Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/200

 

 

 

 

 

     2024          02            15                                          2024/ДШМ/200

 

А.С д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч А.С , түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/1123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С н гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2309000000180 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

А.С, ....-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ..., ам бүл , ... тоотод оршин суух, /РД:.../,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 950 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн;

          А.С  нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр П.А-г ...гэртээ байх үед нь “... загварын автомашиныг 8.000.000, ланд 200 загварын автомашиныг 12.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь ... дугаартай дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2012-2014 оны хооронд Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд хамт сурч байсан хохирогч Г.Т-тэй Улс тунхагласны баярын өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр холбогдон “Монгол бөхийн өргөөнд хамгаалалтад ажиллаж байна, хүрээд ир гэж дуудан уулзаж, энэ машинууд актлагдах гэж байгаа юм, Лексус 570, Ланд круйзер 200 загварын машинуудын зургуудыг үзүүлж, тус бүрийнх нь үнэ 15.000.000 төгрөг гэж байгаа, чи авах уу, Би Ш.Л генерал ахаараа яриулаад гаргуулж байгаа юм, чамд бол ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкин дахь .... дугаартай дансаар 65.000.000 төгрөгийг ... нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Т-г Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороолол орчимд байх үед нь “Төрийн өмчийн хорооноос машинууд актлагдаж байгаа, хямд машин байна, одоо яг машинуудаа гаргахаар боллоо авах уу, авбал мөнгөө шилжүүлчих” гэж төрийн тусгай хамгаалалтын газарт бүртгэлтэй Лексус 570 /00-13 УНҮ улсын дугаартай/ загварын автомашиныг 12.000.000 төгрөгт худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь .... дугаартай дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.А-г Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн ойролцоо байх үед нь “Засгийн газрын авто баазаас акталж байгаа 00-53 УНҮ улсын дугаартай лексус 570 загварын автомашиныг хямдхан худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь ... дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

2022 оны 12 дугаар сарын 18-наас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч М.Б-ийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй лексус 570 загварын автомашиныг 15,000,000 төгрөгөөр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь ... дугаартай дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Г-г Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудлын зогсоол дээр байх үед “төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь .... дугаартай дансаар 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Л-г Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудлын зогсоол дээр байх үед “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь .... дугаартай дансаар 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 09-нөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Ц.А-г Нийслэлийн ... тоот гэртээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь ... дугаарын дансаар 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 08-наас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч С.Ю-г Нийслэлийн ... дүгээр анги дээр ажил дээрээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй лексус 570 загварын автомашиныг 15.000.000, соната-7 загварын автомашиныг 9.000.000 төгрөгөөр тус тус зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкин дахь ... дугаартай дансаар 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Э-г Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй Лексус 570 загварын автомашиныг 15.000.000, ланд-200 загварын автомашиныг 10.000.000 төгрөгөөр тус тус зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь ... дугаартай дансаар 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Т-ыг “төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байгаа, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, орлогч нарын автомашиныг акталж байгаа, энэ машинуудыг хямдхан зарна, У.Хүрэлсүх ерөнхийлөгч манай газрын дарга руу чиглэл /танай газар автомашинуудаа дотроо алба хаагч нартаа урамшуулал болгоод хямдхан зар/ өгсөн, манай байгууллагын машинууд дуусах гээд байна, 1 автомашин 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй, эхлээд автомашины үнийн дүнгийн 50% буюу 7.500.000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын санхүүгийн албаны тасагт тушаагаад машинаа баримтжуулж, баталгааны цаас авч газрын даргадаа танилцуулж гарын үсэг зуруулж зөвшөөрөл авна, тэрний дараа төрийн өмчийн хорооны дарга Ц гэх хүнээс шийдвэр гарч машинаа авна. Би энэ шийдвэрийг гаргахаар автомашиныг чинь чамд шилжүүлж өгнө, машинаа авахдаа үлдсэн 50% буюу 7.500.000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын газрын санхүүгийн албанд тушаана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын хүлээлгийн өрөөнд байх үед нь өөрийн Хаан банкин дахь ... дугаартай дансаар 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

А.С  нь өөрийгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан гэж танилцуулан “байгууллага алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор актлагдаж буй Ланд круйзер 200, лексус 570 зэрэг тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр худалдан борлуулах гэж байгаа гэж хохирогч Ө.Бямбажаваас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ... тоотод байх үед нь 36.600.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч байгууллагын дүрэмт хувцас нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

хохирогч С.П-эй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж “Энэ машинууд актлагдах гэж байгаа юм гэж Лексус 570, Ланд круйзер 200 загварын автомашинуудын зургуудыг үзүүлж, тус бүрийнх нь үнэ нь 15.000.000 төгрөг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч, 2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хаан банкин дахь ... дугаартай данс руу нийт 108.500.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.А-г Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гэрэлт өргөө хотхоны 47б-64 тоотод байх үед нь “нөгөө машин чинь гарахаар болсон шүү, та нөгөө хэддээ битгий хэлээрэй, таны машин л гарахаар болсон шүү.. одоо яг машинууд гарахаар боллоо, мөнгөө хийчих” гэж төрийн тусгай хамгаалалтын газарт бүртгэлтэй Лексус-570 /00-13УНҮ улсын дугаартай/ загварын автомашиныг 12.000.000 төгрөгт худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь ... дугаартай дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.С н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.С-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.С д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүний өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сар 28 хоногоор тогтоож, түүний энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 320 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С гаас 331.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.А 20.000.000 төгрөг, Г.Т 65.000.000 төгрөг, М.Т 10.000.000 төгрөг, Г.А 50.000.000 төгрөг, М.Б 15.000.000 төгрөг, Б.Г 14.000.000 төгрөг, Б.Л 16.000.000 төгрөг, Ц.А 16.000.000 төгрөг, С.Ю 24.000.000 төгрөг, Б.Э 25.000.000 төгрөг, Д.Т 30.000.000 төгрөг, Ө.Б 36.600.000 төгрөг, А.А 10.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С  гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад учруулсан хохирол төлбөрөөс 108.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, прокурор, мөрдөгчийн ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөн үнэн зөвөөр мэдүүлэг өгч, шүүхийн шатанд маргаангүй оролцсон. Анхан шатны шүүхийн тогтоолд миний нас, боловсрол, мэргэжил, улсаас авсан гавьяа шагнал зэрэг хувийн байдлыг минь үнэн зөвөөр тодорхойлоогүй нь хувийн болон эрх зүйн байдлыг минь дордуулж байна гэж үзэж байна. Миний бие 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд айлын 2 ихэр хүүхдийн нэг болон төрсөн. Тэс сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшиж, Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн хилийн харуулын дарга мэргэжил эзэмшиж төгссөн. 2018 онд Төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч хамгаалалтын ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2022 оны 8 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Эрхэм шүүгчдээ, миний бие төр, улс орныхоо аюулгүй байдлын төлөө чин үнэнчээр ажиллаж ирсэн билээ. Энэ ажиллах хугацаандаа нийгмийн олон нийтийн үйл ажиллагаа, спорт уралдаан тэмцээнд амжилт гаргасныг минь үнэлж, Монголын Залуучуудын холбооноос “Тэргүүний хилчин”, “Тамирчны алдар”, гар бөмбөгийн 1 дүгээр зэрэг, Монголын ширээний теннисийн холбооноос спортын дэд мастер цол гэх мэт олон шагналаар урамшуулж шагнасан байдаг. Миний бие бусдад их хэмжээний хохирол учруулж бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулж байгаа Үндсэн хуульт орны иргэний хувьд эрхэм шүүх бүрэлдэхүүн надад энэрэнгүй хандаж, төр улс, нийгэмдээ ажиллаж хөдөлмөрлөж зүтгэсэн хувь нэмэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлж байгаа, эцэг болох үүргээ биелүүлж амьдрахын төлөө чин үнэнчээр зүтгэх хүсэлтэй байгаа зэргийг минь харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж нийгмээс тусгаарлалгүй хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Миний бие залуу хүний хувьд нийгэмдээ ажиллаж хөдөлмөрлөж, бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулж, улс орондоо хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ, эцэг болох үүргээ биелүүлж амьдрахын төлөө зүтгэх чин хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч миний бие прокурорын шатнаас шүүгдэгч А.С н өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч А.С н залуу нас, хохирол төлж барагдуулах цаг хугацааны асуудлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү гэдэг саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан. Шүүгдэгч А.С  нь цахим мөрийтэй тоглоомд донтож, бусдаас их хэмжээний мөнгө залилан авсан бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.С г 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдаг. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу тухайн шийтгэх тогтоол гарснаас хойш 2 хоногийн дараа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд буюу 20 хоногийн дотор нэр бүхий 14 хохирогчоос нийт 440.000.000 орчим төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч А.С  өмнө нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч А.С н үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын хэмжээнээс харьцангуй бага ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч А.С д хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч А.С  нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 21-нийг хүртэл Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй Тоёота Ланд Круйзер 100, 200, Лексус 570 загварын автомашинуудыг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдэж 14 хохирогчид нийт 440.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.А мэдүүлэг /1хх-ийн 172/, Ц.А мэдүүлэг /1хх-ийн 245-247/, С.Ю мэдүүлэг /2хх-ийн 12-14/, Д.Т мэдүүлэг /2хх-ийн 51-53/, П.А мэдүүлэг /1хх-ийн 11-12/, Г.Т мэдүүлэг /1хх-ийн 34-36/, М.Т мэдүүлэг /1хх-ийн 156/, М.Б мэдүүлэг /1хх-ийн 185-187/, Б.Г мэдүүлэг /1хх-ийн 212-214/, Б.Л мэдүүлэг /1хх-ийн 227-229/, Б.Э мэдүүлэг /2хх-ийн 31-33/, Ө.Б мэдүүлэг /2хх-ийн 78-82/, С.П мэдүүлэг /2хх-ийн 104-106/, А.А мэдүүлэг /2хх-ийн 227-229/,

гэрч Б.Х /1хх 38-39/, Ц.Н /1хх 41-42/, Б.Б /1хх 44-46/, Э.Г /1хх 48-49/, Д.Ч /1хх 53/,

П.А Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1хх-ийн 7-8/,

А.С н Хаан банкны ..., ... дугаартай дансны хуулга /2хх-ийн 177-197, 199-214/, Төрийн банкны ... дугаартай дансны хуулга /2хх-ийн 215-223/,

Төрийн тусгай хамгаалалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1115 дугаартай албан тоот /1хх-ийн 26/,

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн: “Дээрх байдлаар А.С-н дансны хуулганд үзлэг хийхэд 2022 оны 9 дүгээр сарын 01-ий өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч “П.А 20.000.000 төгрөг, Г.Т 65.000.000 төгрөг, М.Т 10.000.000 төгрөг, Г.А 50.000.000 төгрөг, М.Б 15.000.000 төгрөг, Б.Г 14.000.000 төгрөг, хохирогч Б.Л 16.000.000 төгрөг, хохирогч Ц.А 16.000.000 төгрөг, хохирогч С.Ю 24.000.000 төгрөг, Д.Т 30.000.000 төгрөг, Б.Э 25.000.000 төгрөг, хохирогч Ө.Б 35.500.000, С.П 110.000.000, А.А 10.000.000 төгрөгийг Хаан банкны .... тоот дансаар авсан байна” гэх тэмдэглэл /2хх-ийн 174-176/,

А.С-н яллагдагчаар өгсөн /3хх-ийн 144-146/ мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч А.С-н гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

Залилах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.  

          Шүүгдэгч А.С  нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр актлагдсан автомашинуудыг хямд үнээр худалдана гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 14 хохирогчид нийт 440,100,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч А.С д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч А.Сгаас “хорих ялыг хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлалгүй хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Шүүгдэгч А.С нь 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн атал тэрээр энэхүү хугацаандаа өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож ухамсарлалгүй дахин энэ төрлийн буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Анхан шатны шүүх шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрөөс хохирогч С.П 108.500.000 төгрөгийг төлж, бусад 13 хохирогч нарын хохирлыг төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

             Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С-н “ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.С н 2023 оны 11 дүгээр сарын 08-наас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 99 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/1123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С н 2023 оны 11 дүгээр сарын 08-наас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                           ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН