| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0213/Э |
| Дугаар | 238 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Д.Нэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нэргүйд холбогдох эрүүгийн 1811001200068 дугаартай хэргийг 2018 оны 3 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, , 1977 оны 4 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-19 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХМ77042673/.
Шүүгдэгч Д.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 01 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80-1132 тоотод оршин суух иргэн С.Эрдэнэсувдын байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Sharp” загварын зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлийг хулгайлж, 287.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80-1132 тоотод оршин суух иргэн С.Эрдэнэсувдын байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Sharp” загварын зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлийг хулгайлж, 287.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-109/: “..2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө гэртээ очиж үзэхэд байшингийн зүүн талын вакум цонхыг хагалж хулгай ороод 32 инчийн “Sharp” зурагт, “Чингис” хааны хөрөгтэй хивс, орон дээр тавьдаг улаан эрээн өнгийн хивс зэрэг алдагдсан байсныг цагдаа нар хулгайч этгээдийг олж илрүүлсэн байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад ирж эд зүйлээ хүлээж авсан. Цонхоо шилжүүлсэний 25.000 төгрөгөө нэхэмжилнэ ..” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-34/ “..2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19 цаг 30 минутын үед Согоот-10 буюу хэлтсийн жижүүрээс телевизор барьсан согтуу хүн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байна, саатуулж шалгана уу гэсний дагуу 20 цагийн орчим Хаан банктай эцсийн буудлын орчимд намхан биетэй залуу бүтээлгэнд ороосон зурагт барьчихсан айл руу орж явсныг шалгахад Дашцэрэн овогтой Нэргүй гэгч нь “би хулгай хийгээгүй, манай найзын зурагт” гэж хэлсэн учир хэлтсийн жижүүрт шалгуулахаар өгсөн. Тухайн үед бол хивс барьж яваагүй..” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-36/ “..Д.Нэргүй нь16 дугаар хороонд байрлах айлын цонхыг хагалж ороод зурагт, хивс хулгайлсан гэсний дагуу уг хүнийг дагуулан явж заалгахад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80-1132 тоот хашаанд байрлах цагаан өнгөтэй өвлийн байшингийн цонхыг хагалж, орсон байсан бөгөөд уг хашааны урд хэсгээр зай гарсан, залгаад жалгатай хэсэг байх ба хулгай хийсэн 2 хивсээ орхисон байсныг хураан авсан. Мөн тухайн үед Нэргүйгийн өмсч явсан гутлын мөр хашаанд гарсан байсан. Зурагт ар талын доод хэсэгт цуурсан байсан эсэхийг анзаараагүй..” гэсэн мэдүүлгээр,
Д.Н гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн :/хх-37-38, 59-61/ “..Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах 100-н айлын Жоби төвийн гадна ажил хайж өнжсөн. Тэгээд тэр өдөр ажил олдоогүй учир орой 18 цагийн үед зүс таних хааяа 100 айл дээр ирдэг, Сайханаа мөн нэг танихгүй эрэгтэй хамтаар 0.75 граммын 1 шил архийг Жобигийн урд сууж байгаад уусан. ..Ингээд дэлгүүрээс 5 ширхэг тамхи аваад гудамжаар алхаж яваад жалганы хажууд байрлах хашаан дотроо цагаан өнгийн өвлийн сууцтай вакум цонхны доод талын салхивчийг мод барьж байгаад цохиж хагалаад дотогш орж том зочины өрөөнд байсан 32 инчийн хар өнгийн “sharp” маркийн телевизор хананд нь байсан Чингис хааны хөрөгтэй хивс мөн сандал дээр байсан улаан эрээн өнгийн хивс зэргийг авсан. Тэгээд буцаад цонхоор багтаагаад эд зүйлсээ гаргаад 2 ширхэг хивсээ жалганд оруулж тавиад телевизороо барьж яваад айлын хаалга тогшоод шалгаж үзэх гэтэл айл хаалгаа онгойлоогүй тул явж байтал алаг машинтай цагдаа нар ирж намайг барьсан юм. Тэгээд хулгайлан авсан эд зүйлсээ бүгдийг нь хохирогчид маргааш нь хүлээлгэж өгсөн болно. Ийм л зүйл болсон..” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагааны үед С.Эрдэнэсувдын хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-23-28/, гэрч Ц.Ганбаатарын мэдүүлэг /хх-34/, гэрч Л.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-36/, гэрч Д.Эрдэнэбулганы мэдүүлэг /хх-29-30/, гэрч Э.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-31-32/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-5-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-46-47/, Д.Нэргүйгийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсч явсан гэх арзгар ултай хар өнгийн 1 хос гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хх-14/, Sharp загварын зурагт, Улаан өнгийн хивс “Чингис хаан”-ны хөрөг бүхий хивс зэргийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/, Д.Нэргүйгээс иргэний нэхэмжлэгчид 25.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Д.Нэргүйгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-37-38, 59-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 06/78 дугаар шинжээчийн дүгнэлт, Д.Нэргүйн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-76/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-79-85, 87-89/, Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-110 болон эд зүйлийн үнэлгээ /хх-46-47/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч Д.Нэргүйг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзавч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. Харин шүүгдэгч Д.Нэргүйг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Нэргүй нь хулгайлсан 32 инчийн хар өнгийн шарп /sharp/ маркийн зурагт, “Чингис хааны хөрөгтэй хивс” зэргийг хохирогч С.Эрдэнэсувдад хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос арзгар ултай хар өнгийн гутлыг шүүгдэгч буцаан авах хүсэлтэй байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд уг эд зүйлийг гэмт хэрэг үйлсдэн эд зүйл, зэвсэг хэрэгсэл гэж үзэхгүй тул шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Нэргүй нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөх Ядамжав овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Нэргүйг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ннь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос хар өнгийн арзгар ултай гутлыг тогтоол хүчин төгөдөр болмогц шүүгдэгч Д.Н буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Н урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өөрчлөн тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР