2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/05026

 

 

 

 

 

 

 

 

2025  06   03  191/ШШ2025/05026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ба дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  тоотод оршин суух, Бор овогт Уу Уяа /РД:....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ... дүгээр хороо, Бага тойруу ..., өөрийн байранд байрлах, Тө б ХК /РД:....-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч У.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ер

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жа, Б.Лу, Б.Би

Гэрч З.Уу, Б.Бя, Н.Эн

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.У нь Тө б ХК-д 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Төв салбарт теллер, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дотоод хяналт, шалгалтын газарт үйл ажиллагааны хяналтын хэлтэст хянан шалгагчаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс банкны Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтэст аудитор албан тушаалд томилогдон ажилласан. Тө банд 10 дахь жилдээ ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Гэтэл ажил олгогч нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу У.Уыг эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед 88 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тогтоолоор ажлаас чөлөөлсөн байсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тус тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан.

Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тогтоолоор У.Уыг Мэдээллийн технологи аудитын төлөвлөлтийн хэлтсээс гүйцэтгэж байсан Тө бны 2023 оны 1 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт-ын тайланг буюу банкны нууц баримт бичгийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн ажлын компьютерт авсан, тухайн тайлангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд задруулсан гэх үндэслэл зааж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тус тогтоолд тухайлан заасан сахилгын зөрчлийг гаргаагүй бөгөөд байгууллагын нууц гэх асуудлыг задруулаагүй болно. Тус тогтоолын 1-р зүйлд дурдсанаар тухайлан заасан зөрчил нь өөрийнх нь тайлбар болон ажилчдын тайлбар, бусад баримтаар тус тус тогтоогдсон гэх боловч ажил олгогчийн зүгээс ажилтан надад тогтоосон баримтыг танилцуулж холбогдох тайлбарыг авах ёстой байтал ямар нэгэн хяналт, шалгалт хэрэгжүүлсэн баримт танилцуулаагүй, мэдэх эрхээр хангаагүй болно.

Түүнчлэн, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, 80.5, 80.6, 80.9 дах хэсэгт заасан хуулийн зохицуулалт, Тө бны дүрмийн 10.1, 10.4, 10.6, 10.8, ТУЗ-ын Ажиллах журмын 6.1, 6.2, 6.15, 6.17, 6.17.1-6.17.9, 6.18 дах хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл, ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудитын газрын ажилтнуудыг томилох, чөлөөлөх асуудлыг ТУЗ-ийн үйл ажиллагаа явуулах хэлбэр болох ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэх ёстой юм байна. Уг хурал нь ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэгдэж, шийдвэр нь ТУЗ-ийн хурлын тогтоол хэлбэртэй гарч, дарга гарын үсэг зурж, банкны тэмдэг дарж баталгаажуулахаар хуульчлагдаж, улмаар холбогдох дүрэм, журмаар нарийвчлан зохицуулагдсан байна. Гэтэл банкны ТУЗ тухайн өдөр Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитораар ажиллаж байсан У.Уыг ажлаас халах асуудлаар хуралдаагүй, тухайн асуудлыг авч хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан банкны ТУЗ-ийн даргын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01а/1350 дугаартай албан бичгээр нотлогдсон. Ийнхүү банкны ТУЗ 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилтан У.Уд сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар хуралдаагүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад ТУЗ-ийн дарга, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ТУЗ-ийн нэрийн өмнөөс 88 дугаартай тогтоол гаргаж, У.Уыг ажлаас халсан нь дээр дурдсан хууль, дүрэм, журамд нийцээгүй.

Банкны ТУЗ-ийн дарга Дотоод аудитын газрын ажилтнуудыг чөлөөлөх эрхгүй юм. Тодруулбал, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.6, Тө бны дүрмийн 10.13, 10.13.25-д зааснаас үзэхэд, Дотоод аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитораар ажиллаж байсан У.Уыг ажлаас халах эрх хэмжээ ТУЗ-ийн даргад олгогдоогүй байна. ТУЗ нь тухайн асуудлыг авч хэлэлцээгүй, хуралдаагүй ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад ТУЗ-ийн дарга нь түүний нэрийн өмнөөс бие даан тогтоол гаргах эрхгүй. Харин Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, банкны Дүрмийн 11.1-д зааснаар ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрх Банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон банкны дүрмээр ТУЗ-ийн даргад олгогдоогүй байна. Энэ талаар банкны ТУЗ-ийн даргын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01а/1350 дугаартай албан бичигт ...банкны Дотоод аудитын дүрмийн 5.6-д заасны дагуу ТУЗ-ийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан гэж тайлбарласан. Тухайн дүрмийн 5.6-д ДАГ-ын хяналтын аудитор, хуулийн мэргэжилтэн, ахлах аудитор, аудиторыг ДАГ-ын захирлын саналыг үндэслэн ТУЗ-ийн даргын шийдвэрээр томилж, чөлөөлнө гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийг ТУЗ-ийн даргын шийдвэрээр бус Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, банкны Дүрмийн 10.8-д заасан ТУЗ-ийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн. Тус тогтоолыг ТУЗ-ийн даргын шийдвэр гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, Компанийн тухай хууль, Банкны тухай хууль болон банкны Дүрэм, ТУЗ-ийн ажиллах журамд ТУЗ-ийн даргын шийдвэр гэж огт байхгүй болно. Дотоод аудитын дүрмээр зохицуулах зүйлсэд тухайн газрын ажилтнуудыг ажлаас халах, чөлөөлөх харилцааг зохицуулаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт энэ хуулийн 2.3-т зааснаас хөдөлмөрийн эрх зүйн хэм, хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3. Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ, 2.3.3. захиргааны хэм хэмжээний акт, 2.3.7. аж ахуйн нэгж байгууллагын дотоод хэм хэмжээ гэж заасан. Үүнээс үзвэл, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл дээд эрэмбэтэй болон ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх юм байна. Компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр батлагдаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн Тө бны дүрэм нь Тө бны Дотоод аудитын дүрэм-ээс илүү дээд эрэмбэ, дараалалтай юм байна. Тө бны дүрмээр нэхэмжлэгчийг ажлаас халах асуудлыг ТУЗ-ийн 9 гишүүний дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр бол Дотоод аудитын дүрмээр ТУЗ-ийн дарга дан ганцаараа шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. Ажилтныг ажлаас халах асуудлыг 1 хүн шийдвэрлэснээс 9 хүний дийлэнх олонхын саналаар шийдвэрлүүлэх нь ажилтанд илүү таатай нөхцөлийг олгох юм. Иймд шүүх энэ тохиолдолд дээд эрэмбэтэй, ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалт болох Тө бны дүрмийн 10.13.25-д заасныг хэрэглэх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан 88 дугаартай тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 8.4.25, Хөдөлмөрийн дотоод журмын 24.3.5-д заасныг тус тус үндэслэжээ. Хөдөлмөрийн гэрээний 8.4.25-д банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж үрэгдүүлэх, нууцлах задруулах гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан эсэхийг авч үзэхээс өмнө банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээлэл гэдэгт юуг хамааруулахыг тодруулах шаардлагатай юм. Эдгээр баримт материал, мэдээллийг Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нууц гэж тогтоосон бол байгууллагын нууцад хамаарахаар байна. Тө бны 2023 оны 1 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайланг Улсын их хурал холбогдох ямар хуулиар нууц гэж тогтоон баталгаажуулсан эсэхийг тодорхой болгох шаардлагатай юм. Харин байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой байгууллагын өөрөө нууцалж, хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа, шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт хуульчилсан байна. Тодруулбал, Тө бны 2023 оны 1 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайлан, түүний төслийг Тө б өөрөө байгууллагын нууцад хамааруулах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь банкны нууцын зэрэглэлтэй баримт материал, мэдээллийг алдаж үрэгдүүлээгүй нууцлалыг гуравдагч этгээдэд задруулаагүй юм. Тө бны 2023 оны 1 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайлан нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор баталгаажсан байдаг. Иймд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Дотоод аудитын дүрмийн 11.4.2-д зааснаар албан ёсоор баталгаажаагүй тайлангийн төслийг бусдад задруулсан гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль бус болжээ. Учир нь, Тө бны нууцын зааврын 2 дугаар хавсралтаар баталсан Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт-д ...Дотоод аудитын газраас хийсэн аудитын ажлын хүрээнд цугларсан нотлох баримт, Дотоод аудитын газраас ТУЗ-д гаргасан дүгнэлт, Дотоод аудитын шалгалтын тайланг банк дотор хаалттай буюу нууц мэдээлэлд хамааруулсан байна. Энэхүү жагсаалтад шалгалтын тайлангийн төсөл хамаарахгүй байх тул энэ үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь үндэслэлгүй юм.

Тө бны нууцын зааврын 9.1-д зааснаар Гүйцэтгэх захирлын тушаалаар нууцтай харьцах эрх бүхий 3-аас доошгүй албан тушаалтны бүрэлдэхүүнтэй комисс томилоогүй, нууц задарч, үрэгдсэн эсэх, эзэн холбогдогч болон хохирлыг тогтоох арга хэмжээ огт аваагүй юм. Түүнчлэн, аудитын ажлын хэсэгт нэхэмжлэгч оролцоогүй тул түүнийг ажил үүргийн дагуу буюу аудитын хүрээнд олж авсан мэдээллийг бусдад задруулсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр, Тө бны ажилтан Ч.Уын тухай түүнээс өөрөөс нь тодруулсныг нууц мэдээллийг бусдад задруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт зааснаар хүн өөрт буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангаж болохыг зөвшөөрсөн. Түүнчлэн, Банкны тухай хуулийн 7.2.1, банкны Дүрмийн 4.10.1-д зааснаас үзвэл, банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтан хориглохоор байна. Нэхэмжлэгч нь банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөөгүй, задруулаагүй, ашиглаагүй болно. Гагцхүү өөрийн нөхрөөсөө аудитын шалгалтын тайлангийн төсөлд тусгагдсан асуудлыг асууж, тодруулснаа үнэн зөвөөрөө мэдүүлсэн. Энэ нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасны дагуу банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглах явдал биш бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 8.4.25-д заасан банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж үрэгдүүлэх, нууцлалыг задруулах гэсэн ноцтой зөрчилд хамаарахгүй байна. Ажлаас чөлөөлсөн тогтоолын 1-д ... өөрийнх нь болон ажилчдын тайлбар, бусад баримтаар тус тус тогтоогдсон гэх боловч ажил олгогчийн зүгээс ажилтанд тогтоосон баримтыг танилцуулж, холбогдох тайлбарыг авах ёстой байтал ямар нэгэн хяналт, шалгалт хэрэгжүүлсэн баримт танилцуулаагүй, мэдэх эрхээр хангаагүй. Түүнчлэн, тус тогтоолд Тө бны Дотоод аудитын дүрмийн 13.3, 5.6-д зааснаар ТУЗ-ийн даргын шийдвэрээр чөлөөлөх ёстой байтал ТУЗ-ийн хурлын тогтоолоор ажлаас халсан нь банкны Дотоод аудитын дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь ажлаас халсан тогтоолыг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Улмаар шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд шүүгчийн захирамжид дурдсан зөрчлөө бүрэн арилгаж, нэр төр сэргээлгэх тухай гэсэн хэсгийг хассанаар дахин нэхэмжлэл гаргасан.

Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Тө бны Дотоод аудитын газрын харъяа Ерөнхий аудитын хэлтсийн Аудиторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, хариуцагч нь банкны гүйцэтгэх захирал бус ТУЗ байна. Иймд хариуцагчийг тодруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч У.Уын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тайлбар өгөх нь гэсэн гараар бичсэн тайлбарт ... Харахад ТОП 20 ашиглан хийж болзошгүй хүний жагсаалт дээр Ч.Уын нэр орсон байсан. Тэгэхээр нь наад тайлангаа шидчих харъя гэж хэлээд компьютер Skype-р авсан. Замын-Үүд ажлын хэсгийн зүгээс хэсэгт гээд Барсаагаас Excel жагсаалт ирсэн. Өөр тайлан байгаа гэж тухайн өдрийг хүртэл би мэдээгүй. Нөхрөөсөө асууж тодруулсан... гэж өөрөө тайлбарласан. Нэхэмжлэгч У.Уд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 15 минутад Дотоод аудитын газрын Захирал Б.Боэс Мэдэгдэл өгөх тухай албан бичгийг гардуулж өгсөн бөгөөд уг мэдэгдэлд ... тайланг өөрийн хамаарал бүхий этгээдэд задруулсан нь Таны тайлбар болон бусад холбогдох баримтаар тогтоогдож байна гэж мэдэгдсэн. Тус мэдэгдэлд дурдсаны дагуу 2 хоногийн хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч У.У нь ганц ч баримттай танилцах талаар хүсэлт тавиагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасны дагуу холбогдох баримттай танилцсаны үндсэн дээр тайлбараа гаргаж өгөх боломжоор хангасан боловч өөрөө танилцаагүй болно.

Нэхэмжлэлд дурдсан Дотоод аудитын газрын дүрмийн 5.6 дахь заалт нь Тав.Дотоод аудитын удирдлага, зохион байгуулалт гэсэн бүлэгт хамаарах бөгөөд уг зохицуулалт нь томилж, чөлөөлөх гэсэн агуулгыг агуулж байна. Харин У.Уд сахилгын шийтгэл ногдуулсан Дотоод аудитын газрын дүрмийн заалт буюу 13.3 дахь заалт нь Арван гурав.Хариуцлага гэсэн бүлэгт хамаарах бөгөөд уг зохицуулалт нь хариуцлагын арга хэмжээг авах зохицуулалтыг агуулсан буюу ТУЗ-ийн дарга сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон зохицуулалт болно. Мөн Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дах хэсэгт ТУЗ-ийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд ТУЗ-ийн хурлын дарга гарын үсэг зурна гэж заасан. ТУЗ-ийн хурлын тогтоолоор ажлаас халсан нь Дотоод аудитын газрын дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2 үндэслэл нь өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар болон Компанийн тухай хууль, Дотоод аудитын газрын дүрмийн холбогдох заалтуудаар няцаагдаж байгаа нь нэхэмжлэл үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

У.У нь Тө б ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/176 дугаартай Тө бны нууцын заавар-ын 5.1-т Нууц баримт бичиг, материалыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, танилцуулах, зориулалтын бус байр, шүүгээнд хадгалах, банкнаас гадагш авч гарах, банк түүний харилцагчийн нууцтай холбоотой мэдээллийг гуравдагч этгээдийн дэргэд солилцох болон утсаар ярихыг ажилтнуудад хориглоно гэснийг зөрчиж банкны нууц баримт бичгийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн ажлын компьютерт авч, нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулсан болно. Мөн тус зааврын 2 дугаар хавсралтаар баталсан Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт-ын Дотоод аудитын газар-ын 5 дахь хүснэгтэд "Шалгалтын тайлан, холбогдох материал, 6 дахь хүснэгтэд "Тайлангийн дүгнэлт", 7-д Шалгалтын тайлан холбогдох материал зэрэг нь Нууцын зэрэглэлийн хувьд Банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл-д хамаарах баримт бичгүүд байхаар журамласан.

Нэхэмжлэгч У.У нь банкны 2023 оны 1 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайлангийн мэдээллээс өөрийн хамаарал бүхий этгээд болох Ч.Ут задруулсан нь өөрийнх нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Тайлбар гаргах нь" тайлбар, түүнд уг тайланг өгсөн ажилтан болох Дотоод Аудитын газрын Ерөнхий аудитын хэлтсийн аудитор Б.Бын мөн өдөр гаргасан тайлбар, Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн Захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бичгээр гаргасан тайлбар зэргээр нотлогдсон болно. Уг үйлдэл нь ТУЗ-ийн дарга болон аудитор У.У нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ДАГ-23/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 7.2.1, 8.4.25-т заасныг тус тус зөрчсөн. Иймд хууль болон гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарсан. Иймд Дотоод аудитын дүрмийн 13.3-т ...ДАГ-ын ахлах аудитор, аудиторт ДАГ-ын захирлын саналыг үндэслэн ТУЗ-ийн даргын шийдвэрээр Хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлагын арга хэмжээг авна гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг Дотоод аудитын газрын удирдлагуудын гаргасан саналыг харгалзан Төлөөлөх удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 88 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ТУЗ-ийн даргыг эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай бөгөөд Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн тогтоолыг төлөөлөх эрх огт олгогдоогүй тул эрх бүхий этгээд шүүхийн ажиллагаанд оролцоогүй гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдийг үндэслэн нэхэмжлэгч У.Уын нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, 2023.10.19-ний өдрийн 88 дугаар Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай /хх-5/, Хөдөлмөрийн гэрээ /хх-6-12/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-13-15/, Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар /хх-16/, Тө бны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Тэлмүүнд гаргасан өргөдөл /хх-17/, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрийн хуулбар /хх-18-21/, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-22-24/, 2019.10.01-ний өдрийн Б/1489 дугаар У.Утай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай захирлын тушаал /хх-42/, 2019.10.02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-43-45/, Ажлын байрны тодорхойлолт /хх-46-48/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-49/, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар /хх50/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-51/, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-52-58/, Шонхор мед эмнэлэгийн тодорхойлолт /хх-189-190/, тогтоол гардуулсан тэмдэглэл /хх-191/, ажил хүлээлцсэн акт /хх-192/, У.Эрхэсийн төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-120/, нэхэмжлэгчийн ДАГ-ын захирал Б.Бод өгсөн тайлбар /2хх-121-122/ Ч.Нарийн тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-123-124/, гэрч Ч.Уын нийгмийн даатгалын шимтгэлд төлөлтийн лавлагаа, нууцын баталгаа /2хх-125-126/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас /хх-205/, Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-206/, нэхэмжлэгчид тогтоол хүргүүлэх тухай албан бичиг /хх-207/, тогтоол гардуулсан тэмдэглэл /хх-208/, Ирцийн мэдээлэл /хх-209/, Тө бны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт /хх-210-213/, 2023.01.16-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-214/, Б.Бын тайлбар /хх-215/, Зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-216/, Н.Эгийн тайлбар /хх-217/, Хөдөлмөрийн гэрээ /хх-218-222/, Ажлын байрны тодорхойлолт /хх-223-224/, Тө бны нууцын заавар /хх-225-250, 2хх-1-6/, Тө б ХК-ийн дүрэм /2хх-7-19/, Тө б ХК-ийн дотоод аудитын дүрэм /2хх-20-27/,

 

5. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: Тө б ХК-ийн дүрэм /хх-70-82/, Тө б ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тө бны Дотоод аудитын дүрэм /хх-83-89/, Тө б ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам /хх-90-96/, Тө б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/137 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тө бны Хөдөлмөрийн дотоод журам /хх-97/, Тө б ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам /хх-98-115/, нэхэмжлэгч У.Уын цалингийн тодорхойлолт, лавлагааг /Сүүлийн 1 жилийн байдлаар/ /хх-116/, Тө б ХК-ийн Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсээс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Тө б ХК-ийн 2023 оны 1 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт (Гүйцэтгэлийн аудит)-ын тайланг, холбогдох хавсралтын хамт /2хх-51-68/, Мобиком корпораци ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 06 минутад 9903-2834 дугаарт 8801-6020 дугаараас залгасан эсэх лавлагаа /2хх-109/, Тө б ХК-аас тус компанийн ТУЗ-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл /2хх-114-115/, Юнител ХХК-иас 8801-6020 дугаарыг эзэмшигч нь Ч.У мөн эсэх лавлагаа /2хх-116/ зэрэг баримтууд цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.У нь хариуцагч Тө б ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Тө бны Дотоод аудитын газрын харьяа Ерөнхий аудитын хэлтсийн Аудиторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ, ажил олгогчийн зүгээс ажилтны зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх баримтын талаар танилцуулаагүй, холбогдох тайлбарыг аваагүй, ТУЗ-ийн дарга ажлаас чөлөөлөх ёстой байтал ТУЗ-ийн хурлын тогтоолоор ажлаас чөлөөлсөн нь Дотоод аудитын дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх ёстой, Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Тө бны дүрэм, Дотоод аудитын газрын дүрмээс үзвэл, аудитор У.Уыг ажлаас халах эрх ТУЗ-ийн даргад олгогдоогүй, тус хууль, дүрэм болон ТУЗ-ийн ажиллах журамд ТУЗ-ийн даргын шийдвэр гэж байхгүй, ТУЗ-ийн хурлаар У.Уд сахилгын шийтгэл ногдуулах талаарх асуудлыг хэлэлцээгүй, албан ёсоор баталгаажаагүй тайлангийн төсөл болон банкны нууцад хамаарахгүй баримт мэдээллийг бусдад задруулсан гэж үзэхгүй, тухайн аудитын ажлын хэсэгт оролцоогүй тул ажил, үүргийн хүрээнд олж авсан мэдээллийг задруулаагүй, банкны Нууцын зааврын дагуу комисс томилогдож, нууц задарч, үрэгдсэн эсэх, эзэн холбогдогч болон хохирлыг тогтоох арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгч нь өөрийн нөхөр, Тө бны ажилтан Ч.Уын тухай түүнээс өөрөөс нь тодруулсныг нууц мэдээллийг бусдад задруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлав.

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Дотоод аудитын газрын дүрэмд зааснаар аудиторыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх асуудлыг ТУЗ-ийн дарга шийдвэрлэдэг, нэхэмжлэгч нь хяналтын тайлангийн мэдээллээс өөрийн хамаарал бүхий этгээд болох Ч.Ут задруулсан болох нь түүний өөрийнх нь гаргасан тайлбар болон нэхэмжлэгчид уг тайланг өгсөн аудитор Б.Бын тайлбар, Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн Захирлын гаргасан бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон, тухайн тайлан нь банкны Нууцын зааврын 5.1, тус зааврын хавсралтаар баталсан жагсаалтад хамаарах нууц баримт бичигт хамаарах тул Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн, түүнд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Мэдэгдэх хуудас өгсөн боловч дурдсан хугацаа болох мөн сарын 18-ны өдрийн байдлаар аливаа баримттай танилцах хүсэлт болон тайлбар гаргаагүй, түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбар гаргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч У.У нь Тө б ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргатай 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ДАГ-23/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу Тө б ХК-ийн Дотоод аудитын газрын харьяа Ерөнхий аудитын хэлтэст аудитораар ажиллаж байгаад тус банкны ТУЗ-ийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тогтоолоор ажлаас халагджээ.

Хариуцагч нь ТУЗ-ийн дарга өөрийн шийдвэрээ ТУЗ-ийн хурлын тогтоол гэсэн хэвлэмэл маягт дээр хэвлэдэг талаар тайлбарласан.

5. Тө бны ТУЗ-ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, ТУЗ-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Тө б ХК-ийн Дотоод аудитын дүрмийн 13.3, ДАГ-23/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 7.2.1, 8.4.25, Тө б ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 24.3.5-д заасныг тус тус үндэслэн ... У.У нь Мэдээллийн технологи аудитын төлөвлөгөөний хэлтсээс гүйцэтгэж байсан Тө бны 2023 оны 01 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт-ын тайланг буюу банкны нууц баримт бичгийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн ажлын компьютерт авсан, тухайн тайлангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд задруулсан нь өөрийнх нь болон ажилчдын тайлбар, бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул... гээд ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

5.1. Зохигчдын тайлбар болон хэргийн 2 дугаар хавтас 34 дэх талд авагдсан У.Уын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон ...2023.09.29-ний өдөр Б.Боос тайлан дээр танай хүний нэр орсон байна шүү дээ гэхээр нь ...наад тайлангаа шидчих, харъя гэж хэлээд компьютер Skype-р авсан. Өөр тайлан байгаа гэж тухайн өдрийг хүртэл би мэдээгүй. Нөхрөөсөө асууж тодруулсан, өөр тайлан бусдад тараасан зүйл байхгүй.. гэх бичгийн тайлбар,

хэргийн 1 дүгээр хавтас 185, 215 дах талд авагдсан Б.Бын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон ...2023.09.29-ний өдөр Замын-Үүд салбарт ажиллах хугацаандаа Аудитор уг тайланг дотоод чатаар дамжуулан өгсөн болно. Уг тайлан дээр У.Уын нөхөр болох хүний мэдээлэл байсан. У.У нь тулгаж харъя над руу явуулаач гэж хэлээд авсан гэх мөн түүний 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон ...2023.09.29-ний өдөр аудитор У.Уд Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэж буй эцэслэгдээгүй байсан Зайны хяналтын тайлангийн төслийг дамжуулж өгсөн..., гэх тайлбар,

хэргийн 1 дүгээр хавтас 217 дах талд авагдсан Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн захирал Д.Энгийн 2023 оны 10 дугаар сарын. 12-ны өдрөөр огноолсон ...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 06 минутад Ч.У залгаж, Зайны тайлангаар надтай холбоотой асуудал гарсан гэж бичсэн байна...яагаад надад хэлэхгүй ингэж бичиж байгаа талаар асууж тодруулсан.. ямар сувгаар яаж мэдээлэл авсан талаар асуухад, ДХШГ-аас сонсож мэдсэн, эхнэрээсээ мэдээлэл авсан юм уу гэж асуухад үгүй гэсэн тайлбар өгсөн гэх тайлбар бүхий бичмэл баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр,

Мэдээллийн технологи аудитын төлөвлөгөөний хэлтсээс гүйцэтгэж байсан Тө бны 2023 оны 01 дүгээр хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналтын тайланд өөрийн нөхөр Ч.Уын ажил, үүрэгтэй холбоотой мэдээлэл агуулагдаж байсан талаар тодруулахаар тус тайланг аудитор Б.Боос 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр компьютертоо хүлээн авч, улмаар тухайн тайланд тусгагдсан мэдээллийг Ч.Ут мэдэгдэж, Ч.У нь тухайн асуудлаар Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсийн захирал Н.Э руу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр холбогдсон үйл баримт тогтоогдож байна.

6. Зохигчид дээрх тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй харин эрх бүхий этгээд У.Уыг ажлаас чөлөөлсөн эсэх, түүний өөртөө олж авсан шалгалтын тайлан нь банкны нууцад хамаарах эсэх, нөхөр Ч.У нь банк, түүний харилцагч, гуравдагч этгээд мөн эсэх талаар маргасан гэж үзэхээр байна.

6.1. Тө б ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар баталсан Тө б Хувьцаат компанийн дүрмийн 10.13.25.ТУЗ-ийн дэргэдэх Засаглалын алба, Дотоод аудитын газар болон Комплайнсийн хяналтын чиг үүрэг хариуцсан нэгжийн орон тоог батлах, захирал, аудитор, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, цалин, нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт урамшууллыг тогтоох бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлэх гэж заасан.

Мөн Тө б ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Тө б ХК-ийн Дотоод аудитын дүрмийн 13.3. ДАГ-ын захирал, хэлтсийн захиралд ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны саналыг үндэслэн, ДАГ-ын хяналтын аудитор, хуулийн мэргэжилтэн, ахлах аудитор, аудиторт ДАГ-ын захирлын саналыг үндэслэн ТУЗ-ын даргын шийдвэрээр Хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлагын арга хэмжээг авна гэж заасан. 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаартай Тогтоолын хавсралтаар баталсан Тө б ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмын 4.1-д ТУЗ-ийн дарга нь хууль тогтоомж болон банкны дүрмээр тогтоогдсон эрх хэмжээний хүрээнд Гүйцэтгэх удирдлагатай харилцах, банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах, банкны эрх ашгийг төлөөлөх зэргээр банкны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус журамлажээ.

Түүнчлэн, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний заавал хүлээх үүргийг тусгана гэж хуульчлан зохицуулсан. Түүнээс ТУЗ-ийн даргын эдлэх эрхийг Банкны тухай хуулиар тусгайлан ялгаж зохицуулаагүй байна. ТУЗ нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тогтоосон эрх хэмжээний хүрээнд холбогдох зарим эрхийг ТУЗ-ийн даргыг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэ эрхийн хүрээнд банкны ТУЗ-ийн дарга нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, улмаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

Иймд ТУЗ-ийн дарга Банкны тухай хууль, Тө б ХК-ийн дүрэм, ТУЗ-ийн ажиллах журам зэргээр өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн буюу аудиторыг ажлаас халах эрхгүй гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

6.2. Хэргийн 2 дугаар хавтас 27 дах талд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Мэдэгдэл өгөх тухай гэсэн баримтаас үзвэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийсэн байна.

Тодруулбал, Дотоод аудитын газрын захирал Б.Бнийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа талаар болон түүний гаргасан гэх зөрчил, түүнд хамаарах хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй байдлаар тусгаж, зөрчилтэй холбоотой тайлбараа 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас өмнө Дотоод аудитын газрын захиралд бичгээр гаргаж өгөхийг мэдэгдсэн байна.

Иймд ...тогтоосон баримтыг танилцуулж, холбогдох тайлбарыг аваагүй...мэдэх эрхээр хангаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

6.3. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно гэж заасан.

Тө бны нууцын заавар-ын 1.3.1-д банк, түүний харилцагчийн бүх нууц мэдээллийг банкны нууц гэж тусгасан байна. Тус зааврын 2 дугаар хавсралтаар баталсан Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт гэсэн хүснэгтийн 5, 7 дугаарт тусгагдсан Дотоод аудитын газрын аудитын ажлын хүрээнд цугларсан нотлох баримт, аудитын шалгалтын тайлан, холбогдох материал нь Тө бны нууцын заавар-ын 1.3.2.2-т заасан банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл гэсэн нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт хамаарахаар байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт цугларсан Дотоод аудитын газраас Тө бны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагаанд зайнаас хийсэн хяналт гэсэн баримтыг үзвэл, банкны Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, аудитын төлөвлөлтийн хэлтсээс Тө бны 2023 оны 1-р хагас жилийн нэгжийн үйл ажиллагааг зайнаас хянаж, хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх аудитын ажлыг Ахлах аудитор А.Ба, аудитор Х.Банар 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэв гэсэн байна.

Энэхүү тайлан нь эцсийн байдлаар баталгаажаагүй боловч Тө бны нууцын зааврын 1.3.2.2-т заасан банк дотор хаалттай буюу нууц мэдээлэл гэсэн хэсэгт хамаарах юм.

Түүнчлэн, У.У болон Тө б ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга нарын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ДАГ-23/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 7.2.1-д Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Тө б ХК-ийн Дотоод аудитын дүрэм, ДАГ-ын бусад холбогдох дүрэм, журам, Тө б ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Тө бны ажилтны ёс зүйн дүрэм, ... Нууцын заавар болон холбогдох бусад эрх зүйн баримт бичиг, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавраар хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлж мөрдлөг болгож ажиллах үүргийг ажилтан хүлээхээр тусгасан байна.

Тө бны нууцын заавар-ын 5.1-д нууц баримт бичиг, материалыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, танилцуулах, зориулалтын бус байр, шүүгээнд хадгалах, банкнаас гадагш авч гарах, банк, түүний харилцагчийн нууцтай холбоотой мэдээллийг гуравдагч этгээдийн дэргэд солилцох болон утсаар ярихыг ажилтнуудад хориглосон байна.

Иймд нэхэмжлэгч У.У нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, Тө бны нууцын заавар-ын 5.1-д заасны дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, банкны нууц гэж үзсэн баримт, мэдээллийг бусдад буюу өөрийн нөхөр Ч.Ут задруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэв.

6.4 Тө бны нууцын зааврын 9.1-д Банкны нууц задарсан, нууц баримт, материал үрэгдсэн тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаалаар нууцтай харьцах эрх бүхий 3-аас доошгүй албан тушаалтны бүрэлдэхүүнтэй комисс томилж, нууц задарч үрэгдсэн үндсэн шалтгаан, эзэн холбогдогч болон хохирлыг тогтоох арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулна гэж нууц задрах, нууц баримт бичиг, материал үгүй болоход авах арга хэмжээний талаар зохицуулсан.

Нэхэмжлэгч талаас гүйцэтгэх захирлын тушаалаар нууцтай харьцах эрх бүхий 3-оос доошгүй албан тушаалтны бүрэлдэхүүнтэй комисс томилоогүй, нууц задарч үрэгдсэн эсэх, эзэн холбогдогч болон хохирлыг тогтоох арга хэмжээгүй аваагүй гэсэн бол хариуцагч талаас дээрх Тө б ХК-ийн дүрэм, бусад холбогдох журмаар Дотоод аудитын газар нь гүйцэтгэх удирдлагаас хараат бус байх учир гүйцэтгэх захирлын тушаалаар комисс томилох боломжгүй, бид өөрсдөө хяналт шалгалт явуулсан гэх тайлбарыг гаргасан.

Тө бны нууцын зааврын 9.3-т комисс ямар нууц яаж үгүй болсон /задарсан/, банк болоод харилцагчид ямар үр дагавар бодитойгоор учирсан болон болзошгүй хор нөлөө, хохирол зэрэгт үнэн зөв үнэлэлт өгч, дүнг ажлын 5 өдрийн дотор гүйцэтгэх захиралд танилцуулж, шийдвэр гаргуулахаар санал оруулна гэж зааснаас үзвэл гүйцэтгэх захирлаас томилогдсон комисс ажлаа гүйцэтгэх захиралд тайлагнаж, шийдвэр гаргуулахаар санал оруулахаар байна.

Дотоод аудитын дүрэм, Тө б ХК-ийн дүрэмд зааснаар Дотоод аудитын газар нь гүйцэтгэх удирдлагаас хараат бус байдлаар зохион байгуулагдаж, гүйцэтгэх удирдлагын банкны хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ын хүргүүлж буй тайлан мэдээ нь үнэн зөв эсэхэд хяналт тавих зэргээр бие даасан хараат байдлаар чиг үүргээ хэрэгжүүлэх тул гүйцэтгэх захирлаас комисс томилж, түүнд тайлагнан шийдвэр гаргуулах боломжгүй талаарх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзлээ.

Харин хариуцагч талаас Дотоод аудитын газрын захирал Б.Бо, Дотоод аудитын газрын харьяа Ерөнхий аудитын хэлтсийн захирал Д.Жавхландорж, аудитор Б.Б, У.У нарыг байлцуулан уулзалт хийж, шалгалт явуулсныг Дотоод аудитын газрын МТАТХ-ийн ахлах аудитор Х.Буяндалай шалгаж, Дотоод аудитын газрын МТАТХ-ийн захирал Н.Э хянаж Зөөврийн компьютерт үзлэг хийсэн тухай баримт үйлдсэн байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь Тө б ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргатай 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ДАГ-23/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 8.4.25-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул түүнийг ажлаас халсан ТУЗ-ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчээс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч У.Уын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч У.Уын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Уын хариуцагч Тө б ХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч У.Уын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарах тул түүний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ