Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 233

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч М.Очбадрах,

Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн,

Шүүгдэгч Г.Ганбат,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Билгүүн, Г.Ганбат нарт холбогдох эрүүгийн 1711014800052 дугаартай хэргийг 2018 оны 2 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баяраагийн Билгүүн, 2000 оны 7 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90-1335 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МП00271510/

2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ганзоригийн Ганбат, 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1266е тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, УШ99091136.

 

Шүүгдэгч Г.Ганбат, Б.Билгүүн нар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ бүлэглэн 2017 оны 12 сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90-1311а тоот хашаан доторхи хохирогч Ц.Баянжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагтыг хулгайлж, 252.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганбат мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ц.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-23-25/, гэрч Б.Лхагва-Эрдэний мэдүүлэг /хх-21-22, 38-39/, гэрч Б.Угтахбаярын мэдүүлэг, /хх-26-27, гэрч Ц.Баянжаргалын мэдүүлэг /хх-40-41, Г.Ганбатын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-25-26, 64-66/, Б.Билгүүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27-28, 61-63/, гэрч Ж.Ганзоригийн мэдүүлэг /хх-44-45/, гэрч Ч.Батбаярын мэдүүлэг /хх-46-47/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүний нас тоолсон тэмдэглэл /хх-15/, эд зүйлийн үнэлгээ /хх-51-52/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-13/, өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүний оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-67/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-68/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, шүүгдэгч Г.Ганбатын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-80/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-81/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Ганбат, Б.Билгүүн нар нь бүлэглэн 2017 оны 12 сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90-1311а тоот хашаан доторхи хохирогч Ц.Баянжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагтыг хулгайлж, 252.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-18-20/: “..би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед манай нөхөр Мөнхзул гэрээ цоожлоод гадагшаа гарсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шөнө манай хөрш Мөнхтогоо над руу утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь гэртээ очтол манай гэрээс 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт алдагдсан байсан. Тэгтэл цагдаагаас миний гар утас руу яриад танай гэрт хулгайч орж зурагтыг чинь хулгайлаад 13 дугаар хороололын Сансар орчмын барьцаалан зээлдүүлэх газарт тавих гэж байгаад цагдаагийн албан хаагчид баригдсан гэсэн. Би зурагтаа цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Алдагдсан зурагтаа хүлээн авсан болохоор гомдол санал байхгүй. Манай зурагтыг манай гудамжинд байдаг зүс таних хүүхдүүд хулгайлсан байна лээ..” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Б.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-25-26/ “..Хайлаастын эцэсээс17 орчим насны үл таних хүүхэд гараа өргөхөөр нь зогсоод хаашаа явахыг асуутал доороос юм аваад Багшийн дээд орно гээд таксинд суусан, тэгтэл цагаан куртиктэй залуу нилээн том зурагт аваад ирсэн. Тэгээд миний утсаар найз руугаа /88127369/ ярьсан, тэр нь ирээд Сансарын түнел рүү явсан. Ломбард руу 2 залуу нь явсан, нэг залуу нь машинд надтай хамд үлдсэн. Машин дотор тэд гэрээсээ авсан, аав, ээж Хөвсгөл явсан хойгуур нь тавьж байгаа юм, ирэхээс нь өмнө авах хэрэгтэй гээд яриад байсан..” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Б.Лхагва-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /31-32/: “..тэр өдөр Ганбаа буюу Ганбат над руу танихгүй дугаараас яриад хаана байгаа юм бэ уулзъя гэсэн. Би багшийн дээд дээр байхад ирээд надаас бичиг баримт байна уу ломбарданд зурагт тавъя гэсэн.., тэгээд би гэр лүүгээ явж бичиг баримтаа аваад ломбарданд тавих гэж байгаад баригдсан..” гэсэн мэдүүлгээр,

 

 Гэрч У.Бат-Ундраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-33-34/: “..сансарын автобусны буудал дээр автобуснаас бууж яваад найз Лхагва-Эрдэнэтэй таараад мэнд мэдээд явах гэж байтал цагдаагийн ажилтан ирсэн. Лхагва-Эрдэнэтэй хамт явж байсан хүмүүсийг танихгүй..” гэсэн мэдүүлгээр,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-64-65/ “..2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз Ганбаттай хамт гадуур явж байгаад Согоотын 90-1311 тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт хулгайлсан. Ганбат бид хоёр хоорондоо ярилцаад би айлын хашаан дотор хүн харж байсан, Ганбат айлаас зурагтыг авсан..Лхагва-Эрдэнэд зурагтыг хулгайлсан гэж хэлээгүй. Барьцаалан зээлдүүлэх газар Ганбат, Лхагва-Эрдэнэ хоёр орсон би гадаа нь үлдсэн. Ганбат нь намайг гэмт хэрэг үйлдэхэд уруу татсан зүйл байхгүй..” гэх мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Г.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-66-67/: “..42 инчийн хар өнгийн зурагт хулгайлсан. Би айл руу орж зурагтыг нв авсан. Билгүүн айлын хашаан дотор хүн харж байсан. Бид хоёр хоорондоо ярилцаад хулгай хийсэн. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-51-52/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-13/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн, шүүгдэгч Г.Ганбат нар нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90-1311а тоот хашаан доторхи хохирогч Ц.Баянжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн зурагтыг авсан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлдэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Ганбат, Б.Билгүүн нарын дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон гэж үзээд шүүгдэгч Г.Ганбат, өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Ганбат, Б.Билгүүн нарыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн, Г.Ганбат нар нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг төлж барагдуулсан, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзавч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Г.Ганбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн 2000 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нас тоолсон тэмдэглэлээр 17 нас 10 сартай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн, Г.Ганбат нар нь хулгайлсан эд зүйлсийг хохирогч Ц.Баянжаргалд буцаан өгсөн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн, Г.Ганбат нар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ 

1. Боржигон овогт Ганзоригийн Ганбат, Боржигон овогт Баяраагийн Билгүүн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганбатыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн, Г.Ганбат нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн, Г.Ганбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Б.Билгүүн, Г.Ганбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР