Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/240

 

 

 

 

 

      2024           02            22                                         2024/ДШМ/240

 

Б.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2308022911463 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын 11 дүгээр гудамжинд иргэн Д.Б-г “автомашины түлхүүр авлаа” гэх шалтгаанаар түлхэж унагаан, эрүүл мэндэд нь “баруун чамархайн тархины дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 605.912 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б олгож, хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй учир дутагдал бүхий шийдвэр болсон гэж үзэхээр байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив тал нь идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Б-г “автомашины түлхүүр авлаа” гэх шалтгаанаар түлхэж унаган, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Б-н мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж мэдүүлсэн “...Хашааны гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь очсон чинь эхнэр нь нөхрөө согтуу машин бариулахгүй гээд орилоод байсан. Би машиных нь түлхүүрийг нь булаагаад авсан. Тэгсэн чинь намайг араас тэвэрч аваад газарт хамт унасан. ...Маргалдсан ямар ч асуудал болоогүй, түлхүүрийг нь л булаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн дээрх мэдүүлгийг гэрч Д.С “...Манай ...охин М ...нөхрийн ах Батсүхийн ахын гэрээс орж асуутал 7 настай Мөнхжин “...Согтуу эрэгтэй хүн машинаа барьж явах гээд эхнэртэйгээ маргалдаад машин дотроо сууж байхад нь Дээгий ах түлхүүрийг нь булааж авсан. Нөхөр нь зодсон” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/ давхар нотолдог.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б-н эхнэр Г.М-д Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг нь тайлбарлан өгч, гэрчээр авсан “...Охиноо аваад хашаанаас гараад ...нөхөртэйгөө маргалдаж байтал нэг танихгүй эрэгтэй хүний гар орж ирээд манай машины түлхүүрийг сугалж аваад цаашаа яваад өгсөн. Манай нөхөр Б тэр эрэгтэйн араас нь хүүе, хөөе гэж дуудтал тоохгүй цааш явсан. Удалгүй манай нөхөр түлхүүрээ аваад ороод ирсэн. ...Манай нөхөр Б “Зодоогүй, түлхүүрээ авах гэж байгаад унагаачихлаа” гэсэн. ...Удалгүй хөрш айлын эмэгтэй над руу залгаад “Та хэдийг муудалцаад байна гэж бодоод түлхүүрийг чинь авсан юм байна” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18- 20 хуудас/-ээр хохирогч Д.Б-н эрүүл мэндэд учирсан хүнд хохирол шүүгдэгч Б.Б-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байхад шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, энэхүү дүгнэлтдээ тулгуурлан “...шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Б-т санаатайгаар гэмтэл учруулах сэдэл, зорилготойгоор, хохирол, хор уршигт зориуд хүргэхийн тулд өргөж унагаасан гэх нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй...” гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй байхад хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” шийдвэр гарсан гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийг гэмтээе гэсэн зорилготойгоор унагаагүй. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай эхнэр төрснөөсөө хойш эрүүл мэндийн шалтгаанаар стресстэй болсон. Тухайн үед намайг таксинд явж байхад манай эхнэр над руу залгаад гэрт хүргээд өг гэж хэлсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б...2023 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын 11 дүгээр гудамжинд иргэн Д.Б-г “автомашины түлхүүр авлаа” гэх шалтгаанаар түлхэж унагаан, эрүүл мэндэд нь “баруун чамархайн тархины дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан...” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн 2308022911463 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Б.Б холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шудрагаар ял оногдуулахаас гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гол зарчим нь хэргийн бодит байдлыг тогтоох юм. Мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй агаад шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээны үндсэн дээр тогтооно.

Харин Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай байж болох бүхий л нотлох баримтуудыг бүхэлд нь хангалттай шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг бүрэн хийгээгүй, дутуу шалгасан үйл ажиллаагаанаас улбаатай сөрөг үр дагавар нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал болох учиргүй.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас бие махбодь, эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүний хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж зөрчигдсөн эрхийг нь сэргээхэд харшлах шалтгаан болж, улмаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж ял завшуулах боломж олгох ёсгүй.

Учир нь, гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэнийг тогтоох зорилгоор нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагаа явуулахдаа нотлох баримтын хангалттай бүрдүүлээгүй, эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээгүй байна хэмээн дүгнэвэл энэ нь гэмт хэргийг үгүйсгэх, гэмт хэрэг үйлдсэн хүнд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж, 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хууль тогтоох байгуулагаас хуульчлан тогтоож өгсөн тул анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг зөвтгөх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй. 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                         Н.БАТСАЙХАН