| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00395/И |
| Дугаар | 301/ШШ2025/00282 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00282
301/ШШ2025/00282
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, ... дугаар баг, Б ... тоотод оршин суух С.Чийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, И сум, Б багт оршин суух С.Бөд холбогдох
200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Чэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч С.Бөөс 200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгч С.Чэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Чэ миний бие Б гэдэг хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тэр хүнээ танихгүй, тэр хүнийхээ овог, нэр, регистрийг мэдэхгүй учир И сумын Б багийн засаг даргаас овог, нэр, регистрийг тодруулж авсан. Гэтэл багийн засаг даргаас надад Б гэдэг хүний мэдээллийг өгөхдөө С овогтой Б /.../ гэж өгсний дагуу миний бие нэхэмжлэлээ гаргасан. Ингээд шүүхээс ажиллагаа хийж Б нэхэмжлэлийн хувиа гардаж аваад надтай холбогдоод уулзахад миний нэхэмжлэл гаргах Б биш байсан. Багийн засаг даргаас өгсөн ташаа мэдээллийн дагуу өөр хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Чэ нь С.Бөд холбогдуулан 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь С.Бийг миний нэхэмжлэл гаргах ёстой байсан хариуцагч биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Чэд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Чийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Бөд холбогдох 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч С.Чэ миний нэхэмжлэл гаргах ёстой байсан хариуцагч биш гэсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч С.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Чэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР