглэгдсэн ба нэр дэвшигч Н.Мын 109 санал дээр нэр дэвшигч Д.Сгийн 93 саналыг нэмж үзэхэд нийт саналын тоо 202 буюу нийт хүчинтэй 203 саналын хуудаснаас нэг санал дутуу тэмдэглэгджээ.

8.1. Ийнхүү тооллогын комиссын тогтоолд тэмдэглэгдсэн саналын зөрүүг арилгах зорилгоор шүүх хуралдааны явцад нэг дэвшигч нарт өгсөн саналын хуудсыг тоолоход нэр дэвшигч Н.М 109 иргэний санал, нэр дэвшигч Д.С 94 иргэний санал авсан болох нь хэрэгт авагдсан саналын хуудсаар нотлогдож байна.

9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8 дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4 дэх заалтад “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” эрхтэй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь заалтад “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3 дахь заалтад “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус хуульчилсан.

9.1. Дээрх хуулиар багийн иргэдийн Нийтийн Хурлаар тухайн багийн Засаг даргад нэр дэвшигч нь иргэдийн санал хураалтаар олонхын санал авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж, санал хураалтын дүнгээр олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сумын Засаг даргад саналыг уламжлах ба үүний дагуу Торхилог багийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар иргэдийн олонхын санал авсан Н.М-ыг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.

10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд ...доор дурдсан зарчмыг баримтална” гээд 12.1.6-д “нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж зохицуулсан.

11.1. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл, багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага тул хурлын хуралдаанд тухайн багийн иргэд биеэр оролцох бөгөөд бусад багт бүртгэлтэй иргэд оролцохгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна.

12. Нэхэмжлэгч талын зүгээс “...санал хураалтад манай багт бүртгэлгүй олон иргэд ирж саналаа өгсөн бөгөөд тэдгээр иргэдийг хянах, шаардлага тавих боломж байгаагүй тул хууль бус санал хураалт болсон” гэх агуулгаар маргасан.

13. Шүүхээс маргаан бүхий үйл баримтыг шалган тогтоох зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдсан Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэрсийн жагсаалтаас Увс аймгийн Давст сумын сонгогчдын нэрсийн жагсаалт, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөний болон нэр бүхий иргэдийн хаягийн лавлагааг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан хэрэгт хавсаргасан.

13.1. Тус баримтуудаас үзэхэд, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 24, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 25 дугаарт бичигдсэн Цэрэнгийн Алтан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Архангай аймгийн Хайрхан сумын 5 дугаар багт, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 73, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 49 дүгээрт бичигдсэн Батсуурийн Хандсүрэн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 191, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 168 дугаарт бичигдсэн Хүрэлцогтын Оюунтогтоо 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 106, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 91 дүгээрт бичигдсэн Батдоржийн Ариунбаяр 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 190, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 97 дугаарт бичигдсэн Сүхбаатарын Тогтохжаргал 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт тус тус байнга оршин суух хаягтай.

13.2. Мөн тус багийн Засаг даргын сонгуульд оролцож санал өгсөн Хилийн цэргийн 0245 дугаар ангид ажилладаг гэх эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 219, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 116 дугаарт бичигдсэн Батсуурийн Гантулга, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 218, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 117 дугаарт бичигдсэн н.Пүрэвбаатар, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 216, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 130 дугаарт бичигдсэн н.Оюунхүү, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 217, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 149 дүгээрт бичигдсэн н.Санхүү, түүнчлэн эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 175, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 131 дүгээрт бичигдсэн Б.Нанжидмаа, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 143, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 133 дугаарт бичигдсэн н.Дашдэлгэр, эхний санал хураалтын нэрсийн жагсаалтын 77, хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 22 дугаарт бичигдсэн Я.Энхманлай нар нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэрсийн жагсаалтад тухайн багт бүртгэлгүй байна.

13.3. Харин Увс аймгийн Давст сумын Торхилог багт Цэвээнжавын Цэвэгмэд, Гомбын Цэвэгмэд, Мандалын Цэвэгмид нар бүртгэлтэй ба багийн Засаг даргын сонгох санал хураалтад оролцсон иргэдийн хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтад 73, 95, 129, 164 дүгээрт тус бүр нийт дөрвөн Цэвэгмэд нэртэй иргэн оролцсон, тус баг нь Пэлжээгийн Одонтуяа бүртгэлтэй боловч санал хураалтад оролцсон иргэдийн хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтад 85, 145 дугаарт Одонтуяа гэж тэмдэглэгдсэн буюу хоёр Одонтуяа нэртэй иргэн оролцсон, мөн Давст сумын Торхилог багт Мягмарын Пүрэвдорж, Сономын Пүрэвдорж нар бүртгэлтэй бөгөөд багийн Засаг дарга сонгох саналтын тооллогын комиссын гишүүн, санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтыг үйлдсэн гэрч Н.Сарантуяа “...зарим санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийг тэмдэглэхдээ нутгийн иргэд дууддаг /товч, хоч/ нэрээр тэмдэглэсэн ба хоёр дахь санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтын 21 дүгээрт бичигдсэн Пүрвээ нь С.Пүрэвдорж юм...” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд хоёр дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 21 дүгээрт Пүрэвээ, 141 дүгээрт Пүрэвдорж, 162 дугаарт Пүрэвдорж гэж тус тус тэмдэглэгдсэнээс үзэхэд Пүрэвдорж нэртэй 3 иргэн оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдож байна.

14. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өөр сум, багийн иргэд Торхилог багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцож, санал хураалтад саналаа өгсөн гэх тайлбар үндэслэлтэй ба Давст сумын Торхилог багийн Засаг дарга сонгох санал хураалтад өөр багийн харьяалалтай иргэд санал өгсөн нь дээрх хуульд заасныг зөрчсөн.

14.1. Тухайлбал, Торхилог багийн Засаг даргад өрсөлдсөн нэхэмжлэгч Д.С болон гуравдагч этгээд Н.М нарын эхний санал хураалтын саналын зөрүү 12, хоёр дахь санал хураалтын саналын зөрүү 16 болох нь саналын хуудас, тооллогын комиссын тогтоол, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримт нь өөр багийн харьяалалтай иргэдийн санал хүчингүйд тооцогдсон, эсхүл хэн нэгний талд тоологдсон эсэхээс хамааран санал хураалтын дүнд буюу саналын зөрүүтэй ялалт, ялагдлыг өөрчлөх нөхцөл байдлыг үүсгэж байгаа ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.5.2, 56.5.3-т заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна.

14.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.С-ийн дутуу тоологдсон нэг сонгогчийн санал, мөн дээрх нэр бүхий 15 иргэн харьяалал зөрчиж Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд оролцож санал өгсөн нь багийн Засаг даргад нэр дэвшигчдийн саналын дүнд шууд нөлөөлөхөөр байх тул тус багийн Засаг дарга сонгох санал хураалт хуулийн ёсны дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй.

15. Иймд Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд бусад аймаг, сум, багт бүртгэлтэй иргэдийг багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч Д.С болон гуравдагч этгээд Н.М нарын эхний болон хоёр дахь санал хураалтын саналын зөрүүтэй байдалд шууд нөлөөлөх буюу нэхэмжлэгчийн багийн Засаг даргад хуулийн хүрээнд нэр дэвших, өрсөлдөх эрх, ашиг сонирхлыг хөндсөн байх тул Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай Н.Мыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

16. Нэгэнт маргаан бүхий акт буюу Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Багийн Засаг даргад Н.М-ыг нэр дэвшүүлэх тухай тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэж байх тул багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин зохион байгуулж явуулах үр дагавар үүсэхээр байна.

17. Иймээс тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин зохион байгуулахыг Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

18. Харин нэхэмжлэгч Д.С-ийн маргаж буй “Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд оролцогчдын нэрсийг бүртгэхдээ эцгийн нэр бичээгүй, регистрийн дугаар, утасны дугаар хаягийг тодорхой бичээгүй, зарим иргэдийн нэрсийг хоч нэрээр бичсэн тул санал хураалт хууль бус” гэх тайлбар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

19. Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заасан.

19.1. Тухайн багийн харьяат иргэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр Хурлын оролцогч болох бөгөөд түүний нэрийг бичихдээ овгийн эхний үсгийг нь орхигдуулсан, буруу бичсэн гэдэг нь Хурлын оролцогч биш гэж үзэх үндэслэл болохгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурлын оролцогчийн хувийн мэдээллийг заавал бүртгэж авах гарын үсэг зуруулах талаар заагаагүй.

20. Өөрөөр хэлбэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комисс Хурлын оролцогчдын нэрсийг бүртгэхдээ овгийн эхний үсгийг бичээгүй, буруу бичсэн, регистрийн дугаар, утасны дугаар, оршин суугаа хаягийг бичээгүй гэдэг нь иргэний сонгох, сонгогдох үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.   

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4 дэх хэсэг, 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, 56.5.2, 56.5.3 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Н.М-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Торхилог багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг Торхилог багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ