Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00254

 

 

 

 

 

                                                                                                           

 

 

                                     301/ШШ2025/00254

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                         

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Х сумын Н багт оршин суух Н овгийн С.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол нийт 21,800,000 төгрөг төрөөс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У

Прокурор Ц.М

Гэрч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран.

Иргэдийн төлөөлөгч Н.Ж-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигч, өмгөөлөгч, прокурор түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгч Н.Ж-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д нь сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

 

2. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:         

 

            С.Д 1949 онд төрсөн 75 настай, 2023 оны 7 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Сайрын ам гэх газарт төрсөн хүү Д.Ч болон зээ хүүхдийнхээ хамт амьдарч байгаад өөрийн төрсөн хүү “Д.Ч-н амь насыг хохироосон” гэх хэрэгт шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Д.Чү-г алсан гэж . дугаартай тогтоолоор яллагдагчаар татаж, 2023 оны 7 сарын 20-ноос 8 сарын 18-ний өдрийг хүртэл 29 хоног цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг . дугаартай шийтгэх тогтоолоор намайг хүүгээ санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. . магадлалаар С.Дашзэвэгийг хүүгээ алах санаа зорилго байгаагүй, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр эсхүл санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хохирогч Д.Ч-г хутгалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүх хурлын өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал 54 хоног цагдан хоригдсон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, харин давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, намайг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг эцсийн байдлаар шийдвэрлэсэн. С.Д миний бие гэнэтийн үйл явдлаас болж маш их сэтгэл санааны гүн цочролд орсон бөгөөд улмаар намайг хүүгээ алсан гэж үзэж, надад эрүүгийн хэрэг үүсгэж, хорьж, улмаар хүүгээ алсан алуурчин болгож, 8 жилийн хорих ял сонсгосон нь миний сэтгэл санааг туйлдуулж, сэтгэл санааны асар их хямрал, цочрол, уй гашууд автуулж, өөрийн гэсэн ухамсарт үйлдэл хийх ямар ч чадваргүй болгож, юу хийж, юу идэж уусан, юу ярьснаа, барьсан тавьснаас ч мэдэхгүй, шөнө унтахгүй, өөрийн өвдөж байгааг ч үл хайхран, үхмээр, амиа хорломоор санагдтал өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй байсаар 2024 оны 1 сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хэрэг маань цагаадсанаар сэхэл авсан. Гэтэл дээд шүүх рүү хэрэг шилжсэнийг мэдсэнээр мөн л хоног өдрийг хэрхэн өнгөрч байгаа ч мэдэхгүй шүүх хурлыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд дээд шүүхийн хуралд өөрийн биеэр оролцож, шийдвэрээ өмгөөлөгчөөсөө сонсож дуулаад сэтгэл санаа минь тайвширсан. Би буруугүй байтал намайг гэм буруутайд үзэж намайг 2023 оны 7 сарын 17-ноос эхлэн 2024 оны 4 сарын 10-ний өдрийг хүртэл хугацаанд цагдаа, прокурор, шүүх, хорих байгууллагаар явуулж, шалгаж, шүүж, хорьж надад сэтгэл санаа, эрүүл мэндийн болоод эд материалын хохирол учруулсан учраас төрөөс дараах хохирлыг нэхэмжилж байна.

            1. Эрүүгийн хэрэгт шалгалдсан хугацааны зардал 800,000

            2. Сэтгэл санааны хохирол 10,000,000

            3. Өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2, 45.3, 45.4, 45.8 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх заалтуудыг үндэслэн төрөөс нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд 11,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож, үүнийг хэсэгчлэн төлж дуусгасан. Эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг гаргуулах зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад ирсэн, очсон зардал орж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нэхэмжлэгчийн үүрэг боловч сэтгэл санааны хохирлыг нотлох боломжгүй нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалахгүй байна. Учир нь шинжээч сэтгэцэд учирсан хохирлын талаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгч байгаагаас шалтгаалаад нэхэмжлэгч тал сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй хэдий ч шүүхийн практик, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасныг үндэслэн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа хэмжээгээр гаргах боломжтой гэж үзэж байна гэв.

 

3. Прокурор Ц.М шүүхэд гаргасан тайлбартаа: С.Д өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг нэхэмжилсэн байна. С.Д-н тухайд 2023 оны 7 сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүүгийн амь насыг хохироосон хэрэгт холбогдож 29 хоног цагдан хоригдсон. Анхан шатны шүүхээс С.Д-г гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүхээс С.Д-г цагаатгаж, хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд С.Д эрүүгийн хэрэгт 264 хоног шалгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх С.Да-т үүссэн. Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нотлох баримтгүй учраас гаргах боломжгүй. С.Д 83 хоног цагдан хоригдож, 264 хоногийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ хугацаанд сэтгэл санаагаар хэрхэн яаж хохирсон, мөнгөөр тооцвол хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тодорхой биш байна. С.Д хэрэгт холбогдоод мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчийн хамт оролцсон, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож тайлбар өгсөн байдаг. Тухайн үед байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ байгаагүй. Гэтэл өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг өнөөдөр өгч байна. Мөнгө төлөгдсөн баримтаас үзэхэд С.Д-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөг төлөгдсөн байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөллийн хөлс нийт 11,000,000 төгрөг төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. С.Д-т холбогдох хэрэг цагаатгагдсанаас хойш төлөгдсөн 2,400,000 төгрөг нь С.Д-т холбогдох эрүүгийн хэрэгт төлөгдсөн хөлс биш харин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаанд хамаарна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1.1-1.6-д хохирол нөхөн төлөх талаар хуульчилсан. С.Д-н тухайд хэрэгт холбогдох үедээ ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, тэтгэвэрт байсан учраас хөдөлмөр эрхэлж байсан орлого болон тэтгэвэр тэтгэмж алдагдаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бусад зардал 800,000 төгрөгийг нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хасахад татгалзахгүй гэж байгаа учир үүн дээр хэлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирлыг тооцож гаргасан шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хохирлыг тооцож гаргах боломжгүй. Учир нь хэдэн хоног хоригдсон бол хэдэн төгрөг гаргуулна гэсэн тодорхой хуулийн зохицуулалт байхгүй. Өмгөөллийн хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй боловч 11,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй. С.Д-т холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд төлөгдсөн өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөгийг гаргах үндэслэлтэй. Цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг цагаатгагдсанаас хойш төлөгдсөн өмгөөллийн хөлс 2,400,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс:

-  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоол

- Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/05 дугаар магадлал

- Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 2024/ХШТ/49 дүгээр тогтоол

- Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 220 дугаар яллах дүгнэлт

- С.Д, В.У нарын байгуулсан 2023 оны 7 сарын 19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

- өмгөөллийн хөлс 5,500,000 төгрөг төлсөн талаарх 2024 оны 02 сарын 01-ний өдрийн тасалбар /эх хувь/

- В.У-н . тоот дансны 2025 оны 5 сарын 08-ны өдрийн хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У-н хүсэлтээр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээ хийх шийдвэр гаргах тухай мөрдөгчийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн тогтоол, шүүх сэтгэцийн эмгэг судлалын 10 дугаар дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгчийн 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 23 дугаар захирамж, шүүгчийн 2023 оны 8 сарын 18-ны өдрийн 26 дугаар захирамж, мөрдөгчийн тогтоол, мөрдөгчийн мэдэгдэл, 2023 оны 9 сарын 05-ны 19 тоот прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол танилцуулсан 2023 оны 9 сарын 05-ны тэмдэглэл, яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэл, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай баримт зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэгч С.Да-н нэхэмжлэлээс 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

 

            2. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

 

С.Д 2023 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Д.Чү-н амь насыг хохироосон хэрэгт шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Д.Чүлтэмсүрэнг алсан гэж Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 7 сарын 19-ний өдрийн 2312000000192 дугаартай тогтоолоор яллагдагчаар татаж, 2023 оны 7 сарын 20-ноос 8 сарын 18-ний өдрийг хүртэл 29 хоног цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор хүүгээ санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/05 дугаартай магадлалаар хүүгээ алах санаа зорилго байгаагүй, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр эсхүл санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хохирогч Д.Ч-г хутгалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Д анхан шатны шүүх хурлын өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал 54 хоног цагдан хоригдсон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд хандсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн харин давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, намайг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг эцсийн байдлаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг, нийт 21,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            3. Прокурор доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж байна. Үүнд:

С.Д өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг нэхэмжилсэн байна. С.Д-н тухайд 2023 оны 7 сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүүгийн амь насыг хохироосон хэрэгт холбогдож 29 хоног цагдан хоригдсон. Анхан шатны шүүхээс С.Да-йг гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүхээс С.Д-г цагаатгаж, хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд С.Д эрүүгийн хэрэгт 264 хоног шалгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх С.Д-гт үүссэн. Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нотлох баримтгүй учраас гаргах боломжгүй. С.Д 83 хоног цагдан хоригдож, 264 хоногийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ хугацаанд сэтгэл санаагаар хэрхэн яаж хохирсон, мөнгөөр тооцвол хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тодорхой биш байна. Сэтгэл санааны хохирлыг тооцож гаргасан шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хохирлыг тооцож гаргах боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бусад зардал 800,000 төгрөгийг нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хасахад татгалзахгүй гэж байгаа учир үүн дээр хэлэх зүйлгүй. С.Д хэрэгт холбогдоод мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчийн хамт оролцсон, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож тайлбар өгсөн байдаг. Тухайн үед байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ байгаагүй. Гэтэл өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг өнөөдөр өгч байна. Мөнгө төлөгдсөн баримтаас үзэхэд С.Д-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөг төлөгдсөн байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөллийн хөлс нийт 11,000,000 төгрөг төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. С.Д-т холбогдох хэрэг цагаатгагдсанаас хойш төлөгдсөн 2,400,000 төгрөг нь С.Д-т холбогдох эрүүгийн хэрэгт төлөгдсөн хөлс биш харин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаанд хамаарна гэж үзэж байна. Учир нь хэдэн хоног хоригдсон бол хэдэн төгрөг гаргуулна гэсэн тодорхой хуулийн зохицуулалт байхгүй. Өмгөөллийн хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй боловч 11,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй. С.Д-т холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд төлөгдсөн өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөгийг гаргах үндэслэлтэй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/05 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 2024/ХШТ/49 дүгээр тогтоол, Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 220 дугаар яллах дүгнэлт, С.Д, В.У нарын байгуулсан 2023 оны 7 сарын 19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ , өмгөөллийн хөлсөнд 5,500,000 төгрөг авсан талаарх 2024 оны 02 сарын 01-ний өдрийн тасалбар /эх хувь/, В.У-н ХААН банкны ... тоот дансны 2025 оны 5 сарын 08-ны өдрийн хуулга, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээ хийх шийдвэр гаргах тухай мөрдөгчийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн тогтоол, шүүх сэтгэцийн эмгэг судлалын 10 дугаар дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгчийн 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 23 дугаар захирамж, шүүгчийн 2023 оны 8 сарын 18-ны өдрийн 26 дугаар захирамж, мөрдөгчийн тогтоол, мөрдөгчийн мэдэгдэл, 2023 оны 9 сарын 05-ны 19 тоот прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол танилцуулсан 2023 оны 9 сарын 05-ны тэмдэглэл, яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэл, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

           

            5. Нэхэмжлэгч С.Д хууль бусаар яллагдагчаар татаж, ял шийтгүүлсний улмаас учирсан гэм хор 21,800,000 төгрөгийг төрөөс нэхэмжилжээ.

            Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 гэж тодорхойлж байна.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, болон тэтгэвэр тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ” гэж, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан” гэж тус тус заажээ.

            С.Д-г хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж . тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж 2023 оны 7 сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 сарын 18-ны өдөр, 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан, улмаар түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж . шийтгэх тогтоолоор 8 жилийн хорих ял оногдуулсныг . магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 2024/ХШТ/49 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн,  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иймд С.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээдэд хамаарах ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй.

 

7. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдахдаа төлсөн өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нөхөн төлөхөөр тодорхойлсон хохиролд ... хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарч байна. 

Прокурор шүүх хуралдаанд “Мөнгө төлөгдсөн баримтаас үзэхэд С.Д-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөг төлөгдсөн байдаг. С.Д-т холбогдох хэрэг цагаатгагдсанаас хойш төлөгдсөн 2,400,000 төгрөгийг эрүүгийн хэрэгт төлөгдсөн хөлс биш харин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаанд хамаарна гэж үзэж байх тул өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөгийг гаргах үндэслэлтэй” гэж, өмгөөлөгч В.У “С.Д нь хүнд хэрэгт холбогдсон, тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад нь хүүхдийнх нь оршуулгад мөнгө хэрэгтэй байсан, зээл авч өмгөөллийн хөлс төлсөн зэрэг байдлыг харгалзаад өмгөөллийн хөлсөө цувуулж авахаар тохиролцож үлдэгдэл хөлсийг хүүхэд Отгонбат нь 2024 оны 06, 07 сард төлсөн. Миний хувь иргэний энэ хэрэгт С.Д гуайг үнэ төлбөргүй өмгөөлж байгаа” гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч С.Д эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрээний үндсэн дээр өмгөөлөгч авч, 2023 оны 07 сарын 19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр “өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчид гэрээний 2 дугаар зүйлд заасан хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг 11,000,000 төгрөг, ... гэрээ байгуулмагц хөлсний урьдчилгаа төлнө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хурлын дараа, хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараа хөлсийг хэсэгчлэн төлнө” гэж харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд хэсэгчилсэн байдлаар нийт 11,000,000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний тасалбар, В.У-н . дансны хуулгаар тус тус тогтоогдож байх тул энэ шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...бусад зардал” эд хөрөнгийн хохиролд тооцогдохоор заасан.

 Нэхэмжлэгч “Эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг гаргуулах зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад ирсэн, очсон зардал орж байгаа.” гэсэн боловч эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардлаа нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

9. Нэхэмжлэгч С.Д сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна.  

С.Д-н сэтгэл санаа хохирсон эсэх, түүний хэмжээг тогтоолгохоор шүүх санаачлагаараа нотлох баримт бүрдүүлэх эрхтэй гэсэн тайлбарыг өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтын талаарх тайлбар, нотлох баримтаа гагцхүү зохигч тал гаргаж, мэтгэлцэх зарчмыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тул шүүх санаачлагаараа нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагаа хийхгүй болно.   

            Мөн нэхэмжлэгч С.Д-н сэтгэл санааны байдлын талаар мэдүүлэг өгсөн гэрч Д.О-н мэдүүлэг дангаараа нэхэмжлэгчийн сэтгэл санаа хохирсон байдлыг тогтоох нотлох баримт болохгүйг дурьдав.

Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заажээ.

 Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг үнэлэх, гаргуулах талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул С.Д-т учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах боломжгүй  бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д эдийн бус гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй гэж заасан нь тухайн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй тул С.Д-н сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 11,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д-гт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д-гт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.БАЙГАЛМАА

 

                                                              ШҮҮГЧИД                      Ч.ЖАРГАЛАН

 

                                                                              Д.ОРХОНТАМИР