| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0115/З |
| Дугаар | 128/ШШ2025/0310 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0310
2025 05 05 128/ШШ2025/0310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* овогт Х******* Б******* /РД:*******/,
Хариуцагч: Монгол Улсын Шадар Сайд,
Маргааны төрөл: Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын дүнгээр нэр дэвшүүлсэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэртэй маргасан хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар “Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох.
1.2. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Б*******ыг томилохыг даалгах.
1.3. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолыг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж, нэр дэвшигч Х.Б*******ыг Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилоогүйгээс учирсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны ******* дүгээр албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Захирагчийн сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалт зарласан.
2.2. Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон Х******* Б******* нь 100 оноо авахаас 60.9 оноо авч тэнцсэн тул тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад хүргүүлсэн.
2.3. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Цагааннуур чөлөөт бүсийн захирагчид нэр дэвшигч Х.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан эрхэлсэн түшмэлийн албан тушаалын “ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх”, ажлын байрны тодорхойлолтод заасан “гадаад хэлний шаардлага”-ыг тус тус хангахгүй үндэслэлээр албан тушаалд томилохоос татгалзсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны ******* дүгээр албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Захирагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөл зохион байгуулсан байдаг.
Улмаар тухайн ажлын байрны Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан иргэдээс, мөн тодорхойлолтод заасан ур чадвар болох хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний болон ярианы бичгийн чадвар /кирилл болон үндэсний бичиг холимог хэлбэртэй/, удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах, төсөв, санхүү, хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагын шаардлагыг хангаж байгаа эсэхээр шалгалт авсан.
Ийнхүү шалгалтад тэнцсэн иргэн Х.Б******* намайг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.1-д заасны дагуу томилуулахаар Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт "Чөлөөт бүсийн захирагчийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.", Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.", Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.3-т "Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно.", 12.6-д "Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ." гэж тус тус зааж, томилох бүхий этгээдэд эрх, үүрэг бий болгосон.
Энэ хүрээнд томилох эрх бүхий этгээд буюу сайд Ч.Х******* дээрх хууль тогтоомжид заасан хугацаанд томилох, эсхүл хуульд заасан үндэслэлээр татгалзах бол чухам ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа албан бичгээр 14 өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ёстой байсан үүргээ биелүүлээгүй. Ингэснээр томилох эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзах хуульд заасан эрхээ алдаж байгаа бөгөөд улмаар Журамд заасан хугацаанд зөвхөн томилох үүргийг хуулиар хүлээхээр байна.
Гэвч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолоор томилуулахаар санал болгосон Х.Б*******ыг 30 хоногийн дотор томилох үүргээ мөн л биелүүлээгүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгээр томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн нь хууль бус шинжтэй үйлдэл юм. Тодруулбал, сайд Ч.Х******* Төрийн албан тухай хуулиар өөрт олгогдсон "нэр дэвшигчийг томилохоос нэг удаа татгалзах эрх"-ээ журамд заасан хугацаанд Төрийн албаны зөвлөлд албан бичгээр мэдэгдэж, хэрэгжүүлээгүй нь хуульд заасан татгалзах эрхээ алдсан буюу тухайн журамд заасан хугацаанаас хойш татгалзсан шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байна.
Улмаар Х.Б******* миний бие сайдын томилохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай" 02/*******7 тоот албан бичгээр “... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаал томилуулахаар санал болгосон нэр дэвшигч Х.Б******* нь Төрийн албаны тухай хууль болон тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан тул шалгалтын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар шалгалтад орж, тэнцсэн тул Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.3-д заасны дагуу нэр дэвшигчийг томилж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтэд анхаарна уу..." гэсэн агуулгаар буюу сайдын нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцэхгүй байгаа талаар хариу өгсөн.
Ийм учраас Х.Б*******ыг томилохоос татгалзсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэр нь хууль тогтоомжид заасан нэг удаа хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байсан хугацаанаас хойш гарсан, мөн Төрийн албаны зөвлөлийн хууль ёсны шийдвэр болох 2023 оны ******* дугаар тогтоолыг биелүүлээгүй нь хууль бус шинжтэй байгаа юм.
Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолыг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж, нэр дэвшигч Х.Б*******ыг хууль тогтоомжид заасан хугацаанд томилоогүйгээс өөрт учирсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацаанд авах ёстой цалин, төлөгдөөгүй хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардаж, мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хамтатган нэхэмжилсэн.
Цагааннуурын чөлөөт бүсийн контор нь Улаанбаатар хотод байдаг, Цагааннуурын чөлөөт бүс нь байршлын хувьд Баян-Өлгий аймагт ОХУ-тай хиллэдэг боомт. Би Австрали улсад магистрт сурч байгаад тодорхой нэг шалтгааны улмаас дуусгаж чадаагүй ирсэн, англи хэлний тодорхой мэдлэгтэй, мөн төрийн албан хаагчийн анкетад тусгаснаар гадаад улсад 5 удаа мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаж сертификат авч байсан.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтад 2024 оны 9 дүгээр сараас ажилласан, тэр хүртэл хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тасалдсан.
Иймд Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд хуулийн дагуу нэр дэвшигч, иргэн Х.Б******* миний гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.7-д заасан агуулгын хүрээнд хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа иргэн Х.Б*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан "эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол... мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх..." шаардлагатай бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар “мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага" хариуцан зохион байгуулдаг.
Хуулийн эл шаардлагын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 102 дугаар тогтоолоор зөвшөөрөл олгогдож батлагдсан "Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын байрны тодорхойлолт"- 3-т "Албан тушаалд тавигдах шаардлага" хэсэгт "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж тодорхой тусгасан байдаг.
Гэвч нэр дэвшигч Х.Б******* нь Төрийн албаны тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх шаардлагыг хангаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг Төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэхдээ хүргүүлээгүй байдаг.
Хоёр. Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд нэр дэвшигч Х.Б******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тухайд:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2-т зааснаар "чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт"-ийн асуудал Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар чөлөөт бүсийн захирагчийг томилох, чөлөөлөх эрхтэй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг үндэслэн Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тусгай шалгалт зарлуулах хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
Томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл нь сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу явуулах бөгөөд нэр дэвшигч нь тус журмын 5 дугаар зүйлийн 5.1-т заасан шаардлагыг хангасан байх ёстой.
Журмын 5 дугаар зүйлийн 5.1.10-т "зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх"-ыг нэр дэвшигчээс шаардах бөгөөд Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т зааснаар "Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар "Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-ын хүрээнд боловсруулж, мөн зүйлийн 23.6-т зааснаар "Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102 дугаар тогтоолоор олгогдсон зөвшөөрөл”-ийг үндэслэн Эдийн засаг, хөгжлийн сайд баталсан.
Дээрх захирагчийн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад "Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэг хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах" чадвартай байх гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд уг шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 8 дугаар зүйлийн 8.10-т зааснаар "Тухайн ажлын байранд гадаад хэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсан тохиолдолд тухайн гадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичиг эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн бол уг иргэний түүнд холбогдох баримт бичгийн оноог тус тус үндэслэн гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага хангасан эсэхийг тогтооно" гэж заасан.
Гэтэл тус албан тушаалд нэр дэвшсэн иргэн Х.Б******* нь уг албан тушаалын тодорхойлолтод заасан хэлний шаардлагыг хангаагүй буюу хангасан эсэхийг нотолсон баримтыг ирүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд томилох эрх бүхий этгээдийн зүгээс татгалзсан болно.
Гурав. Нэр дэвшигчийг томилохыг даалгах болон ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хянах боломжгүй тухайд:
Нэхэмжлэлийн "Х.Б*******ыг тухайн албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгах" болон "Ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар "даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" талаар тодорхойлох ёстой.
Захиалагч болон нэр дэвшигч нарын хооронд аливаа байдлаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа үүсэхийн тулд зөвхөн хариуцагчаас шалтгаалахгүй буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт тус тус зааснаар "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, тус газраас ашиг сонирхлын зөрчил болзошгүй эсэх талаар дүгнэлт гаргах"-аар хуульд заасан. /Жич: Ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тохиолдолд нэр дэвшигчийн томилохоос татгалзах үүрэгтэй/
Тиймээс хариуцагч нь нэр дэвшигчийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр томилохоос татгалзсан үндэслэлийг хууль бус эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хянаж, шийдвэрлэх боломжтой боловч томилох эрх бүхий этгээдийг хууль тогтоомжид заасан өөр үндэслэлээр татгалзах эрхийг шууд хязгаарлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөр бусад этгээдийн зөвшөөрөл, тодорхойлолт буюу Авлигатай тэмцэх газраар хянуулсны үндсэн дээр нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргахаар байх тул тухайн ажил бүрэн хийгдээгүй, шууд томилогдох үндэслэл бүрдээгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг шийдвэрлэх боломжгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Б*******ын нэхэмжлэлд дурдсан "...хууль тогтоомжид заасан хугацаанд томилоогүйгээс өөрт учирсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацаанд авах ёстой байсан цалин, нийгмийн даатгал" зэргийг нэхэмжилж байгаа нь тодорхой хууль зүйн үндэслэлгүй Төрийн албаны тухай хуульд заасан харилцаа үүсээгүй, төрийн албаны хөдөлмөрийн харилцаа үүсгэж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам, 25.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно." гэж заасан бөгөөд Х.Б*******ын хувьд маргаж байгаа албан тушаалд, төрийн албанд ямар нэгэн байдлаар томилсон шийдвэр гараагүй, албан тушаалын тодорхойлолтод тэнцэх эсэх талаар өмнөх асуудал эрхэлсэн сайд хянаж, нягталж байсан. Өөрөөр хэлбэл төрийн албаны хөдөлмөрийн харилцаа Х.Б*******, Шадар сайдын хооронд үүсээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар “Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Б*******ыг томилохоос татгалзсан” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар “Нэр дэвшүүлсэн” тогтоолын хэрэгжилтийг хангаж Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд нэхэмжлэгч Х.Б*******ыг томилохыг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Шадар сайдад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Цагааннуур чөлөөт бүсийн захирагчаар ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаанд хамаарах үйл баримтын хувьд.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 2023 оны ******* дүгээр албан бичгээр Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссыг байгуулж, сонгон шалгаруулалтыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан.
Цагааннуурын чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалд 3 хүн нэр дэвшсэнээс 2 нэр дэвшигчийг шаардлага хангасан хэмээн бүртгэж, тусгай шалгалтад нэр дэвшигч Х******* Б******* тэнцэж, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Х.Б*******ыг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад тогтоолыг мөн өдөр хүргүүлсэн.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчид нэр дэвшигч Х.Б*******ыг “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан эрхэлсэн түшмэлийн албан тушаалын “ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, ажлын байрны тодорхойлолтод заасан “гадаад хэлний шаардлага”-ыг тус тус хангаагүй” үндэслэлээр дурдсан албан тушаалд томилохоос татгалзсан байна.
Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/*******7 дугаар албан бичгээр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад тогтоолын хэрэгжилтийг хангахыг мэдэгдэж, Х.Б******* нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хэрхэн хангасан болохыг төрийн албанд ажилласан байдлыг тодруулан дахин нэр дэвшүүлсэн, Шадар сайд Х.Б*******ыг Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалд томилоогүй байна.
2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т болон чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан хэмээн үзэж тусгай шалгалтад бүртгэж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн үндэслэлийн тухайд.
2.1. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах Төрийн албаны тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор "төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг, "албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ.
2.2. Төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан тушаалд ангилах ба, төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл хэмээн /дээрээс доош/ ангилж, төрийн захиргааны албан тушаалд томилоход тусгай шаардлагыг мерит зарчмын хүрээнд хангуулахаар мөн хуулийн 23 дугаар зүйлд хуульчилсан, тухайлбал 23.2.1 “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 23.2.2 “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 23.2.3 “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” шалгуур тавигдана.
2.3. Энэ маргаанд хамаарах Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалын /Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 102 дугаар тогтоолоор баталгаажуулсан/ тодорхойлолтод уг албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” мэргэшлийн, “төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” туршлагын шаардлага тавигдсан байна.
2.4. Хуулиар болон албан тушаалын тодорхойлолтоор ийнхүү тавигдсан мэргэшлийн болон туршлагын тусгай шаардлагыг нэхэмжлэгч Х.Б******* дараах байдлаар хангажээ. Тодруулбал, нэхэмжлэгч Х.Б******* нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, Удирдлагын акедемийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тоот тушаалаар Е дугаартай сертификтай төгссөн, өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолт дахь мэргэшлийн тусгай шаардлагын “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх” шаардлагыг ахиулан хангасан, төрийн захиргааны ахлах түшмэлийн дээд ангилал болох эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх тул энэ шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.
2.5. Мөн тэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт болон тухайн албан тушаалын тодорхойлолт дахь төрийн албанд ажилласан туршлагын “төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” тусгай шаардлагыг төрийн албанд нийт 11 жил 9 сар 26 хоног ажилласнаар, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6 сар 5 хоног, ахлах түшмэлийн албан тушаалд 3 жил 7 сар 1 хоног, дэс түшмэлийн албан тушаалд 1 жил 11 сар 14 хоног, туслах түшмэлийн албан тушаалд 3 жил 7 сар 19 хоног, төрийн тусгай албан тушаалд 1 жил 2 сар 5 хоног, төрийн улс төрийн албан тушаалд 11 сар 12 хоног ажилласнаар хангаж байна, өөрөөр хэлбэл ахлах түшмэлийн болон түүнээс дээд ангиллын эрхэлсэн түшмэлийн албан тушаалд нийт 4 жил 1 сар 6 хоног ажилласан нь “ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаж байх тул уг шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн татгалзал мөн л хууль зүйн үндэслэлгүй болжээ.
2.6. Түүнчлэн, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын ур чадвар хэсгийн бусад шаардлагын “..англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах” чадвартай байх шаардлагыг хангаагүй хэмээн татгалзсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Учир нь гадаад хэлний мэдлэгийн ур чадварын шалгуур Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад хамаарахгүйн дээр хэрэв албан тушаалын тодорхойлолтоор гадаад хэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсан тохиолдолд, уг шаардлагыг хангасан эсэхийг үнэлэх шалгуур бодитоор тавигдсан байх, аль хэлний ямар түвшний мэдлэг шаардаж буй нь, түүнийг хэрхэн үнэлэх нь тодорхой байх, тодруулбал Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.10-т зааснаар гадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичиг эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөнтэй холбоотой баримт бичгийг уг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах захиалгад тодорхой тусгасан байхыг, нэр дэвшигчийг бүртгэх баримт бичгийн бүрдэлд оруулсан байхыг шаардана.
Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалд гадаад хэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсан тохиолдолд гадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичиг эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөнтэй холбоотой баримт бичгийг төрийн албаны тусгай шалгалтад оролцогчдоос гаргуулах, уг агуулгаар албан тушаалын тодорхойлолтод тусгайлан зааж өгөх, зааж өгсөн тохиолдолд ажлын байранд гадаад хэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсан гэж үзнэ.
Иймд хуулиар заасан нийтлэг болон тусгай шаардлагад ороогүй, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын ур чадвар хэсэгт “бусад” гэх байдлаар “..англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх” гэсэн үнэлэх арга нь тодорхойгүй, сул орон тооны захиалгад тусгаагүй, сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэхэд шаардлага болгоогүй шалгуурыг “тусгай шаардлага” тавигдсан гэж үзэх боломжгүй юм.
Тиймээс дээрх үндэслэлүүдээр Цагааннуурын чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшигч Х.Б*******ыг шаардлага хангасан хэмээн бүртгэж, тусгай шалгалтын тэнцсэн оноогоор Х.Б*******ыг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчид нэр дэвшигч Х.Б*******ыг “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан эрхэлсэн түшмэлийн албан тушаалын “ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, ажлын байрны тодорхойлолтод заасан гадаад хэлний шаардлагыг тус тус хангаагүй” үндэслэлээр томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
3. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д зааснаар Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргах бөгөөд Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12 дугаар зүйлийн 12.1-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ”, 12.3-т “Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ”, 12.8-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгана” гэж заасан.
3.1. Өөрөөр хэлбэл нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг томилох эрх бүхий этгээд заавал биелүүлэх үүрэгтэйн дээр хуульд заасан үндэслэлээр л нэг удаа татгалзаж болно, гэхдээ нэр дэвшүүлснээс 14 хоногийн дотор, татгалзах хуульд заасан үндэслэлгүй тохиолдолд 30 хоногийн дотор томилох үүрэгтэй, томилохоос татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй бол Төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлсэн тогтоолыг биелүүлэхийг даалгахаар журамласан, журмын энэ зохицуулалттай хариуцагч Шадар сайд шүүхэд маргасан ч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
3.2. Төрийн албаны зөвлөлөөс Х.Б*******ыг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилуулахаар 2023 оны 6 дугаар сарын 21-ний тогтоолоор нэр дэвшүүлсэн байхад Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 30 хоногийн дотор томилоогүй нь дээрх журмын 12.3-т заасныг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу 108 хоногийн дараа томилохоос татгалзаж буй нь дээрх журмын 12.6-д заасан хугацааг, улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/*******7 дугаар албан бичгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалд Х.Б*******ыг дахин нэр дэвшүүлэхэд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь журмын 12.8 дахь хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн, хууль бус байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой уг хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д “ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй”-г хуульчилснаар хөдөлмөрийн харилцаа тэдгээрийн хооронд үүсэх үеэс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ажил олгогчийн үүрэг үүснэ.
Төрийн албаны зөвлөл ийнхүү Цагааннуурын чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалд нэр дэвшигч Х.Б*******ыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин нэр дэвшүүлснээр 30 хоногийн дотор томилох үүргийг Монгол Улсын Шадар сайд хүлээх тул 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг үүссэн гэж үзлээ.
Чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын үндсэн цалин 2,301,000 төгрөг байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сараас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтад ажиллан төрөөс цалин хөлс авч, улмаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчоос нь төлөгдсөн байх тул энэ хүртэлх хугацаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д заасан эрх зөрчигдсөн гэж үзэж, 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
5. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс буюу нэхэмжлэгч Х.Б*******ыг хуульд заасан хугацаанд томилоогүй хууль бус үйлдлээс үүдэн гарсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй ба Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаар чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө олгогддог цалин хөлсийг томилогдоогүй, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй этгээдэд “... ажиллах боломжтой байсан” гэх агуулгаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан бодит хохиролд хамааруулах үндэслэлгүй байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдаж, Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, улмаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал нь Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2025/0754 дүгээр захирамжаар маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг гаргасан хариуцагч Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрх залгамжлагчаар Монгол Улсын Шадар сайдыг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсныг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд нэхэмжлэгч Х.Б*******ыг томилохыг, чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарыг дуустал хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Шадар сайдад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Цагааннуур чөлөөт бүсийн захирагчаар ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 57 дугаар зүйлийн 57.1, 65 дугаар зүйлийн 65.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар “Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Б*******ыг томилохоос татгалзсан” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар “Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Б*******ыг нэр дэвшүүлсэн” тогтоолын хэрэгжилтийг хангаж Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Б*******ыг томилохыг, чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Шадар сайдад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчаар ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Шадар сайдаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА