Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 034

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Цэнгэл сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Тус сумын сонгуулийн хороонд холбогдох;

Цэнгэл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Цэнгэл сумын Ардчилсан намын дарга К.Абай, хариуцагч сумын сонгуулийн хорооны дарга Б.Ерболат, түүний өмгөөлөгч К.Зулкаш, гуравдагч этгээд М.Төлег, Б.Аманкелди, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Цэнгэл сумын Ардчилсан намаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон намын дарга К.Абай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Аманкелди, М.Төлег нар нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг сумын сонгуулийн хороонд бүрдүүлэн өгч нэр дэвшигчээр бүртгүүлсэн байсан юм. Гэтэл тус сумын сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Аманкелди, М.Төлег нарыг нэрсийн жагсаалтаас хассан бөгөөд уг тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтуудыг тус тус баримталсан байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх гэж заасан ба нэр дэвшигч Б.Аманкелди нь Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хааж цэргийн үүрэгтний үнэмлэх, цэргийн штабын даргын тодорхойлолт зэрэг хууль ёсны нотлох баримтуудыг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлсэн боловч хуульд заагаагүй нотлох баримт шаардаж Б.Аманкелдийн нэрийг хууль бусаар нэрсийн жагсаалтаас хасаж сонгогдох эрхэд халдаж байна. Мөн нэр дэвшигч М.Төлегийг өөр намын буюу МАН-ын гишүүн байсан гэх үндэслэлээр түүний нэрийг нэрсийн жагсаалтаас хассан ба М.Төлег нь МАХН-ын гишүүнээс 2012 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот тогтоолоор чөлөөлөгдсөн, түүнчлэн Цэнгэл сумын МАН-ын 8 дугаар багийн үүрийн дарга С.Бауырласын тодорхойлсноор МАН-д элсээгүй, Ардчилсан намын гишүүн болох нь 09/342 тоот намын батлах зэргээр тус тус тогтоогдож байгаа. Мөн Баян-Өлгий аймгийн цэргийн штаб нь 2016.08.29-ний өдөр Б.Амангелди нь цэргийн алба хаасан гэж тодорхойлж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан. Цэргийн үүрэгтний энэ үнэмлэх Монгол улсын мянга мянга иргэний гарт явж байгаа бөгөөд тэр бүх хүмүүс үүгээрээ цэргийн алба хаасанд тооцогдсон. Цэргийн штаб нь цэргийн албатай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага. Үүнийг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй. Цэргийн штабын шийдвэр нь эргэлзээтэй байвал тусдаа хуулийн байгууллагуудаар хянан шалгуулж болох байх. Б.Амангелдийн гарт хүчин төгөлдөр цэргийн үүрэгтний үнэмлэх байгаа. Үүгээрээ түүний цэргийн алба хаасан гэдэг нь нотлогдож байгаа. Монгол улсын иргэн Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ямар нэгэн нам эвсэлд элсэх, сонгох, сонгогдох эрхтэй юм. Уг эрхийнхээ дагуу М.Төлег гэх хүн МАХН-ын гишүүнээр нэлээн хэдэн жил явж байгаад дараа нь МАХН-ын эгнээнээс гарч, өөрийн хүсэлтээр Ардчилсан намд хүсэлтээ гаргаж, анкетаа бөглөж 2012 онд элссэн юм. МАН-ын эгнээнээс тэр 2012.05.06-нд гарсан байгаа. М.Төлег нь МАН-ын гишүүнд элсэж байсан талаарх ямар нэгэн баримт байхгүй. МАН-ын бүртгэлийн дэвтэр гэх баримтад түүний нэр байгаа гэж таамаглан, түүнийг МАН-ын гишүүн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Бүртгэлийн дэвтэр гэж байгаа зүйл нь хүчинтэй дэвтэр гэж би үзэхгүй байна. МАН-ын дүрэмд 18 нас хүрсэн хүн намын гишүүн байна гэж тодорхой бичсэн байна. Гэтэл М.Төлегийн 17 настай хүүхдийг нь хүртэл тухайн бүртгэлийн дэвтэрт бүртгэж бичсэн байдаг. Үүгээрээ уг бүртгэлийн дэвтэр нь хуурамч дэвтэр гэдэг нь батлагдаж байгаа. Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх, сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж үзэхийг шүүхээс хүсэж байна. Иймд нэр дэвшигч Б.Аманкелди, М.Төлег нарыг бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Цэнгэл сумын Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийн улмаас тус сумын Ардчилсан намын эрх ашиг хөндөгдөж байгаа тул уг сонгуулийн маргааныг хуулийн хугацаанд хянан үзээд Цэнгэл сумын сонгуулийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Цэнгэл сумын сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд сонгуулийн хорооны дарга Б.Ерболат тайлбарлахдаа:

Тус сумын Ардчилсан намын Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Цэнгэл сумын сонгуулийн хорооны даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.б-д нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийн хориглоно гэж заасныг нэр дэвшигч М.Төлег зөрчиж нэр дэвшүүлснийг тус сумын Монгол Ардын Намын дарга Т.Ташкен, болон нэр дэвшигч иргэд Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нарын Сонгуулийн хороонд хүсэлт гаргасны дагуу хурлаас авч хэлэлцэж, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан юм. Сонгуулийн хорооны хурлаас уг асуудлыг хэлэлцэж судлан үзэхэд, М.Төлегийн МАН-ын гишүүн байсан нь бүрэн нотлогдож байна. Үүнд:

1. Намууд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ өөр өөрсдийн дүрэм, мөрийн хөтөлбөр болон баримтлах үзэл бодлын тухай тодорхой тусгаж бүртгүүлсэн байдаг. Үүгээрээ намуудын дүрэм баримт бичиг бол хууль ёсны эрх зүйн акт болж байгаа юм.

МАН Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн Монгол Ардын намын хичээн эрмэлзэх үндсэн дүрэм-ийн 6 дугаар зүйлийн Монгол Ардын Намын гишүүнээс гарах" гэсэн хэсгийн 6.1-д "...Монгол Ардын намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно...", 6.2-д ...Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж хасуулан, МАН-ын гишүүн бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө..., 6.3-т ...Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно... гэж заажээ. Үүний дагуу тус сумын МАН-ын хорооны дарга Т.Ташкен нь сумын Сонгуулийн хороонд 2016 оны 09 дүгээр сарын 09-нд 06 тоот албан бичгээр хүсэлт тавьж, М.Төлегийг МАН-аас гараагүй манай намын гишүүн байна, иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсгийн дагуу нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаж өгнө үү хэмээн ирүүлсэн бичиг нь үндэслэлтэй гэж үзэж хассан юм.

2. М.Төлегийн МАН-ын гишүүн болох нь МАН-ын 2011 оны Намын үүрийн гишүүдийн бүртгэл гэсэн дэвтэрт байгаа бүртгэлээр нотлогдож байна. Уг бүртгэлийн дэвтэр нь нийт 190 хуудастай байх ба 44 дүгээр хуудас хүртэл нийт 247 намын гишүүнийг бүртгэсэн байна. Бүртгэлд регистрийн дугаар, намд элссэн огноо, бат илэрхийлэхийн дугаар, ам бүлийн тоо намын шагнал авсан он, оршин суугаа хаяг, шилжих хөдөлгөөн гэх мэт мэдээллийг бүрэн оруулсан байна. Бүртгэлийн дэвтрийн 18 дугаар хуудасны 94 дүгээрт Марден Төлег гэж бүртгээд, регистрийн дугаар БЛ 65050975, мөн 1991 оны 03 дугаар сарын 06-нд намд элссэн гэж бичигдсэн.

З. М.Төлег нь гэр бүлээрээ МАН-ын гишүүн хүн байгаа нь мөн МАН-ын гишүүдийн бүртгэлийн дэвтэрт байгаагаар нотлогдож байна. /Эхнэр И.Баршагүл, хүүхдүүд Т.Алей, Т.Калима, Т.Ескендир нар нь намын гишүүн болох тухай иргэд Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нарын өргөдөлд дурьдсан байгаа/

4. М.Төлек нь урьд нь МАХН-ын гишүүн байсан гэж байгаа боловч тухайн үед намын нэр өөрчлөгдөхөд сумын намын гишүүдийг дахиж шинээр бүртгэхэд М.Төлег мөн бүртгүүлсэн байна. Тухайн үед сумын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай МАН-ын бат илэрхийлэхийг МАН-ын гишүүний бат илэрхийлэх болгосон гэж МАН-ын дарга Т.Ташкен болон бусад олон гишүүд баталж байгаа.

5. М.Төлег өөр намаас нэр дэвшсэнийг зөвтгөхийн тулд МАХН-ын гишүүнээс гарсан гэх тодорхойлолтыг Х.Даулетханаас авч мөн МАН-ын гишүүнд элсээгүй гэж байгаа тодорхойлолтууд нь 2011 оны бүртгэлийн дэвтэрт гэр бүлээрээ бүртгүүлж байснаар үгүйсгэгдэж байна.

6. Эцэст нь М.Төлег нь аль ч намын гишүүн байсан ч тус намаас гарах тухай хүсэлт байхгүй, уг хүсэлтийг яаж шийдвэрлүүлсэн баримт байхгүй байна. Энэ нь түүний сонгуульд оролцох боломжийг хангахгүй байгаа болно. Х.Даулетханы МАХН гэж байгаа нь МАН-ын урьдах МАХН-д огт хамаагүй өөр хүмүүсийн зохион байгуулсан шинэ нам юм. МАН-ын шинэ бат илэрхийлэхэд МАН бол МАХН-ын үргэлжлэл мөн гэж баталгаажуулснаар нотлогдож байна. М.Төлег нь МАН-ын гишүүн гэдэг нь бүрэн нотлогдож байгаа учраас түүнийг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нь хуулийн заалтыг зөрчсөн гэж үзээд түүнийг бүртгэхээс татгалзсан. Харин К.Абайн тайлбарлаж байгаагаар М.Төлегийг Ардчилсан намын гишүүнээр элсүүлж авсан гэдэг нь байж болох асуудал юм. Гэхдээ нөгөө намаас гараагүй нь М.Төлегийн буруутай ажиллагаа юм. Сонгуулийн хороо аль нэг намын талд ажиллаагүй. Маргаан гарахгүй бол бидэнд ч сайн байх байсан. Сонгуулийн хорооны шийдвэр үнэн зөв шийдвэр гэж бодож байна.

Нэр дэвшигч Б.Аманкелдийг хассан учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д зааснаар цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх гэсэн заалтыг биелүүлээгүй юм.

Цэргийн албыг мөнгөн төлбөрийг хаах үүргээ сонгуульд нэр дэвшихээс өмнө биелүүлсэн байх ёстой. /Өөрөөр хэлбэл, 08 дугаар сарын 31-нээс өмнө/ 09 дүгээр сарын 09-ний өдөр төлбөрөө төлсөн нь хуульд нийцэхгүй байна гэж үзлээ. Сонгуульд нэр дэвшиж байгаа 27 насны залуучууд 2016.08.31-ний өдөр хүртэл цэргийн албаа хаасан байх ёстой. Дүйцүүлэх ч юм уу, мөнгөн хэлбэрээр ч юм уу, биеэр хаах ч юм уу ямар ч л байсан аль нэг хэлбэрээр хаасан байх ёстой. Миний бие сумын цэргийн штабын дарга хүн учраас энэ асуудлыг мэдэж байгаа. Б.Амангелди нь нэр дэвших эрх үүргээ биелүүлээгүй байна. Мөнгө гүйцэд төлөөгүй тул алба хаах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Тийм учраас Б.Амангелди нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй, хуулийн уг зүйл заалтыг биелүүлэхгүй байгаа. Энэ асуудалд маргах үндэслэл байхгүй байх. 2016.08.30-ны өдрөөс мөнгөө бүрэн төлсөн байвал түүнийг бүртгэх бүрэн боломжтой байсан гэв.  

Гуравдагч этгээд Б.Аманкелдээс шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие Байдиков овоггой Аманкелди хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг сумын сонгуулийн хороонд бүрдүүлэн өгч нэр дэвшигчээр бүртгүүлсэн байсан юм.

Гэтэл тус сумын Сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие Б.Аманкелди, нэр дэвшигч М.Төлегийн хамт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан бөгөөд уг тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтуудыг тус тус баримталсан байна.

Үүнээс надтай холбоотой Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх гэж заасан ба нэр дэвшигч миний бие Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасны баталгаа болох 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэгээ хийгдэж, тамга дарагдсан цэргийн үүрэгтний үнэмлэх, цэргийн штабын даргын тодорхойлолт зэрэг хууль ёсны нотлох баримтуудыг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлсэн боловч хуульд заагаагүй нотлох баримт шаардаж, миний нэрийг хууль бусаар нэрсийн жагсаалтаас хасаж сонгогдох эрхэд маань халдсан. Тэрээр Цэнгэл сумын сонгуулийн хорооноос Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар хүргүүлэхдээ:

Нэр дэвшигч Б.Аманкелдийг хассан учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх гэсэн заалтыг биелүүлээгүй юм. Тэрээр Цэргийн албыг мөнгөн төлбөрөөр хаах үүргээ сонгуульд нэр дэвшихээс өмнө биелүүлсэн байх ёстой. /Өөрөөр хэлбэл, 08 дугаар сарын 31-нээс өмнө) 09 дүгээр сарын 09-ний өдөр төлбөрөө төлсөн нь хуульд нийцэхгүй байна гэж үзлээ гэсэн бол 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Цэнгэл сумын Ардчилсан намын дарга К.Абайд өгсөн 05 тоот албан бичигт: Танай намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн Б.Аманкелди Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасан шаардлагын дагуу Цэргийн албыг мөнгөн төлбөрөөр хаасан тухай аймгийн Засаг даргын захирамж болон мөнгө төлсөн бичиг баримтаа ирүүлээгүй гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Цэнгэл сумын Ардчилсан намын дарга К.Абайд хассан үндэслэлээ хоёр өөр шалтгаан зааж тогтворгүй үндэслэл гаргажээ.

Харин миний бие 673,000 төгрөгийг хоёр хувааж төлсөн. Эхний төлөлт болох 200,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, үлдсэн 473,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан болно. Эхний төлөлт болох 200,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлөхдөө миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт өргөдөл гаргасан. Уг өргөдөлдөө Миний бие Байдиков овогтой Аманкелди Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших тул надад зайлшгүй цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан цэргийн үүрэгтний үнэмлэх, цэргийн штабын даргын тодорхойлолт зэрэг хууль ёсны нотлох баримтууд хэрэгтэй боллоо. Иймд миний бие ээлжийн амралттай байгаа, дээрээс нь хоёр оюутан дүүтэй, 8 дугаар сарын сүүлд хичээлд явах үед нь дүү нартай тусалсан болохоор санхүүгийн боломжгүй байна. Одоо надад бэлэн байгаа 200,000 төгрөг үүнийг төрийн сангийн дансанд төлж, үлдсэнийг 2016 оны 09 дүгээр сарын 15-наас өмнө төлж барагдуулъя гэж дурьдсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб миний гаргасан уг өргөдөлд өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан цэргийн үүрэгтний үнэмлэх, цэргийн штабын даргын тодорхойлолт зэргийг өгч тусалсан. Харин миний бие үлдсэн 473,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсан юм.

Цэргийн албыг мөнгөн хэлбэрийн аргаар орлуулан хаах тухай журамд нэг цэрэг татлагаас дараагийн цэрэг татлага хүртэл (хаврын ээлжит цэрэг татлагаас намрын ээлжит цэрэг татлага хүртэл) мөнгийг хувааж төлж болно гэж заасан бөгөөд миний бие ямар ч хууль зөрчөөгүй гэдэг нь үүнээс илт байна. Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан эсэхээ Цэргийн үүрэгтний үнэмлэхэд алба хаасан тухай тэмдэглэл хийлгэж, төрөөс энэ эрхийг олгосон албан тушаалтнаар тамга даруулдаг нийтлэг журамтай. Энэ нийтлэг журмын дагуу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цэргийн алба хаасныг албан ёсоор баталгаажуулж, Баян-Өлгий аймгийн цэргийн штабын дарга гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болно. Гэтэл Цэнгэл сумын Сонгуулийн хороо (Б.Ерболат) нь Монгол төрийн цэргийн штабыг хянадаг, үл зөвшөөрөх байр суурьт шилжиж байгаа нь хууль бус үйлдэл мөн. Цэргийн штаб үйлдсэн бичиг баримтад төрийн өмнө өөрөө хариуцлага хүлээдэг субъект мөн. Энгийн олон мянган иргэд надтай адил цэргийн алба хаасан эсэхээ цэргийн штабын тамга, гарын үсэг зуруулж цэргийн үүрэгтний үнэмлэхээ бичүүлэн авч нийтийн харилцаанд орж байгаа нь бодит амьдрал, бодит хууль ёс мөн билээ.

Цэнгэл сумын Сонгуулийн хороо нь хуулийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргах ёстой. Харин хууль зөрчиж Сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие Б.Аманкелди мөн М.Төлег бид хоёрыг нэрсийн жагсаалтаас хассан нь өөрөө хууль зөрчсөн хэрэг юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие Б.Аманкелди мөн М.Төлег бид хоёрыг нэрсийн жагсаалтаас хассан шалтгаан нь Сонгуулийн хорооны дарга Батиханы Ерболатын төрсөн дүү болох Батиханы Байболаттай холбоотой гэж үзэж байгаа. Тэрээр Б.Байболат нь М.Төлег бид хоёрын нэр дэвшиж байгаа Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч юм.

Сонгуулийн хорооны дарга Батиханы Ерболат нь сонгуулийн хорооны ёс зүйн дүрмийн 2.2.5 дахь заалтыг илт зөрчиж, өөрийн төрсөн дүү болох Б.Байболатын өрсөлдөгчдийг хавчих, төрсөн дүүгээ хууль бусаар сонгуулах үйлдэл хийж байгаа нь Нийтийн албаны ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна.

Мөн надтай хамт ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан Б.Альхасен гэх хүн мөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа. Тэр хүн мөн адилхан надтай адилхан цэргийн албыг хааж байгаа. Би найз хүний хувьд үүнийг сайн мэдэж байна. Тэр хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн мөртлөө намайг яагаад бүртгэхгүй байгааг би ойлгохгүй байна. Тийм учраас сонгуулийн хороо ерөөсөө МАН-ын талд ажиллаад байна гэж бид үзэж байгаа. Сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь урьд нь Монгол ардын намын гишүүн байж, сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн. Одоо хүртэл Цэнгэл суманд МАН-ын бодлогыг удирдан явуулж байгаа хүн бол Б.Ерболат юм. Тэрээр намын гишүүн биш, төрийн жинхэнэ албан хаагч гэж байгаа боловч цаана намын бүх ажлыг удирдан зохион байгуулдаг, хэрэгжүүлдэг хүн.

Иймд нэр дэвшигч Б.Аманкелди намайг бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Цэнгэл сумын Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийн улмаас тус сумын Ардчилсан намын эрх ашиг мөн миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул уг сонгуулийн маргааныг хуулийн хугацаанд хянан үзээд, Цэнгэл сумын Сонгуулийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн "Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд М.Төлегээс шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие Марден овогтой Төлег хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг сумын сонгуулийн хороонд бүрдүүлэн өгч нэр дэвшигчээр бүртгүүлсэн байсан юм.

Гэтэл тус сумын Сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие М.Төлег нэр дэвшигч Б.Аманкелдийн хамт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан бөгөөд уг тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтуудыг тус тус баримталсан байна.

Үүнээс надтай холбоотой Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалт. Нэр дэвшигч миний бие М.Төлег өмнө МАХН-ын гишүүн байсан нь үнэн, гэхдээ тус нам 2011 онд МАН мөн МАХН болж хоёр хуваагдахдаа миний бие 2012 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус сумын МАХН-ын дарга X.Даулетханд өөрийн биеэр хүсэлт гаргаж намаас гарахаа илэрхийлж намын батлахыг аваачиж өгсөн бөгөөд МАХН- ын дарга X.Даулетхан 2012 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 тоот тогтоолоор намайг МАХН-ын гишүүнээс чөлөөлсөн. Ер нь намын зүгээс өөрчлөлт болсон үед болон бодит байдалд намаас гарсан гишүүнээс өргөдөл гаргаж байсныг би үзээгүй юм байна.

2012 оны сонгуулиар нутгийн уугуул иргэн А.Бакей Улсын ИХ Хуралд нэр дэвшүүлэх үед надад сумынхаа нэг нэр дэвшигчийг дэмжье гэсэн бодол төрж мөн өөр нэг шалтгаануудаас болж миний бие 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ардчилсан намд элсэж гишүүний батлахаа авсан юм. Тэр жилээс хойш миний бие ямар нэгэн сонгуульт ажилд Ардчилсан намын нэрийн өмнөөс идэвхтэй оролцож ирсэн бөгөөд улмаар 2016 оны Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон чинь тус сумын Сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч миний биеийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаж сонгогдох эрхэд маань халдсан юм. Тэрээр миний бие Ардчилсан намын гишүүн гэдгээ нотлох хэд хэдэн нотолгоо байна. Үүнд:

1. МАН-ын 2011 оны гишүүдийн бүртгэлийн дэвтэрт миний бие М.Төлек болон эхнэр Х.Баршагүл, хүү Т.Ескендир, Т.Алей охин Т.Камила нарын хамт бүртгэсэн байна. Гэвч уг бүртгэлийг Цэнгэл сумын 8 дугаар багийн МАН-ын үүрийн дарга С.Бауырлас гишүүнээр элсээгүй гэж үгүйсгэж байгаа.

2. Төлек би МАН-д элсвэл өргөдөл, хүсэлт гаргаж, анкет бөглөн, гарын үсэг зурах ёстой. Гэтэл тийм зүйл алга.

3. Мөн уг бүртгэлд гэр бүлээрээ МАН-ын гишүүн гэж байгаа боловч 2011 онд миний хүү Т.Алей намд элсэх насанд хүрээгүй 17 настай хүүхэд байсан нь уг бүртгэл хуурамч, саяхан зохиож бичсэн бүртгэл байгааг нотолж байна.

4. Миний бие Ардчилсан намын идэвхтэй гишүүн байсан гэснийг нотлох дараагийн нэг нотолгоо бол 2014 оны 6 дугаар сарын 26, 27-нд Цэнгэл, Сагсай, Ногооннуур, Улаанхус сумын намын гишүүдийг хамруулан Улаанхус сумд Ардчилсан намын нарийн бичгийн дарга Э.Батсуурь ахалсан ажлын хэсгийн зохион байгуулсан Сумын чуулган сургалт хэлэлцүүлэгт Цэнгэл сумаас 22 төлөөлөгчийн нэг болж оролцсон гэсэн № С. Ч. 4770 гэрчилгээ мөн сумын чуулганд оролцогч гэсэн Ардчилсан намын мандат юм.

5. УИХ-ын гишүүн асан 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Агипарын Бакейгийн миний сонгуулийн сурталчилгаанд ухуулагчаар ажилласан нь үнэн гэсэн тодорхойлолт,

6. Мөн нэр дэвшигчийн ухуулагчийн үнэмлэх,

7. Цэнгэл сумын МАХН-ын үүрийн тогтоол,

8. Ардчилсан намын гишүүний батлах,

9. Ардчилсан намын гишүүний анкет, хүсэлт,

Ардчилсан намын байрны суурь цутгах ажилд идэвхтэй ажилласан гишүүдийн дотор, Ардчилсан намын байр барихад өгсөн миний хандив 100,000 төгрөг зэрэг ийм олон нотлох баримт байхад намайг Цэнгэл сумын сонгуулийн хороо МАН-ын гишүүн гэж нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан нь хууль зөрчсөн хэрэг юм.

Цэнгэл сумын Сонгуулийн хороо нь хуулийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны дотор шийдвэрлэж тогтоол гаргах ёстой. (Сонгуулийн хуулийн 157.9 дэх хэсэг) Харин хууль зөрчиж Сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие М.Төлег мөн нэр дэвшигч Б.Аманкелди бид хоёрыг нэрсийн жагсаалтаас хассан нь өөрөө хууль зөрчсөн хэрэг мөн, Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөнд халдсан хэрэг юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч миний бие М.Төлег мөн нэр дэвшигч Б.Аманкелди бид хоёрыг нэрсийн жагсаалтаас хассан шалтгаан нь Сонгуулийн хорооны дарга Батиханы Ерболатын төрсөн дүү болох Батиханы Байболаттай холбоотой гэж үзэж байгаа. Тэрээр Б.Байболат нь Б.Аманкелди бид хоёрын нэр дэвшиж байгаа Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч юм.

Сонгуулийн хорооны дарга Батиханы Ерболат нь сонгуулийн хорооны ёс зүйн дүрмийн 2.2.5 дахь заалтыг илт зөрчиж өөрийн төрсөн дүү болох Б.Байболатын өрсөлдөгчдийг хавчих, төрсөн дүүгээ хууль бусаар сонгуулах үйлдэл хийж байгаа нь Нийтийн албаны ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна.

М.Төлег би 2012 оноос нааш удаа дараа сонгуульд Ардчилсан намын ухуулагчаар ажиллаж, Ардчилсан намд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байхад яагаад МАН-ын удирдлага гомдол тавьж болиулах арга хэмжээ авдаггүй юм бэ гэдэг дээр л асуудал байгаа бөгөөд миний нэрийг зөвхөн энэ удаагийн сонгуульд л дэвшүүлэхгүй гэсэн оролдлого юм. Намайг Ардчилсан намын гишүүн гэдгийг Б.Ерболат дарга болон бусад хүмүүс сайн мэдэж байгаа.

Иймд нэр дэвшигч М.Төлег миний биеийг бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Цэнгэл сумын Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийн улмаас тус сумын Ардчилсан намын эрх ашиг хөндөгдөж мөн миний эрх ашиг үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг маань ноцтой зөрчиж байгаа тул уг сонгуулийн маргааныг хуулийн хугацаанд хянан үзээд, Цэнгэл сумын Сонгуулийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч К.Зулкаш шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Энэ хэрэгт шүүх хуралдааны шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож байна. Захиргааны хэргийн шүүхийн өнөөдрийн энэхүү шүүх хуралдаанаар 2 асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэг нь Б.Аманкелди нь цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаасан эсэх, хоёр дахь нь иргэн М.Төлегийн намын харьяаллын асуудал байгаа. Эхний асуудлын хувьд иргэн Б.Аманкелди нь цэргийн албыг дүйцүүлэн хаасан тухай цэргийн үнэмлэхээ гардаж авсан байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-т заасан шаардлагыг миний хувьд хангасан байхад сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан гэж маргаан үүсгэжээ. Б.Аманкелди нь цэргийн албыг хаасан уу, үгүй юу гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасны дагуу цэргийн алба хаах насны иргэн хуульд заасны дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, энэхүү үүргээ биелүүлсэн байх ёстой юм. Харин Б.Аманкелдид 2016.08.28-ны өдөр цэргийн үүрэгтний үнэмлэх олгосон байна. Б.Аманкелди энэхүү үнэмлэхийг авахаас үүдэлтэйгээр дүйцүүлэх албыг хаасан гэж үзэхэд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой вэ гэдэг асуудал байна. Б.Аманкелди нь өргөдлөө 2016 оны 06 дугаар сард гаргасан, аймгийн Засаг дарга цэргийн албыг дүйцүүлэн хаалгах тухай дүйцүүлэн алба хаахад орох иргэдийн талаар захирамж гаргасан байх ёстой.

Дараа нь дүйцүүлэх албыг хааж дууссанаар тооцож дүйцүүлэх албанаас халах тухай мөн адилхан захирамж гаргадаг. Ингэж байж дүйцүүлэх алба хаасан гэж үзээд үнэмлэх олгогдох учиртай. Б.Аманкелдийн хувьд дүйцүүлэх алба хаасан асуудал эргэлзээ төрж, түүнийг алба хаах ажиллагаанд нь хууль зөрчигдсөн байна. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль урьд нь мөрдөгдөж байсан. Гэхдээ одоо хүчингүй болсон байгаа. Тухайн үед мөрдөгдөж байгаа хуулиар Засаг дарга захирамж гаргасан байх ёстой. Мөн гуравдагч этгээд үнэмлэхээ авсны дараа мөнгөн төлбөрөө төлсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Мөнгөн төлбөрийг бүрэн төлөөгүй цэргийн албыг бүрэн хаагаагүй иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх олгож байгаа нь Цэргийн штабын даргын буруутай ажиллагаа юм.

Дараагийн асуудал М.Төлегийн намын харьяаллын асуудал маргаантай байгаа. М.Төлег нь МАХН-ын гишүүн гэдэг нь хөтлөшгүй нотлогдож байгаа. Тухайн намын гишүүний хувьд урьд өмнө орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан байна. МАХН нь нэрийн хувьд МАН болж өөрчлөгдсөн. Нэр өөрчлөгдөх үед гишүүнчлэлийн асуудал өөрчлөгдөөгүй учраас МАН-д элсэж ороогүй гэж тайлбарлаж байгаа юм байна. М.Төлегийн МАН-ын гишүүнд элссэн эсэх асуудал нотлогдон тогтоогдохгүй байгаа хэдий ч МАН-ын үйл ажиллагаанд хандив өргөж, хандив өргөсөн талаар баримтад гарын үсэг зурж байсан байна. Мөн МАН-ын гишүүнчлэлийг бүртгэх бүртгэлийн дэвтэрт түүний нэр нь тусгагдсан байгаа. Үүгээрээ түүнийг МАН-ын гишүүн мөн гэж үзэх юм бол МАН-ын дүрмийн 6-т зааснаар намаас гарах тухай хүсэлтээ бичгээр илэрхийлж, намын бат илэрхийлэхээ хураалгах ёстой байхад тэрээр хүсэлт гаргаагүй, намын бат илэрхийлэхээ хураалгаагүй юм. Энэ асуудлыг шүүх үнэлж, дүгнэх ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар Цэнгэл сумын Ардчилсан намаас сумын сонгуулийн хороонд холбогдуулан сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 дүгээр тогтоолыг[1] хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий уг захиргааны актаар сонгуулийн хороо нь сумын Ардчилсан намаас орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн иргэдээс Б.Аманкелди болон М.Төлег нарын нэрийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

1. Нэр дэвшигч Б.Аманкелдийн нэрийг нэрийн жагсаалтаас хассан маргааны тухайд:

Сонгуулийн хороо нь Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Б.Аманкелдийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан үндэслэлээ ...хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасан цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх гэсэн заалтыг биелүүлээгүй. Цэргийн алба хаах үүргээ сонгуульд нэр дэвшихээс өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө биелүүлсэн байх ёстой, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг тус тус зөрчсөн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан ... гэж тайлбарлажээ.

Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Цэнгэл сумын Ардчилсан нам сумын орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн 8 дугаар тойрогт Б.Аманкелдийн нэрийг дэвшүүлэхдээ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасан шаардлагыг хангасан гэж үзэн, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан баримт бичгийг[2] бүрдүүлж сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

Сумын сонгуулийн хороо нь хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-т зааснаар нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авч,2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар[3] нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сонгуулийн хороо хуралдаж, маргаан бүхий захиргааны актаар Б.Аманкелди нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаасан нь хуурамч, нэр дэвшигчид тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр түүний нэрийг хасаж шийдвэрлэснийг шүүх хууль бус гэж дүгнэлээ. Учир нь,

Нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлагыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д тусгасан бөгөөд 154.3.5-д ... цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх... гэж заажээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д цэргийн албыг хаасан байх гэдэгт Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хэлбэр хамаарахаар тусгажээ.

Нэр дэвшигч Б.Аманкелди нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаар дамжуулан аймгийн Засаг даргад цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөр хэлбэрээр орлуулан хаах тухай өргөдлөө[4] гаргасан, Засаг дарга цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах асуудлыг түүний өргөдлийн дагуу шийдвэрлэсэн[5], мөн Засгийн газрын 2016 оны 102 дугаар тогтоолоор тогтоосон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлөх 4.807.207 төгрөгний төлбөрийн 14 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр болох 673.000 төгрөгний 200.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, үлдсэн 473.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд[6] болон гэрч Н.Тилек, Г.Лхагвасүрэн нарын мэдүүлгүүдээр[7] батлагдаж байна.

Б.Аманкелди нь мөнгөн төлбөрөө дээрх байдлаар 2 хувааж төлсөн нь Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол-ын 6-д заасан ...Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр тогтоолгосон иргэн төлбөрөө цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дууссан байна... гэсэнтэй нийцэх бөгөөд эхний төлбөр төлөлтийн дараа 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр түүнд эрх бүхий байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд цэргийн үүрэгтний үнэмлэхийг олгосныг хуурамч бичиг баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, сумын сонгуулийн хороо нь Ардчилсан намаас нэр дэвшүүлж, нэр дэвшигчдийн бичиг баримтыг нэрсийн жагсаалтаар хүлээлгэж өгсний дараа хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д зааснаар бүх нэр дэвшигчдийн бичиг баримтын нягтлан шалгаад,хуульд заасан шаардлага хангасан гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг үйлдсэн атлаа Б.Аманкелди үлдсэн мөнгөн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж барагдуулсны дараа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түүний нэрийг хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасан ... хуульд заасан шаардлагыг хангаагүй...,158.1.3-д заасан ... баримт бичиг дутуу, хуурамч... гэсэн үндэслэлээр хассан нь үндэслэл муутай болжээ.

2. Нэр дэвшигч М.Төлегийн нэрийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан маргааны тухайд:

Хариуцагч сумын сонгуулийн хороо нь Цэнгэл сумын Ардчилсан намаас орон нутгийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн М.Төлегийг МАН-ын гишүүн тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан ...нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасжээ.

Анх М.Төлег нь МАХН-д элссэн, 2008 оны орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, МАХН нь 2010 онд нэрээ МАН болгон өөрчилсөн[8], 2011 онд МАХН[9] байгуулагдсан, энэ хооронд буюу 2011 онд Цэнгэл сумын 8 дугаар багийн МАН-ын үүрийн дарга С.Бауырлас нь МАХН-ын гишүүн байсан иргэдийг МАН-ын гишүүн болгон бүртгэсэн[10], 2011 онд М.Төлег МАН-ын 90 жилийн ойд зориулан 5000 төгрөгний хандив өгсөн, үүний дараа түүний хүсэлтээр 2012 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Цэнгэл сумын МАХН-ын үүрийн 11 тоот тогтоолоор[11] МАХН-ын гишүүнээс чөлөөлөгдсөн, мөн тэрээр 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ардчилсан намд элссэн[12], Ардчилсан намаас зохион байгуулсан 2014 оны сургалтад хамрагдаж гэрчилгээ[13] авсан, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч А.Бакейгийн ухуулагчаар[14] ажилласан, 2015 онд Ардчилсан намын байр барих хандивт 100.000 төгрөг өгсөн[15], 2012 оноос хойш Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцож, МАН-аас зохион байгуулсан ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон гэрч МАХН-ын үүрийн дарга Х.Даулетхан, МАН-ын үүрийн дарга С.Бауырлас болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр[16] тогтоогдож байна.

Сумын сонгуулийн хороо нь М.Төлегийг МАН-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу МАН-ын намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгөх ёстой байсан, энэ үйл ажиллагаа хийгдээгүй тул түүнийг МАН-ын гишүүн гэж үзсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон гуравдагч этгээд М.Төлегийн шүүхэд гаргасан тайлбар, мөн тэрээр анх МАХН-ын гишүүнд элссэн, МАХН нь МАН болж өөрчлөгдөх үед өөрийгөө МАХН-ын гишүүн хэвээр гэж үзсэн, улмаар 2012 онд уг намын гишүүнээс гарч, тухайн жилд Ардчилсан намын гишүүнд элсэн орсон, түүнээс хойш Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцсон зэрэг үйл баримтуудаас дүгнэхэд М.Төлегийг Ардчилсан намын гишүүн гэж үзэхээр байна.

Гэтэл сумын сонгуулийн хороо нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан ...Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй... гэсэн М.Төлегийн хуульд заасан эрхийг нь зөрчиж түүнийг МАН гишүүн гэж үзсэн нь хууль бус байна.

Мөн хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн М.Төлегийн нэрийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргахдаа Цэнгэл сумын МАН-ын дарга Т.Ташкений хүсэлт[17], мөн 8 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигч Р.Өмирбек, Р.Багдаулет, С.Серикгүл, Б.Байболат нарын өргөдлийг[18], мөн Цэнгэл сумын 8 дугаар багийн МАН-ын гишүүдийн бүртгэлийн дэвтрийг[19] тус тус үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан сонгуулийн хорооны тэмдэглэлээр[20]батлагдаж байна.

Сонгуулийн хороо нь энэхүү үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...,4.2.7-д заасан ...ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах... гэсэн тусгай зарчмуудыг баримтлаагүй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, нэр дэвшигч М.Төлегийн асуудлыг нягтлан шалгах, хэлэлцэх үед эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох сумын Ардчилсан намд болон нэр дэвшигч М.Төлегт тус тус мэдэгдэж, ил тод байдлыг хангах, тэднээстайлбар авах, нотлох баримт бүрдүүлэх боломж олгох, хуралдаанаар хэлэлцүүлэх үед байлцуулах зэрэг мэдэгдэх, сонсгох үйл ажиллагааг явуулаагүй, түүнчлэн сонгуулийн хорооны дарга Б.Ерболат нь өөрийн төрсөн дүү 8 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Байболатаас гаргасан М.Төлегийн нэрийг хасуулах тухай өргөдлийг хэлэлцэхдээ хуралдааныг удирдаж, асуудлыг шийдвэрлэсэн нь Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийн 2.2.5-д заасан ...өөрийн гэр бүл, төрөл садан сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд ... сонгуулийн хороогоор асуудал хэлэлцэгдэх, шийдвэр гаргахад оролцохыг хориглоно... гэснийг зөрчжээ.

Мөн сонгуулийн хороо шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ... хууль дээдлэх..., 5.1.2-т ...ил тод байдлыг хангах..., 5.1.3-т ...шударга ёсыг сахих..., 5.1.5-д ...маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх ... гэж заасан зарчмуудыг баримтлаагүй байна.

Цэнгэл сумын сонгуулийн хороо дээрх байдлаар хууль, дүрмийг зөрчиж маргаан бүхий захиргааны актыг гаргаснаар нэхэмжлэгчийн Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан ...орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх... эрхийг, мөн нэр дэвшигч Б.Аманкелди, М.Төлег нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан ...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..., Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан ...сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно... гэсэн эрхийг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.5, 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3, 159 дүгээр зүйлийн 159.1-дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цэнгэл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 7 дугаар хуудас

[2] Хэргийн 61-69 дүгээр хуудас

[3] Хэргийн 90 дүгээр хуудас

[4] Хэргийн 51 дүгээр хуудас

[5] Хэргийн 54 дүгээр хуудас

[6] Хэргийн 182, 184 дүгээр хуудас

[7] Хэргийн 50, 165 дугаар хуудас

[8] Хэргийн 134 дүгээр хуудас

[9] Хэргийн 141 дүгээр хуудас

[10] Хэргийн 37 дугаар хуудас

[11] Хэргийн 13 дугаар хуудас

[12] Хэргийн 10 дугаар хуудас

[13] Хэргийн 170 дугаар хуудас

[14] Хэргийн 173,174 дүгээр хуудас

[15] Хэргийн 176 дугаар хуудас

[16] Хэргийн 88, 112 дугаар хуудас

[17] Хэргийн 33 дугаар хуудас

[18] Хэргийн 32 дугаар хуудас

[19] Хэргийн 37-44 дүгээр хуудас

[20] Хэргийн 35 дугаар хуудас