Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 65

 

“Жумака” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Х.Батсүрэн, О.Зандраа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 572 дугаар магадлалтай, “Жумака” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Жумака” ХХК-ийн захирал Ш.Хавикей шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жумака” ХХК-ийн захирал миний бие манай компанийн нэрд олгогдсон гааль дээр байгаа импортын мэдүүлгийг үндэслэж 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Оросын Холбооны Улсын Бийск хотын шувууны фабрикаас 15 хайрцаг буюу 5400 тахианы өндөг худалдан авч, улсын хилээр оруулж ирсэн бөгөөд зохих журмын дагуу үзлэг шалгалт хийлгэсэн. Гэтэл улсын байцаагч Б.Ерболат нь экспортлогч орны мал эмнэлгийн гэрчилгээ шаардсан бөгөөд миний бие худалдагч тал нь 400 хайрцагнаас дээш хэмжээгээр авахад өгнө, түүнээс доош бол өгдөггүй талаар тайлбарлан тухайн үйлдвэрээс худалдаж авсан талаарх /падаан/ баримтыг үзүүлсэн боловч шууд хураах акт үйлдэж хурааж авсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04-02-011-43 дугаар бүхий улсын байцаагчийн өндөг хурааж устгасан тухай актыг гардуулсан.

Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн үндэслэл болгон баримталж буй Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтуудыг зөрчиж оруулж ирсэн бүтээгдэхүүнийг экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэн буцаахаар зохицуулсан хуулийн заалттай байгаа ба экспортлогч орон хүлээн авахаас татгалзсан тохиолдолд устгал хийхээр заасан байна.

Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан үндэслэлээр амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг улсын байцаагч хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө...”, 13.4-т “..Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй...” гэж заасан. Нэхэмжлэгч тухайн үед өндгийг буцаагаад авч явъя, авчирсан газартаа аваачиж өгье, буцааж өгнө үү гэж хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг хүлээж авахгүйгээр хураан авч шууд устгасан нь хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Хэрэв шаардлага хангахгүй гэж Оросын тал руу буцааж өгсөн бол би жолоочтой хамт Бийск хот дахь ООО Агрофирма “Птицефабрика Еницейская”-аас хохирлоо барагдуулж аван хохиролгүй байх ёстой байсан. Иймд шууд хураан авч устгал хийхгүйгээр буцаах боломжтой байхад өндгийг шууд хураан авч устгаж, хууль зөрчсөнд гомдолтой байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.3-т “аливаа устгах, худалдаалах зүйлийг заавал шинжилгээнд хамааруулсны үндсэнд устгах, худалдаалах тухай шийдвэр гаргана” гэж заасан. Улсын байцаагч акт тавихад зөвхөн нэг талыг баримталсан гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Ерболат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т "Экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг шалгалтанд оруулах" гэж заасан бөгөөд "Жумака" ХХК-ийн импортоор оруулж ирсэн өндгөнд экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй байсан нөхцөлд хорио цээрийн хяналт, шалгалтанд оруулж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл байдал тогтоогдвол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үүргийг манай байгууллага хүлээдэг юм.

"Жумака" ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирсэн 5400 өндөгний хувьд экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээгүй, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д "Экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх" гэж хатуу заасан байхад худалдааны гэрээгүй байсан нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, импортын мэдэгдэл нь байхгүй байсан.

Нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүн нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр улсын хилээр орж ирсэн, нэхэмжлэгчийн импортын мэдэгдэл гэж байгаа баримтад олгосон огноо нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн засвартай мэдэгдэл байсан. Жишээ нь “Жумпака” гэж бичигдсэн, улсын байцаагч Х.Мамет нь 04-02-012 гэсэн хувийн дугаартай мөртлөө уг импортын мэдэгдэлд 04-03-012-01 гэсэн дугаар тавьсан нь олгосон гэх улсын байцаагч бичсэн эсэх нь эргэлзээтэй. Импортын мэдэгдэлд авах газар, гэрээ хэлэлцээрийн дугаар, он сар, өдөр  зөрүүтэй байснаас гадна сард оруулж ирэх өндөгний хэмжээ 5000 ширхэг гэж бичигдсэн. Гэхдээ нэхэмжлэгч 5400 өндгийг нэг доор оруулж ирсэн. Импортын мэдэгдэлд тахианы өндөг гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгч хүнсний өндөг оруулах ёстой байсан уу, үржлийн өндөг оруулж ирэх ёстой байсан уу зориулалт нь тодорхой бус. “ISTANA” маркийн 17-44 дугаартай тээврийн хэрэгслээр оруулж ирнэ гэж бичсэн, импортын мэдэгдлийн хүчинтэй хугацаа нь засвартай байсан. Мэдэгдэл олгосон огноо нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэж байхад нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүн нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн болно.

Улсын хилээр мал, амьтан тэдгээрийн гаралтай бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд хамгийн түрүүнд импортлогч орон буюу Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газраас олгосон албан ёсны хүчин төгөлдөр импортын мэдэгдэлтэй, мэргэжлийн байгууллагаас олгосон экспортын гэрчилгээтэй, тээврийн хэрэгсэлд тухайн бараа бүтээгдэхүүний ачилт хийхээс өмнө ариутгал хийсэн талаарх бичигтэй, Ташант хилийн боомтод сертификатад тэмдэглэл хийлгэсэн байх, тээврийн хэрэгслийн холбогдох бичиг баримттай, хүчин төгөлдөр гэрээтэй бараа бүтээгдэхүүнд бид хяналт шалгалт хийж импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээг үндэслэж улсын хилээр нэвтрүүлэх журамтай.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаагүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04-02-011-43 тоот акт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна.

"Жумака" ХХК-ийн хураагдсан өндөг нь түргэн муудаж, чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүн учир Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах журмын 2.5-д заасны дагуу хөндлөнгийн гэрч болон Цагааннуур боомт дахь хил, гааль, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулан акт үйлдэж, устгасан нь хууль журмыг зөрчөөгүй, хууль ёсны үйл ажиллагаа болсон гэж үзэж байна

Нэхэмжлэгчийн гэрээ хийсэн өндөг оруулж ирсэн компани нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгжийн жагсаалтад ороогүй юм. Нэхэмжлэгчийн гэрээ хийсэн аж ахуйн нэгж нь манай байгууллагаас хийсэн эрсдэлийн үнэлгээнд хамрагдаагүй учраас уг аж ахуйн нэгжээс өндөг импортоор авах боломжгүй. Нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 19.1.1, 19.1.2-т заасан шаардлагыг хангахгүй, уг зүйл заалтыг зөрчиж байгаа. Мөн Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 “...стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх...” гэж заасан.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “...экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтад оруулах..” 29.1.3 “...амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед экспорт, импортын болон бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, худалдааны гэрээ, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг улсын байцаагчид шалгуулах…” гэж заасныг мөн зөрчсөн.

Тухайн өндгөнд экспортын гэрчилгээ байгаагүй. Экспортын гэрчилгээгүй орж ирсэн бүтээгдэхүүнийг буцаах ямар ч боломжгүй. Буцаах эрх нь манай улсын хилийн боомтод бус Ташантын хилийн боомтод байсан гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 7 дугаар зүйлийн 7.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04-02-011-43 дугаартай “Өндөг хурааж, устгах тухай” актыг хүчингүй болгож, уг актын улмаас учирсан хохирол болох 949 709 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч ”Жумака” ХХК-нд олгож, үлдсэн хэсэг болох тээврийн болон маргаан бүхий өндөгний хайрцаг, сав, баглаа, боодлын зардал нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 572 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04-02-011-43 дугаартай “Өндөг хурааж, устгах тухай” актыг хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас учирсан хохиролд 2160000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Жумака” ХХК-ийн захирал Ш.Хавикей түүний өмгөөлөгч Т.Бахыт нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиудын холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. "Жумака" ХХК нь 2015 оны 04 дүгээр 23-ны өдөр ОХУ-ын Бийск хотын шувууны фабрикаас 15 хайрцаг буюу 5400 ширхэг тахианы өндөг худалдан авч, импортлохоор Цагааннуурын хилийн шалган нэвтрүүлэх боомтод ирж үзлэг, шалгалт хийлгэх явцад шууд хураан авч устгасан нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасныг биелүүлээгүй шууд хураан авч усатгасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4-т заасан төрийн хяналт шалгалтын зарчмыг шууд зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Улсын байцаагчийн хийсэн үзлэг, бичиг баримтын шалгалтаар илэрсэн зөрчил нь тухайн бүтээгдэхүүнийг лабораторийн үзлэг шалгалтанд оруулж, хүнсэнд хэрэглэж болох эсэх, түүний хүчинтэй хугацаа, хаяг шошго зэргийг шалган тогтоогоогүй, түргэн муудах хүнсний зүйл гэдэг утгаар нь шууд усатгасан. Экспортлогч улс руу буцаах үндэслэлтэй байсан, уг бүтээгдэхүүн нь хүн, амьтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй болох нь тогтоогдоогүй байгаа болохыг мөн анхаараагүй байна.

Давж заалдах шатны шүүх Амьтан, ургамал, тэдгээрийн  гаралтай  түүхий  эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4-д заасны дагуу улсын  байцаагчаас бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг хуулийн этгээдэд гардуулан өгч, буцаах үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй болохыг хянаж үзээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж болохоор байна.

Шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг буцаах талаар зохицуулсан хуулийн заалтыг үгүйсгэсэн, улсын байцаагч нь өөрийн эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг хэтрүүлэн, нэхэмжлэгчид бодит хохирол учруулсныг зөвтгөн, хариуцагч өндгийг буцаагаагүйгээс болж нэхэмжлэгч хохирол амсаагүй, өөр бусад шалтгаан байсан мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж хүлээн авахаас татгалзсан" тохиолдолд шууд устгахаар заасныг хэрэглээгүй, мөн Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05 ны өдрийн 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.9-т "Захиргааны журмаар хураагдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл, химийн болон цацраг идэвхтэй бодис, нян, өсгөвөр, эмийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд заавал хамруулсаны үндсэн дээр худалдан борлуулах эсвэл устгах шийдвэр гаргана" гэж заасныг давж заалдах шатны шүүх мөн анхаараагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “Жумака” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04-02-011-43 дугаар актыг хүчингүй болгож, хохирол 949709 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэн, маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэл тус бүрээр хяналтын шатны шүүхээс доорх  дүгнэлтийг хийж байна.

1. “... шүүх хуулийг буруу тайлбарлаж, бүтээгдэхүүнийг экспортлогч улс руу буцаах үндэслэл байгааг анхаараагүй ..., Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг буруу тайлбарлан  хэрэглэсэн ...” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч “Жумака” ХХК-ийн ОХУ-с импортоор оруулж ирсэн 5400 ш өндөг нь экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр мал эмнэлгийн гэрчилгээгүй, мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй, бүс нутгаас бэлтгэгдсэн эсэх нь тодорхойгүй, гадаад худалдааны гэрээ болон холбогдох бичиг баримтгүй байсан, тээвэрлэлтийн горим зөрчсөн зэргээс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9, 10, 11, 13, 19,  Хүнсний тухай хуулийн 11, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлүүдэд тодорхойлогдсон бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, импортлох, экспортлоход тавигдах нийтлэг болон  тусгайлан заасан шаардлагыг хангаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно.

Тухайн зөрчлийн үед авч хэрэгжүүлэх улсын байцаагчийн үйл ажиллагаа, эрх хэмжээг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар улсын байцаагч нь үзлэг, бичиг баримтын шалгалтаар илэрсэн зөрчил нь энэ хуулийн 13.1-д хамаарч байгаа бол тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах буюу устгуулах арга хэмжээ авхуулах, Хүнсний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасны дагуу энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн экспортлогч, импортлогчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хүнсийг хураах захиргааны шийтгэл ногдуулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар “Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу устгах...”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “... бүтээгдэхүүний худалдах борлуулхыг хориглох, устгах ...” гэж тус тус тодорхойлсон байна.

Дээрхээс  үзвэл хүнсний бүтээгдэхүүн импортлоход хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх улсын байцаагчийн эрх хэмжээ, импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага нь зөвхөн 2002 оны Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар хязгаарлагдахгүй бөгөөд үүнд  Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон 2012 онд батлагдсан Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар тавигдах шаардлага, эрх хэмжээ мөн адил хамааралтай. 

Иймд, нэхэмжлэгчийн импортоор оруулж ирсэн өндгийг хураан авч, устгасан хариуцагчийн үйл ажиллагаа нь дээр дурдсан холбогдох хуулиудад нийцсэн байхад зөвхөн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дахь хэсгийг үндэслэн бүтээгдэхүүнийг устгахдаа  “Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж авахаас татгалзсан” байх шаардлагыг биелүүлэлгүйгээр бүтээгдэхүүнийг устгалд оруулсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.

Тодруулбал, хуульд заасан шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулах хариуцагчийн  эрх хэмжээг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиас хойш батлагдсан Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар мөн зохицуулж, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах” журмыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан байна.

Уг журмын 1.2-т “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулахад Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай журам” болон бусад холбогдох стандарт, дүрэм, энэхүү журмыг мөрдлөг болгоно”,  

6.3-т “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15.1-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах асуудлыг тухайн хилийн боомт, гүний гааль байрлаж буй сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг улсын байцаагчийн хяналтын дор зохих журмын дагуу гүйцэтгэнэ” гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, өндөг устгасан хариуцагчийн үйл ажиллагаа нь дээрх хууль, журам, мөн Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” журмыг үндэслэн Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 163 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох”  журмын 1.9-д “... түргэн муудаж, чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлээс бусад эд зүйлийг устгахыг хориглоно”,

2.5-д “... түргэн муудаж, чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлийг шаардлага хангасан газар ..., зөрчил гаргасан этгээдийг өөрийг нь, хэрэв боломжгүй бол хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулан акт үйлдэж устгана ...” гэж заасны дагуу хэрэгжсэн байна.

“Жумака” ХХК-ний ОХУ-с импортоор оруулж ирсэн 5400 ш өндөгний хувьд экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээгүй, төрөл, зэрэг, дугаар, хураасан он, сар, өдөр зэрэг ямар ч хаяг тэмдэглэгээ байхгүй, бүтээгдэхүүний талаарх үндсэн мэдээллийг агуулсан гэрээгүй, гэрээ байхгүйгээс буцаах тохиолдолд хүлээн авах байгууллага нь тодорхойгүй байснаас өндгийг заавал буцаах шаардлагагүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх хуулиудад үндэслэн тодорхой, зөв дүгнэжээ. 

Иймээс “... давж заалдах шатны шүүх Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг буруу тайлбарлан  хэрэглэсэн, бүтээгдэхүүнийг экспортлогч улс руу буцаах үндэслэл байгааг анхаараагүй ...,” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

2. “... улсын байцаагч бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн, уг өндөг нь хүн, амьтны эрүүл мэндэд хор учруулж болзошгүй гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтоолгүй, шууд устган, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 15.1.4-т заасныг зөрчсөнийг шүүх  анхаараагүй ...” гэх гомдлын талаар:

Нэхэмжлэгчийн импортоор оруулж ирсэн өндөг нь дээрх байдлаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнд хамрагдах бөгөөд ийм бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах талаар холбогдох хуулиар зохицуулаагүй, улсын байцаагч түргэн муудаж, чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй бүтээгдэхүүний хувьд өндгийг “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох” журмын 1.9, 2.5-д заасныг үндэслэн холбогдох шинжилгээнд хамруулахгүйгээр устгасныг буруутгах үндэслэлгүй. 

Нэхэмжлэгчийн гомдлынхоо үндлэслэл болгосон Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах,

15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан “хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, горим зөрчсөний улмаас түүхий эд, бүтээгдэхүүнд учирсан гэмтэл нь хүн, амьтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй нь тогтоогдсон” гэж лабораторийн шинжилгээнд оруулах зайлшгүй шаардагатай нөхцлийг тодорхойлсон эдгээр зохицуулалтууд нь улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүнд хамааралгүй гэж үзнэ. 

Иймд, “... лабораторийн шинжилгээнд оруулаагүй устгасан ...” гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй. 

Дээр дурдсаныг нэгтгэж, “Жумака” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирсэн 5400 ширхэг өндгийг хураан авч, устгах тухай Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04-02-011-43 дугаар акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар олгогдсон Монгол Улсад импортлогдож байгаа бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх, худалдах, борлуулахыг хориглох, устгах шийдвэр гаргах бүрэн  эрхийнхээ дагуу үйлдэгдсэн, хууль ёсны шийдвэр байх тул давж заалдах шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 572 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ              

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ