| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0461/Э |
| Дугаар | 506 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн 1806010330532 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо "Нарны адис" компанийн хашаа, Улаанхуарангийн 1-1138 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ЛЖ76120918/, Б овгийн Б-ийн А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Энхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч У.Энхбаярын мэдүүлэг /хх-12-13/, гэрч Б.Батчулууны мэдүүлэг /хх-22/, хохирогч У.Энхбаярын биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 1980 дугаартай дүгнэлт /хх-24/, шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36/, шүүгдэгч Б.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, шүүгдэгч Б.А-гийн ял шалгах хуудас /хх-25, 26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Энхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч У.Энхбаярын өгсөн: “...2018 оны 01 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Наранхүүгийн гэрт нь очсон. Тэгээд Наранхүү бид хоёр гараад дэлгүүр ороод 1 шил архи аваад замдаа талыг нь хувааж уугаад тал шил архитай яваад орсон чинь А "тал шил архитай орж ирлээ гуйлгачингууд чинь, би уухгүй" гэхээр нь "тэгвэл больчихгүй юу" гэхэд А миний уруул руу гараараа 1 удаа цохьсон чинь дээд уруул сэтэрч цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан..." /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батчулууны өгсөн: “...2018 оны 01 сарын 25-ны өдөр нөхөр Энхбаяр бид хоёр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байдаг Наранхүүгийн нэрт очсон. Тэгээд Наранхүү, Баярмаа Туул, Энхбаяр бид нар 2 шил архи уусан. Дараа нь Энхбаяр, Наранхүү хоёр дэлгүүр яваад буцаж ирэхдээ тал шил архитай орж ирсэн чинь А уурлаад тэр хоёр муудалцаад А нь Энхбаярын нүүр рүү 1 удаа цохьсон чинь уруулаас нь цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан..." /хх-22/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 1980 дугаартай дүгнэлт:
1. У.Энхбаярын биед уруулын шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй. /хх-24/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн: “ Би 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дүү Наранхүүгийн гэрт Энхбаярын уруул руу 1 удаа гараараа цохиод гэмтэл учруулсан нь үнэн. Би буруугаа ойлгож байна. Дахин ийм алдаа гаргахгүй.” /хх-36/ гэх мэдүүлэг,
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Энхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.А т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.А т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хохирогчид 30.000 төгрөгийг төлөх төлбөртэй байна.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.А оос 30.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Энхбаярт олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС