| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0294/З |
| Дугаар | 128/ШШ2025/0382 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0382
2025 05 20 128/ШШ2025/0382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна дж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч М.Х*******, Н.Г*******, Б.Ж,
Маргааны төрөл: Гаалийн үнийг хэлцлийн бус аргаар тодорхойлсныг эс зөвшөөрсөн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч гаалийн улсын байцаагч М.Х*******, Н.Г*******, Б.Ж нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. гаалийн , , , , дугаартай мэдүүлгээр автомашинуудын импортын гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг нийт 10,259,456 төгрөгөөр тогтоосныг 3,933,439 төгрөгөөр багасгах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. С******* ******* ХХК БНСУ-аас импортоор орж ирсэн Соната, Киа маркийн 5 суудлын автомашиныг гаалийн , , , , дугаартай мэдүүлгээр 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн, гаалийн улсын байцаагч гаалийн үнийг уялдуулан хэрэглэх үнийн аргаар тогтоож, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан.
2.2. С******* ******* ХХК гомдол гаргаснаар Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, өнөөдрийн байдлаар манай компанийн 50 орчим автомашин Улаанбаатар хотын бүсэд иргэдэд такси үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд иргэдийн тав тухтай аюулгүй байдлыг хангах үүднээс байнгын автомашины парк шинэчлэл хийх шаардлага үүсдэг. Үүний дагуу бид Монгол Улсын стандартын шаардлага хангасан, такси үйлчилгээнд ашиглагдах авто машинуудыг БНСУ-аас импортоор оруулж ирдэг.
Үйл ажиллагаандаа ашиглагдах автомашинуудаа БНСУ-ын " Car LLC" компаниар дамжуулан худалдан авдаг бөгөөд 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтвортой хамтран ажиллаж байна. Тус компаниар дамжуулан автомашин худалдан авалт хийхдээ БНСУ-ын зах зээл дээр борлуулагдаж буй үнээс 500,000 - 1,000,000 воны хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг. Тодруулбал, БНСУ-ын албан ёсны такси үйлчилгээ эрхэлдэг компаниудаас худалдан борлуулж байгаа автомашинуудыг " Car LLC" компаниар дамжуулан олон тоо ширхгээр манай компани худалдан авдаг. Автомашин худалдан авалт хийх бүртээ " Car LLC" компаниас худалдааны гэрээ, нэхэмжлэх зэргийг шинэчлэн авч, нэхэмжлэхийн дагуу Монгол Улсаас төлбөрөө шилжүүлдэг юм.
Манай компани БНСУ-аас худалдан авсан автомашинууд Монгол Улсын гаалийн хилээр импортоор орж ирэхэд бид автомашинуудынхаа бодит үнийг нотолсон баримтуудаа гаалийн байгууллагад гарган өгч, гаалийн байгууллага импортоор оруулж ирж буй автомашинуудыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлүүдэд заасан "хэлцлийн үнийн арга"-ыг баримталж автомашины үнэлгээг тогтоон, түүнийгээ үндэслэн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтоосоор өнөөдрийг хүрсэн.
Гэвч 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай компанийн нэр дээр дугаартай чингэлэг БНСУ-аас Монгол Улсад импортоор орж ирсэн бөгөөд тус чингэлэгт 5 ширхэг автомашин ирсэн. Тухайн өдөр ирсэн автомашинуудаа манай компани хүлээн авахаар гаалийн бүрдүүлэлт хийж илгээсэн боловч гаалийн улсын байцаагч нар “нэмэгдэл зардлын баримт дутуу” гэх шалтгаан зааж автомашин худалдан авсан бодит үнэлгээг өндрөөр тогтоосон. Өөрөөр хэлбэл, манай компанийн БНСУ-аас худалдан авсан автомашины үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан “уялдуулан хэрэглэх үнийн арга”-ыг хэрэглэн бодит үнэлгээнээс өндрөөр тогтоож, түүнийгээ үндэслэн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг өндрөөр тогтоосон.
Тодруулбал, манай компанийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирсэн ******* дугаартай чингэлэгт байх 5 автомашинаас 4 автомашиных нь гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар нэг бүр нь 1,257,763 төгрөгөөр тогтоогдох ёстой байхад 1,688,714 төгрөгөөр тогтоож, автомашин бүрт 430,950 төгрөгийн илүү татвар тогтоосон, 1 автомашины гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 1,294,963 төгрөгөөр тогтоогдох ёстой байхад 3,504,600 төгрөгөөр тогтоож, 2,209,637 төгрөгийн татвар илүү тогтоосон.
Өөрөөр хэлбэл манай компани ******* дугаартай чингэлэгт ирсэн 5 автомашины гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 6,326,016 төгрөгийн төлбөр төлөх ёстой байхад гаалийн улсын байцаагч нар төлбөрийг хэмжээг ихэсгэн нийт 10,259,456 төгрөг төлөх ёстой гэж төлбөр тогтоож, 3,933,439 төгрөгийн төлбөр илүү тогтоосон.
Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг буруу хэрэглэж төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 3,933,439 төгрөгөөр багасгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компани такси үйлчилгээ явуулах зорилгоор автомашинуудыг БНСУ-ын “ trading” компаниас сайтад ил байдаг автомашинуудаас биш үнийн хувьд арай хямд үнээр авч байсан. Тухайн компани нь Солонгос улсад албан ёсны такси үйлчилгээ явуулдаг компаниудаас олон тоогоор таталт хийсний дараа манайх худалдан авалтаа хийдэг. Энэхүү харилцааг худалдааны гэрээгээр зохицуулдаг. Уг худалдааны гэрээг манайх гаалийн байгууллагад хавсаргаж өгдөг. Худалдаж авч буй автомашины арлын дугаараар банкны гадаад гуйвуулгаар шилжүүлж, баталгаажуулдаг. Тэрийг мөн гаалийн байгууллагад гаргаж өгдөг. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хэлцлийн үнийн арга буюу автомашины бодит үнийн аргаар гаалийн татвараа тогтоолгож ирсэн байдаг.
Гэтэл ачилт, бэхэлгээний зардлын баримт гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүйгээр гаалийн татварыг өндөр тогтоочихсон. Тогтоосон үнийн арга нь зах зээлд борлуулагдаж байгаа үнэ юм. Манай оруулж ирж байгаа автомашинууд борлуулагдах зориулалтаар биш такси үйлчилгээ явуулах зорилгоор орж ирж байгаа учир үнийн хувьд зах зээлийн үнээс хямдхан гэсэн үг юм.
Тэрний дагуу бид Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвд гомдол гаргасан боловч галийн улсын байцаагч нарын тогтоосон гаалийн үнэлгээг хэвээр үлдээсэн. Дараа нь Гаалийн ерөнхий газарт мөн гомдол гаргасан боловч хэвээр үлдээсэн. Гаалийн ерөнхий газраас гаргасан тайлбарт “баримтуудын огноог зөрүүтэй” гэсэн. Тухайлбал, ачилт хийлгэсний дараа худалдан авах гэрээ байгуулсан мэт байна гэсэн. Ачилт, гэрээний хувьд 1 хоногийн зөрүү байгаа. Манай компани тухайн БНСУ-ын компанитай 4, 5 жил харилцаад, худалдан авалт хийгээд явж байгаа. Тиймээс бид нарын хооронд тогтсон өөрийн гэсэн заншил байдаг. Заримдаа худалдаж авсан машины үнийг дараа нь төлөх, ачилт хийгдсэний дараа худалдааны гэрээгээ явуулах тохиолдлууд байдаг. Мөн “худалдааны гэрээнд манай талыг гарын үсэг зураагүй” гэх үндэслэлийг хэлдэг. Нөгөө талаас тамгалагдаад цахимаар ирчихсэн гэрээ байгаа. Тэр нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Солонгос улсын компанийг гэрээнд тамга дараагүй гэх шалтгааныг мөн хэлдэг. Тус улсад бүх хүн аливаа гэрээ, хэлцэл хийхдээ ашиглах гарын үсэг бүхий тамгатай байдаг. Энэ нь хэлцэл, гэрээг баталгаажуулдаг хүчин чадалтай тамга юм. Тиймээс бидний худалдан авалт хийсэн бодит үнийн дагуу гаалийн татвар тогтоолгох хүсэлт гаргасан.
“ trading” ХХК-тай манай компани бизнесийн харилцаатай 2021 оноос хойш гэрээ хийж эхэлсэн ба худалдан авалтын хувьд харилцан адилгүй, жилдээ 10-20 автомашины худалдан авалт хийх тохиолдол байдаг. Манай компани 50 орчим автомашиныг такси үйлчилгээнд ашиглаж байгаагаас маргаан бүхий 5 автомашин үйлчилгээндээ явж байгаа. 1 автомашиныг 1,700,000 вон буюу 4,250,000 төгрөгөөр авч байна. Ачилтын зардалд 1 автомашинд 700 ам доллар, бэхэлгээний зардалд бэхэлгээний БНСУ-ын “Tenuune shoring” компанид 100,000 вон нэмэгддэг.
Дээрх 5 автомашины хувьд ижил үнэлгээтэй, ижил онд үйлдвэрлэгдсэн, адилхан такси үйлчилгээнд явж байсан машинууд. Гаалиас Соната маркийн 4 автомашинд нийт 4,195,000 төгрөгийн гаалийн татвар тогтоочихсон. К5 загварын 1 автомашинд 6,011,000 төгрөгийн татвар тогтоосон байна. Бензин автомашинд 6, 7 сая төгрөгийн гаалийн татвар гардаг. Манай автомашинууд бүгд газан хөдөлгүүртэй, 2017 онд үйлдвэрлэгдсэн ижил үнэлгээ, үзүүлэлттэй автомашинууд юм. avtowini.com сайтын хувьд үндсэн үйл ажиллагаа нь дуудлага худалдааны сайт учраас хэн өндөр үнэ тогтоосон нь тэрүүгээр авдаг.
Гаалийн итгэмжлэгдсэн нэг мэдүүлэгч хариуцдаг. Гаалийн байцаагч нараас нэг нь л гаалийн мэдүүлэгчтэй чатаар холбогдсон байна. Н.Г******* байцаагчтай ярихад нэмэлт зардалтай холбоотой баримт байгаагүй учир харьцуулсан үнийн аргаар үнэлсэн гэдгийг хэлсэн. Тэгээд үүнтэй холбоотой хүсэлтээ Бүрдүүлэлтийн цахим төвд бичгээр гаргачих гэсэн. Би тухайн өдрөө хүсэлтээ бичиж өгсөн. Миний хувьд мэдүүлгээр бүрдүүлэлт хийхээс өмнө Н.Г******* байцаагчтай холбогдсон зүйл байхгүй. Бүрдүүлэлт хийгдсэн байсан тул хүсэлтдээ хавсаргаж өгсөн. Нэгэнт бүрдүүлэлт хийгдчихсэн тохиолдолд буцаах боломжгүй. Нэмэлт баримт байгаа хүсэлтээ гаргаад, түүний дараагаар шалгаж үзнэ гэж хариуцагч талаас чиглэл өгсөн.
Өмнө хэлцлийн үнийн аргаар тогтоож ирсэн. 1 машинд харьцуулах үнийн аргаар үнэлсэн ийм нэг тохиолдолд гарч байсан.” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар тогтоосонд маргаж байна. Онцгой албан татвар тодорхой дүнгээр тул маргаан байхгүй. Мөн автомашиныг контейнерт хийж, баглаж буюу бэхэлгээ хийж өгдөг ажлын зардалд нэг машинд 100,000 вон буюу тухайн үеийн ханшаар 250,000 төгрөг төлсөн. Энэ зардлын баримтыг К5 маркийн автомашины бүрдүүлэлтэд өгсөн. 4 Соната маркийн автомашины бүрдүүлэлтэд оруулаагүй байна. Учир нь тухайн баримтыг ачилтын газраас авалгүйгээр мэдүүлгээ гааль руу илгээсэн. Сонота маркийн 4 автомашин, Киа K5 загварын нэг автомашин байгаа. Нийт 5 автомашин байна. Үүнээс Сонота маркийн нэг машинд 1,257,763 төгрөгөөр татвар тогтоогдох ёстой. Гэтэл гаалийн улсын байцаагч нар нэг автомашинд 1,688,714 төгрөгөөр татвар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Сонота маркийн 4 автомашины хувьд 5,031,052 төгрөгөөр тогтоогдох байсан татварыг 6,754,856 төгрөгөөр тогтоож, нийт 1,723,802 төгрөгийн зөрүү үүсгэж байна.
Автомашин худалдаж авсан гэрээний хувьд машин наашаа ачигдсаны дараа гэрээ байгуулагдсан гэдэг үндэслэлийг заадаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс сая тайлбарлаж байна. Гэрээг заавал өмнө байгуулдаггүй, тогтсон бизнесийн заншилтай гээд. Бэхэлгээний баримт болон гэрээ байгуулагдсан огноо зөрүүтэй гэдэг үндэслэлүүдийг хариуцагч хэлдэг.
Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ” гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 8,500,000 воныг Голомт банкаар автомашины арлын дугааруудаар төлсөн баримт байгаа. Энэ үнийг бодит төлсөн үнэ гэж үнэлэхгүй байгаад гомдолтой байгаа.
Хэлцлийн он, сарын хувьд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар тодорхой хугацааны явцад нэг удаагийн биш байнгын урт хугацааны хувьд үргэлжилж байгаа бизнесийн харилцаанд тогтсон заншил гэдгийг тайлбарладаг. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцлийг тодорхойлж, 42 дугаар зүйл болон 41 дүгээр зүйлд хэлцлийн хэлбэрүүд болон хүсэл зоригийн талаар хуульчилж өгсөн байдаг. Тиймээс талуудын хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагдаж, хэрэгжиж дууссан байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний чөлөөт байдлын талаар зохицуулсан. Солонгосын компанитай байгуулж байгаа хэлцэл нь гэрээний чөлөөт байдлын хувьд агуулгыг чөлөөтэй тодорхойлж, хэлцэл хийгдсэн. Хэлцлийг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг шаардахгүй. Гэрээний хугацаа нь үйлдэл хийгдсэнээр тодорхойлогдоод явах боломжтой гэж үзэж байна. Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд заасан хэлцлийн үнийг хэрэглэж болохгүй зургаан нөхцөлийн алинд ч хамаарахгүй байгаа.” гэв.
3.4. Хариуцагч гаалийн улсын байцаагч М.Х*******, Н.Г*******, Б.Ж нар хариу тайлбартаа: “С******* ******* ХХК-иас автомашины импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн хэмжээг багасгуулах нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн гуравдугаар болон дөрөвдүгээр бүлгийн доор дурдсан зүйлүүдэд гаалийн үнийг мэдүүлэх, шалгах, импортын гаалийн үнийг тодорхойлох тухай заасан байдаг. Үүнд: Гаалийн үнийг шалгах 8 дугаар зүйлийн 8.3-т “Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно”, 8.3.1-д “Гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол”, 8.3.2-т “Мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол”, Гаалийн үнийг тодорхойлох арга 9 дүгээр зүйлийн 9.1-д “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ”, 9.1.1-д “хэлцлийн үнийн арга”, 9.1.2-т “нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга”, 9.1.3-т “ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга”, 9.1.4-т “ялгаварт үнийн арга, 9.1.5-т “нийлбэр үнийн арга”, 9.1.6-т “уялдуулан хэрэглэх үнийн арга”, Хэлцлийн үнийн арга 10 дугаар зүйлийн 10.3.1.1-д “Тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр”, 10.3.1.2-т “Тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал”, 10.7.5-т “Мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй бол”, Уялдуулан хэрэглэх үнийн арга 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн”, 15.2.2-т “гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах”, 15.2.2.4-т “интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ” гэж тус тус заасан.
С******* ******* ХХК нэхэмжлэлдээ дурдсанаар өмнө нь дандаа "хэлцлийн үнийн арга"-ыг баримталж автомашины үнэлгээ тогтоон, түүнийгээ үндэслэн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтоосоор өнөөдрийг хүрсэн гэж байгаа нь гаалийн мэдээллийн сан дахь 2024 оны мэдээллээр 24 бичлэг байгаагийн нэмэгдэх зардал мэдүүлсэн 23 бичлэг нь хэлцлийн үнийн аргаар, нэмэгдэл зардал мэдүүлээгүй 1 бичлэг нь уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлогдон гаалийн болон бусад татварыг төлсөн байна.
Тус компанийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай чингэлгээр БНСУ-аас ирсэн 5 автомашиныг мэдүүлэхдээ нэмэгдэх зардал буюу тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардлыг гаальд мэдүүлээгүй нь хэлцлийн үнийн аргаас татгалзах үндэслэл болсон.
С******* ******* ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 02-2231003-25-101071 сүлжээгээр мэдүүлсэн гаалийн мэдүүлгийн "Хавсаргасан бичиг баримтуудын жагсаалт"-ын 9 дугаарт хавсаргасан А35540 дугаартай Нэмэгдэх зардлын баримт 1 хуудас нь тус компани гаальд бараагаа мэдүүлэхдээ Гаалийн тухай хуулийн Бараа мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримт 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгтээ барааны дагалдах бичиг баримтыг хавсаргаж гаалийн байгууллагад өгнө”, Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримт 27 дугаар зүйлийн 27.6-д “Энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг факс, нийтийн электрон шуудан, гаалийн байгууллагатай холбогдсон бусад байгууллагын мэдээллийн сүлжээ /цаашид "мэдээллийн сүлжээ" гэх/-гээр ирүүлж болно”, 27.8-д “Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн бичиг баримтыг эх хувьд тооцож болно” гэж заасны дагуу нэмэгдэх зардлыг оролцуулан мэдүүлсэн гэж үзэж байна. Ингэхдээ энэ өдрийн бусад 4 сүлжээ дугаар бүхий гаалийн мэдүүлгүүдэд нэмэгдэх зардлыг огт мэдүүлээгүй байгаа нь хэлцлийн үнээс татгалзах үндэслэл болж байна.
Дээрх баримтуудыг үндэслэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн Гаалийн үнийг шалгах 8 дугаар зүйлийн 8.3.2-т “мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол” заалтыг үндэслэн Уялдуулан хэрэглэх үнийн арга 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн”, 15.2.2-т “гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах”, 15.2.2.4-т “интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ” гэж заасны дагуу С******* ******* ХХК-ийн мэдүүлсэн автомашинуудыг БНСУ-ын www.autowini.com/ сайтын мэдээллийг үндэслэн үнэлсэн болно.” гэжээ.
3.5. Хариуцагч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Машинууд нь ижил загварын машинууд биш, үнэлгээ нь хүртэл өөр, загвар нь өөр машинууд учир үнэлгээ бас өөр болдог. Татварын хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар, онцгой албан татвар гэх 3 татварыг салгаж болохгүй. Гаалийн үнэлгээний 6 арга байгаа, үүнийг шат дараалалтай хийх ёстой. Хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд дараагийн аргыг хэрэглэнэ. Гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ хуулийн дагуу хийгдэх ёстой. Бодитой хууль ёсны гэрээ байх ёстой. Амаар хийсэн эсвэл бизнесийн заншил энд огт хамаагүй асуудал. Бүх зардлууд оруулж байж гаалийн үнэ тогтооно. Ачуулах зардалтай холбоотой баримт нь ороогүй. Үүнийг нотолж чадаагүй. Нөхөж өгөх тохиолдолд мэдүүлгийн бүрдүүлэлтээс хойш 45 хоногийн дотор өгөх ёстой. Гэтэл нөхөж өгсөн зардлын баримт нь худалдан авсан гэрээнээс өмнө огноотой мэдээлэл зөрүүтэй байсан гэж гомдолд нь хариу өгсөн байдаг.
Хэлцлийн үнийн арга хэрэглэхгүйгээр уялдуулан буюу харьцуулсан үнийн аргыг хэрэглэх талаар Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар гэж байгаа. Мэдүүлэгч үнэн, зөв мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлэгчийн мэдүүлсэн баримтуудын илэрхий алдааг засах тохиолдолд буцаадаг. Код, үнэ өртөгтэй холбоотой баримтуудыг шууд буцаахгүй.
Тэмдэглэлд 14 цаг 39 минутад мэдүүлэгч талтай ярьсан, нэмэлт зардлын баримт байгаа эсэхийг асуусан цаг. Мэдүүлгийг баталгаажуулсан цаг нь 14 цаг 45 минут. Нэмэлт баримт ирүүлээгүйтэй холбоотой буцаах асуудал яригдахгүй, бүрдүүлэлт хийсэн. 45 хоногийн дотор нэмэлт баримт гаргаж өгөх гэдэг нь үнэн зөв баримтуудаа гаргаж өг гэсэн үг. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шалгаж үзээд нэмэлт баримтууд нь үндэслэлгүй байсан тул хэлцлийн үнийг хэрэглэх боломжгүй тул уялдуулах үнийн аргаар гаалийн үнийг тогтоосон нь зөв байна гэж үзсэн тул 45 хоногийн хугацаа тогтоох шаардлага гараагүй. Өөрөөр хэлбэл хүсэлтийн дагуу гаалийн улсын байцаагчийн үнэ тогтоосон арга нь зөв гэдэг дүгнэлтийг гаргасан. Хэрэв хүсэлтэд хавсаргасан нэмэлт баримт, бусад баримтууд нь зөв байсан бол манай зүгээс үнийг тогтоох асуудлыг дахин шийдэх боломжтой гэсэн үг.” гэв.
3.6. Хариуцагч гаалийн улсын байцаагч М.Х******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Банкны шилжүүлгээр нотлогдсон үнэ нь машин худалдаж авсан үнэ. Гаалийн үнэ гэдэгт зөвхөн машины үнийг хамааруулахгүй. Гаалийн үнийг тогтооход нэмэлт зардлууд баримтаар тогтоогдсон байх ёстой. Зөвхөн Сонота маркийн машин биш Киа маркийн машинд хавсаргасан баримтууд нь бас шаардлага хангахгүй байгаа учир аль алинд нь харьцуулсан үнийн аргыг хэрэглэсэн. Бүрдүүлэлт хийсний дараа нэмэлт зардлын баримтаа хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн. Шат шатны байгууллагаар шалгагдаж, харьцуулсан үнийн арга хэрэглэж гаалийн үнэ тогтоосон нь зөв болох нь тогтоогдсон байгаа.
Эхлээд Гаалийн ерөнхий газраас судлагдаж, тогтоогдсон үнэ байгаа эсэхийг харна. Манай тохиолдолд Сонота маркийн машинд Гаалийн ерөнхий газраас тогтоосон үнэ байхгүй. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж Сонота маркийн машины үнэ Гаалийн ерөнхий газрын судалгаанд орохоор болсон байдаг. Тиймээс Соната маркийн машинд Солонгосын дуудлага худалдааны сайтын үнийг ашигласан. Хэрэгт авагдсан баримтын хувьд Сонота маркийн машины үнийг харьцуулж үзсэн линк байна. 2017 оны Сонота машин, таксинд явж байсан, 689,285 километр гүйлттэй үзүүлэлт бүхий машины үнэтэй харьцуулж үзсэн. avtowini.com нь Солонгос улсын албан ёсны автомашины дуудлага худалдааны сайт, линк нь доор нь байгаа. Тус сайтад 2017 оны Соната маркийн машины хамгийн бага үнэ нь 1983 доллар байна. Манай харьцуулсан Сонота машины гүйлт нь 100 мянган км байгаа. Мөн нэхэмжлэгч компанийн гаалийн мэдүүлэгчтэй харилцсан чат, нэмэлт зардалтай холбоотой баримтыг асуусан нь цаг хугацаатай нь байгаа.
Хуульд заасан хэлцлийн үнийг хэрэглэхгүй байх 6 нөхцөл нь хэлцлийн үнээс татгалзахаас өөр. Тухайн хэлцэл хийгч этгээдүүд хоорондоо харилцаа хамааралтай эсэх, хувь эзэмшдэг зэргээс хамаарч хориглодог. Татгалзах шалтгаануудын хувьд гаалийн үнэ болон хэлцлийн үнэ хоёр өөр утга агуулгатай ойлголтууд. Гаалийн үнэ гэдэг нь барааны үнэ дээр төлөх ёстой зардлууд орсон үнээс тогтоодог. Тиймээс гаалийн үнийн баримт бүрдэл дутуу, зөвхөн машины мөнгийг шилжүүлсэн баримтаар үнэлэхгүй, тээврийн зардал, бэхэлгээний зардал бүх зардлуудыг нэгтгэж байж гаалийн үнэ тогтоох боломжтой.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар цуглуулж хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч С******* ******* ХХК-ийн БНСУ-аас импортлосон Соната маркийн 4, Киа маркийн 1 суудлын автомашины гаалийн , , , , дугаартай мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдэж ногдуулсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 3,933,439 төгрөгөөр багасгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С******* ******* ХХК БНСУ-аас импортоор оруулсан Соната, маркийн суудлын 4 автомашиныг гаалийн , , , дугаартай мэдүүлгээр 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэхдээ нэмэгдэх зардлын баримт мэдүүлээгүй, Киа маркийн суудлын 1 автомашиныг гаалийн дугаартай мэдүүлгээр мөн өдөр мэдүүлэхдээ нэмэгдэх зардлын баримт мэдүүлээгүй, нэмж ирүүлсэн зардлын баримт нь хэлцлээс огноо зөрүүтэйгээс тус тус гаалийн улсын байцаагч гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тогтоохоос татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар тогтоож, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан бөгөөд тус компанийн гомдлоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр гаалийн улсын байцаагчийн гаалийн үнийг уялдуулан хэрэглэх үнийн аргаар тогтоосныг үндэслэлтэй гэж үзсэн.
Энэ маргаан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг тогтооход суурь болсон гаалийн үнийг тодорхойлох аргыг сонгосон гаалийн улсын байцаагч нарын шийдвэр үндэслэлтэй эсэх талаар бөгөөд гаалийн үнийг тухайн аргаар тодорхойлсноос үүсэх тооцооллын болон барааны нэгжид мөнгөн илэрхийллээр тогтоодог онцгой албан татварын ногдуулалтад аливаа маргаангүй болно.
Гаалийн тариф, барааны үнэ ... тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "гаалийн үнэ" гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлох үнийг ойлгохоор тодорхойлжээ. Маргаанд хамаарах гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гаалийн үнээс хувиар тогтооно.
Тэгвэл хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д мэдүүлэгч нь гаалийн үнийг өөрөө тодорхойлж мэдүүлэхээр, 7.2-т мэдүүлэгч өөрийнхөө сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээхээр, 7.3-т гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримт нь бодит мэдээлэлд үндэслэгдэхээр, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдэхээр, 8 дугаар зүйлийн 8.1-д гаалийн үнийг тодорхойлох аргыг болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргахаар, 8.2-т мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болохоор, 8.3.1-д гаалийн байгууллага нь гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус бол, мөн 8.3.2-т мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлохоор заасан.
Хуульд импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргуудыг 9 дүгээр зүйлийн 9.1.1 хэлцлийн үнийн арга, 9.1.2 нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга, 9.1.3 ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга, 9.1.4 ялгаварт үнийн арга, 9.1.5 нийлбэр үнийн арга, 9.1.6 уялдуулан хэрэглэх үнийн арга хэмээн зааж, 10.1-д хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзэхээр, 10.2-т хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ хэмээн тодорхойлж, 10.3-т хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн “10.3.1 тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан 10.3.1.1 тээврийн зардал, 10.3.1.2 тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан” зардлыг нэмж тооцохоор, 10.7.5-д мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй бол хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглохоор заажээ.
Өөрөөр хэлбэл гаалийн үнээс гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тогтооно, барааны үнээс гадна тээвэрлэлтийн болон бусад нэмэгдэх зардал багтааж гаалийн үнийг тодорхойлно, гаалийн үнэ тодорхойлоход ашиглах мэдээлэл үнэн зөв, баримтаар нотлогдсон байна, нотлогдоогүй бол хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй.
Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч компани 2021 оноос хойш автомашин олон тоогоор импортлосон, түүнчлэн хариуцагчаас хэрэгт ирүүлсэн С******* ******* ХХК-ийн ижил төрлийн барааг 2024 онд импортлосон гаалийн 24 мэдүүлгээр С******* ******* ХХК нь 24 суудлын автомашиныг гаальд хэлцлийн үнээр мэдүүлэхдээ тээврийн зардал /мэдүүлгийн маягтын 30 дахь хүснэгтээр/ 934,767 вон, нэмэгдэх зардал /мэдүүлгийн маягтын 32 дахь хүснэгтээр/-д бэхэлгээний зардал 100,000 вон мэдүүлсэн[1], 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 мэдүүлэгт нэмэгдэх зардлыг тусгаагүй[2] байх бөгөөд тухайн тохиолдолд хэлцлийн үнийн арга хэрэглэхээс татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар гаалийн үнийг тогтоосон талаар талууд шүүх хуралдаанд тайлбарласан, дээрхээс үзэхэд нэхэмжлэгч компани нь хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тогтооход нэмэгдэх зардлын баримтыг мэдүүлэгч хавсаргах үүрэгтэй, уг баримтын үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглохыг, өөр арга хэрэглэх нөхцөл үүсэхийг, автомашин импортлоход тээврийн зардлаас гадна бэхэлгээний зардал нэмэгдэх зардалд ордгийг мэдэж байсан буюу тогтсон бизнес, талууд гаалийн үнийг тодорхойлох аргачлалд ойлголтын зөрүүгүй байсан байна.
С******* ******* ХХК БНСУ-аас импортоор оруулсан ******* дугаартай чингэлэгтэй Соната маркийн суудлын 4 автомашиныг гаалийн , , , дугаартай мэдүүлгээр 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэхдээ нэмэгдэх зардал /мэдүүлгийн маягтын 32 дахь хүснэгтэд/ мэдүүлээгүй[3], Киа маркийн суудлын 1 автомашиныг гаалийн дугаартай мэдүүлгээр мөн өдөр мэдүүлэхдээ нэмэгдэх зардал мэдүүлээгүй, улмаар нэмж ирүүлсэн бэхэлгээний зардлын баримт нь худалдааны гэрээ болон үнийн нэхэмжлэхийн огнооноос өмнө огноотой, тодруулбал 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдааны гэрээгээр ачилтын бэхэлгээг 2024 оны 12 дугаар сарын 27-30-ны хооронд хийлгэснээр баримт ирүүлснийг гаалийн байгууллага “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг баримтаар нотолж чадаагүй, мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй” гэж үзэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д зааснаар хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар 15 дугаар зүйлийн 15.2.2.4-т зааснаар интернетээр нийтэд зориулсан экспортын үнэ, Гаалийн байгууллагын үнийн судалгааны мэдээллээр Соната, Киа маркийн ижил үзүүлэлт бүхий барааны үнээр гаалийн үнийг тогтоож, энэ дүнгээс гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тогтоосон байна.
Ийнхүү гаалийн улсын байцаагч нар дээрх үндэслэлээр хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т зааснаар гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны “15.2.2.4 интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ”-ийн мэдээлэл, бичиг баримтыг ашигласныг буруутгахааргүй байна.
Тиймээс ч нэхэмжлэгчээс гаалийн , , , , дугаартай мэдүүлгүүдээр мэдүүлсэн автомашинуудын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг хэлцлийн үнийн аргаар бус Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.4-т зааснаар уялдуулан хэрэглэх үнийн аргаар үнэлсэн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан хүсэлт гомдлоор,
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, Гаалийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02-2.1/892 дугаар албан бичгээр “...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан зардал болох тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардлыг нэмж тооцно гэж заасан, компаниас нэмэлтээр гаргаж өгсөн ачилт болон бэхэлгээний зардлын баримтын огноо нь гэрээ болон үнийн нэхэмжлэхийн огнооноос өмнө байсан тул 8 дугаар зүйлийн 8.3.1-д "Гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан" үндэслэлээр гаалийн үнийг хэлцлийн бус аргаар тодорхойлсон гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Импортлогчийн барааг гаальд мэдүүлэх үйлчилгээг гаалийн бүртгэгдсэн мэдүүлэгч хийх бөгөөд мэдүүлэгч хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөөгүй, улмаар гаалийн улсын байцаагч гаалийн дугаар мэдүүлэгт бүрдүүлэлт хийхээс өмнө “нэмэгдэл зардал яагаад мэдүүлээгүй” талаар мэдүүлэгчээс гаалийн бүртгэлийн системээр[4] тодруулсан, мэдүүлэгч “импортлогч өөрөө нэмэгдэх зардлын баримт өгөөгүй” талаар хариу өгсөн, бусад мэдүүлгийн хувьд Бүрдүүлэлтийн цахим төвийн ******* дугаар утсаар импортлогч компанийн гүйцэтгэх удирдлагын ******* дугаартай 5 удаагийн дуудлагаар холбогдсон[5] зэргээс үзэхэд гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тогтооход дутуу байгаа нэмэгдэл зардлын баримтыг нэмж гаргаж өгөх боломжийг гаалийн байгууллага олгосон, улмаар нэмж гаргаж өгсөн зардлын баримт нь “үнэн зөв, баримтаар нотлогдсон” байх шаардлагыг хангаагүйгээс хэлцлийн үнийн аргыг хэрэглээгүйд хариуцагч гаалийн байгууллага, албан тушаалтныг буруутгах үндэслэлгүй.
Гаалийн үнийг тодорхойлоход холбогдох зардлын баримт бичгийг дутуу ирүүлснээс мэдүүлэгчид тайлбар, баримт гаргаж өгөх боломж олгосон нь мэдүүлэгчтэй харилцсан чат болон утсаар ярьсан тэмдэглэл, 5 автомашины нэг автомашин дээр нэмэлт баримтыг гаргаж өгснийг хүлээн авч үнэлэх эсэхийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэн бөгөөд мэдүүлэг гаргагчаас гаалийн үнийг тодорхойлохоор нэмэлтээр гаргаж өгсөн баримтуудын огноо зөрүүтэйгээс гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй болсон байна.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “БНСУ-ын " Car LLC" компанитай бизнесийн тогтсон харилцаатай, гаалиар байнга такси үйлчилгээнд автомашин оруулж ирдэг, оруулж ирэх бүрдээ хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлдог” гэх боловч тус бизнесийн тогтсон харилцааг иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэх боломжтой.
Харин энэ үндэслэл нь барааг гаальд мэдүүлэхдээ гаалийн үнийг тодорхойлох нэмэгдэл зардлын буюу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1, 10.3.1.1, 10.3.1.2-т заасан тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон тээврийн зардал, тээвэрлэлтийн үед барааг ачих, бэхлэх, буулгах зардлын баримт дутуу, нэмж өгсөн баримт дахь мэдээлэл зөрүүтэй, 10.7.5-д зааснаар мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй тул хариуцагч гаалийн улсын байцаагч нар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2-т зааснаар гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтад тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүйгээс гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзэж, 8.3-т зааснаар бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар буюу уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлон бүрдүүлэлт хийснийг буруутгах үндэслэл болохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр гаалийн , , , , дугаартай мэдүүлгээр автомашины импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нийт 10,259,456 төгрөгөөр тогтоосныг 3,933,439 төгрөгөөр багасгуулах С******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1, 8.3.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.6, 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 10.3.1.1, 10.3.1.2, 10.7.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С******* ******* ХХК-ийн “гаалийн , , , , дугаартай мэдүүлгээр автомашины импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 10,259,456 төгрөгөөр тогтоосныг 3,933,439 төгрөгөөр багасгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА