Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01235

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01235

 

 

 

 

Э- СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/01290 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э- Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагчАЦг боловсрол сургалтын байгууллагад холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 405 200 төгрөг гаргуулах, Э- СӨХ-той дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.Тулга, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:АЦг боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан хоёр шаардлага гаргасан. 1. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны нийтийн орон сууцны 1 дүгээр байр, 1 давхрын 306 м.кв талбайдАЦг боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулдаг тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 7 405 200 төгрөг гаргуулна. 2. Э- СӨХ-той дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулахыгАЦг боловсрол сургалтын байгууллагад даалгах. Э- СӨХ нь хураамж 7 405 200 төгрөг гаргуулахаар өмнө нь нэхэмжлэл гаргасан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээрАЦг боловсрол сургалтын байгууллага Энэрэл хотхоны дундын өмчлөлийн буюу сууц өмчлөгчдийн нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглаж байгаа нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон. Э- СӨХ үүсгэн байгуулагдсанаас хойш хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө, зам талбай, орчин, мөнАЦг боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулж байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө болоо орц, хонгил, хотхоны нэгдсэн гарц, харуул хамгаалалтыг үйлчилгээг үзүүлдэг. Гэвч СӨХ-д төлбөр төлдөггүй. Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшинд энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан тул төлбөр төлөх ёстой. СӨХ-ны тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар 1 м.кв талбайд ногдох төлбөр 800 төгрөг байхаар баталсан. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаар тогтоолоор жишиг үнэд өөрчлөлт оруулсан. 2020 оны 12 дугаар сарыг дуустал хүртэлх хугацааны төлбөрийг шинэчлэгдсэн жишгийн дагуу тооцсон. 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хүртэлх хугацааны төлбөр 7 405 200 төгрөг гаргуулна. Э- СӨХ-ноосАЦг боловсрол сургалтын байгууллагад дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах хуримтлалын гэрээг байгуулах саналыг удаа дараа хүргүүлсэн хүлээн авахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 306 м.кв талбайтай орон сууцыг цэцэрлэгийн зориулалтаар ашигласан. Цэцэрлэгийн гадна орчин, цэцэрлэгжүүлэлтийг өөрийн зардлаар тохижуулсан. Манай цэцэрлэг нь Боловсролын тухай хуульд зааснаар ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн хариуцлагын хүрээнд Энэрэл хотхонд оршин суудаг хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Уг цэцэрлэг нь 306 м.кв талбайтай ба байр нь өөрөө 324 м.кв талбайтай. Анх стандартын дагуу байгуулагдаж байрны орц тал руу аваарын хаалгыг гаргасан. Энэ хаалгаар гарсан тал нь байрны орц руу орохгүйгээр үүнд ногдох 18 м.кв талбайтай. Үүнд ногдох дулааны төлбөрийг төлдөг. Э- СӨХ үүнтэй ижил нэхэмжлэлийг өмнө нь гаргаж гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. СӨХ-той ямар нэгэн гэрээ байгуулагдаж хуулийн дагуу үүрэг үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаарАЦг БСБ-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 405 200 төгрөг гаргуулах, хуримтлалын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай Э- СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203 633 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.АЦг боловсрол сургалтын байгууллага дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусад орон сууц өмчлөгчийн нэгэн адил ашиглаж тэдний төлсөн төлбөрөөр харуул, цэвэрлэгээний үйлчилгээг үнэ төлбөргүй авч байна. Гэтэл анхан шатны шүүх хүүхдийн тоглоомын талбай, орцны хаалганд ач холбогдол өгч хариуцагчийг орон сууцны орцны хаалганаас тусдаа хаалгаар орж гардаг, хүүхдий тоглоомын талбайг хотхоны хүүхдүүдэд зориулж тохижуулсан гэх тайлбарыг үндэслэн дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж байгаа гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн. Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд зөврөн хүүхдийн тоглоомын талбай, орцны хаалга хамаарахгүй. Хариуцагч цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж нийтийн орон сууцны зориулалттай байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, хог зайлуулах хоолой, цэг, түүнчлэн орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх шалны +0.00 тэмдэгээс дээшх бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны нийтийн зориулалттай автомашины зогсоолыг ашиглаж байгаа. Хариуцагч хотхон дотор тусдаа бие даасан объектод үйл ажиллагаа явуулдаггүй. Нийтийн орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг тул бусад өмчлөгчийн нэгэн адил байшингийн дээвэр дор, нэгдсэн шугам сүлжээгээр дамжиж буй ус, дулааныг хэрэглэж, цэцэрлэгийн үйл ажиллагаанаас үүссэн хог хаягдлыг СӨХ-ны үйлчлэгч цуглуулж хотхоны хогийн цэгт хаядаг. Цэцэрлэгийн ажилчид болон үйлчлүүлэгчид Энэрэл хотхоны нэгдсэн орц гарцаар гардаг. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01463 дугаар тогтоолд ... цэцэрлэг нь орон сууцны гадна талаасаа хаалгатай боловч сууц өмчлөгч нарын өмчлөлийн эд зүйл болох орон сууцны орц, орчны талбай зэрэг зарим эд хөрөнгөд ашиглах, нөлөөлөх боломж байгаа нь тогтоогджээ гээд энэ тохиолдолд зохигчид нь гэрээ байгуулах замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн. Иймээс СӨХ-ны зүгээсАЦг боловсрол сургалтын байгууллагатай гэрээ байгуулах саналыг гаргасан боловч зөвшөөрөөгүй. Гэтэл анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолд хариуцагчийг дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашигласан гэж дүгнээгүй байна. Хариуцагч гэрээ байгуулах үүрэггүй гэх агуулгаар хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж, улмаар хариуцагчийн гэрээ байгуулахаас татгалзаж, гэрээний хариуцлага хүлээхээс зайлсхийж буй үйлдлийг зөвтгөн сууц өмчлөгчдийн хөрөнгөөр засан сайжруулж, тогтмол арчлан хамгаалж буй дундын өмчлөлийг эд хөрөнгийг ямар ч төлбөр төлөөгүй атлаа тэдний нэгэн адилаар эзэмшиж, ашиглах, үнэ төлбөргүйгээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчид төлбөрөө төлж сууц өмчлөгч иргэдээс давуу байдлыг олгосон шийдвэр гаргасан. Э- СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалахыг эрхлэн хариуцах үүрэгтэй. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын 1 дүгээр давхарт аж ахуйн үйл ажиллагаагаа явуулж байгаа тул дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, хуримтлалын төлбөр төлөх үүрэгтэй. ГэтэлАЦ боловсрол сургалтын байгууллага нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөр төлдөггүй атлаа сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө болох нийтийн эзэмшлийн зам, талбай, автомашины зогсоол, хотхоны нэгдсэн орц, гарц орон сууцны байшингийн дээвэр, хана, шугам сүлжээ, тэдгээр эд хөрөнгийг сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр засан сайжруулсан байдлаар эзэмшиж, ашиглаж, тэдгээрийн ашиглалтын хэвийн байдлыг хангахыг СӨХ-ноос шаардаж байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв үнэлж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Э- Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ хариуцагч Тулгад холбогдуулан СӨХ-ны төлбөрт 7 330 500 төгрөг нэхэмжилсэн боловчАЦг Боловсрол сургалтын байгууллагад /цаашид БСБ гэх/ холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 405 200 төгрөг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг Э- СӨХ-той байгуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Э- СӨХ нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэрэл хотхоны сууц өмчлөгчдийн хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, тус дүүргийн сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлсэн болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 120 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-5/

Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 306 м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Тулгыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /хх -73, 84/

Нэхэмжлэгч Э- СӨХ нь хариуцагчАЦг БСБ-ын өмчлөгч болоод ажилтнууд нь Энэрэл хотхоны нийтийн эзэмшлийн зам талбайгаар зорчиж, дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж, харуул, цэвэрлэгээний үйлчилгээг үнэ төлбөргүй авч, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, тэдгээртэй адилтгах нийтийн эдэлбэрийн газрыг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 7 405 000 төгрөг гаргуулах буюу хуримтлалын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

ХариуцагчАЦг БСБ нь манай ажилтнууд тухайн байрны орцноос тусдаа цэцэрлэгийн гадна хаалгаар орж, гардаг, цахилгаан, дулаан, цэвэр, бохир, халуун, хүйтэн усны төлбөрийг мэргэжлийн байгууллагад төлдөг, СӨХ-ны барьж байгуулсан зүлэг, ногоон байгууламж, тоглоомын талбайг үнэ төлбөргүй ашиглаж, эзэмшсэн зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 306 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Тулгыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Ц.Тулгын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь цэцэрлэгийн буюу үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байгаа тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан нийтийн зориулалттай орон сууцанд хамаарахгүй болно. ИймдАЦг БСБ-ыг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч буюу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн гэж үзэхгүй. /хх -73, 84/

Хэрэгт авагдсан кассын орлогын ордер, харилцагчийн дансны хуулга, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Э- СӨХ-ны дундын хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг КИМС ХХК-ийн тооцооны нэхэмжлэх зэрэг баримтуудаар хариуцагчАЦг БСБ өөрийн өмчлөлд байгаа орон сууцны болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлсөн нь тогтоогдсон, эдгээр зардлууд Э- СӨХ-ны дундын өмчлөлийн зардалд хамаарахгүй. /хх- 41-49, 65-66, 129-135/

Нэхэмжлэгч Э- СӨХ нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6 тоот тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолыг үндэслэн хариуцагчаас 7 405 000 төгрөг шаардсан боловч эдгээр баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 06 тоот тогтоолын 1-д нийтийн үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын үнийн жишиг тарифыг явуулж буй үйлчилгээний төрлөөс хамаарч өөр өөр тогтоон, төлүүлэхээр тогтоосон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт үйлчилгээтэй холбоотой зардлыг хуваарилах асуудлыг нь бүх гишүүдийн хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт тодорхой сууц өмчлөгчдийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол дээрх зардлыг сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтоохоор зохицуулжээ.

Түүнчлэн, Э- СӨХ-ны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоох хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар тогтоож, удирдах зөвлөлөөс гарах тогтоолоор хэрэгжүүлэхээр тогтоожээ. Гэтэл Э- СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06, 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нийтийн орон сууцны 1 давхарт цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Ц.Тулгаас засвар үйлчилгээний зардлыг 1 м.кв-аас 400-600 төгрөгөөр, урсгал зардлын төлбөрийг суугчдаас авах тарифаар тооцон авахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон нь дээрхи зохицуулалтад заасантай нийцэхгүй байна. /хх-13, 18, 10/

Нэхэмжлэгч Э- СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны барилгад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээдээс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг МСӨХДЗөвлөлөөс баталсан жишиг тарифт нийцүүлэн тогтоож, бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасантай нийцүүлэн, засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас шаардах үндэслэлгүй. /хх 101-102/

Нийслэлийн газрын алба, Э- СӨХ-ны хооронд 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ байгуулжээ. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулна гэжээ. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Газар ашиглагч нь газар өмчлөгчөөс орон сууцны орчны газрын зориулалтаар ашиглуулахаар баталгаажуулсан газраа бусдад ашиглуулан төлбөр авах, орон сууцны барилгын 1 дүгээр давхрын худалдаа, үйлчилгээ болон бусад үйл ажиллагаа эрхэлж буй газруудаас газрын төлбөр шаардсан, авсан тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж зохицуулсан тул хариуцагчАЦг БСБ нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, тэдгээртэй адилтгах нийтийн эдэлбэрийн газрыг үнэ төлбөргүй ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байна. /хх 176-178/

Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1463 дугаар тогтоолд тус цэцэрлэг нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны орц, орчны талбай зэрэг зарим эд хөрөнгөд ашиглах, нөлөөлөх боломж байгаа нь тогтоогдсон тохиолдолд зохигчид гэрээ байгуулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч Э- СӨХ хууль, дүрмэндээ заасан журмаар жишиг тарифт нийцүүлэн төлбөр хураамжийн хэмжээг тогтоогоогүй байхад засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч талаас хэрэгт баримтаар гаргасан орон сууцны байшингийн орчныг харуулсан гэрэл зургуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай баримт гэж үнэлэхгүй тул хариуцагчаас зардал төлөхийг нотлохгүй. /хх- 62, 179-202/

Иймээс анхан шатны шүүх хариуцагчАЦг БСБ-д холбогдуулан гаргасан Э- СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/01290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 203 633 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА