Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0404

 

 

 

 

 

 

 

 

    2025        05           27                                   128/ШШ2025/0404   

 

 

                                  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Монополын эсрэг газар,

Маргааны төрөл: Чанарын стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдсан гэх зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:  

1.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр С******* ХХК-д Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд, хэрэглэгчдээс чанарын шаардлага хангахгүй автобензин, дизел түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдлын хүрээнд хяналт шалгалт явуулж,

2.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь нэхэмжлэгч компанийн борлуулж буй дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин бага тодорхойлогдсон нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон гэж үзэж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.  

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай "Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд" хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын хүрээнд 26 аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан шатахууны дээжийг тус тус кодоор баталгаажуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны лабораторид тус тус сорилтын үр дүнгийн тайлан гаргаж баталгаажуулсан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай" ******* тоот дүгнэлт, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Автобензиний шинжилгээний дүнгийн тухай" ******* тоот дүгнэлтийг тус тус гаргасан.

Дээрх дүгнэлтээс "С*******" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Автобензиний шинжилгээний дүнгийн тухай" ******* тоот дүгнэлтээр MNS0217:2017:2017 стандартын шаардлага хангасан гэж үнэлэгдсэн.

Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай" ******* тоот дүгнэлтээр дээж авсан Дизель түлш нь:

- Цетан тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлсон нь "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0216:2017 "Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй,

- 200 С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м буюу дунджаар 820.5 кг/м тодорхойлогдсон нь Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй гэжээ.

Дээрх дүгнэлтийг бид дараах байдлаар үгүйсгэнэ:

1/ Улсын байцаагч нар дээж авч шинжлүүлсэн үйл ажиллагаа нь холбогдох журмыг зөрчсөн талаар:

Зөрчлийн гэх үйлдэл нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болсон байдаг. Тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий байцаагч нар үнэмлэхээ үзүүлэн загнаж, шалтгааныг тайлбарлалгүй, шууд ШТС-37 салбарын шатахуун түгээх станцаас тус бүр 1 литрийн шилэн саванд АИ-92, Дизель түлш зэрэг бүтээгдэхүүнийг колонкийн хошуунаас авсан байдаг. Савнаас авах саналыг тавихад зөвхөн колонкийн хошуунаас авсан. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллага болох мэргэжлийн байцаагч, хөндлөнгийн шинжилгээ хийж байгаа лабораторийн шинжээч зэрэг мэргэжлийн хүнийг оролцуулалгүй, зөвхөн манай эрхлэгчийг гарын үсэг зуруулж баталгаажуулсан нэрийдлээр шууд өөрсдөө тухайн бүтээгдэхүүний дээжийг биднийг болоод хөндлөнгийн ямар нэгэн этгээдийг оролцуулалгүй өөрсдөө авч явсан байдаг. Хөндлөнгийн этгээдийг оруулах шаардлагатай байсан.

Түүнчлэн нэр бүхий Т.М байцаагч болон бусад байцаагч нар өөрсдөө дээж авч, тусгай дээж авахад зориулагдсан хувцас өмсөөгүй, стандартын дагуу аваагүй мөртлөө шууд өөрсдөө лабораторид хүргүүлсэн байдаг. Ингэхдээ бүр 2 лабораторид хүргүүлсэн. Хүргүүлэх явцад лац, ломбо бүрэн, гадны нөлөөгүй, гэмтэж солигдоогүй хүргэгдсэн эсэх, тухайн компанийнх гэж маргаангүй мөн эсэх, дээжний битүүмж алдагдсан байж болзошгүй эсэх зэрэг нь хэнд ч мэдэгдэхгүй. Мөн лабораторид хүлээлгэн өгөхдөө гадаа, гудамжинд ямар ч ариун нөхцөлд бус байсан. Түүнчлэн С******* ХХК-ийн юм уу аль нэг газрынх юм уу хэнд ч мэдэгдэхгүй нөхцөл байдлыг үүсгэн лабораторид хүлээлгэн өгсөн. Эргэлзээтэй байдлуудыг удаа дараа гаргасан. Иймд шинжилгээ хууль, журмын дагуу явагдаагүй, стандартыг зөрчсөн нь хэргийн материалд тодорхой харагддаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хүргэж өгсөн гэдэг ба лабораторийн шинжилгээ холбогдох заавар, журмын дагуу явагдаагүйгээс шинжилгээг ямар хугацаанд, ямар арга баталгаажсан багаж, хэрэгслээр шинжилсэн, маргаан үүссэн тохиолдолд хоёр дахь дээжийг дахин шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнг бүрэн нотлох ёстой байтал хэргийн оролцогчид гомдол, хүсэлт гаргах, дахин шинжилгээ хийх боломжийг олгохгүйгээ байгаа зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэгэнт эрх зүйн хүрээнд шинжээч томилсон атлаа шинжилгээний байгууллагаар дээрх ажлыг гүйцэтгүүлээгүй нь илт хууль зөрчсөн үйлдэл болсон. Хамгийн гол ноцтой алдаа бол хоёр лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй.

Лабораторийн шинжилгээ 14 хоногт гарах бүрэн боломжтой атал дээж авснаас хойш даруй 3 сарын дараа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн ******* тоот дүгнэлт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарч, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шийтгэлийн хуудас танилцуулсан. Зөрчлийн хэрэг нээсэн талаар тухайн үед мэдэгдсэн. Зөрчлийн хэрэгт С******* ХХК нь дизель түлштэй холбоотой лабораторийн сорилт, шинжилгээний дүгнэлт огт байгаагүй бөгөөд уг маргаантай танилцахыг хүссэн боловч нууц тул танилцах боломжгүй, шинжилгээний хариу нь байгаа тул үзүүлнэ гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч үзүүлээгүй. Дээж хадгалах хугацаа 3 сар байх бөгөөд хэрвээ маргаан үүссэн нөхцөлд 4 сарын хугацаанд дахин шинжилгээ хийлгэж маргаан таслахаар стандарт дээр тусгасан байхад Зөрчлийн хэрэг нээсэн хугацаа нь анх дээж авсан өдрөөс 3 сарын дараа үүсэж байгаа нь хэргийн оролцогчийн дээжний хариутай танилцах, маргах эрхийг хязгаарлаж хууль зөрсөн.

2/ Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй талаар:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид нь хяналт шалгалт явуулах хуулиар олгогдсон эрхтэй хэдий ч хяналт, шалгалтын хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллага, хүмүүсийг татан оролцуулж үнэн бодит, шударга явуулах ёстой. Тодруулбал, тусгай мэдлэг, мэргэжил шаардсан асуудалд шатахууны чанар, стандарттай холбоотой мэргэжлийн байгууллагын оролцоог хангалгүй хууль зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

3/ Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан.

4/ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" батлах тухай 98 дугаар тогтоол батлагдаж Евро-5 стандартын экологид ээлтэй шатахууны хэрэглээг 2019 онд 50 хувьд хүргэх, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0216:2017 стандарт, Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага" MNS0217-2017:2017 стандартуудыг тус тус баталсан. Эдгээр стандартууд Евро-3 ангиллын шатахуунаас Евро-5 ангиллын шатахууны техникийн нөхцөлийг баталсан.

Гэвч 2019 онд Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг ОХУ-ын Роснефть компаниас ОХУ дотооддоо Евро стандартад шилжиж байгаа тул Монгол Улсад Евро ангиллын шатахууны их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй гэдгээ Монгол Улсын талд албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0216:2017 стандарт, Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага" MNS0217:2017:2017 стандартуудыг шаардлага хангасан шатахуун ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүнээс шалтгаалж 2019 оноос цетан тоо, хүхрийн хүчлийн хэмжээ өндөр гэх шалтгаанаар гаалийн хилээр их хэмжээний шатахуун нэвтрэх боломжгүй болж гацаа үүссэн. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-аас Евро стандартын шатахуун нийлүүлэх боломжтой болох хүртэл хугацаанд шилжилтийн үеийн "Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартыг баталж хэрэгжүүлж байгаа билээ. Хэдийгээр Дизель түлшинд 2 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч Монгол Улс өөрөө нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш 100 хувь импортын бүтээгдэхүүнээс хараат байгаа тул ханган нийлүүлэгчээс нийлүүлж буй шатахууны стандартад өөрийн улсын дотоодын стандартыг нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлээгүй нөхцөлд шатахуун импортолж дотоодод худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирдог шударга бус нөхцөл байдал үүсээд байна.

5/ Дээрх нөхцөл байдал илт тод байхад манай Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Дамбын замын цагдаагийн постын орчимд байрлах С******* ХХК-ийн ШТС-37-оос энгийн дизель түлшний дээж авч яваад дизель түлш Евро-д баримталдаг стандартаар хэмжилт хийсэн нь хууль бус бөгөөд үнэнд нийцэхгүй болно.

6/ Иргэний нисэхийн оношилгоо хэмжилзүйн лабораторийн өөрсдийн багажны тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020, Дизель түлш. Евро. Техникийн шаардлага" MNS0216:2017 зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан.

7/ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь:

1-т Өөрийн шалгаагүй асуудлаар,

2-т Стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариуг үндэслэж

3-т Хөндлөнгийн буюу гуравдагч этгээдээр дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан байхад хууль зөрчин дүгнэлт гаргасан. Энэ нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон төдийгүй иргэн, аж ахуйн нэгж хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд мөн энгийн дизель түлшийг "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0216:2017 стандартыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн.

Энэхүү хууль бус дүгнэлтийг үндэслэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Э.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №******* дугаар "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг бидэнд өгсөнд гомдолтой байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №******* дугаар "Шийтгэлийн хуудас"-ыг бүхэлд нь хянаж хүчингүй болгож өгнө үү” гэв.   

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагаа бүхэлд дэмжиж оролцоно.  Маргаан бүхий акт нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас байгаа юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0116 дугаартай шатахууны бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тухайн удирдамж нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэх ёстой. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар хяналт шалгалтыг нийтдээ 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ, 30 хоногоор сунгана. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 90 хоногийг тооцож үзэхээр 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Хяналт шалгалтын хугацааг зөрчсөн нь хууль бус болсон.

Удирдамжийн дагуу 4 ажил хийгдэх ёстой байсан. Үүнд, дээж авах, дээжээр шинжлэн судлах, дүгнэлт гаргах, дүгнэлтийг үндэслэж шийтгэл оногдуулах эсэхийг шийдэх ажлууд хийгдэх ёстой байсан. Гэтэл дүгнэлт нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсныг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлдэг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 260 болон 259 тоот дүгнэлтүүд гарч байсан. Хяналт шалгалт хийх хугацаа сунжирснаас болж 3 дахь дээжийг шинжлүүлж чадаагүй. Хяналт шалгалтад 3 дээж авсан байдаг. Гурван дээжийн нэгийг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид, нөгөө дээжийг нь Ашигт малтмал газрын тосны газрын лабораторид хүргүүлсэн байдаг. Манай компанийн зүгээс нь бензиний стандартын шаардлагыг хангасан гэдгийг гаргаж ирсэн.

Дизель түлшний хувьд нэг лабораториос “стандарт хангаагүй”, нэг лабораториос “стандарт хангасан” гэж ирсэн байдаг. Дүгнэлттэй холбоотой асуудлыг давж заалдаж шатны шүүх хоёр шинжилгээний хариу зөрүүтэй байна гэдгийг тогтоосон байдаг. Хяналт шалгалт хугацаандаа явагдсан бол маргаан таслах буюу 3 дахь дээжийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж тайлбарлах бүрэн боломжтой байсан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа тухайн үед хил гаалиар орсон лабораторийн дүгнэлт, зөрчлийн хэргийн баримтуудаас харагдаж байгаа. Хариуцагчийн хяналт шалгалтыг удаашруулснаас  болж гомдол гаргагчийн эрх ашиг хөндөгдөж байна. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ тухайн үед хэлж байсан. Тиймээс шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын байцаагч нар дээж авч шинжлүүлсэн үйл ажиллагаа нь холбогдох журмыг зөрчсөн, хяналт шалгалт явуулахдаа мэргэжлийн байгууллагыг татан оролцуулаагүй" гэх талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй "чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдол мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл зэргийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн. Тус хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран хийж гүйцэтгэсэн.

Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын уулзвар, Дамбадаржаагийн замд байрлах С******* ХХК-ийн шатахуун түгээх станц 37-д эрхлэгч Б.О, түгээгч н.Б, н.З, Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн Б.Э нарыг байлцуулан жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс зориулалтын саванд дээж авч , гэсэн кодоор кодолж, тэмдэглэл үйлдсэн. Мөн 03 дугаар сарын 24-ний өдөр С******* ХХК-ийн агуулахад тээвэр ложистик эрхэлсэн захирал Н.А, ерөнхий инженер Г.Ц, агуулахын дарга Р.Б нарт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулж, бөөнөөр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс дээж авч 210095, дугаараар кодолж, лацадсан. Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "MNS 0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга" стандартын дагуу түүвэрлэгдсэн шатахуун түгээх станцуудын шатахуун түгээгүүрийн хошуу, савнаас авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн. Иймд хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй.

"Зөрчлийн хэрэгт дизель түлштэй холбоотой лабораторийн сорилт, шинжилгээний дүгнэлт огт байгаагүй, танилцуулж үзүүлээгүй" гэх талаар:

Дээжийг шинжилсэн лабораторийн үр дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Дүгнэлт гаргуулах тухай" 01/1297 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *******, ******* дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн "Сорилт шинжилгээний үр дүнгийн тайлан , , , дугаартай сорилтын үр дүн зэрэг нотлох баримтаар С******* ХХК-ийн борлуулж буй дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин бага тодорхойлогдсон нь "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна" гэж заасныг зөрчсөн. Үүнтэй холбоотой бүх баримт материал, зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна.

Иймд С******* ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Хяналт шалгалтын удирдамжийн хувьд шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Монгол улсын хэмжээнд шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Гомдол гаргагчийн хувьд шатахуун түгээх станц, агуулахаас дээж авсан. Дизель түлш, АИ92 авто бензиний дээжийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS02182008 стандартын дагуу авч, лабораторид хүргэгдсэн. Сорилын дүнгүүд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр кодлогдож манайд ирсэн.

Үүний дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч шатахуун хариуцах газрын тосны улсын байцаагчаас дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр улсын ахлах байцаагчийн дүгнэлт ирсэн байдаг.

Энэ дүгнэлтийн хүрээнд С******* ХХК-ийн АИ92 авто бензин стандарт хангаж, дизель түлшний хувьд стандартын шаардлага хангаагүй учир Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1-д заасны дагуу зөрчлийн хэрэг үүсгэж, Зөрчлийн хуулийн 12.5-д заасны дагуу торгох арга хэмжээ авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6.1.1-д заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт гарсан учир зөрчил ил тодорхой гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагагүй, нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар цуглуулж хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах С******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Болорзаяагийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсаар С******* ХХК-ийн зах заалд нийлүүлж буй дизель түлш чанар стандартын шаардлага хангахгүй байна гэх зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээж авах ажиллагааг явуулж улсын байцаагчаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид , , , дугаар бүхий 4 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүлээлгэн өгч,

Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №GT077 дугаар Сорилтын үр дүнгийн тайлангаар  С******* ХХК-ийн дизель түлш стандартад нийцсэн гэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №, № дугаар Сорилтын үр дүнгийн тайлангаар “дизель түлшний цетаны тоо 45-аас их байх үзүүлэлтийн шаардлагад 43.4 +/-0.1 гэж, дээжийн сорилын үр дүн 45-аас их байх үзүүлэлтийн шаардлагад 42.7 +/-0.1 гэж” буюу стандартад нийцэхгүй гэж гарчээ.

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн дүнг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтээр С******* ХХК-ийн дизель түлш нь Монгол Улсын стандарт “Дизелийн түлш Евро техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагад нийцэхгүй гэсэн дүгнэлтийг үйлдсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Болорзаяа  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн дүнг үндэслэн гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтээр С******* ХХК-ийн дизель түлш нь Монгол Улсын стандарт “Дизелийн түлш Евро техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагад нийцэхгүй гэж дүгнэснийг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар С******* ХХК-ийн зах заалд нийлүүлж буй дизель түлш чанар стандартын шаардлага хангаагүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр  9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл болсон мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дээрх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар С******* ХХК маргаж, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 384 дүгээр магадлалаар “тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар гаргасан дүгнэлт нь хууль зөрчөөгүй, хяналт шалгалтын арга буюу бүтээгдэхүүнээс шинжлэхээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хамаарч байх тул дүгнэлтүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль  ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, дүгнэлт хяналт шалгалтын явцад гарсан” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ийнхүү С******* ХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа дизель түлш Монгол Улсын стандарт “Дизелийн түлш Евро техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагад нийцээгүй” хэмээн шийтгэл ногдуулах үндэслэл болсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлттэй маргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

3. Шийтгэлийн хуудасны үндэслэл болсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр С******* ХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа дизель түлш Монгол Улсын стандарт “Дизелийн түлш Евро техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын “цетаны тоо 45-аас багагүй байх, хувийн жин 20C дахь хувийн жин, кг/м 840-860 байх шаардлагыг аль алиныг хангахгүй болох нь тогтоогдсон байна.

4. Хэдийгээр захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа 2 өөр лабораторид шинжилгээ хийлгэсэнд өөр хариу гарсан нь эргэлзээтэй гэж нэхэмжлэгч маргаж буй боловч тэдгээр лабораторийн дүгнэлтүүдэд үндэслэн стандартад заасан “дизелийн түлшний цетаны тоо 45-аас багагүй байх, 20C дахь хувийн жин кг/м 840-860 байх” шаардлагыг хангаагүйг тогтоосон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр байхад түүнийг үндэслэн шийтгэл оногдуулсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

5. Гомдол гаргагчаас маргаж буй хяналт шалгалтын хугацаа хэтрүүлсэн гэх асуудал нь зөрчилд хариуцлага зайлшгүй байх зарчмыг үгүйсгэх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

6. Гомдол гаргагч нь шатахууныг хилээр оруулахад стандарт хангагдаж байсан хэмээн маргаж байх ч шатахуун импортлогч нь шатахууныг импортлохоос эхлээд тээвэрлэх, ШТС-д хүргэх, хадгалах, худалдах бүхий л үе шатанд чанар, стандартын шаардлагыг хангуулах үүрэгтэй, чанар стандартын шаардлагад хүрээгүй шатахуун худалдаалах нь түүнийг хэрэглэх хэрэглэгчийн эрхийг зөрчихөөс гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг хэргийг шийдвэрлэхэд харгалзсан болно.

7. Сонсгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй бөгөөд хэргийн оролцогчдын хүсэлт, зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн тул шүүх хуралдаанд оролцоогүй иргэдийн төлөөлөгчийн бичгээр ирүүлсэн хүсэлтдээ тусгасан дүгнэлтийг үнэлэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ... нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй” гэх зөрчилд холбогдогч С******* ХХК-д есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас үндэслэл бүхий байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг баримтлан гомдол гаргагч С******* ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА

 

ШҮҮГЧ                                                    Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                    Д.ЧАНЦАЛНЯМ