Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2025/00365

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2025/00365

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Б******* И******* ХХК-ийн Т** а** ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 3,095,250 төгрөг гаргуулах хүссэн нэхэмжлэлтэй 316/2025/00352/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Б** И**" ХХК нь "Т**" ХХК /РД: 3771318/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. "Т** а**" ХХК нь Сэлэнгэ аймаг, С******* сум, **-р баг, О*, **-р хэсэг, ** байр, ** тоотод байрладаг бөгөөд "Вее маркет" нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг, манай байгууллагын харилцагч билээ. Манай байгууллага нь "Т**" ХХК-тай 2024.03.24-ний өдөр "Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ" байгуулсан бөгөөд гэрээний дагуу "Вее маркет" хүнсний дэлгүүрт 2024.05.17-ны өдөр 2,120,000 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа шаардсан боловч төлөхгүй байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 "Хэрвээ талууд санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцлөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын харьяалах шатны шүүхээр шийдвэрлүүлнэ." заалтыг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна. Бараа хүлээн авснаас хойш 2024.05.20-ны өдөр бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 162,450 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2,063,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл буюу 2025.04.21-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. "Туж ананд" ХХК нь 2,063,500 төгрөгийг төлөлгүй 2024.05.20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025.04 21-ний өдрийг хүртэл нийт 296 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Бараа бүтээгдэхүүний төлбөр 2,063,500 төгрөгийн алдангийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасныг үндэслэн тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дах заалтыг баримтлан үндсэн төлбөрийн 50 хувиар тооцов. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар гэрээний харилцаа үүссэн боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 2,063,500 төгрөг, алданги 1,031,750 төгрөг, нийт 3,095,250 /гурван сая ерэн таван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... "Б***" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Т***" ХХК-нд холбогдох "үндсэн төлбөр 2,063,500 төгрөг алданги 1,031,750 төгрөг нийт 3,095,250 төгрөг гаргуулах" тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

  1. Хариуцагч "Т**" ХХК-аас нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 2,063,500 төгрөгийг 2025 оны 04 сарын 30 өдөр төлсөн.
  1. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл алданги 1,031,750 төгрөгөөс нэхэмжлэгч 50 хувиас буюу 515,875 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 515,875 төгрөгийг 2025 оны 05 сарын 15 өдөр төлж барагдуулна.
  1. Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан ба гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Б** ХХК нь Т** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 3,095,250 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигч эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хороонд байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,474 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,579,375 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 56,220 төгрөгийн тал хувь болох 28,110 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 28,110 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б** ХХК-ийн Т** ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 3,095,250 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчийн дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,474 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,579,375 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 56,220 төгрөгийн тал хувь болох 28,110 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 28,110 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ