Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/198

 

 

 

 

 

      2024           02            15                                          2024/ДШМ/198

 

Ц.А д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Ц.А ,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/11 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А гийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2306000003613 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.А , ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... .... мэргэжилтэй, “...  ”-д борлуулалт, ...   ажилтай, ам бүл ...., .... оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Ц.А  нь “...   ” ХХК-ийн ...   ” худалдааны төвд байрлах салбарт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сард хохирогч ... ашиглаж байсан ...   дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр устгалд оруулахаар хүлээн авсан боловч устгалд оруулалгүйгээр өөртөө авч үлдсэн, улмаар өөрийн эзэмшлийн “Айфоне-7 плас” загварын гар утсанд дээрх дугаарын сим картыг хийж, тухайн дугаар дээр хадгалагдсан хохирогч ...   эзэмшлийн “М”, “Т”, “М” зэрэг аппликейшнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, “М” аппликейшний нууц үгийг сольж, ...  дугаартай данснаас 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40.000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 40.000 төгрөг, нийт 80.000 төгрөгийг Хаан банкин дахь ...   дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Т” аппликейшний нууц үгийг сольж, 100.000 төгрөгийг зээлжих эрхийг нь бэлнээр гаргаж авч өөрийн хэрэглээ төлбөрт төлсөн, 30.000 төгрөгөөр 50gb датаг худалдаж авсан, “Тус финтик” аппликейшн рүү нэвтрэн орж дансанд байсан 315.000 төгрөгийг татаж авсан боловч тухайн мөнгө нь хохирогч ...   данс руу шилжиж орсон,

мөн хохирогчийн ...   дугаарыг ашиглаж “Е-Mongolia” аппликейшн, “” аппликейшн рүү нэвтрэн орж нууц үгийг сольж зээлийн эрхийг нь ашиглахыг оролдсон буюу хохирогч ...   ашиглаж байгаа цахим орчинд байрлах мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ц.А г “сүлжээ ашиглах боломжгүй болгосон, хувийн үйл ажиллагааг нь алдагдуулсан” үйлдэлд нь яллаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлтийг өөрчилж гардуулах шаардлагатай. Энэ тохиолдолд яллагдагчийн эрх зүйн байдал хүндэрч байгаа тул түүний ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хариу тайлбар, нотлох баримт гаргах эрхүүдийг хангах зайлшгүй шаардлагатай. Яллагдагч Ц.А  нь 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард гэмт хэрэгт холбогдсон байтал прокуророос өөрчлөлт оруулаагүй хуульд заасан шинж болон зүйл ангиар хэргийг зүйлчилж ноцтой алдаа гаргасан байна. Иймд зохих ажиллагаа хийлгэхээр Ц.А д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.А  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие Баянзүрх дүүргийн прокурорын газарт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт өгсөн. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүл гэж прокурорт буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.А гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.А  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой тул шүүгдэгч Ц.А гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.А г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хохирогчийн хувийн хэрэглээндээ ашиглаж байсан цахим орчинд байрлах мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...“сүлжээ ашиглах боломжгүй болгосон, хувийн үйл ажиллагааг нь алдагдуулсан” үйлдэлд нь яллаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлтийг өөрчилж гардуулах шаардлагатай. Энэ тохиолдолд яллагдагчийн эрх зүйн байдал хүндэрч байгаа тул түүний ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хариу тайлбар, нотлох баримт гаргах эрхүүдийг хангах зайлшгүй шаардлагатай. Яллагдагч Ц.А  нь 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард гэмт хэрэгт холбогдсон байтал прокуророос өөрчлөлт оруулаагүй хуульд заасан шинж болон зүйл ангиар хэргийг зүйлчилж ноцтой алдаа гаргасан байна. Иймд зохих ажиллагаа хийлгэхээр Ц.А д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус хуульчилсан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох”-оор заасан.

 

Гэтэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.А гийн 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард үйлдсэн гэх “сүлжээ ашиглах боломжгүй болгосон, хувийн үйл ажиллагааг нь алдагдуулсан” үйлдлийн шинж нь Эрүүгийн хуулийн хорин зургадугаар бүлэгт заасан “кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” буюу 26.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой атал прокуророос түүнийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж /хх-3-4/, яллах дүгнэлт үйлдэн /хх-68-72/, түүнтэй 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр тохиролцон /хх-66-67/ шүүх рүү шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас хүндэрч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулах, яллагдагчаас дахин мэдүүлэг авахаар заасны дагуу энэхүү шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана:”, 4.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 4.3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;”, 4.6-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.”, 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилж байх тул нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийн зөв зүйлчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Яллагдагч Ц.А  нь шүүх хуралдааны явцад “...ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул түүний “...хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/11 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/11 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН