Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/199

 

 

 

 

 

      2024             02            15                                        2024/ДШМ/199

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э гийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2309000000214 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Э, 1997 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... админ ажилтай, ам бүл 1, Төв аймгийн Зуун мод 1 дүгээр баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух, /РД:.../, урьд

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн;

Э.Э  нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” нэртэй дэлгүүрээс хохирогч С.Б-н эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий Редми Ноте 10 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол,

2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...  гэх дэлгүүрээр үйлчлүүлэх явцдаа тухайн дэлгүүрийн худалдагчид “тогооны ком авна” гэж худал хэлж агуулахдаа орсон үед нь лангуун дээр байсан хохирогч Ү.А-н  эзэмшлийн Самсунг галакси Фолд 4 загварын, Редми Ноте 10 про загварын, Самсунг галакси А20 загварын утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.650.000 төгрөгийн хохирол,

2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” худалдааны төвийн 1-12 тоот лангуугаар үйлчлүүлэх явцдаа “тээврийн хэрэгсэлд эд зүйл худалдан авна” гэж худал хэлж агуулахдаа орсон үед нь лангуун дээр байсан хохирогч М.Э эзэмшлийн Самсунг Ноте 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол,

2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ... хороо, Бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч М.Э эзэмшлийн Самсунг Ноте 8 загварын гар утасны цэсэнд байсан ...  аппликейшнд нэвтрэн хохирогч М.Э ...  ... дугаарын данснаас 4 удаагийн гүйлгээгээр 750.000 төгрөг, ... дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 261.500 төгрөг буюу нийт 1.011.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч М.Эрдэнэчимэгт нийт 1.326.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Э гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүнийг өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э гаас нийт 5.676.500 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б-д 700.000 төгрөг, хохирогч Ү.А-д 3.650.000 төгрөг, хохирогч М.Э-т 1.326.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие анхан шатны шүүх хуралдааны үеэр өөрийн үргэлжилсэн үйлдэл болох 2309030032651 дугаар бүхий хэргийг нэгтгүүлэн шалгуулж шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч авч хэлэлцэлгүй ялласан тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үргэлжилсэн үйлдлийг нэгтгэн шалгаж, нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэвэл эрх зүйн байдал маань дээрдэнэ, харин тус тусдаа шийдэгдвэл эрх зүйн байдал маань илт дордоно гэж харж байна. Миний бие өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маш ихээр гэмшиж ухамсарлаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн шатнаас шүүгдэгч Э.Э гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Э.Э  анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон байдаг. Анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 15, 2023 оны 7 дугаар сарын 08, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн нийт 3 удаагийн хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан бөгөөд шүүгдэгч Э.Э  гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Баянзүрх дүүргийн прокурорын газарт хянагдаж буй 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн, мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хянагдаж буй 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үйлдлийг нэгтгүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч Э.Э-д холбогдох нийт 5 удаагийн үйлдлийг нэг удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол...” гэж зааснаар шүүгдэгч Э.Э-д холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө тогтоогдсон байдаг тул шүүгдэгч Э.Э  2 удаагийн үйлдлээ нэгтгүүлэх хүсэлтэй байсан.” гэв.

 

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Э.Баасандоржийн эзэмшлийн гар утсыг хулгайлсан үйлдэлд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллах дүгнэлт үйлдсэнээс хойш яллагдагч Э.Э  мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан тул хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд түдгэлзүүлсэн хугацаанд буюу Э.Э  оргон зайлсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогддог. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш 1 жил гаран хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Оргон зайлсан үедээ үйлдсэн 2 гэмт хэргийг нэгтгэж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч Э.Э гийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх явцад яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авахад өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа дурдаагүй бөгөөд яллах дүгнэлтийг гардуулж өгөхөд санал, хүсэлт гаргаагүй. Мөн прокурорын байгууллагын дотоод аргачилсан заавраар яллагдагчтай 14 хоног тутам очиж уулзахад гэмт хэрэг үйлдсэн талаараа мөн яриагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Э.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор ял оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээ, ял эдлэх дэглэм, нөхцөл болон хариуцан арилгах хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

 

Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шүүгдэгч Э.Э г хохирогч М.Э эзэмшлийн Самсунг Ноте 8 загварын гар утасны цэсэнд байх ...  аппликейшнд нэвтрэн түүний данснаас 6 удаагийн гүйлгээгээр нийт 1.011.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэх үйлдэл нь нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулсан буюу кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжтэй эсэх талаар шалгалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдлоо. Үүнд:

 

  1. Кибер аюулгүй байдлын тухай хуульд “кибер халдлага” гэдэгт мэдээллийн системийн аюулгүй байдлыг алдагдуулах үйлдлийг ойлгох бол “мэдээллийн систем” гэдэгт мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах зорилго бүхий программ хангамжийг ойлгохоор заажээ.

 

“Программ хангамж”-ийн тухайд нэг талаас компьютер, гар утас, тэдгээрийн физик бүрэлдэхүүнтэй харилцах биет бус нөөц, кодчилол буюу түүний үйлдлийн системийг, нөгөө талаас түүнд суурилагдаж, түүний тусламжтайгаар ажиллах хүний өдөр тутмын хэрэгцээг хангах зорилго бүхий төрөл бүрийн программууд болох сайтын хялбарчилсан хэлбэр буюу аппликейшн, цахим хуудас зэргийг нийтэд нь хамааруулан ойлгохоор байна.

 

Өөрөөр хэлбэл, Э.Э  нь хохирогчийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, 6 удаагийн гүйлгээгээр 1.011.500 төгрөгийг шилжүүлэн авч буй үйлдэл нь хохирогчийн мэдээллийн орон зайд нэвтэрч, хэрэглэгчийн аюулгүй байдалд халдан хохирол учруулж буй үйлдэл юм.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу хохирогч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй ба түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх талаар мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас харахад, анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, мөн өдрийн 11.00 цагт шүүх хуралдааныг товлон улсын яллагч, шүүгдэгчийг оролцуулан явуулахаар тогтоож шийдвэрлэсэн нь хохирогч С.Б, Ү.А, М.Э нарын хуулиар олгогдсон хохирогчийн эрхийг шүүх хязгаарласан байна.

 

Дээрхтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1-д заасан эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдсан хэмээн үзэх боломжгүй юм.

 

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн ойлгож болохгүй.

 

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгчийн ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг баримтлах ёстой атал “торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох” зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан буруу хэм хэмжээг баримталсныг буруутган дүгнэж байна.

 

        Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1209 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Э гийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1209 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН