Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/272

 

  

 

 

 

  2024             03            05                                          2024/ДШМ/272

 

А.А, Г.Г, О.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч А.А, О.У,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2024/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2 дугаартай прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 2305014781966 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А.А /РД:.../, ...тоотод оршин суух хаягтай, ...ажилтай, ял шийтгэлгүй;

2. Г.Г /РД:.../, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

3. О.У /РД:../, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

А.А, Г.Г, О.У нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын гадаа хохирогч Б.Д-г “эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар биед нь халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас:

А.А, Г.Г, О.Унарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А.А, Г.Г, О.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.А, Г.Г, О.У нарт оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж заажээ.

Шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулсан ба шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан эсэх, өмгөөлөгч оролцуулаагүй талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, оролцуулах эсэх, шүүгдэгч нар бичгээр хүсэлт гаргасан эсэхийг хэлэлцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба шүүгдэгч нарын эрхийг зөрчсөн байна.

            2. Шүүгдэгч А.А, Г.Г, О.Унар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..." зочид буудлын гадаа хохирогч Б.Дашнямын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Б.Дашнямын мэдүүлэг, гэрч Х.М-н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хүргүүлсэн.

Гэтэл шийтгэх тогтоолд “Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж, мөн “Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай..., Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... ял оногдуулах саналтай” гэж прокурорын шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл, улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан саналыг өөрчилж, бодит байдлаас өөрөөр тусгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан. Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсгээр ял шийтгэсэн ба прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэлийг ямар үндэслэлээр өөрчилсөн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт мөн зүйлчлэлийг өөрчилсөн талаар тусгаагүй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилж, шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.  

Шүүгдэгч О.Утус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч А.А, Г.Г, О.Унар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын гадаа хохирогч Б.Д-г “эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар биед нь халдаж, нүүр хэсэгт нь цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, 2305014781966 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2024 оны 01 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, А.А, Г.Г, О.Унарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар болон, ямар үндэслэлээр прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж /хх-144/-ийн удиртгал хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсүгэй” гэж прокурорын яллах дүгнэлтээс зөрүүтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсгийг бичжээ.

                Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруутайд тооцуулах, тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулах саналаа шүүхэд гаргасан байхад шийтгэх тогтоолд улсын яллагчийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, ялын санал гаргасан мэтээр дүгнэж бичсэн буюу шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол хоёр зөрүүтэй байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж, 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хууль тогтоох байгуулагаас хуульчлан тогтоож өгсөн тул анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг зөвтгөх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Харин эсэргүүцэлд “...шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан эсэх, өмгөөлөгч оролцуулаагүй талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, оролцуулах эсэхийг хэлэлцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба шүүгдэгч нарын эрхийг зөрчсөн...” гэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 149-151 дүгээр талд шүүгдэгч нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ гаргасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь талд даргалагчаас шүүгдэгч нарт хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

Иймд энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Прокуророос А.А, Г.Г, О.У нарыг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татахдаа А.А, О.У нарыг эрүүгийн 2305014781965 дугаартай, Г.Гийг 2305014781966 дугаартай тогтоолоор яллагдагчаар татсан бөгөөд яллах дүгнэлт нь Г.Гийн үйлдэлд яллагдагчаар татсан эрүүгийн 2305014781966 дугаартай байх ба хохирогч Б.Д-г бүлэглэн зодсон гэх 3 хүнд холбогдох нэг эрүүгийн хэрэгт 2 өөр эрүүгийн хэргийн дугаартай байгаа нь ойлгомжгүй. Хэрэгт тус 2305014781965 дугаарыг 2305014781966 дугаарт нэгтгэсэн прокурорын тогтоол авагдаагүй, прокурорын яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад: “...04 дүгээр сарын 11-ний өдөр...” гэж хэдэн онд үйлдэгдээд байгаа нь ойлгомжгүй байдлаар бичсэн алдаа, зөрчлүүд байгааг буруутган тэмдэглэж байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2024/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.А, Г.Г, О.Унарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА

                                 ШҮҮГЧ                                                          Т.ШИНЭБАЯР

                     ШҮҮГЧ                                                         Н.БАТСАЙХАН