Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/241

 

 

 

 

    2024             02            22                                        2024/ДШМ/241

 

Б.Д, Г.А, А.Б,

А.Б, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

яллагдагч Б.Дгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

яллагдагч Г.А, А.Б, А.Б, Б.Э нарын өмгөөлөгч М.Хувцагаан,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/2941 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхзулын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2309018682066 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Д, ...-ны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Г.А, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

3. Б.Э, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

4. А.Б, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

5. А.Б, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

Б.Д нь 2023 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ... ариун цэврийн өрөөнд Г.Атой үл ялих шалтгаанаар маргалдаж, үснээс нь зулгаан, нүүрэн тус газар нь  өвдөглөж хохирогч Г.Аын эрүүл мэндэд нүүрэнд цус хуралт, хүзүү, цээж, баруун тохой, хоёр шуунд зулгаралт, хоёр бугалга, шуу, баруун тохойнд, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Г.А, Б.Э, А.Б, А.Б нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ... үүдний хэсэг болон ариун цэврийн өрөө буюу олон нийтийн газарт бүдүүлэг догшин авирлаж, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, айлган сүрдүүлэх, өөрийн давуу байдлыг харуулж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, тус аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,

Г.А, Б.Э, А.Б, А.Б нар нь 2023 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ... үүдний хэсэг болон ариун цэврийн өрөөнд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа Б.Ды толгой, нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хүзүү, баруун чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Г.А, Б.Энар нь бүлэглэн С.А-н түлхэж унагаах, өшиглөх, нүүрэн тус газар нь цохих зэргээр зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд доод уруулын дотор салстад шарх, дагз, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух баруун бугуйд зулгаралт, зүүн сарвуу, зүүн хөхний доор цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Г.А, Б.Э, А.Б, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Иргэний нэхэмжлэгч ... ХХК-ын эд зүйлс эвдэрсэн эсэх, Эвдэрсэн бол ямар эд зүйлс эвдэрч, хэдий хэмжээний хохирол хэн учруулсныг тогтоох шаардлагатай. Тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсэх, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан эсэх талаар гэрч Г.А, Х.Н нар нь зөрүүтэй мэдүүлсэн байна. Иймд тухайн үйл явдлын улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсэх, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан эсэхийг шалгаж, тогтоох нь зүйтэй. Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоолоор тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг мөрдөгч Б.Ц, Н.Э нарт даалгажээ. Гэтэл тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч болох Я.Б нь хохирогчоор тогтоох, хохирогч, гэрчид эрх үүрэг тайлбарлаж, тэднээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагаануудыг хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчжээ. Яллагдагч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу  2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан эрхийг нь хязгаарласан байна гэж үзэв. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол...” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Д, Г.А, А.Б, А.Б, Б.Энарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид 1-т “...иргэний нэхэмжлэгчийн эд зүйлс эвдэрсэн эсэх, эвдэрсэн бол ямар эд зүйлс эвдэрч, хэдий хэмжээний хохирол хэн учруулсныг тогтоох шаардлагатай...” гэжээ. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О “...Эмэгтэй ариун цэврийн өрөөнд 5-6 хүн маргалдаж, хэрүүл зодоон үүсгэсэн байна. Улмаар уг асуудлаас болж манай байгууллагын ариун цэврийн өрөөний гар хатаагч, савангийн суурь, ариун цэврийн тусгаарлагч хаалтуудыг эвдэлсэн байсан. ...Манай байгууллагад 1.015.300 төгрөгийн хохирол учирсан байсан ба уг мөнгийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагын Голомт банкны ... дугаартай данс руу Б, А гэх нэртэй данснаас шилжүүлж өгч, улмаар манай байгууллага ямар нэгэн санал, гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг, ... ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ... тоот дансны хуулга, ... ХХК-ийн төлбөрийн баримт зэрэг нотлох баримтаар яллагдагч нарын үйлдлийн улмаас 2023 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө ... ХХК-ийн ариун цэврийн өрөөний гар хатаагч, савангийн суурь. Ариун цэврийн тусгаарлагч хаалт зэрэг эд хөрөнгө эвдэрч, улмаар 1.015.300 төгрөгийн хохирол учирсан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад ... ХХК-ийн эвдэрсэн эд зүйлс болон учирсан хохирлыг тогтоосон, тус хохирлыг яллагдагч нөхөн төлсөн зэрэг байдлыг нотлон тогтоосон байна. Яллагдагч нарын үйлдлийн улмаас “...” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх боловч үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна. Тодруулбал, хуулийн этгээдийн эд хөрөнгө устаж, гэмтсэн нь ариун цэврийн өрөөнд болсон маргааны улмаас, харилцан зодолдож байх үйлдлийн үйлчлэлийн дүнд учирсан байх бөгөөд буюу яллагдагч нар тухайн эд зүйлийг санаатай гэмтээсэн, устгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд яллагдагч нарын ... ХХК-ийн эд зүйлс эвдсэн үйлдэл нь бие даасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх учир эвдэрсэн эд зүйлсийн үнэлгээг гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх болон хэргийг зүйлчлэлд ноцтой нөлөө үзүүлэхгүй юм.

2-т “...гэрч Г.А, Х.Н нар нь зөрүүтэй мэдүүлсэн байна. Иймд тухайн үйл явдлын улмаас байгууллагын үйл ажиллагаа алдагдсан эсэх, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан эсэхийг шалгаж, тогтоох нь зүйтэй...” гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №491 дүгээр тогтоолоор “...Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой...” гэж тайлбарлажээ. Хэргийн материалд 2023 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө ... ХХК-ийн эзэмшлийн ... 1 дүгээр давхарт болсон үйл явдлын бичсэн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан. Тус хяналтын камерын бичлэгт дүрслэгдсэнээр тухайн байгууллагаар үйлчлүүлж буй бусад иргэд ариун цэврийн өрөө орох боломжгүй байгаа болон бусад нөхцөл байдал бичигдсэн байгаа. Хавтаст хэргийн материалд гэрч Г.А, Х.Н нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа хэдий ч хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр хэрэг учрал болсон үеийн сэргээн дүрслэхэд хангалттай, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгасан бусад нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан байна

3-т “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч болох Я.Б нь хохирогчоор тогтоох, хохирогч, гэрчид эрх үүрэг тайлбарлаж, тэднээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагаануудыг хийсэн байна..." гэжээ. 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудаст гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавсаргагдсан. Тус тэмдэглэлд “...Б.Дгийн гаргасан гомдлыг.,.2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 02 цаг 05 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв...Тэмдэглэл үйлдсэн: эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Я.Б...” гэсэн байна. Дээрх байдлаас дүгнэвэл эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Я.Б нь 2023 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө жижүүрийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэж, иргэнээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр, шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Тус тэмдэглэлд цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах мөрдөгчийн цохолтоор мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Э томилсон байна. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргын 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Б/66 дугаар тушаал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор тус хэрэгт мөрдөгч Б.Ц, Н.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

4-т “...Хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгэр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна....” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй...” гэж заасан. Яллагдагч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нь тус хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд прокурорын хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан байх бөгөөд дээд шатны прокуророос гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Яллагдагч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нь тус шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ба прокуророос гомдол гаргах эрхийг нь ханган хуульд заасан хугацаа өнгөрсний дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагч Г.А. Б.Э, А.Б, А.Б нарт яллах дүгнэлтийг гардуулсан тул оролцогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/2941 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч Б.Дын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Д нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Байгууллагын эд зүйл тухайн зодооны үед эвдэрсэн үү, хэн нэгэн санаатай устгаж гэмтээсэн үү гэдгийг мэдэхгүй. Тухайн байгууллагын ажилтан яллагдагч А.Баас мөнгө авсан байдаг. Ямар учраас мөнгө авсан, эд зүйл нь эвдэрсэн  бол үнэлгээ хийлгэх, өөр гэмт хэргийн шинж байж болзошгүй гэх мэтээр хэргийг тал бүрээс нь шалгасны дараа асуудлыг шийдвэрлэе гээд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлтийг гаргасан. Тухайн зодоон болж байхад н.Болормаа гэх охин танхай хэрэг дээр ял авахгүй гээд яллагдагч нарыг зодоонд оролцуулсан. Зодоонд оролцсон бүх хүмүүсийг шалгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Яллагдагч Г.А, А.Б, А.Б, Б.Э нарын өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг хэн төлөх ёстой вэ гэдгийг ялгаж салгаж ажиллагаа хийгээгүй. Нойлын өрөөнд яллагдагч Г.А, Б.Д нар хоорондоо ноцолдож эхэлснээр маргаан үүссэн. Гэрч н.А, н.Н нар нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа алдагдаж байна уу, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна уу гэдэг дээр дүгнэлт хийх эрх хэмжээтэй хүмүүс мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Дээрх үйл баримтыг тогтоох гэж байгаа бол тухайн байгууллад ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг авах ёстой байтал энэ ажиллагаа хийгдээгүй учир би удаа дараа хүсэлт гаргасан. Согтууруулах ундаа уусан хэсэг залуучууд нойлын өрөөнд байхдаа Б.Д бусдыг хэл амаар доромжлоход “та тэгж хэлж болохгүй” гэхэд яллагдагч Г.Аын үснээс зулгааж тухайн маргаан эхэлсэн. Шөнийн 2 цагт ресторан хаасан байхад хүмүүсийн амар тайван байдал алдагдуулсан нь бичлэгээр харагдана. Би 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүсэлт гаргахад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр надад “10 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байгаа учраас хүсэлтийг хангах боломжгүй” гэх хариуг өгсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй, процессын алдаа гарсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Д, Г.А, А.Б, А.Б, Б.Энарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “...Иргэний нэхэмжлэгч ... ХХК-ийн эд зүйлс эвдэрсэн эсэх, эвдэрсэн бол ямар эд зүйлс эвдэрч, хэдий хэмжээний хохирол хэн учруулсныг тогтоох шаардлагатай.

- Тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсэх, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан эсэх талаар гэрч Г.А, Х.Н нар нь зөрүүтэй мэдүүлсэн байна. Иймд тухайн үйл явдлын улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсэх, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан эсэхийг шалгаж, тогтоох нь зүйтэй.

- Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч болох Я.Батзориг нь хохирогчоор тогтоох, хохирогч, гэрчид эрх үүрэг тайлбарлаж, тэднээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагаануудыг хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчжээ.

- Яллагдагч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан эрхийг нь хязгаарласан байна гэж үзэв...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор тус эрүүгийн хэрэгт ажиллагаа явуулахаар мөрдөгч Б.Ц, Н.Э нарыг томилсон боловч мөрдөгч Я.Б нь хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох тогтоол гаргах зэргээр ажиллагаа хийжээ.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл нь 2023 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 02 цаг 05 минутанд цагдаагийн байгууллагад ирсэн, тухайн гомдол мэдээллийг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б нь хүлээн авч, тэмдэглэл үйлдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн хэлтэст хүргэгдсэн ирсэн зарим этгээдийг  хохирогчоор тогтоох, хохирогч, гэрчид эрх үүрэг тайлбарлаж, тэднээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагаануудыг нэн даруй явуулсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасанд нийцсэн байх тул мөрдөгч Я.Батзоригийн дээрх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өмгөөлөгч М.Хувцагаан нь 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр орлогч прокурорт гомдол гаргажээ. /2хх-70/, Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. /2хх-71/,

Прокурор яллах дүгнэлтийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдэж, оролцогч нарт яллах дүгнэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулж өгсөн байна.

Дээрхээс дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т “Гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах, эсхүл бусад арга хэмжээ авах бол 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.”,

мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 8-т “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус зааснаар дээд шатны прокурор гомдлыг хуульд заасан хугацаанд хариу өгсөн байна. Мөн яллах дүгнэлтийг гардуулсны дараа ирэх хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлэх хуулийн зохицуулалттай тул өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэхээр байна.

Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй  байна.

Иймд яллагдагч Б.Д, Г.А, А.Б, А.Б, Б.Э нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/2941 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Б.Д, Г.А, А.Б, А.Б, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН