Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00460

 

 

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00460

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С** аймаг, А******* сум, Д**в, ** тоотод оршин суух хаягтай Ш******* овогт Д******* О*******, /РД:Р*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С** аймаг, А******* сум, ** дүгээр баг, Б*******, З*** н хаягт оршин суух, Х******* овогт М******* М*******, /РД:З/-т холбогдох

зээлийн гэрээний үлдэгдэл 31,500,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй, 316/2025/00252/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч М.М*******ийн хүсэлтийн дагуу түүнд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Дээрх мөнгөнөөс 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг 2023.12.14-ний өдөр хариуцагч М.М*******ийн эзэмшлийн Хаан банк дах 5 тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 /найман сая/ төгрөгийг бэлэн мөнгө /рубль/ хэлбэрээр хариуцагчид өгсөн. Талууд зээлийн харилцаанд орсны нотолж талууд 2024.04.24-ний өдрийн 0088 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээнд зааснаар хариуцагч М.М******* нь 2024.05.10-ны өдөр дээрх зээлийг үндсэн хүүгийн хамт Д.О*******д төлж барагдуулахаар тохирсон. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч М.М*******ээс зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч "...өнөөдөр төлнө... маргааш төлнө... удахгүй төлнө..." гэх мэт худал хэлсээр цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохироосоор байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс дахин хүлээх боломжгүй гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн 5 хувиар тооцож хүү төлөх үүрэгтэй тул 1,000,000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүргийг хүлээсэн. Иймд хариуцагч нь гэрээнд заасны дагуу нэг Хоногт 21,000,000*0,5%=105,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч талд төлөхөөр байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2024.05.10-ны өдөр зээлсэн мөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон байх тул дээрх хугацаанаас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцож үзэхэд хариуцагч М.М******* нь нийт 314 хоног үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Дээрх хугацаа хэтрүүлсэн хоногоос зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцоход хариуцагч М.М******* нь 105,000*314=32,970,000 /гучин хоёр сая есөн зун далан мянга/ төгрөгийн алданги төлөхөөр байна Гэвч иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ".... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..." гэж зааж өгсөн тул 21,000,000:2=10,500,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч М.М*******ээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 20,000,000 /хорин сая/ төгрөг, түүний хүү 1,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянга / гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч М.М*******ийн хүсэлтийн дагуу түүнд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Дээрх мөнгөнөөс 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг 2023.12.14-ний өдөр хариуцагч М.М*******ийн эзэмшлийн Хаан банк дах 5 тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 /найман сая/ төгрөгийг бэлэн мөнгө /рубль/ хэлбэрээр хариуцагчид өгсөн. Талууд зээлийн харилцаанд орсны нотолж талууд 2024.04.24-ний өдрийн 0088 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээнд зааснаар хариуцагч М.М******* нь 2024.05.10-ны өдөр дээрх зээлийг үндсэн хүүгийн хамт Д.О*******д төлж барагдуулахаар тохирсон. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч М.М*******ээс зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч "...өнөөдөр төлнө... маргааш төлнө... удахгүй төлнө..." гэх мэт худал хэлсээр өнөөдрийг хүрч байна.

Хариуцагч М.М******* нь дансны хуулгаар мөнгийг буцааж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь өөр мөнгөний тооцоо тул энэ зээлд хамааралгүй гэж нэхэмжлэгч Д.О******* тайлбарласан. Мөн 8.000.000 төгрөгийн рублийг аваагүй гэдэг талаар урьд өмнө тайлбар гаргаагүй мөртлөө өнөөдөр энэ тайлбарыг шүүхэд өнөөдөр гаргаж байгаад гайхаж байна.

Иймд хариуцагч М.М******* нь 105,000*314=32,970,000 /гучин хоёр сая есөн зун далан мянга/ төгрөгийн алданги төлөхөөр байна Гэвч иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ".... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..." гэж зааж өгсөн тул 21,000,000:2=10,500,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч М.М*******ээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 20,000,000 /хорин сая/ төгрөг, түүний хүү 1,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянга / гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.М******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О*******ын гаргасан тайлбартай танилцлаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, О*******д өгсөн мөнгөнийхөө дансны хуулгыг харж байгаад тооцоогоо нийлнэ гэжээ.

Хариуцагч М.М*******ийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа.... Хариуцагч М.М******* нь нэхэмжлэгч Д.О*******аас 12.000.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 24-нд авсан нь үнэн. Тухайн үед гэрээ хэлцэл хийгээгүй хүү тохироогүй. Харин 8.000.000 төгрөгийг бэлэн мөнгө, рублээр огт аваагүй гэж тайлбарласан. Иймд Д.О*******аас авсан 12 сая төгрөгөөс 11.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 500.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшингээс шүүхэд гаргасан дүгнэлтдээ... Хариуцагч М.М******* нь нэхэмжлэгч Д.О*******аас 12.000.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 24-нд авсан болох нь хэрэг цугларсан дансны хуулгаар нотлогдож байна. Тухайн 12.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэхдээ гэрээ хэлцэл хийгээгүй хүү тохироогүй байна. Харин 8.000.000 рублийг огт аваагүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Иймд Д.О*******аас авсан 12 сая төгрөгөөс 11.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 500.000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин 2023 оны 12 дугаар сард 12.000.000 төгрөг шилжүүлсэн боловч хүү тохироогүй учир хүү авах эрхгүй. Иргэдийн хоорондын зээл нь хуульд заасны дагуу нэг л удаа хийгдэх ёстой, 2 дахь удаа зээлсэн гэж үзвэл хууль зөрчиж байна гэсэн үг. Хариуцагчийн 8.000.000 төгрөгийн рублийг зээлээгүй гэж тайлбар гаргасан ба 8.000.000 төгрөгийн бэлэн мөнгө, рубль өгснийг нотолсон баримт хэрэгт тусгагдаагүй, мөн 2024 оны 04 дүгээр сарын 24-нд хийгдсэн зээлийн гэрээ нөхөж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэж байна. Иймд нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, дансны хуулга, хариуцагчийн бичгийн чанартай бусад нотлох баримтууд зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад: 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О*******аас 20.000.000 төгрөг зээлсэн, хүү, алданги 11.500.000 төгрөг бүгд 31.500.000 төгрөгийг хариуцагч М.М*******ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Д.О*******, хариуцагч М.М*******т 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгөөр 2 удаа бүгд 12.000.000 төгрөгийг Д.О*******ын 5 тоот данснаас, М.М*******ийн 5 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэг цугларсан баримт болох дансны хуулгаар нотлогдож байна.

Харин 8.000.000 төгрөгийн бэлэн мөнгө, рубль хэлбэрээр өгсөн гэж нэхэмжилсэн боловч хэзээ, ямар байдлаар өгсөн, хэдэн төгрөг, хэдэн рубль өгсөн нь тодорхойгүй нотлогдон тогтоогдохгүй байна.

Хариуцагч М.М******* болон түүний өмгөөлөгч нар нь 8.000.000 төгрөгийг бэлэн мөнгө, рубль хэлбэрээр өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би энэ мөнгийг аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Д.О*******, хариуцагч М.М******* нар 2024 оны 04 дүгээр сарын 24-нд 20.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар зээлэв гэж гэрээ хийсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 24-өөс хойш 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, 8.000.000 төгрөгийн бэлэн мөнгө, рубль хэлбэрээр өгсөн нь тодорхойгүй, нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүх 2024 оны 04 дүгээр сарын 24-нд 20.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн гэж үзэж хариуцагч М.М*******ээс зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцож 31.500.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хариуцагч М.М******* нь нэхэмжлэгч Д.О*******ын 5 тоотод дансанд: 2024 оны 02 дугаар сарын 06-нд 5.000.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 06-нд 1.000.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 08-нд 1.000.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 26-нд 2.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 11-нд 1.000.000 төгрөг бүгд 11.500.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан гэж тайлбар, дансны хуулгыг хариуцагч, түүний өмгөөлөгч нараас 2025 оны 06 дугаар сарын 02-ны шүүх хуралдаанд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг нотлох баримттай танилцах үндэслэлээр хойшлуулсан боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй мөн нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх үйл баримтаас үзвэл зохигч талуудын хооронд дансаар 2023 оны 12 дугаар сарын 24-нд шилжүүлсэн 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хэлбэрийн хувьд амаар байгуулсан гэж үзсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй тул дансаар шилжүүлсэн 12.000.000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М*******ээс 15,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О*******д олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М******* М*******ээс 500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д******* О*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М*******ээс 15,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ